5G технологи бол зөвхөн харилцаа холбоо төдийгүй аж үйлдвэр, эрүүл мэнд, хиймэл оюун ухаан тэргүүтэй нийгмийн бүх салбарыг хамрах ирээдүй юм. Өгөгдөл дамжуулах асар өндөр хүчин чадлын дагуу бид хүссэн тоглолтоо дэргэд нь буй мэт үзэх, алсын зайнаас машин жолоодох, тэр бүү хэл тив алгасан мэс ажилбар хүртэл хийх боломжтой. Тиймээс бид шинэхэн нийтлэлээрээ дараа үеийн өндөр хурдны интернэтийн бидэнд олгож буй боломж хийгээд бэрхшээл, ирээдүйн талаар А-Я үсэгт дэлгэрэнгүй тайлбарлахаар бэлтгэлээ.
А БОЛ АСАР ИХ ХҮЧИН ЧАДАЛ
5G сүлжээ хэр хурдтай вэ? Энэ асуулт танд хамгийн сонирхолтой санагдах байх. Хурд нь таны амьдарч буй бүс нутаг болон хэрэглэдэг оператораас хамаарах ч 5G нь “хурдан” хэмээх тодорхойлолтоос “гайхалтай хурдан” хүртэл хэлбэлзэх болно. Тооцоолж үзвэл, одоогоор бидний ашиглаж буй 4G/LTE сүлжээ хамгийн ихдээ 100 Mbps-1Gbps хурдтай бол 5G технологийн хувьд 20Gbps хүртэлх боломжтой.
5G технологийн гол давуу тал нь хоцрогдол багатай өгөгдөл дамжуулах явдал юм. Харилцаа холбооны салбарт хоцрогдол гэдэг нь нэг цэгээс нөгөө рүү өгөгдөл дамжуулахад хэр хоцорч буйг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд 4G сүлжээний хувьд энэ үзүүлэлт 50мм/сек байдаг. Харин 5G сүлжээ үүнийг 1мм/сек хүртэл багасгах боломжтой ба дунджаар 10 мм/сек хоцрогдлоор өгөгдөл дамжуулах аж.
Б БОЛ БИЗНЕСИЙН БОЛОМЖ
Уг технологийг зөвхөн үүрэн холбооны сүлжээний дараагийн үе гэвэл өрөөсгөл болно. Түүний 10 мм/секундээс бага хоцрогдол үзүүлэх чадвар нь дэд бүтэц, хөдөө аж ахуй, финтек үйлчилгээ, онлайн тоглоом, анагаах ухаан зэрэг олон салбарт чухал үүрэг гүйцэтгэж буй.
Тухайлбал, нийлүүлэлтийн сүлжээ, логистикийн салбарт тээврийн хэрэгсэл болон бараа бүтээгдэхүүний байршил болон тээвэрлэлтийн горимыг цаг алдалгүй харах боломжтой. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт эмч, өвчтөн хоёр өөр улсад байсан ч робот мэс заслаар дамжуулан хагалгаа хийх боломжтой болж буй нь гайхалтай.
В БОЛ ВИРТУАЛ АМЬДРАЛ
Орчин цагт технологийн компаниуд хэрэглэгчдэдээ виртуал орчныг яг л бодит ертөнц мэт мэдрүүлэх функцуудыг бий болгохоор зорин ажиллаж байна. Одоогоор Verizon, Valve, Oculus, Facebook (Meta) тэргүүтэй компаниуд тэргүүлж буй. Бидний хүссэн виртуал амьдралыг бүтээхэд тулгамдаж буй гол асуудал нь технологийн боломж хараахан бүрдээгүй явдал байв. Тэгвэл 5G технологийн ачаар энэхүү сул талыг төвөггүйхэн нөхөх боломж бүрдэж байна. Ингэснээр илүү бодит, илүү хурдан виртуал орчныг бий болгож чадна.
Г БОЛ ГАДААД орнуудын ЖИШЭЭ
Дэлхий даяар одоогоор нийт 72 улс 5G технологийг ашиглаж байна. Тухайлбал, АНУ-ын 356, БНХАУ-ын 296 хотод албан ёсоор нэвтэрчээ. Өмнөд Солонгосын хувьд 2019 оны дөрөвдүгээр сард гурван үүрэн холбооны оператораар дамжуулан, К-поп одод, олимпын алтан медальтнуудыг оролцуулсан PR кампанит ажил өрнүүлснээр дэлхий дахинаа 5G технологийн салхийг хагалсан түүхтэй.
Д БОЛ ДЭД БҮТЭЦ
БНХАУ энэ оны эхний улирлын байдлаар нийт 1.15 сая гаруй 5G суурь станц суурилуулсан нь дэлхийн нийт сүлжээний 70 орчим хувийг бүрдүүлж байна. Харин хөгжиж буй орнуудын хувьд 2G, 3G, 4G сүлжээгээр хамарсан газар нутгийг 5G технологид шилжүүлэхийн тулд үүрэн телефоны операторууд нь одоогийн суурилуулснаас илүү олон тооны станц нэмэлтээр барих шаардлагатай тулгарч байгаа.
Манай улсын хувьд 5G технологийг ашиглаж, үйл ажиллагааны үр өгөөжөө нэмэгдүүлэх бизнесийн салбарууд хараахан хөгжиж эхлээгүй байгаа тул тэр хэрээрээ компаниуд асар өндөр зардлаар дэд бүтэц бүтээн байгуулах нь эрсдэл өндөртэй хэвээр байна.
Е БОЛ ЕРДИЙН ХЭРЭГЛЭЭ
Ердөө 1979 онд хүн төрөлхтөн аналог үүрэн холбооны 1G сүлжээтэй танилцаж, хайртай дотнын хүмүүстэйгээ дуудлага хийх боломж нээгдсэн билээ. Түүнээс хойш 1991 онд 2G сүлжээ нэвтэрч, дуудлага хийх болон зурвас бичих болж, 2001 оноос 3G сүлжээг ашиглан цахим шуудан, гэрэл зураг болон богино хэмжээний бичлэг явуулах зэргээр интернэтэд холбогдох боломжтой болсон. Харин өнөөдөр бидний өргөн дэлгэр ашиглаж буй 4G/LTE нь 2009 онд дэлхий нийтэд нэвтэрч, ухаалаг гар утасны эрин үеийг эхлүүлжээ.
Үүнээс харахад утасгүй сүлжээ нь бидний амьдралын энгийн хэрэглээ болоход дунджаар 10 орчим жилийг зарцуулсан байна. Тэгвэл 5G сүлжээ хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд ямар үүрэг гүйцэтгэх вэ? Цар тахлын нөлөөгөөр бид гэрээс ажиллах горимд маш хурдан бөгөөд үр дүнтэйгээр шилжиж, цахимаар сурч, ажиллах соёлд суралцсан.
Харин тэрхүү боломжийг 5G технологи секундийн ямар ч хоцрогдолгүйгээр хүргэх давуу талтай ба дэлхийн хэмжээний шоу тоглолт, чуулга уулзалт зэргийг шууд дамжуулж, хэзээ ч, хаанаас ч үзэх нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс 5G технологи өмнөх үеүдээс илүү богино хугацаанд ердийн хэрэглээнд нэвтэрч буй нь гайхах зүйл биш.
Ё БОЛ ЁСТОЙ ХУРДАН ЮМАА
5G технологийн санал болгож буй "гайхалтай хурд" нь өдөр тутмын энгийн үйлдлүүдэд шууд анзаарагдахгүй байж мэдэх ч алсын зайнаас машин жолоодох болон мэс ажилбар хийх зэрэг нарийн үйлдлүүдэд үлэмж мэдрэгдэнэ. Хүний амь нас минут, секундээр хэмжигдэх мэс ажилбарын хувьд багахан хоцрогдол үүсэхэд том аюул дагуулах эрсдэлтэй. Алсын зайны жолоодлогын хувьд 10мм/сек хоцрогдол гэдэг нь 60км/цагийн хурдтай явж байгаа машин огцом тоормослоход 15 см илүү явж байж зогсоно гэсэн үг. Харин 5G сүлжээг ашигласнаар эдгээр эрсдэлүүдийг эрс бууруулах давуу талтай юм.
Ж БОЛ g үсэгний учир
“G” үсэг нь "generation" буюу үе гэх утгыг илэрхийлдэг. Мөн “G” үсэг нь 2.5G сүлжээнд Ерөнхий багц радио үйлчилгээ (GPRS) гэх утгыг илтгэх бөгөөд энэ нь хоёрдугаар үеийн (2G) гар утасны технологид тооцогддог байна. Мөн бүх гар утасны сүлжээний технологиудаас хамгийн эртнийх бөгөөд зөвхөн зурвас бичихэд ашиглагдаж, секундэд 56-114 Kbps хурдтайгаар өгөгдөл дамжуулдаг байжээ.
з бол зурвасын өргөн
Радио долгионы давтамж ашиглах утасгүй харилцаа холбооны хувьд өгөгдөл дамжуулах хурд нь зурвасын өргөний хэмжээнээс хамааралтай. Зурвасын өргөн бол харилцаа холбооны дохионы багтаамж хэмжих хэмжүүр юм. Радио долгион нь давтамж болон зурвасаараа ялгаатай бөгөөд түүгээр дамжих 2G, 3G, 4G болон 5G сүлжээнүүдийн онцлогт тааруулан ашиглагддаг. Бага давтамжийн хувьд боломжит зурвасын өргөний хэмжээ бага байдаг бол их давтамжтай тохиолдолд боломжит зурвасын өргөний хэмжээ их байдаг.
Жишээлбэл, нарийхан усны хоолойгоор нэг дор татах усны хэмжээ бага учраас удаан соруулах бол өргөн бүдүүн усны хоолойгоор их хэмжээний усыг богино хугацаанд татах боломжтой. Тиймээс өндөр давтамж бүхий 5G технологи ашигласан ч хуваарилагдсан зурвасын хэмжээ нь хязгаарлагдмал бол мэдээлэл дамжуулах хурд нь 4G сүлжээнээс илүү гарахгүй.
и бол iot
IOT (Internet of Things) буюу “Зүйлсийн интернэт” хэмээх ойлголт нь биет төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг програм хангамжтай хэрэгслүүдийг хооронд нь холбосон сүлжээ юм. Эдгээр ухаалаг төхөөрөмжүүдийн бий болгож буй асар их хэмжээний өгөгдлийг нэгээс нөгөөд зөөх, боловсруулах нь 5G сүлжээний үүрэг.
Өдөр тутмын хэрэглээнд хөргөгч, тоос сорогч, цаг, гэрлэн дохио, гэрэл чийдэн зэрэг электрон төхөөрөмжүүд дэвшилтэт технологийн тусламжтай бие дааж, өөр хоорондоо хоршин ажиллах боломжтой болно.
к бол контент үзэхэд хэр бол?
Аливаа сүлжээний хурд нь газарзүйн байрлал, ашиглаж буй төхөөрөмжөөс хамааран ялгаатай байдаг тул хурдны хувьд нарийвчилж хэлэхэд учир дутагдалтай. Гэхдээ дунджаар 5G нь 4G LTE сүлжээнээс даруй 10-100 дахин илүү хурдаар интернэтэд холбогдох хүчин чадалтай. Жишээлбэл, таны таван цагийн турш татдаг файл, тоглоом, кино контент зэргийг ердөө таван минутын дотор татаж, тоглуулах боломжтой гэсэн үг.
l бол lte
LTE буюу Long-Term Evolution нь гар утасны 4G сүлжээний стандарт юм. Үүрэн холбооны сүлжээнд 3G технологи нэвтрэх үед хүмүүс утсаар ярих, интернэтэд холбогдох, төрөл бүрийн үйлчилгээг авах боломж нээгдсэн. Харин 4G LTE нэвтэрснээр хүссэн үедээ, хаанаас ч өндөр хурдны интернэтийн үйлчилгээг хэрэглэх болсноороо онцлогтой.
м БОЛ МОНГОЛД ХЭЗЭЭ НЭВТРЭХ ВЭ?
Юнител группийн тухайд 2023 оны эхэн хэсэг гэхэд 5G технологийг бүрэн нэвтрүүлэх техникийн бэлтгэл ажлаа хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Одоогоор манай зах зээлд 5G технологийн хэрэгцээ, ашиглах боломж нь хараахан бүрдээгүй байна. Мөн сүлжээг хүлээн авах чадалтай ухаалаг утас болон бусад ухаалаг төхөөрөмжүүдийн ханш өндөр байгаа тул бэлдэх шаардлагатай олон зүйл бий хэмээн оператор компаниудын зүгээс мэдэгдэж байгаа юм.
Н БОЛ НИЙТ ЗАХ ЗЭЭЛ БЭЛЭН ҮҮ?
Одоогийн байдлаар зах зээл дээр 5G сүлжээг хүлээн авах чадалтай ухаалаг гар утас болон бусад төхөөрөмжийн үнэ нь 4G ашигладаг төхөөрөмжөөс харьцангуй өндөр байна. Android үйлдлийн системтэй 5G гар утаснууд байгаа ч iOS-ын хувьд зөвхөн iPhone 13, iPhone 12 болон iPhone SE (III үе) загваруудыг 5G сүлжээнд ашиглах боломжтой. Үнийн хувьд өндөр үзүүлэлттэй 5G ухаалаг утас ойролцоогоор 1000 ам.доллар буюу 4G гар утаснаас даруй 200 ам.доллароор үнэтэй. Гэхдээ хагас жил тутам ухаалаг утаснууд илүү сайжирч, үнийн хувьд хямдрах боломжтой тул тэр хэрээр зах зээл тэлэх нь ойлгомжтой хэрэг биз ээ.
О БОЛ ОПЕРАТОРуудын ӨРСӨЛДӨӨН
Манай улсын хувьд "Юнител”, “Мобиком” зэрэг үүрэн холбооны оператор компаниуд 5G сүлжээг нэвтрүүлэх бэлтгэл ажил эхлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Харин Юнител групп энэ сарын 15-нд Монголд анх удаа 5G сүлжээний туршилтын станцыг олон нийтэд нээлттэйгээр Сүхбаатарын талбайд асаагаад буй.
Ө БОЛ ӨМНӨД СОЛОНГОС
Өмнөд Солонгос улсын Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн яамны мэдээлснээр одоогийн байдлаар тэд 5G сүлжээндээ 120 мянга гаруй суурь станц ажиллуулж, 21 сая гаруй хэрэглэгчтэй болжээ. Мөн сүлжээний нэвтрэлтийн түвшин хамгийн өндөр буюу 28.7 хувьтай байгаа аж. Ердийн 4G утас секундэд 30-50 мегабайт хурдтай байдаг бол 5G ухаалаг гар утас Сөүлийн гудамжинд 700 Mbps ба түүнээс дээш хурдыг санал болгоно.
Тус улсын үүрэн холбооны тэргүүлэх гурван компани болох SK Telecom, KT, LG Uplus нь ойрын хугацаанд 2000 гаруй сууринд 5G станц суурилуулж, хамрах хүрээгээ улам өргөжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд, нисэх онгоцны буудал, их дэлгүүр, метро, оффисын барилгууд багтана. Сонирхуулахад, Сөүл шиг 10 сая хүн тутмын 7.5 сая гаруй нь ухаалаг утас хэрэглэдэг хотод 300-500 метр тутамд нэг станц барих шаардлагатай болдог гэх тооцоо бий.
П БОЛ П40 huawei
5G сүлжээг тухайн бүс нутагт ашиглах зөвшөөрлийг зайлшгүй ухаалаг гар утас үйлдвэрлэгч брэндүүд зөвшөөрөл олгосны үндсэн дээр үүрэн телефоны операторууд ашиглах журамтай. Монгол Улсын нутаг дэвсгэрт одоогийн байдлаар “Huawei” брэнд өөрийн P40 гар утсанд 5G сүлжээг ашиглах тохиргоог нээсэн бөгөөд бусад брэндийн гар утаснууд 5G сүлжээ ашиглах боломжийг хангах, тохиргоог хийлгэхээр Юнител групп холбогдох компаниудад хүсэлт хүргүүлэн ажиллаж буй аж.
р бол радио долгионы давтамж
Дээр дурдсанчлан бидний илгээж буй дуудлага, мессеж бүр радио долгионы солилцооны тусламжтай илгээгддэг. Манай орны хувьд 4G/LTE сүлжээг 1.8MHz давтамж дээр голчлон ашигладаг бөгөөд долгионы давхцал үүсэхээс сэргийлж уг давтамжийг оператор бүрд 10 MHz -20 MHz бүхий өргөн зурвасаар ялгаатайгаар хуваарилж өгсөн. Харин 4G/LTE технологиос ялгаатай нь 5G технологийг дэлхий даяар 3.5GHz-ээс 4.6GHz болон 27GHz-ээс 30GHz өндөр давтамжаар дамжуулах стандарт тогтоогоод буй.
с бол сүхбаатарын талбай
Юнител групп зургаан жилийн өмнө буюу 2016 онд бусдаас хамгийн түрүүнд 4G LTE-г нэвтрүүлж байсан бол шинэ үеийн 5G сүлжээний туршилтын станцыг ч мөн адил Монголд анх удаа олон нийтэд нээлттэйгээр нийслэл Улаанбаатар хотын төв талбайд асаасан билээ. Ингэснээр Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн хүн бүр шинэ үеийн 5G сүлжээнд өөрийн гар утсаа ашиглан холбогдож, өндөр хурдны интернэтийг бодитоор турших боломжтой болж буй.
т бол технологийн онцлог
5G технологи нь радио долгионыг илүү үр дүнтэйгээр ашиглаж, гар утас, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжөөс хамгийн ойр байгаа 5G станц хүртэл өгөгдөл дамжуулах замаар ажилладаг. Гэтэл сүлжээ дамжуулах станцаас үндсэн сүлжээний систем рүү өгөгдөл дамжуулах техник, технологи нь шинэчлэгдэхгүй бол 5G сүлжээний давуу талуудыг бид ашиглах боломжгүй.
Тиймдээ ч 5G технологийн бидэнд олгож буй секунд, дойлоор хэмжигдэх хоцрогдлын ялгааг бүрэн мэдрэхийн тулд оператор компаниуд өөрсдийн үндсэн систем болон одоогийн 5G суурь станцууд руу татаж буй дамжуулах сүлжээний системийг үндсээр нь шинэчлэх шаардлагатай нүүр тулгарч буй.
у бол ухаалаг утас
5G сүлжээ орсон ухаалаг гар утсыг хэрхэн ашиглаж болох вэ?
-Хэрэв та шууд дамжуулж буй тоглолтын бичлэгээс тоглогчийг ойроос харахыг хүсвэл утасны дэлгэцээ томруулахад (зүүмлэх) хангалттай ба бусад тоглогчийг талбайн өнцөг булан бүрээс харах боломжтой.
-Pokemon Go, Harry Potter: Wizard's Unite зэрэг виртуал тоглоомуудыг илүү бодит байдалд ойр хэлбэрээр тоглож болно. Мөн PUBG стрим хийх үед танд хэзээ ч интернэт хурд саад болохгүй гэсэн үг.
-"Google Translate" тэргүүтэй хиймэл оюун ухааны тусламжтай асар их өгөгдөл дээр ажилладаг аппууд илүү хурдтай, алдаа багатай ажиллах боломжтой. 5G нийтийн хэрэглээнд орох тусам AI дээр суурилсан аппууд бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болно.
ү бол үнэ тариф
Сүүлийн үеийн судалгаагаар 5G үйлчилгээний хязгааргүй дата багцын зах зээлийн үнэ Япон, БНСУ, АНУ-д дунджаар сарын 75 ам.доллар байгаа бол БНХАУ болон Европын орнуудад 45 ам.доллар байна. Зах зээл тэлэх тусам тариф буурах нь ойлгомжтой. Одоогийн байдлаар АНУ-ын үүрэн телефоны оператор Tello компани сарын хязгааргүй 29 ам.долларын багц санал болгож буйгаараа 5G-ийн өрсөлдөөнд хамгийн хямд үнийг тогтоогоод байна.
ф бол факт
Энэ онд дэлхий даяар 5G үйлчилгээнд холбогдсон хэрэглэгчдийн тоо нэг тэрбум давсан бөгөөд гурван жилийн дараа гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. БНХАУ одоогийн байдлаар 497 сая орчим 5G хэрэглэгчтэй болсноороо нийт зах зээлийн тал хувийг бүрдүүлж буй. Тус улсын Засгийн Газрын зүгээс ирэх онд эл тоог 560 саяд хүргэх төлөвлөгөөтэй байгаа юм. Газар зүйн бүсчлэлээр авч үзвэл, Европ тивд 5G-ийн хэрэглээ нийт хэрэглэгчдийн дөнгөж 2.8 хувийг эзэлж байгаа бол АНУ-д 13.4, Өмнөд Солонгост 29.3 хувьтай байна.
х бол хүндрэл
Өмнө дурдсанаар радио долгионы давтамж өндөр байхын гол давуу тал нь асар хурдтай өгөгдөл дамжуулах билээ. Гэвч 5G технологийн өмнө тулгарч буй гол хүндрэл нь өндөр давтамжийн хувьд аливаа саадыг нэвтлэх чадвар юм.
Туршилтаар салхинд хийсэх модны навч 27GHz - 30GHz-ийн өндөр давтамжуудад нөлөө үзүүлж байсан бөгөөд 5G-ийн барилга байшин нэвтлэх чадвар нь 4G-д ашиглагддаг давтамжаас 10 дахин бага болох нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, 5G сүлжээг өргөн хүрээнд нэвтрүүлэх, барилга байгууламж, газар доорх талбай бүрд хүргэхийн тулд нарийн судалгаанд суурилсан оновчтой хөрөнгө оруулалт хийх нь операторуудын хувьд маш чухал.
ц бол цахим үндэстэн
Монгол Улсын Засгийн Газар 2021-2024 оны үйл ажиллагааныхаа хүрээнд цахим үндэстэн болох зорилт тавьсан билээ. Энэхүү зорилтын хүрээнд өнгөрсөн жил зохион байгуулагдсан “Digital Nation” арга хэмжээний үеэр 5G сүлжээний туршилтыг хийсэн юм. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын зүгээс ойрын хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж буй бөгөөд хамгийн түрүүнд уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй гэх салбарт тус технологийг хэрэглээнд оруулах аж.
ч бол чиглэл
2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас 5G технологийг нэвтрүүлэх бодлогын чиглэлийг батлан гаргасан. Улмаар Харилцаа холбооны зохицуулах газраас уг бодлогод үндэслэн 5G технологийн тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй дүрэм, журам боловсруулах учиртай. Энэхүү бодлогын чиглэлд 5G технологийн давтамжийн тусгай зөвшөөрлийг 2023 оны “Олон улсын радио харилцаа холбооны чуулга уулзалт”-аас гарах 5G технологийн радио долгионы давтамжийн зөвлөмж болон шийдвэрүүд дээр үндэслэн олгоно хэмээн тусгажээ.
ш бол шилэн кабель
Хүний үсний ширхэг шиг нарийн, цэвэр шилээр бүтсэн оптик утсаар дамжуулан дижитал өгөгдлийг алс хол дамжуулах нь шилэн кабелийн гол үүрэг. IOT эрин үеийн гол тоглогч нь 5G байх боловч ойрын ирээдүйд өндөр хурдны шилэн кабель мэдээлэл дамжуулах үүргээ гүйцэтгэсээр байх нь дамжиггүй.
Судлаачдын үзэж буйгаар ирэх таван жилийн хугацаанд 5G болон шилэн кабелийн зах зээл 20-иос дээш хувийн өсөлт үзүүлэх төлөвтэй байна. 5G-тэй харьцуулахад шилэн кабель нь бусад IOT төхөөрөмжүүдийг зайлшгүй кабелийн оролттой байхыг шаарддаг сул талтай боловч эрчим хүчний хэмнэлт, алс зайд олон станц байгуулах шаардахгүйгээр өгөгдөл хурдтай дамжуулж, орон зайн саадыг асуудалгүй нэвтлэх олон давуу талтай. Эцсийн дүндээ 5G болон шилэн кабелийг өрсөлдөгчид бус хэрэглэгчдэд шинэ технологийг түгээхэд туслах нөхөрсөг хамтрагчид хэмээн ойлгож болно.
э бол эрүүл мэндэд аюултай юу?
Радио долгион хүний биед муу нөлөө үзүүлдэг тухай цуурхал өдийг хүртэл олон хүмүүсийн дунд бий. 5G технологийн тухайд ч ялгаагүй. Эрдэмтэд 5G-ийн ашиглаж буй долгион нь арьсанд нэвтэрч, дотоод эрхтнүүдэд хүрэх ямар ч боломжгүй хэмээн удаа дараа мэдэгдсэн. Гэвч цар тахлын эхний саруудад олон мянган хүмүүс Ковид-19 вирус нь 5G-ийн станцуудаар дамжин тархаж байгаа гэдэгт итгэж, дэлхий даяарх 20 гаруй антеныг галдан шатаажээ.
ю бол юнител
Өнгөрсөн сарын байдлаар дэлхийн 193 орноос 72 улсад нь 5G сүлжээ нэвтрээд байсан бол энэ сарын эхэнд Юнител групп Монголд анх удаа 5G сүлжээний туршилтын станцыг асааснаар тус жагсаалтад ийнхүү манай улс албан ёсоор нэмэгдэж байгаа юм.
я бол ямар сул талтай вэ?
5G технологи нь одоогийн 4G-гээс асар их давуу талтай ч өнөөгийн нөхцөлд бидний өдөр тутмын амьдралд асар өндөр хурдны эрэлт хэрэгцээ хэр их байгааг бодолцох хэрэгтэй. Зөвхөн Монгол гэлтгүй бусад оронд одоогийн байдлаар өдөр тутмын амьдралд нь тулсан хэрэгцээ төдийлөн гарахгүй л байна.
Гэхдээ ирэх жилүүдэд ухаалаг утасны дэвшлээс гадна IoT технологи бидний амьдралын хэв маягт нэвтрэхээс гадна эд юмс бүрийг интернэттэй холбож, гар утсаараа удирдах хэрэгцээ нэмэгдэх нь цаг хугацааны гарцаагүй асуудал болоод байна. Чухам энэ шинэ хэрэгцээг нутагшуулахын тулд 5G технологи, түүнийг дагасан үүрэн холбооны суурь сүлжээний сайжруулалтуудыг хийх шаардлагатай билээ.
Ц Цэрэнбалжир. 2022.08.24 66.181.160.91
5G технологи хөгжүүлснээр улс орныхоо хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулж буй Юнитель группын хамт олонд баярлаж талархснаа илэрхийлж ажлын амжилт хүсье!