Шинэ оныг бараг хүн бүр л “Шинэ он-шинэ би” гэх өөдрөг төсөөлөлтэйгөөр угтдаг. “Яг энэ жил л өмнө нь амжуулаагүй бүхнээ хийж гүйцээнэ дээ” гэж бидний дийлэнх нь зорьдог ч жилийн эцэст бодитоор биелүүлж чадсан нь хэд байдаг билээ?  Зорилгодоо хүрдэг хүн, хүрдэггүй хүн хоёрын ялгаа нь ердөө л “тууштай байдал” гэдэг ганц чанар байдаг. Харин тууштай байдлыг юу тэжээдэг гээч? Төлөвлөгөө.

Харин орчин цагт өдөр тутмын төлөвлөгөөгөө эмх цэгцтэй зохиож, амьдралын хэвшлээ эергээр өөрчлөхөд ухаалаг утас хамгийн шилдэг туслахуудын нэг болсон. Тийм ч учраас  бид шинэ оны эхний дугаартаа  өмнөө тавьсан зорилгуудаа амжилттай биелүүлэхэд тань хөтөч болох, бүтээмж нэмэх  аппуудыг онцлон хүргэж  байна. 

ЦАГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ АППУУД

Forest 

App Store-ийн 2018 оны шилдэг аппуудын нэгээр шалгарч байсан Forest бол ухаалаг утаснаасаа түр ч болов холдож, амьдралынхаа чухал зүйлсэд цаг зарцуулахыг хүсэж байгаа хэн бүхэнд хэрэгцээтэй апп юм. Ажиллах зарчим нь тун энгийн. Дэлгэцээс хол байж, хийж буй ажилдаа төвлөрөх тусам апп дотор таны тарьж буй мод хурдтай ургана. Эсрэгээрээ тохируулсан хугацаандаа та утсаа оролдвол мод тань хагдарч, үхэх аюултай. Тавьсан зорилгуудаа амжилттай биелүүлэх тусам буухиа тоглоомтой ижил та виртуал зооснууд цуглуулах боломжтой болдгоороо онцлог. Цуглуулсан зоосоороо та өөрийн виртуал ойгоо улам олон ургамлаар арвижуулах, тэр битгий хэл бодитоор мод тарих боломжтой гээч. Тус аппликэйшнийг хөгжүүлэгчид мод тарих сайн үйлсийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд одоогийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрд Forest-ий хэрэглэгчдийн тарьж ургуулсан модны тоо 900 гаруй мянгад хүрсэн байна. Дэлгэц ширтэж суугаагүйнхээ шагналд байгаль орчиндоо хувь нэмэр оруулах нь гайхалтай хэрэг биш гэж үү?

Pro хувилбар үнэ: 1.99$



Focus Keeper-Time Management

Бүтээмж дээшлүүлэх хамгийн сонгодог аргуудын нэг болох Помодоро техник дээр тулгуурлан бүтээгдсэн энэхүү апп нь өдөр тутмын ажлуудаа хойшлуулсаар бөөгнөрүүлчихдэг хүмүүст зориулагджээ. Уг аппликэйшнийг ашиглахад мөн л тун хялбархан. Та апп дээр тохируулсан хугацаандаа өөр зүйлд сатааралгүй зөвхөн ажилдаа төвлөрөх бөгөөд хугацаа дууссаны дараа багахан амралт авч ажлаасаа хөндийрөх ёстой. Focus Keeper нь хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээндээ тулгуурлан өөрчилж болохуйц энгийн, үр дүнтэй интерфэйстэй тул цаг төлөвлөлтийн апп анхлан ашиглаж буй хүмүүст илүү тохиромжтой юм. Хүн бүхний гүн төвлөрч ажиллах хугацаа ялгаатай тул та өөрт тохиромжтой хугацаагаа апп дээр тохируулахад л хангалттай. Мөн та долоо хоног, сараар өөрийн төвлөрч суусан нийт хугацаа, гүйцэтгэж дуусгасан ажлуудаа график хэлбэрээр харах, ажилласан хугацаандаа дүгнэлт хийж болно. Харин pro хувилбарыг нь татан авснаар дэвсгэр зургаа солих, сурталчилгаа үзэхгүй байх боломжтой.

Pro хувилбар үнэ: 1.99$



Mindnode

“Таны оюун ухаан бодол санаануудыг үйлдвэрлэх зориулалтай болохоос хадгалах зориулалттай биш.”

David Allen

Түлхүүр үгс болон зураг ашиглан өөрт төрсөн санаагаа системчлэх хамгийн үр дүнтэй арга бол Mind mapping билээ. Хамгийн гайхалтай санаа ч ганцхан бодлын үзүүрээс ургадаг тул бодол бүрээ тэмдэглэн авах нь тун чухал. Харин ажиллаж, амарч, зугаалах аль ч үедээ толгойд зурсхийн төрсөн бодлоо буулгаж авахад тань Mindnode туслах болно.
IELTS 8 оноо авах, бестселлер зохиол бичих, хадгаламжаа өсгөх гээд эцсийн үр дүнг нь хэдийнэ төсөөлчихсөн зорилгуудаа жижиг алхмуудад хуваахдаа та уг аппликэйшнийг ашиглаад үзээрэй. Хувийн туршлагаас хуваалцахад, Mindnode нь шинэ санаа санаачилгаа тэмдэглэх, бодол санаагаа цэгцэлж, зохион байгуулалтад оруулахад хамгийн эвтэйхэн бөгөөд хялбархан аппликэйшнүүдийн нэг. Дизайн нь тун цэмцгэр, ойлгомжтой. Илүү үзэмжтэй, бүтээлчээр хөтлөх, ажилбарууд дээрээ тэмдэглэл хөтлөх гэх мэт нэмэлт боломжуудыг эдлэхийг хүсвэл Plus хувилбарыг нь худалдан авах боломжтой. Одоогоор зөвхөн IOS үйлдлийн системийг дэмжин ажилладаг нь Mindnode-ийн ганц сул тал.

MindNode Plus хувилбар: 2.49$ /сарын/



Fantastical

Өнгөрөгч онд App Store-ийн шилдгүүдийн жагсаалтад багтсан уг апп-ийг энэхүү нийтлэлд онцлох нь зүй ёсны хэрэг биз ээ. Товчхондоо, Fantastical бол уулзалтаас уулзалтын хооронд гар утасныхаа календарь хэсгийг байнга шинэчлэж байдаг завгүй залуусын ажлыг хөнгөвчлөх “хувийн туслах” гэсэн үг.
Google task, Todoist, Icloud Reminder гээд олон төрлийн үйлдлийн системийн үндсэн календариудтай хоршин ажиллаж, мэдээллээ чөлөөтэй шилжүүлж болдог нь Fantastical-ий хэрэглэгчдэд санал болгож буй хамгийн том давуу тал. Энэ апп-ийг хэрэглээндээ нэвтрүүлчихвэл олон календарь, хийх ажлын жагсаалт дахиж толгойг тань эргүүлэхээ болино. Дизайны хувьд ч тун загварлаг, минимал шийдэлтэй. Апп дээрээ цаг агаарын урьдчилсан мэдээлэл харах, уулзалтын урилга хүмүүс рүү илгээх, Zoom гэх мэт онлайн уулзалтын аппуудыг нэгтгэх, үзэх дуртай телевизийн шоу, спортын хөтөлбөрийн хуваариа автоматаар календарь дээрээ тохируулах гээд олон сонирхолтой боломжууд энэ апп-д бий шүү.


Premium хувилбар: 4.99$ /сарын/, 39.96 /жилийн/
14 хоногийн турш Premium хувилбарыг үнэгүй турших боломжтой.



Clear todos

Орон гэртээ байгаа бүхий л зүйлсээ цэгцлэн, ангилах трэнд Мари Кондогийн нөлөөгөөр хаа саагүй дэлгэрч, хүмүүс өмсөхгүй хувцсаа битгий хэл өдөр тутмын “to-do list”-ээ хүртэл эрэмбэлэн ялгадаг зуршилтай болжээ. Магадгүй биднийг илүү бүтээмжтэй нэгэн болгох зорилгоор цаг төлөвлөлтийн аппууд дээр нэмсэн олон төрлийн нэмэлт функцууд эсрэгээрээ бидний толгойг эргүүлж, өдөр тутмын амьдралыг улам төвөгтэй болгох нь бий. Харин Clear Todos бол хэзээ ч ашиглагдахгүй олон нэмэлт хэсгүүдээс залхсан, зүгээр л өдөр бүрийн ажлуудаа энгийн бөгөөд үр дүнтэй аргаар хөтлөхийг хүссэн хүмүүст зориулагдсан апп юм.

TechCrunch-аас “Хэрэглэж эхэлсэн даруйд таныг уулга алдуулах болно” хэмээн үнэлэгдсэн энэхүү апп өдөр тутмын төлөвлөсөн ажлуудыг тань өнгө өнгөөр ялган ангилж, хувь, хувьсгалын аль ч ажлыг илүү цэгцтэй, хялбар болгох шидтэй.

Premium хувилбар: 4.99$


ЗӨВ ДАДАЛ ХЭВШҮҮЛЭХ АППУУД

Streaks

“Аваргууд ер бусын зүйлсийг хийдэггүй. Тэд энгийн л зүйлсийг хийдэг. Гэхдээ тэд хийдэг зүйлсээ огт бодолгүйгээр, бусад баг хариу үйлдэл үзүүлж чадахааргүй тийм хурдан хийдэг” гэх алдартай эшлэл бий. Амьдралын зөв дадал гэдэг биднийг амжилтад хөтлөх, бүтээмж нэмэх томоохон хүчин зүйлсийн нэг. Үүнийг бидний ихэнх нь мэддэг ч яг бодит амьдрал дээр өөртөө хэвшүүлэхийг хүсэж буй дадлуудаа тогтмол биелүүлэх нь ховор шүү дээ. Өдөрт хоёр км гүйх, өглөө оройдоо нохойгоо салхилуулах, 30 мин ном унших, өглөөний цайгаа алгасахгүй уух гээд шинэ оны эхэнд бид шинэ дадал хэвшүүлэхээр шийддэг ч бүрэн өөрсдийн болгож чадах нь ховорхон. Та ч мөн энэ жил зөв зуршлуудыг амьдралынхаа нэгэн хэсэг болгохоор шийдсэн бол 2016 онд Apple-ээс шилдэг дизайнтай апп-ээр шалгаруулсан Streaks-ийг яг одоо утсандаа татаарай. Дадлуудаа бүртгэх, дадал бүрийнхээ үр дүнг нэг бүрчлэн харах, ухаалаг бугуйн цагтайгаа хоршин ажиллуулах гээд олон боломжийг уг апп санал болгоно.
Premium хувилбар: 4.99$



Today Habit tracker

Ямар нэгэн сурталчилгаа үзэх шаардлагагүй, бүх нэмэлт боломжууд нь үнэгүй апп. Streaks-тэй харьцуулахад харьцангуй цөөн функцтэй ч гол зорилго нь олон дадал бүртгэх бус, цөөн дадлыг өөрийн болгоход туслах учраас хэрэгцээг тань бүрэн хангана гэдэгт итгэлтэй байна. Зуршил бүр дээр өөрийгөө идэвхжүүлэх зураг сонгох, хяналтын самбар үүсгэх, Apple health, Todo list, Gallery хэсэгтэй хоршин ажиллуулж болдгоороо мөн онцлогтой.



Fabulous

Энэхүү аппликэйшний зөв дадлыг өөриймшүүлэхэд туслах даалгаврууд уялдаа холбоо тун сайтай. Хийх ёстой зүйлсээ мартахгүйн тулд сонордуулга тавьж болно. Апп-ий зүгээс хийх ёстой үйлдлүүдийг тань зөвхөн сануулаад зогсох биш тэрхүү үйлдлийг тогтмол хийх, хэвшил болгох тал дээр туслах бүхий л үр дүнтэй аргуудыг санал болгодог. Яагаад үүнийг танд санал болгож байгаа вэ? Ямар ач холбогдолтой вэ? Ямар үр дүн гарах вэ? гэх зэрэг асуултад хариу өгөх, өөрөөр хэлбэл тухайн үйлдлийг тайлбарласан контентуудыг нийтлэлээр, захиагаар, дуу хоолойгоор (voice) гээд төрөл бүрийн аргаар хүргэдэг.

Апп-ий хамгийн онцлох хэсэг нь "Make me fabulous" товч бөгөөд үүн дээр дарж өөрийгөө илүү чөлөөтэй сорих боломжтой. Уг хэсгийн тусламжтайгаар та дасгал хөдөлгөөн хийх, төвлөрч ажиллах, урам зориг авах, сэтгэл санаагаа засах, иог, бясалгал хийх зэрэг өөрт хэрэгтэй үйлдлүүдийг гүйцэтгэх сэдэл болоод зааврыг авах юм.

Аппын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.