Сэтгүүлч оюутнуудын авъяас чадварыг хөгжүүлэх, ирээдүйн чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэх, дэмжих зорилготой шилдэг бүтээл шалгаруулах Алтан үзэг улсын наадам 13 дахь жилдээ зохиогдох гэж байна. Тус наадамд нийтлэл, теле нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, мултьмедиа нийтлэл, нийгмийн реклам гэсэн таван төрөлд өөрсдийн бүтээлээрээ оролцох боломжтой юм.    

Сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургууль, сэтгүүлч оюутнуудын шандсыг сорьдог уг наадамд өнгөрсөн жил долоон сургуулийн 400 гаруй оюутан 208 бүтээлээр оролцжээ. Энэ жилийн наадмын материал хүлээн авах хугацаа тун удахгүй дуусах тул өнгөрсөн жил шалгарсан бүтээлүүдийн арга, туршлагыг хуваалцъя.     

- Бүтээлийн санаагаа хэрхэн олсон бэ? Хэдий хугацаанд, яаж хийсэн бэ?

- Таны бодлоор энэ төрөлд шалгарах сайн бүтээл хийе гэвэл юун дээр анхаарах вэ?

Алтан үзэг 2022 мультимедиа нийтлэл Гранпри шагнал

1. Нийтлэлийн санаагаа багаараа долоо хоног орчим ярилцаж “Монголыг зорих гадаад залуусын бодол” гэдэг дээр тогтсон. Учир нь бидний үеийн залуус, дүү нарын маань хувьд гадаадад сурах, тэнд амьдрах нь мөрөөдөл болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Монголд их сургуулиа төгсөөд ажилд орох, эрүүл аюулгүй орчинд амьдрах нь биднээс үл хамаарах ярвигтай асуудал учраас залуус эх орноосоо дүрвэх хандлагатай болсон юм шиг. Нэг хэсэг нь тэднийг зэмлэж, нөгөөтэйгүүр аргагүй гэдгийг нь хүлээн зөвшөөрнө.

Тийн боловч манай улсад сурч, ажиллахаар зорин ирэх гадаадын иргэд ч цөөнгүй бий. МУИС-ийн Монгол хэлний бэлтгэл, мэргэжлийн ангиудад л гэхэд гадаадын олон оюутан суралцдаг. Тэдний хувьд Монголын тухай биднээс өөрөөр таньж, мэдэрсэн нь сонин. Зарим нь эх орноосоо зугатаж байхад, харь улсаас зорин ирэх тэдний эсрэгцлийн цаана ямар шалтгаан байна вэ, үр дүн нь юу вэ гэдэг сонирхолтой санагдсан учраас энэ тухай судалж, бүтээлээ хийсэн. Мультимедиа нийтлэл нь бичих, ярилцлага авах зэрэг сэтгүүлчийн үндсэн чадвараас гадна зураг авах, дата хувиргах, дизайн гээд техникийн чадваруудыг шаардана. Бид зөвхөн дата цуглуулж, дүрсжүүлэхэд гурван долоо хоног зарцуулж, бүтээлээ хийхдээ гурван сар ажилласан.



2. Юун түрүүнд олон нийтэд хүргэх гэж буй санаагаа сайтар ойлгосон байх хэрэгтэй болов уу. Тэгж байж сэдвийн мөн чанар, хийх форматаа тодорхойлж, гэрэл зураг, видео, аудио зэрэг тохирсон элементүүдээр санаагаа баяжуулж, тодруулна. Өөрөөр хэлбэл олон төрлийн элементээр чимэх биш юуг зургаар, юуг хөдөлгөөнт дүрсээр, ямар өнгөөр харуулбал ойлгомжтой, цэгцтэй, хүртээмжтэй бүтээл болох вэ гэдгийг бодох учиртай. Мөн нийтлэл нь зөвхөн мэдээлэх бус уншигчийн сэтгэл хөдлөлийг өдөөх, тэднийг үйл явдал, өгүүлэмждээ татан оролцуулж байх ёстой гэж боддог. Мультимедиа нийтлэлийн давуу тал нь сэтгүүлч эрх чөлөөтэй сэтгэж, санаандаа багтсан бүхнээ харуулах боломжтой. Гагцхүү техникийн нарийн ур чадвар сэтгүүл зүйн салбарын оюутнуудад дутдаг юм болов уу гэж хардаг. Олон төрлийн техникийн хэрэгсэл ашиглах, программ хангамжийн мэдлэг эзэмших нь ямар ч медиа форматаар өндөр чанартай бүтээл хийхэд чухал ач холбогдолтой. Алтан Үзэг наадам бол сэтгүүл зүйн салбарын ирээдүйд оруулж буй том хөрөнгө оруулалт гэж хардаг. Чи хэн бэ бус, чи юу хийж чадах вэ гэдгийг л шалгаруулна. Үе тэнгийн мэргэжил нэгт найзуудынхаа хийсэн 200 гаруй бүтээлтэй өрсөлдөнө гэдэг нэг талаас залуу сэтгүүлчдийг хөгжүүлэх, чадварлаг мэргэжилтнүүдийг нээн илрүүлэх боломж. Миний хувьд оюутан байхдаа уг наадамд оролцож мэргэжлийн ур чадвар талдаа өөртөө итгэлтэй болж, цаашид энэ чиглэлээр ажиллах сонирхлоо хөгжүүлсэн.

Бүтээлтэй танилцах

АЛТАН ҮЗЭГ 2022 Нийтлэлийн төрөлд: ид шидийн сурвалжилга

Алтан үзэг 2022 наадмын шилдэг 20 нийтлэлийн нэг, төгсөгчдийн холбооны нэрэмжит “Шилдэг бүтээл” шагнал

1. Нэгдүгээр курсдээ Алтан үзэг улсын наадмыг үзэж, тэр үед өөртөө энэ тайзан дээр заавал гарч үзнэ хэмээн амлаж билээ. Бараг тэр өдрөөс л дараа жил ямар сэдвээр оролцох талаараа бодож эхэлсэн. Ч.Ганжавхлан ахын нүүр хуудаснаас “Ид шидийн орон - Улиастай” салбарын талаар мэдээлэл авч, хөдөөд тэгээд бүр говьд ид шид биеллээ олохоор болсныг мэдээд их баярлаж билээ. Яг алтан үзэг наадмын зарлалын доор “Ид шидийн орон - Дундговь салбарын нээлтийн үйл ажиллагаанд хэвлэл мэдээллүүдийг урьж байна” гэсэн пост гарч ирсэн. Тэгээд л энэ ид шидийг бусадтай хуваалцах хэрэгтэй гэж бодсон.

Дундговь руу явах замын зардалаа хоёр өдөр цагийн ажил хийж олсон. Үнэхээр дуртай юмаа хийхийн тулд юу ч саад болж чадахгүй юм шиг санагдаж байлаа. Хаана ирснээ ч мэдэхгүй танихгүй газар, тас харанхуйд автобуснаас буухдаа тэр үед л тэгж их айсан. Ямартай ч амьд хүн аргатай гэж хамгийн тод гэрэл гарч байгаа зүг рүү алхвал миний нийтлэлийн гол дүр болох ид шидийн орон угтаж авсан. Миний хувьд нийтлэл бичихдээ холбоотой дуу сонсвол, сэдэвтээ гүнзгий шингэж бичдэг шиг санагддаг. Шөнө дөлөөр “Нарны хаан хүүхэд” дууг сонсоход, нүдэнд М.Санжаасүрэн эгчийн ярьснаар бороотойд майхангаа унагаахгүй гэж хоёр гараараа барьж зогсож байгаа дүр зураг, зуны халуунд хуушуур хийж зарж байгаа дүр зураг гэх мэт ид шидийг бүтээхийн тулд хийсэн үйл явдлууд нүдэнд харагдаж, бүлцийтлээ уйлсаар бичсэн.



2. Ямар сэдэв сонгох вэ, хаанаас нь яаж харуулах вэ гэдэг нь чухал санагдсан. Сэтгүүлчийн бүтээл гэдэг хэр их сэтгэл, цаг хугацаа гаргаж хийсэн бэ гэдгээр шударгаар үнэлэгддэг. Алтан үзэг наадам нь сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад зүг чигээ олох, мэргэжлээ ойлгох, практик дээр ажиллах боломж олгодог. Уралдаанд оролцохын тулд ангийхантайгаа баг болж, нэгнийхээ дутууг нөхөх, сурсан хичээлээ бататгах, ирээдүйд ажлын байранд гарвал ямар зүйл угтана гэдгийг танин мэддэг.

Бүтээлтэй танилцах

Алтан үзэг 2021 телевизийн нэвтрүүлэг: Спортын сэтгэл зүй

1. Бүтээлийн санаагаа давхцуулахгүйг хичээж, тэр бүр хөндөгддөггүй ховорхон сэдвийг зориглон сонгосон. Спортын сэтгэл зүйн тухай иргэдээс санал, сэтгэгдэл асуухад бараг л 90 хувь нь ямар ч ойлголт, мэдээлэлгүй байснаас энэ асуудлын тухай сурвалжлан олон нийтэд таниулах хэрэгцээ, шаардлага байгааг бид ойлгосон. Чухал сэдэв гэж хөндөхөөс гадна, спортын сэтгэл зүй гэж чухам юу юм бэ гэдгийг зөвөөр тайлбарлах шаардлагатай болсон.

Бидний дундаас хэн нь ч зураг авах, монтаж хийх, хөтлөлт хийхдээ гаршсан мэргэжлийн хүмүүс биш. Эрвийх, дэрвийхээрээ л техник, хэрэгслүүдээ цуглуулж, хэн юунд авьяастай, эв дүйтэй гэдгээ мэдэх тул бие биедээ хуваарилан багаар ажилласан. Сар орчмын хугацаанд салбарын мэргэжилтэн, төрийн байгууллагуудтай уулзаж, хамтарч ажиллан “Спортын сэтгэл зүй” бүтээл мэндэлсэн.



2. Алтан үзэг наадамд оюутнууд олон төрлийн бүтээлээр өөрийгөө сорих боломжтой. Баг болж оролцохын хувьд гишүүн нэг бүрийн оролцоо, санаачилга чухал. Нэг зорилгоор нэгдэж, гар нийлэн хамтарч ажиллавал чанартай бүтээл хийнэ. Миний хувьд зураг авах, эвлүүлэг хийх, яриа авах хэсгээ хариуцах үедээ медиа талдаа сонирхолтой гэдгээ мэдэж, төгсөөд ямар чиглэлээр ажиллахаа шийдсэн.