Чак Берри /1926-2017/
Дэлхийн улс төрийн ертөнцийн эргэн тойронд
Дэлхий нийт Доналд Трамп болон Ангела Меркелийн "гар барилтын скандал"-ын асуудлаар шуугиж байх зуур хэд хэдэн томоохон үйл явдлууд дэлхий даяар өрнөлөө. Шотландын ерөнхий сайд Никола Стержен тус улс Их Британиас салан тусгаарлах олон нийтийн санал асуулга явуулах төлөвлөгөөтэй байгаагаа зарлалаа. Британи Европын холбооноос гарах шийдвэрт хүргэсэн санал асуулгад Шотландын ард түмний 62 хувь нь үлдэхийн төлөө саналаа өгсөн нь энэхүү шийдвэрийн урьдач нөхцөл болсон байх магадлалтай хэмээн шинжээчид үзэж байна. Н.Стержений мэдэгдснээр түүний засаг захиргаа Брексит хэрэгжих 2019 оны хавраас өмнө, шаардлагатай бол дараа ч гэсэн санал асуулга явуулах зорилготой байгаа гэнэ. Гэхдээ ердөө 3хан жилийн өмнө Шотланд улс салан тусгаарлах талаас санал асуулга явуулсан ч 53 хувь нь эсэргүүцсэн хариу өгч байсныг мартаж болохгүй. Нидерландын парламентийн сонгууль долоо хоногийн дундуур явагдаж, одоогийн ерөнхий сайд Марк Руттегийн тэргүүлсэн "Эрх чөлөө, ардчиллын төлөөх ард түмний нам" олонхийн саналыг авсан байна. Нийт 150 суудлын 33-ыг нь өөрийн болгосон тэд ирэх өдрүүдэд өөр хэд хэдэн намтай нийлж, хамтарсан засаг байгуулна. Энэ сонгуулийн гол дүр байсан Голланд Трамп гэгдэх Геерт Вилдерсийн тэргүүлсэн "Эрх Чөлөөний төлөөх нам" 20 суудалтай үлджээ. Тэд ислам шашинтнуудын эсрэг хатуу бодлого явуулж, дүрвэгсдийг оруулахгүй байх, цагаачлалын бодлогоо чангатгах талаар ухуулж байсан билээ. Трампын засаг захиргаа 2018 оны төсвийн төслөө олон нийтэд ил болголоо. Тэрээр амлаж байсныхаа дагуу батлан хамгаалах салбарт зарцуулах төсвөө 50 гаруй тэрбум доллараар нэмж, 603 тэрбум болгосон байна. Анхаарал татахуйц тооноос дурьдвал, тэрээр EPA буюу "Хүрээлэн Буй Орчныг Хамгаалах Агентлаг"-ийн төсвийг 31 хувиар бууруулж, NASA-ийн төсвийг нэмсэнгүй, 1 хувиар бууруулжээ.
WSJ: Шотланд Их Британиас салан тусгаарлах эсэх асуудлаар санал асуулга явуулна
Ройтерс: Трамп EPA-ийн төсвийг 31 хувиар танав
Гар барих саналаас нь "татгалзсан" Трампын эсрэг үзүүлж буй Меркелийн нүүрний хувирал энэ долоо хоногийн онцлох мөч байлаа
Технологийн ертөнцийн эргэн тойронд
Intel компани жолоочгүй автомашины технологи хөгжүүлэгч Израйл компани Mobileye-ийг 15,3 тэрбум доллараар худалдаж авснаа зарлалаа. Ингэснээр 1999 онд байгуулагдсан тус компаний хамгийн өндөр үнэ хүрсэн Израйль компани болж байгаа ажээ. АНУ-ын Хууль зүйн яамнаас 2014 онд Yahoo-ийн 500 сая хэрэглэгчийн мэдээллийг хулгайлсан хэрэгт ОХУ-ын дөрвөн иргэнийг буруутган, шалгаж эхлэсэн тухайгаа зарлалаа. Эдгээрийн 2 нь Оросын төрийн албаны экспертүүд буюу тагнуулууд бөгөөд 2 нь өмнө нь хэд хэдэн хакерын хэрэгт шалгагдаж байсан этгээдүүд байгаа гэнэ. Энэтхэгт үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа зарлаад буй Uber жолоочдын хэрэглэдэг апп-аа шинэчилж, өмнө ашиглаж байсан Google Maps, Waze-ийн оронд илүү хялбар гэж тодорхойлсон шинэ апп-ийг санал болгож эхэлжээ. Spotify дэлхийн топ хөгжмийн студиудтэй лицензийн гэрээгээ байгуулснаар ирэх онд багтаан IPO хийх замаа засч чадлаа. Spotify зарим уран бүтээлчдийн шинэ цомгийг зөвхөн төлбөр төлсөн хэрэглэгчдэд тодорхой хугацаанд санал болгосныхоо хариуд роялти төлбөрийг багасгуулж байгаа ажээ. Netflix киноны үнэлгээний системдээ өөрчлөлт оруулж, од өгдөг тогтолцоог сольж, таалагдсан-таалагдаагүйгээ илэрхийлэх хурууны дүрсийг нэвтрүүлжээ. Энэ долоо хоногийн хамгийн онцлох мэдээ бол Фэйсбүүкийн хийсэн Messenger Day нэртэй шинэчлэл байлаа. Snapchat Stories-ийн хуулбар энэхүү нэмэлтийг ашигласнаар мессенжер хэрэглэгчид 24 цагийн дотор устах үйл явдлын тойм, зураг, видеогоо найзууддаа хуваалцах боломжтой болж байгаа юм.
Recode: Интел яагаад 15 тэрбумыг израйль компанийн төлөө төлөв?
Techcrunch: Yahoo-г Оросууд хакердсан уу?
FBI-аас Yahoo-г хакердсан гэж үзэж буй этгээдүүдийг олон улсад эрэн сурвалжилж эхэлжээ
Домогт Чак Берри таалал төгслөө
Рок хөгжмийн анхдагчдын нэг, үе үеийн залуусын сүлд дуулал болсон "Johnny B.Goode", "Roll Over Beethoven", "My Ding-a-Ling" зэрэг уран бүтээлүүдийн эзэн Чак Берри 90 насандаа таалал төгслөө. Өөрийн төрсөн нутаг Сент Луйсаас холгүй орших гэртээ нас барсан Чак Берри бол 1950-аад оны эхэн үеийн рок'н ролл хөгжмийн өнгийг тодорхойлогч, бүтэн үеийнхний шүтээн, The Beatles, Rolling Stones зэрэг хожмын үеийн олон уран бүтээлчдийн урам зориг-нөлөөлөгч нь байсан юм. Хэдий түүний амьдрал шоронд хоригдож, орлогогүйн улмаас бараг дампуурч, гэр бүлдээ хаягдсан зэргээр дардан байгаагүй ч үргэлжид фенүүдийн сонсох дуртай уран бүтээлч, тайзан дээр хамгийн эрчтэй-цоглог нь байж, хамгийн уянгалаг-шинэлэг дуугаралтуудыг бүтээгч нь байсан билээ. 1984 онд Грэммигийн хүндэт шагналын эзэн болж, алдрын танхимд багтсан хамгийн эхний үеийн хөгжимчдийн нэг болсон тэрээр 90 хүрсэн ч амьдаар дуулж, аялан тоглолт хийсээр байсан бөгөөд энэ оны 6-р сард Chuck нэртэй шинэ цомгоо гаргахаа зарлаад байсан юм. Rolling Stones сэтгүүл бүх цаг үеийн топ 100 уран бүтээлчийн жагсаалтын тавд багтааж байсан нь түүний нэр хүнд, цар хүрээг бүрэн илэрхийлнэ. Чак Берри - рок'н ролл гэдэг үгс хоршоо мэт санагдталаа хоногшсон шиг түүний дуунууд үе үеийн залуусын хөгжмийн жагсаалтанд хүндтэй байр эзлэн мөнхөд орших нь эргэлзээгүй биз ээ.
Rolling Stones: Rock & Roll-ийг шинэчлэгч Чак Берри таалал төгслөө
Billboard: Чак Берригийн дурсгалд
Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд
Кино ертөнцөд "хувьсгал" хийсэн гэж үнэлэгддэг Матрикс цуврал ахин бүтээгдэж магадгүй талаар эх сурвалжууд мэдээллээ. 1999 онд хамгийн анх бүтээгдэж байсан Матриксийг шинээр хийх эсвэл үргэлжлүүлэн, өргөжүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа ч Creed-ийн од Майкл Б.Жордан гол дүрд тоглохоор яригдаж байгаа гэнэ. Киноны зохиол дээр X-Men, Avengers зэрэг супер баатруудтай кинонууд дээр ажиллаж мэргэшсэн Зак Пенн ажиллаж байгаа ажээ. Киноны бүтээгчид болох ах, дүү Вачовски уг төсөлд одоогоор ямар нэгэн албан ёсны оролцоо байхгүй байгаа бөгөөд гол дүрийн баатар Кину Рийвэс ч оролцох үгүй нь тодорхойгүй байна. Техасын Остинд явагдаж буй SXSW наадам шилдэг кинонуудаа зарлалаа. Энэ жилийн шилдэг киногоор "The Most Beautiful Island", шилдэг баримтат киногоор "The Work" бүтээлүүд тодорчээ. Хамгийн сүүлд гаргасан Views цомгоо зөвхөн Apple Music-ээр цацаж, эхний долоо хоногтоо л 250 сая удаа хандалт авсан Drake шинэ цомгоо гаргалаа. Түүний "туршилтын төсөл" хэмээн онцолж нэрлэсэн энэхүү бүтээл нь More Life нэртэй бөгөөд энэ удаад бүх стриминг үйлчилгээнүүдээр нээлттэйгээр олон нийтэд хүрчээ. Ташрамд сонирхуулахад, эдгээр өдрүүдэд монголын язгуур урлагийг дэлхийд сурталчлан буй Хөсөгтөн хамтлаг Канад, Америкийн 10 гаруй хотоор аялан тоглолт хийж байна. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ийн төв байранд тоглолтоо хийж, 100 гаруй орны төлөөлөгчдөд соёлоо сурталчилсан Хөсөгтөн хамтлаг 25 мянган зочид ирдэг томоохон үзэсгэлэн PDAC-т тоглож, Rubin Museum of Art болон Чикагогийн их сургууль дээр уран бүтээлээ хүргээд байгаа юм.
The Verge: Матрикс дахин бүтээгдэж магадгүй
Billboard: Drake-ийн шинэ цомог чартад шууд бичигдэж эхэллээ
К.Рийвес & Агент Нео эргэн ирэх болов уу?
Бизнесийн ертөнцийн эргэн тойронд
Байгууллагын клоуд энтерпрайз шийдэл санал болгодог MuleSoft энэ долоо хоногт нээлттэй зах зээл дээр хувьцаагаа амжилттай гаргалаа. 2006 онд байгуулагдсан энэхүү компанийн нэг нэгж хувьцааны үнэ 17 доллар байсан бөгөөд 24,46 доллараар хаагдаж, 46 хувийн өсөлтийг үзүүлсэн байна. 1,5 тэрбум долларын үнэлгээтэйгээр 259 долларыг хөрөнгө оруулагчдаас босгоод байсан MuleSoft өнгөрсөн жил 187,8 сая долларын ашигтай ажилласан нь өмнөх жилээсээ 80 хувиар өссөн үр дүн байсан билээ. MuleSoft болон Snapchat-ийн амжилттай IPO-ийн дараагаар технологийн хэд хэдэн компаниуд нээлттэй компани болох хүсэлтээ өгөөд байна. SEO чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Нью Йоркт төвтэй Yext 4-р сарын сүүлээр IPO хийхээр зэхэж, бүх материалаа хүлээлгэн өгсөн гэнэ. Best Buy, McDonald's зэрэг томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг Yext-ийн хувьд хайлтын системд байршлаас хамаарсан үр дүнг гаргах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хэрэглэгчдэд хайсан зүйлээ тухайн брэндийн вебсайт руу нэвтрэхгүйгээр олох, хэрэглэх боломжийг олгодог юм. 2006 онд байгуулагдсан Yext 500 сая долларын үнэлгээтэйгээр 117 сая долларыг босгож байсан бөгөөд өнгөрсөн жил гэхэд 88 сая долларын орлоготой ажиллажээ. Yext-ээс гадна бизнесийн байгууллагуудад ашиглаж буй клоуд үйлчилгээнүүдээ нэг самбараас удирдах боломжийг олгодог Okta өчигдөр IPO хийх хүсэлтээ гаргасан байна. Okta-ийн үйлчилгээг 2000 гаруй компани ашигладаг бөгөөд 1,2 тэрбум доллараар үнэлэгдээд байгаа ажээ. Jet.com, ShoeBuy зэрэг стартапуудыг худалдан аваад буй Walmart ээлжит худалдан авалтаа хийлээ. Тэд төрөл бүрийн зорилтот зах зээлүүд рүү чиглэсэн хувцас үйлдвэрлэгч ModCloth-ийг 80 орчим сая доллараар өөрийн болгосон байна. Үйл ажиллагаа явуулаад 15 жил болж буй ModCloth өнгөрсөн жил 150 сая долларын борлуулалт хийж байжээ. 6000 долларын үнэтэй гар утас борлуулагч Vertu сүүлийн 5 жилд гурав дахь удаагаа зарагдлаа. Нокиагийн анх үйлдвэрлэж байсан тус брэндийг эзэмшигч Хятадын Годин Холдингс Туркийн бизнесмен Хакан Узанд 50 сая фунтээр Vertu-г заржээ.
Techcrunch: MuleSoft нээлттэй компани боллоо
Forbes: Walmart яагаад ModCloth-ийг худалдан авав?
Сэтгэгдэл бичих