Дизайны чиглэлээр суралцдаг оюутан, залуусыг чадваржуулах, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэх зорилготой “Алтан хулгана” арга хэмжээ 17 дахь жилдээ, энэ сарын 1-7 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд салбарын мэргэжилтнүүдийн илтгэлээс гадна 25 номинацид өрсөлдсөн гадна, дотнын 380 гаруй бүтээлийг үзэсгэлэн болгон дэлгэсэн нь онцлог байсан юм.
Арга хэмжээний онцлох сэдэв яар аргагүй “Бүс нутгийн брэнд бүтээх нь” байв. Уг сэдвээр Brand 21 төслийн Дизайнер Идо, Координатор Мандах нар Архангай аймгийн аялал жуулчлалыг дэмжих өнгө төрх, брэнд дээрээ тулгуурлан сонирхолтой яриа өрнүүлснийг тоймлон хүргэе.
Брэнд бол хүний оюун санаанд үлдэх бүтээн байгуулалт. Бид дэлхийн аялал жуулчлалын хөгжилтэй хөл нийлүүлье гэвэл хөшөө барихын оронд эхлээд брэнд бүтээх учиртай. Энгийн бэлэг дурсгалын зүйл байлаа ч орон нутгаа сурталчлан таниулсан, онцлог, ялгарлаа дизайндаа шингээсэн байх хэрэгтэй
Идо Нямсүрэн
Булганы айраг, Дундговийн дуу гэж ам дамжин ярьдаг, нутаг нутгийн ондоошлыг орчин үеийн хэлбэрт шилжүүлэн, нүдэнд харагдаж, гарт баригдах брэнд болгоход тэдний гол зорилго оршино.
Архангай aймгийн аялал жуулчлалыг дэмжих өнгө төрх
Уг брэндийн ажилд төслийн менежер, судалгааны менежер, судлаач, видеографикч, гэрэл зурагчин, дрон нисгэгч, дизайнер гэсэн бүрэлдэхүүнээр гурван жилийн турш ажиллаж байгаа гэнэ. Тэд 2021 онд Архангай аймгаар аялан судалгаа хийж, 2022 онд бүтээх ажлаа эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжлүүлсээр байгаа юм.
Судалгааны явцад аялагч болон нутгийн иргэд Архангай аймгийг Булган уул, Xоргын тогоо, Тайхар чулуугаар төсөөлдөг гэх үр дүн гарсан учир эдгээр байгалийн тогтцыг аялал жуулчлалын бэлэг тэмдэг болгож үзэл санаа, агуулга, бүтээгдэхүүн гээд бүхий л зүйлдээ ашиглахаар болжээ.
Харин бүтээх явцдаа юун түрүүнд сүлд буюу бэлгэдэг, хоёрт уриа үгт ихэд анхаарчээ. Ийнхүү тэд гаргасан эцсийн бүтээл болон судалгааны явцад бэлдсэн гэрэл зураг, дүрс бичлэгээсээ бүгдийг нь нээлттэй болгосон байна.
Мөн тэд орон нутаг брэндтэй болох нь эдийн засаг, аялал жуулчлалд эерэг нөлөө үзүүлэхээс гадна төвлөрлийн асуудлыг саармагжуулахад нөлөө үзүүлнэ гэдгийг онцолж байв. Учир нь хүн тухайн орон нутгаараа бахархаж, тэр соёл эсвэл хүрээллийн нэг хэсэг гэдгээ мэдэрвэл, хотод ирэх бус тэндээ л тав тухтай амьдрахыг хүсэх аж. Тэдний ажил зөвхөн Архангай аймгаар дуусах бус соёл, онцлогтоо тохирсон гүйцэтгэлийн арга зүйг боловсруулж, цаашдаа бусад аймаг, Улаанбаатар хот, Монгол улсын брэндийг хийх гэнэ.
Идо: Улсын болон орон нутгийн брэндинг хийхэд юун түрүүнд Дэлхийд юугаараа ялгарах, ямар соёлыг түгээх талаар даацтай судалгаа болон алсын хараа хэрэгтэй. Тэгж байж л гаднын жуулчны интернэтээр харсан зураг нь бодитоор замын тэмдэг, самбар тэр байтугай хөргөгчийн наалт дээр нь байна. Үүнийг л брэнд гээд байгаа юм. Бид аялал жуулчлал гэхээр ихэвчлэн хөшөө л боддог. Хөшөө барьж болно. Гэхдээ эхлээд брэндийн үзэл санаа, агуулгаа бодож олох ёстой.
Аялал жуулчлалын брэнд бүтээх нэг хэрэг. Хэрэгжүүлэх нь бүр хэцүү, байнгын анхаарал шаардана. Брэндинг хийгээд дууссаны дараа л жинхэнэ брэндийн ажил эхэлдэг гэж хэлж болно. Наад зах нь гаднын жуулчдыг татахын тулд маркетингийн том төлөвлөгөөтэй байх ёстой. Тэгэхээр манай багийн танилцуулсан энэ зүйлс бол орон нутгийн брэнд хөгжүүлэлтийн дөнгөж оршил.
Мандах: Бүс нутгийн брэнд гэдэг зүйл байдгийг олж мэдээд чадахаараа төсөл болгосон ч нэг ч хүн ойлгож, төсөөлж чадаагүй. Орос, Солонгос гэх мэт улс болон Дэлхийн томоохон хотуудын брэндийг жишээ болгон үзүүлсэн ч нэг л бууж өгөхгүй байсан. Тиймээс юун түрүүнд Монголын хөрсөнд буулгая гээд Архангай аймгийн брэндийг хийхээр болсон.
Анх бид өөрсдөө 21 аймгийн брэндийг хийнэ гэж бодсон. Гэхдээ дөнгөж нэг аймаг дээр л гурван жил зарцуулж байгаагаас тооцвол бүгдийг өөрсдөө хийвэл асар их цаг хугацаа орохоор байгаа юм. Тиймээс бусад аймгууд жишээ, жишиг аваасай гэж хүсэж байна.