Таны гадаад төрх бол үг хэлэх шаардлагагүйгээр өөрийгөө хэн бэ гэдгийг бусдад илэрхийлэх алтан боломж. Бүрдүүлсэн имиж тань бусдын өмнө таны түүхийг хүүрнэн, анхны сэтгэгдэл үлдээж, түүгээр ч зогсохгүй ярианд тань итгэх эсэхийг шийдэх чухал үзүүлэлт болдог. Товчхондоо, имиж бол анхны сэтгэгдэлд анхлан нөлөөлдөг хүчин зүйл юм.
Бидний тархи ердөө гурван секундийн дотор анх уулзсан хүнийхээ талаар дүгнэлт хийх чадвартай гэдгийг та мэдэх үү? Тиймдээ ч, ажил хэрэг, бизнесийн орчинд амжилт гаргах хүчин зүйлсэд гадаад төрх, имиж бүрдүүлэлт зайлшгүй багтдаг гэдэгтэй санал нийлэх хүн олон биз ээ. Та аль ч салбарт ажилладаг бай, өөрийн үзэл бодол, амьдралын хэмнэл, ажлын онцлогт нийцсэн гадаад төрхийг цогцлоох нь амжилттай ажиллахад тань тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.  
Уулзалтаас уулзалтын хооронд амьсгаа авах завдалгүй их хотын гудмаар алхах залуустаа зориулан хэрхэн өөрт тухтай хэрнээ цаг үетэйгээ хөл нийлсэн, цэмцгэр бөгөөд мэдрэмжтэй имиж бүрдүүлэх тухай "Premier Tailor" компанийг үүсгэн байгуулагч Т.Зориг, стилист Б.Халиун нарын зөвлөгөөг хүргэж байна.

Ажил хэрэгч залуусын сонголтод зөв имиж бүрдүүлэлт болон нэр хүндийн илэрхийлэл болсон утасны дугаар зайлшгүй багтах тул бид энэ удаагийн нийтлэлээ Юнителийн дараа төлбөрт үйлчилгээтэй хамтран хүргэж байгаа билээ. 

Premier Tailor ХХК-ийн үүсгэн байгуулагч Т. Зориг

стилист Б. Халиун


бизнес орчинд ажиллаж буй залуусын хувьд имижээ зөв тодорхойлох нь амжилтад нөлөөлөх хүчин зүйл мөн үү? 

Т.З: Мөн байлгүй яах вэ. Ажил хэрэгч залуус өглөөнөөс орой хүртэл олон төрлийн уулзалтуудад оролцох шаардлагатай тулгардаг. Компани дотроо, мөн харилцагч байгууллагуудтайгаа уулзалт хийх гэх мэт. Шинэ хүнтэй уулзаж, танилцах үед анхны сэтгэгдэл асар чухал. Анхны сэтгэгдэл 10-30 секундийн дотор тогтдог гэж мэргэжилтнүүд дүгнэдэг юм билээ. Харин тэрхүү анхны сэтгэгдлийн бараг 60 гаруй хувийг хувцаслалт эзэлдэг. Цаашлаад үс засалт, хоолойн өнгө, гар утас гэхчлэн цааш хөвөрнө. Бизнесийн салбарынхны хувьд харилцагчтайгаа итгэлцэл үүсгэх нь амин чухал зүйлсийн нэг шүү дээ. Нөгөө хүндээ итгэл төрүүлж чадсан тохиолдолд ажил хэрэг хамаагүй хурдан өрнөнө. Тэр ч утгаараа гадаадад бол санхүү, хууль, үл хөдлөх хөрөнгө гээд өндөр хариуцлага, сахилга бат шаардсан салбарт ажиллаж буй залуус бүгд ажилдаа чанартай хослол өмсдөг.

“Enclothed cognition” буюу хувцаслалтаар дамжуулан хүний зан байдалд нөлөөлөх боломжтой хэмээх сүүлийн үеийн сонирхолтой судалгаа хүртэл бий. Жишээлбэл, лабораторийн орчинд жирийн хувцаснаас илүүтэй зориулалтын халаад өмсөн ажиллах үед хүн аливаа даалгаврыг илүү алдаа, мадаг багатай гүйцэтгэдэг. Өмсөж буй хувцас нь хувь хүний зан чанарт нөлөөлөх боломжтой гэдэгт би итгэдэг. Ажилдаа хослол өмссөн залуус аяндаа өөрийн үзэл бодлоо цэгцтэйгээр илэрхийлж, уулзаж буй хүндээ итгэл төрүүлж чаддаг.

Б.Х: Нэг үетэй харьцуулахад Монгол Улс харьцангуй хөгжиж тэр хэрээрээ дэлхий даяар цацагдаж буй бүх мэдээллийг бусадтай адил хүлээн авах боломжтой цаг үед амьдарч байна шүү дээ. Энэ боломжийг ашиглаад залуус маань бусад улсын залуус өөрсдийн имиж болон гадаад төрхөндөө хэрхэн анхаарал хандуулж буйг анхааралтай ажиглан тэднээс суралцаасай гэж хүсдэг. Имиж гэдэг өөрийгөө бусдад танилцуулах маш том соёлын илэрхийлэл юм. Ажил хэргийн ертөнцөд хувцаслалт, гадаад төрх таны өмнөөс олон зүйл ярьдаг тул залуус энэ зүгт анхаарлаа хандуулахгүй байхын аргагүй.

Таны бодлоор, ажил хэрэгч залуусын хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой хувцасны сонголтууд? 

Т. З: Хослол хэмээх хувцас эрэгтэй хүний шүүгээнд 130 гаруй жил болж байгаа эртний түүхтэй хувцас. Тийм ч учраас зөвхөн өөртөө зориулж захиалгаар хийлгэсэн, биеийн бүх хэсэгт зөв сууж өгсөн хослол бол хамгийн эхний сонголт байх ёстой. Би бол 2-3 төрлийн хослол, төдий тооны дан хүрэм, өмд болон 5-10 сорочкан цамц залуусын хувцасны шүүгээнд зайлшгүй байх шаардлагатай хэмээн хэлнэ. Өөрт төгс таарсан хослол өмсөх үед жинсэн өмднөөс илүү тухтай мэдрэмж төрдөг шүү. Мөн залуус хувцасны сонголтуудаа casual буюу энгийн, classic буюу ажил хэрэгтээ өмсөх хувцас хэмээн хоёр хуваагаад, нийт хувцасныхаа 70 хувийг ажил хэрэгч хувцсаар бүрдүүлбэл илүү зүгээр. Жинсэн өмд, подволка, энгийн ноос ноолууран цамцнуудыг амралтын өдөр болон тав дах өдрөө өмсөж үлдсэн өдрүүддээ аль болох классик хувцаслаасай гэж хүсэж байна. Хослол бол нэг талаас хувцас нөгөө талаасаа залуусын өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт юм.

Б. Х: Ажил мэргэжлийн онцлогоос үл хамааран бүсгүй хүн бүрийн шүүгээнд зайлшгүй байх хувцас бол сонгодог загварын хар даашинз. Гэхдээ тухайн даашинзны материал болон загвар тун чухал. Хэт бие барьсан, суналттай бус хөвөн даавуун материалтай, өвдөгний доогуур урттай, булчингаар татсан ханцуйтай, хэт задгай энгэртэй биш байх гээд хар даашинзыг сонгохдоо нэлээн өндөр шалгуур тавих учиртай юм. Мөн эмэгтэйчүүдийн хувцаслалтад гутал чухал байр суурийг эзэлнэ. Зарим бүсгүйчүүд маань ажил хэргийн холбогдолтой хүлээн авалт, уулзалт дээр хэт өндөр өсгийтэй, чамин гутал өмссөн байх нь бий. Тохиромжгүй гутлын сонголт хувцаслалтыг тэр чигт нь сүйтгэх аюултай. Тэр ч утгаараа энгийн арьсан материалтай, дундаж өндөртэй, хоёр өнгийн өндөр өсгийт бүсгүйчүүдийн шүүгээнд байх ёстой. Хослолууд дундаа хар болон саарал хослол нэн тэргүүнд шаардлагатай. Ерөнхийдөө ажил хэрэгч хувцаслалт дээр саарал, хар саарал, хар хөх, хар гэх хэдэн өнгийг голчилдог. Хэтэрхий эрээн, олон өнгө оролцсон хувцаслалтаас зайлсхийх хэрэгтэй. Эрээн хувцас таны бие галбирыг замбараагүй харагдуулах, анхаарал сарниулах сул талтай байдаг.

Ажил хэрэгч хувцаслалт дээр залуусын гаргадаг түгээмэл алдаанаас дурдвал?  

Т.З: Залуус маань хослол худалдан авахдаа размераа сайн мэдэхгүйгээс үүдэн богинодсон, уртадсан, бие барьсан хослол өмсөх нь олонтоо. Эрэгтэй хүн өөрт нь тухгүй байвал ямар ч гоё, үнэтэй хувцас байсан өмсдөггүй л байхгүй юу. Тийм болохоор хамгийн түрүүнд тав тухыг мэдрэх ёстой. Тухыг хоёр хэлбэрээр мэдэрч болно. Нэгдүгээрт, таарсан, хөдөлгөөнд ямар ч саад учруулахааргүй эвтэйхэн байх учиртай. Хоёрдугаарт, өнгө болон хувцсан дээрх хээ угалз гэх мэт нэмэлт хэсгүүд дотоод зан чанартай тань зохицох хэрэгтэй.

Б.Х: Манай улс жилийн дөрвөн улиралтай учраас ажил хэрэгч хувцаслахад амаргүй байдаг. Өвлийн улиралд л гэхэд бүсгүйчүүд маань хүссэн гутлаа өмсөж тэр бүр чаддаггүй шүү дээ. Түгээмэл ажиглагддаг алдаа гэвэл залуус өөрсдийнхөө биед суусан хувцас сонгож чаддаггүй юм шиг. Хэт бие барьсан банзал, томдож хэлхэгнэсэн хослол таны тухай эерэг сэтгэгдэл үлдээхгүй нь ойлгомжтой болов уу. Мөн суурийг сайн цутгаж байж барилга чанартай баригддагтай адилаар хувцас загвар дээр ч дотуур хувцасны сонголт зөв байж гэмээнэ дээрээс нь өмсөж буй хувцаснууд зохимжтой харагддаг. Цагаан сорочкан цамцны дотуур хээтэй хөхний даруулга зүүх гээд дотуур хувцас сонгох тал дээр дийлэнх бүсгүйчүүд маань алдаа гаргах гээд байдаг тал ажиглагддаг.

Хослол худалдан авахдаа анхаарах зүйлс? 

Залуусын имиж бүрдүүлэлтэнд хувцас загвараас гадна нөлөөлөх зүйлсийн талаар? 

Т.З: Барьж буй утасны дугаараас авахуулаад олон зүйлс нөлөөлнө. Эрэгтэй хүний хувьд бугуйн цаг маш том соёл бөгөөд нэрийн хуудас гэдгийг хүн бүхэн мэдэх байх. Үнэртэй ус ч мөн маш чухал деталь. Хүн хэн нэгэнтэй анх удаа танилцахдаа харах болон үнэрлэх мэдэрхүйгээ зэрэг ажиллуулдаг шүү дээ. Тэр ч утгаараа зан чанартай нь зохицсон давтагдашгүй үнэр тухайн хүний талаар маш таатай сэтгэгдэл үлдээдэг. Мөн царай төрхөндөө тохируулан зассан цэмцгэр үсний засалт, сахал гээд жижиг хэсгүүдийг орхигдуулж болохгүй.


Б.Х: Хэт трэнд дагаж, бусдыг аялдан дагалдахаасаа илүү өөрийгөө чухам хэн бэ гэдгээ тодорхойлж, хүсэл сонирхлоо олж мэдсэн хүмүүсийн имиж бүрдүүлэлт надад илүү таалагддаг. Хүн бүхэн давтагдашгүй байдаг шиг тухайн хүнийг бусдад илтгэж байгаа “имиж” гэх зүйл ч цор ганц байх учиртай. Өөрийн амьдралын хэмнэл, философи, дотор хүнээ танин мэдчихсэн үед маш жижиг хэрэгслээр ч имиж бүрдүүлж болно. Дан ганц нүдний шилэндээ анхаарал өгч, рамуудаа төрөл бүрээр нь өөрчилж зүүдэг хүн ч байж болох. Хэрхэн гадаад төрхөө өөрчлөхөө үнэхээр мэдэхгүй байгаа тохиолдолд мэргэжлийн стилисттэй ганцаарчлан уулзаж, зөвлөгөө аваарай хэмээн хүсье.



Амьдралын хэмнэл, ажлын орчин, хүсэл сонирхолдоо тохируулан гадаад төрх, имижээ бүрдүүлэх болсон энэ цаг үед утасны дугаар сонгохдоо хүртэл өөрийн хэв маягаа харгалзан үзэж болох.

Ажил хэрэгч залуусын яриа болон датаны аль ч хэрэглээнд нийцэх илүү хэмнэлттэй, ухаалаг хэрэглээг бий болгох олон төрлийн дараа төлбөрт үйлчилгээг "Unitel" танд санал болгож байна. Таны хэрэгцээг бүрэн дүүрэн хангахын зэрэгцээ нэр хүндийг тань илтгэх үнэ цэн бүхий олон төрлийн дугаараас та сонголтоо хийх боломжтой.

Хэрэв та өөрийн хэрэглээнд тохирох дараа төлбөрт үйлчилгээг хараахан сонгож амжаагүй бол хэдхэн хором зарцуулан энэхүү сонжоог бөглөөрэй.