Зар сурталчилгаа гэдэг дан ганц бүтээгдэхүүн сурталчилдаг гэх ойлголтоос хальж, нийгэмд нөлөөлөл түгээх, тэр байтугай өөрчлөлт авчрах асар том маркетингийн суваг болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээр тухайн цаг үедээ шуугиан тарьж, нөлөөлөл авчирсан 8 зар сурталчилгааг танилцуулж байна.
1. Apple: “1984”
Жорж Оруэлл зохиолчийн 1984 номоос санаа авч бүтээсэн Apple брэндийн 1984 сурталчилгаа нь шинэлэг байдал, бүтээлч санаагаараа зар сурталчилгааны ертөнцөд шуугиан тарьж байжээ. Зохиолд гардагийн адилаар уг сурталчилгаанд Том ахад захирагддаг дистопиан нийгмийг харуулна. Теле дэлгэцээр гарах Том ахын үгийг сонсон суух, бүгд ижил хувцастай иргэдээс тэс ондоо, тод улбар шар өнгийн спорт хувцастай эмэгтэй гүйн ирж, дэлгэцийг устгадаг.
Тус санаагаар Apple брэнд ирээдүйд теле дэлгэц буюу зурагтыг хуваан үзэлгүйгээр хүн бүр өөрдсийн хувийн компьютертой болно гэх санааг илэрхийлжээ. Apple брэндийн анхны хувийн компьютер Макинтошийг танилцуулсан энэхүү сурталчилгааны дараа тэд 3.5 сая ам.доллартай тэнцэхүйц борлуулалт хийгдсэн гэдэг. Ридли Скот найруулагчийн бүтээсэн уг сурталчилгаа нийт долоон шагнал хүртэж, Британийн Үндэсний телевиз болох Дөрөвдүгээр сувгийн “Хамгийн шилдэг 100 сурталчилгаа” жагсаалтад 38-р байр эзэлжээ.
2. Coca-Cola: "Hilltop"
1971 онд цацагдсан Кока-Кола брэндийн "Толгод" сурталчилгаанд 20 улсын 500 гаруй иргэд тоглосон нь олон үндэстний эв нэгдлийн илэрхийлэл болж байв. Итали Улсад зураг авалт нь хийгдсэн уг сурталчилгааны санаа угтаа Лондон хотын нисэх онгоцны буудалд төрж байжээ. Продюсер Маккэн Эриксон хойшилсон нислэгээ хүлээн зогсохдоо олон үндэстний хүүхдүүд гартаа кока-кола ундаа бариад хамтдаа дуулан хөгжилдөж буйг харснаар энэхүү сурталчилгааг бүтээх санаа төрсөн аж. Олон үндэстнийг нэгтгэж буй нэг зүйл нь кока-кола ундаа гэх санааг түгээсэн уг сурталчилгаа нь 250 мянган ам.долларын өртгөөр бүтэж, тухайн үедээ хамгийн өндөр өртгөөр бүтсэн сурталчилгаад тооцогдсон гэдэг.
3. Nike: "Just Do It"
1988 онд Nike брэндийн Маркетингийн албаны захирал Дэн Виден “Just do it” зар сурталчилгааг цацсан юм. Уг сурталчилгаанд Уолт Стак гэх 80 настай өвөө өглөө бүр 27 км гүйдэг дадлыг хэвшүүлсэн тухай өгүүлдэг. Энэхүү түүхээр дамжуулан үзэгчдэд “80 настай хүн өдөр бүр гүйж байхад би яагаад залхуураад сууж байдаг билээ?” гэх сэдлийг төрүүлэх зорилготой хэмээн Nike-аас тайлбарлаж байв. Мөн ямар ч саад бэрхшээл тулгарсан бай мөрөөдлөө дагаж, зорилгынхоо төлөө тууштай хичээгээрэй гэх санааг ч давхар илэрхийлжээ.
4. Mобиком: “Бүтэн боловсрол”
Өнгөрсөн долоо хоногт цацагдсан Мобиком корпорацын “Бүтэн боловсрол” сурталчилгаа нь нийгэмд тулгамдаад буй хүнд асуудлын нэг болох боловсролын хүртээмжийн тэгш бус байдлыг дүрслэн харуулжээ. Бүх хүүхэд хоорондоо яг адил гар, хөлтэй, ямар ч ялгаагүй бүрэн бүтэн атлаа харандаа, цүнх, ширээ, дүрэмт хувцас гээд дүрслэгдсэн бүх зүйл тал байх аж. Энэхүү сурталчилгаагаар хүүхэд бүр боловсрол эзэмшихдээ нэг гараанаас эхэлж, бүтэн боловсрол эзэмших нөхцөлийг эрх тэгш хангая гэх санааг түгээхийг зорьжээ.
5. Dove: "Real Beauty Sketches"
Эмэггтэйчүүдийн ердөө дөрвөн хувь нь л өөрийнхөө гоо үзэсгэлэнд бүрэн итгэлтэй байдаг гэх судалгааны үр дүнд үндэслэн Dove брэнд “Жинхэнэ гоо үзэсгэлэн” кампанит ажлыг 2013 онд эхлүүлж байжээ. Тус ажлын хүрээнд цацсан зургаан минутын урттай сурталчилгаа нь эмэгтэй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Сурталчилгааны үйл явдал нь эмэгтэйчүүд өөрийнхөө царайг хөшигний ард суух зураачид дүрслэх ба тэр зургийг нь түүнийг анх харсан танихгүй нэгэн хэрхэн дүрсэлж буйтай харьцуулжээ. Хоёр зургийн харьцуулалтаас эмэгтэйчүүд ихэвчлэн дутагдалтай талуудаа илүү тодруулан дүрсэлж, өөрийгөө хавьгүй доогуур үнэлдэг гэдгийг харж болно.
6. John Lewis: "The Long Wait"
Зул сарын баярыг тэвчээртэйгээр хүлээх хүүгийн түүхийг John Lewis брэндийн 2011 онд цацсан “Удаан хүлээлт” сурталчилгаагаар харуулжээ. Тус сурталчилгааны үйл явдал нь зул сарын баярыг хүлээж үл тэсэх жаал аав, ээжээсээ бэлэг авах бус тэдэнд өгөхийг хүсэж байсныг харуулдаг. Цацагдсаныхаа дараагаар шуугиан тарьсан тус сурталчилгааг томоохон сэтгүүл бүр онцлон богино хэмжээний кинод тооцогдохуйц хэмээн магтаж байв.
7. Procter & Gamble: "Thank You, Mom"
2010 онд цацагдсан Procter & Gamble брэндийн “Баярлалаа, ээжээ” нь ээж үрийн нандин харилцааг харуулсан зар сурталчилгаа юм. Энэхүү сурталчилгааны үйл явдал нь Олимпийн тэмцээнд оролцохын өмнө сэтгэл түгших тамирчид бага насандаа ээжийнхээ хамгаалалтыг мэдэрсэн мөчөө эргэн дурсаж айдсаа даван туулж буй тухай гардаг. Дэлхий даяар 74 сая үзэлт авсан тус сурталчилгаа нь Procter & Gamble брэндийн борлуулалтыг 500 сая ам.доллароор өсгөжээ.
8. Цагдаагийн ерөнхий газар: “Яараад яахав дээ”
2019 оноос хэрэгжиж эхэлсэн “Яараад яахав дээ” аяны хүрээнд цацагдсан сурталчилгаанууд жолоодлогын аюулгүй байдлыг хангахад зорчигчийн оролцоог нэмэгдүүлэх, эрсдэлээс сэргийлэх зорилготой юм. Тус аяны үр дүнд орон даяар зам тээврийн ослын тоо нэг жилийн дотор 14.2 хувиар буурч байжээ.