Энэ сарын зургааныг хүртэл Холливудын түүхэнд ердөө 28 эрэгтэй тэрбум долларын ашиг олсон найруулагчдын эгнээнд багтаж байсан бол Барби бүтээл 17 хоногийн дотор тэрбум долларын орлого цуглуулснаар Грета Гервиг энэхүү жагсаалтын 29 дэх бөгөөд цор ганц эмэгтэй найруулагч болон түүхэнд бичигдэв.

Энэ цаг үеийн хамгийн чадварлаг эмэгтэй найруулагч дэлхийн хамгийн алдартай охидын тоглоомын талаарх бүрэн хэмжээний бүтээлийг хэрхэн найруулах бол хэмээн хүлээж байсан үзэгчдийн хүлээлтийг тэр талаар болгосонгүй.

Ээлжит нийтлэлээрээ бид уг бүтээлийн үзэгчдэд түгээхийг хүссэн үзэл санааны тухай хийгээд Барби гэх хуванцар хүүхэлдэй хагас зууны хугацаанд охидын тоглоом гэх ойлголтоос хальж, эмэгтэй хүн гэж хэн бэ, тэд хэрхэн харагдах, юу хүсдэг талаарх анхны ойлголтыг өгсөн “толин тусгал” болон хувирсан тухай дэлгэрэнгүй түүхийг өгүүлэх болно.



ОХИДЫН ХАМГИЙН ХҮСЭМЖИТ ТОГЛООМ


Хэн нэгэн надаас амьдралдаа хамгийн их харамсаж, болдогсон бол тэр цаг үе рүү очоод өөрчлөхийг хүсэж буй алдаа чинь юу вэ? хэмээн асууваас би олон зүйл бодолгүйгээр “Таван насны шинэ жилийн баяраар ээжийн бэлэглэсэн барбины хөлийг тэр дор нь хугалж хаялгүйгээр, ахиад хэд хоног хамтдаа тоглох байсан.” гэж хариулна.

Өчнөөн олон сар хоног тоолон хүлээж, зүүдэлж, мөрөөдөж авсан бэлгээ хэдхэн цагийн дотор эвдэлж, дахин хэзээ ч нийлүүлж болохгүй гэдгийг ойлгох үедээ би амьдралдаа анх удаа “харамсал” гээч юу болохыг ойлгож билээ. Харин сар гаруйн өмнө Вашингтоны Smithsonian National Air and Space Museum-н шилэн хоргоны цаадах сансрын нисгэгч мэргэжилтэй барбины цуглуулгыг хармагцаа 30 насны төрсөн өдөртөө зориулж, өнөөх таван настай охиныг тайтгаруулахын тулд хамгийн ганган барбиг худалдаж авмаар санагдсанаа нуух юун.

Барби гэдэг хуванцар хүүхэлдэй сая сая охидын хувьд тоглоом төдийхөн бус эмэгтэй хүн гэж хэн бэ, тэд хэрхэн харагдах, юу хүсдэг талаарх анхны ойлголтыг өгсөн жинхэнэ утгаараа "толин тусгал" юм.


ҮЛГЭР ИНГЭЖ ЭХЛЭВ

Маttel компанийн үүсгэн байгуулагч Рут, Эллиот Хандлер нар анхандаа тавилгын бизнес эрхэлж байсан ч дайны дараах жилүүдэд энэ салбар уналтад орсон тул хүүхдийн тоглоомон тавилгын зах зээл рүү хөрвөн оржээ. Нэгэн өдөр Рут том охиноо өөрийн гараар цаасан хүүхэлдэй хайчилж, өнөөх хүүхэлдэйгээ насанд хүрсэн эмэгтэй болгон тоглож байгааг анзаарч гэнэ. Тухайн үед ихэнх охидын тоглоом нялх хүүхдийн хэлбэртэй байсан тул зах зээлийн энэ цоорхойг ашиглах ёстой гэх гялалзсан санаа Рутийн толгойд зурсхийх нь тэр.

Хөвгүүдэд цэрэг, гал сөнөөгчийн тоглоомууд урам зориг өгдөгтэй адил охид ч бас өөрсдийн гэсэн мөрөөдөлтэй байх ёстой гэж Рут бодсон ч шинэлэг санааг нь нөхөр, Маttel-ийн захирлууд нэгэн дуугаар эсэргүүцсэн гэдэг. Харин 1956 онд хүүхдүүдтэйгээ Европоор аялах үедээ Германы Bild Lilli хэмээх хүүхэлдэйг худалдан авсан нь түүний Барби-г бүтээх эхлэл цэг нь болжээ.


Lilli бол Bild гэх Германы шар сонин дээр хэвлэгддэг комикийн завхай, цадиггүй бүсгүйн дүр. Энэхүү хүүхэлдэй нь ч мөн охидод бус харин тэдний аавуудад зориулагдсан эд байж. Рут гэртээ буцаж ирснийхээ дараа Lilli-тэй адил хүүхэлдэйг нөхөртэйгөө хамтран зохион бүтээж, эцэст нь түүнийгээ охин Барбарагийн нэрээр Барби хэмээн нэрлэжээ.

1959 онд Нью-Йорк хотноо зохиогдсон Америкийн олон улсын тоглоомын үзэсгэлэнд анх удаа олны хүртээл болсон Барби тэр дариудаа амжилтад хүрч, Mattel ганцхан жилийн дотор 351 мянган хүүхэлдэй борлуулсан түүхтэй. Хожим нь хосууд хүүгийнхээ нэрээр Барбигийн найз залуу Кен болон брэндийн бусад олон дүрүүдийг бүтээсэн.

Рут Хандлер

Анхны Барби болон Кен хүүхэлдэй

БАРБИНЫ СЭРГЭН МАНДАЛТ

Тэртээ 1776 онд Тусгаар тогтнолын тунхагт сийлэн үлдээсэн “Аз жаргалтай, эрх чөлөөтэй аж төрөх” америкчуудын мөрөөдөл дэлхийн II дайны төгсгөлөөс “Барби” мэндэлсэн 1960-аад оны эхэн хүртэлх хугацаанд биеллээ олсон билээ. Дайнд ялалт байгуулахад эмэгтэйчүүдийн гавьяа төсөөлснөөс үлэмж их байв. Тэд армийн нэмэлт хүч ба усан цэргийн алба, агаарын цэргийн хүчинд алба хааж, тэр бүү хэл байлдааны сөнөөгч онгоцыг хүртэл засаж байлаа.

Харамсалтай нь, эрчүүд дайнаас буцаж ирэхэд инженер техник, аж үйлдвэрийн салбарт ажиллаж байсан олонх эмэгтэйчүүд ажилгүй болжээ. Дайны дараа дэлхийн хамгийн хүчирхэг бөгөөд баян улс болсон АНУ 1948-1958 оны хооронд 13 сая шинэ хувийн сууцыг ашиглалтад оруулж, америк мөрөөдөл жинхэнэ утгаараа улсын өнцөг булан бүрд тархаж эхлэв.

Гэвч хүн бүрд америк мөрөөдөл байсан уу гэвэл үгүй.1950-иад он бол эрчүүд нь ажилдаа явж, эхнэрүүд нь гэртээ үлддэг дунд ангийн цагаан арьст айл гэрийн үнэ цэн дээр суурилсан хуучинсаг арван жил байсан ба 1955 онд эмэгтэйчүүдийн ердөө 35 хувь нь ажил эрхэлж байв.


Эмэгтэйчүүд өөрийн гэсэн мөрөөдөлтэй байж ч зүрхэлдэггүй байсан он жилүүдэд Барби зарим талаараа феминист бэлгэ тэмдэг байсан гэхэд буруудахгүй болов уу. Эхнэрүүд өөрсдийнхөө орлогоор байр худалдан авж болох талаар зүүдэлж ч чадахгүй ертөнцөд Барби эдлэн газар эзэмшиж, хүссэн ажлаа хийж, ар гэрийн амьдралд санаа зовохгүйгээр аж төрж байв.

Хүнтэй суусан цагаасаа л гэр орны ажилд эв дүй муутайхан байсан Рут өөрийн бүтээсэн Барбиг хэзээ ч хүүхэдтэй болгохгүй хэмээн шийдсэнд гайхах зүйл үгүй мэт. “Чин сэтгэлээсээ хүсэж чадваас чи хэн ч байх боломжтой” гэх санааг залуу охидод түгээхийг хүссэн Рутын мөрөөдөл Барби хүүхэлдэйг өнгөрсөн 64 жилийн турш 250 гаруй мэргэжилтэй эзэмшүүлжээ.

НАСА сансрын нисгэгчийн хөтөлбөртөө эмэгтэй хүн элсүүлэхээс 13 жилийн өмнө Mattel задгай сансарт аялах Барбиг танилцуулсан бол эмэгтэйчүүдийн 10 хүрэхгүй хувь эмчээр ажиллаж байсан 1973 онд Барби мэс заслын эмч мэргэжил эзэмшсэн юм. Түүгээр ч зогсохгүй тэр цэргийн алба хааж, 1989 онд АНУ-ын армид элссэн. Гурван жилийн дараа Тэнгисийн явган цэргийн ангид түрүүч хүртэл дэвшсэн юм шүү. Харин түүний эзэмшээгүй цор ганц мэргэжил бол “ээж”.

1960, 1980, 1990-ээд оны сансрын нисгэгч Барби хүүхэлдэй


БАРБИ ФАШИСТ УУ?


Барби (2023) бүтээл дээр охид өөрийнх нь тусламжтай хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцдэг хэмээн насан туршдаа итгэж явсан Барби бодит ертөнц дээр өсвөр насны охинд “Фашист” хэмээн загнуулж, яахаа мэдэхгүй самгарддаг.

Грета Гервиг энэ талаар “Mattel-ийн удирдлагууд Саша (Ариана Гринблатт) Барби хүүхэлдэйг сексист, фашист гэж дуудаж буй хэсгийг хасах тухай надад зөвлөсөн ч миний хувьд Барбигийн талаар сөрөг үзэл бодолтой хүмүүсийн дуу хоолойг кинондоо тусгахгүй бол ямар ч утгагүй санагдсан. Манай ээж л гэхэд Барби хүүхэлдэйг шал хэрэгцээгүй тоглоом гэж боддог байлаа шүү дээ ” хэмээн хариулсан юм.

Өөгүй төгс хүүхэлдэйн эсрэг эмэгтэйчүүдийн феминист хөдөлгөөнийг намжаахын тулд Mattel 1980 онд хар арьст, латино Барбиг худалдаанд гаргаж байсан бол борлуулалт түүхэн доод хэмжээндээ очсон 2010-аад оны дунд үеэс хижаб өмссөн Барби, хүйсийн ялгаагүй Барби, хиймэл хөлтэй, тэргэнцэртэй, сонсголын аппараттай гээд 100 өөр төрлийн хүүхэлдэйг зах зээлд нийлүүлж байлаа.


Гэвч түүний нэрийг сонсмогц бид халуухан, цагаан арьстай, хэзээ ч хөгширдөггүй, ямар ч хөгжлийн бэрхшээлгүй, үргэлжид инээмсэглэж, аз жаргалаар бялхах хонгор шаргал үстэй Барбиг л төсөөлөх нь бий.

Барбины эхлэл болсон Lilli хүүхэлдэйг залуу эмэгтэйчүүдийн талаарх эрчүүдийн шалиг бодлын бодит дүрслэл, сексист хүслийн илэрхийлэл байхаар бүтээснийг ч мөн санууштай. Бодит амьдрал дээр хэрвээ Барби хүн байсан бол 99-45-83 см биеийн харьцаатай байх бөгөөд түүний хүзүү нь толгойгоо даахааргүй хэврэг, хэтэрхий жижиг хэмжээтэй шагай, тавхай хийгээд биеийн хэмжээтэйгээ харьцуулахад асар хүнд хоёр хөх нь түүнд зөвхөн дөрвөн мөчөөрөө л урагшлах сонголт өгөх аж.


Тэр өсгийт өмсөх нь байтугай хоёр хөл дээрээ бүтэн тавхайгаараа зогсоод өөрийн биеэ дааж чадахгүй гэсэн үг. Түүнчлэн, дотор эрхтнүүд нь хэтэрхий шахалдаж, өөхөн давхаргын хэмжээ хангалтгүйн улмаас түүний хувьд сарын тэмдэг гэсэн ойлголт ч үгүй байх байжээ.


БАРБИ "БААТАР" БАЙХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Энэ сарын зургааныг хүртэл Холливудын түүхэнд ердөө 28 эрэгтэй тэрбум долларын ашиг олсон найруулагчдын эгнээнд багтаж байсан бол Барби бүтээл 17 хоногийн дотор тэрбум долларын орлого цуглуулснаар Грета Гервиг энэхүү жагсаалтын 29 дэх бөгөөд цор ганц эмэгтэй найруулагч болон түүхэнд бичигдсэн юм. Бүхэл бүтэн 15 жилийн турш Mattel болон кино компаниудын дунд киноны зохиол шидэгдсээр эцэст нь 2018 онд Грета Гервиг, Ноа Баумбах хамтран зохиол дээр нь ажиллахын сацуу М.Робби гол дүр, продьюсерийн үүргээр Барби төсөл дээр хүч нэмэн орж ирсэн билээ.

Warner Bros-ийн хувьд тус бүтээл хамгийн хурдан хугацаанд дэлхий дахинаас нэг тэрбум ам.долларыг цуглуулж чадсан анхны кино болж буйгаараа онцлог (Үүнээс өмнө “Харри Поттер ба Үхлийн Шүтээнүүд” төгсгөлийн анги 19 хоногт нэг тэрбум долларийн ашиг олж байв). Гэвч компанийн удирдлагууд төсөл эхлэх хүртэл эмэгтэй найруулагчтай, иймэрхүү төрлийн бүтээлд 145 сая ам.долларын төсөв баталж чадахгүй хэмээн эсэргүүцэж байсан нь сонирхолтой.

Грета Гервиг Өмнөд Солонгос дахь Барби киноны улаан хивсний ёслолын үеэр

Г.Гервиг Барби төсөлд нэгдсэн шалтгааны тухай дурсахдааМ.Робби надад анх кино зохиол дээр ажиллах санал тавих үед би Little Women төслийн ард дөнгөж гарчихсан, хөхүүл хүүхэдтэй, төрсний дараах сэтгэл гутрал болон нойрны асуудалтайгаа чадах чинээгээр тэмцэж яваа шинэхэн ээж байлаа.

Эхэндээ надад боломжгүй мэт санагдаж байсан ч эх хүн болсны дараахнаас мэдрэгдэж эхэлсэн толгой доторх замбараагүй бодол, түмэн янзын эргэлзээтэй асуултын хариуг магадгүй энэ зохиолоос олж чадах юм шиг санагдаж, кино багт нэгдэхийг зөвшөөрсөн хэрэг. Хөгжилтэй нь гэвэл, дөрвөн жилийн дараах би яг л ижилхэн нөхцөл байдалтай энд сууж байна даа"
( Грета Гервиг Ноа Баумбах нар хоёр дахь хүүгээ энэ оны гуравдугаар сард өлгийдөн авсан билээ).

Эмэгтэй хүн байна гэдэг бараг л боломжгүй зүйл. Чи ямар үзэсгэлэнтэй, ямар ухаантай билээ дээ. Гэтэл чи өөрийгөө дутуугаар үнэлж байгаа нь миний сэтгэлийг ямар их өвтгөж байна гээч?

Бид хөгширч болохгүй, бүдүүлэг аашилж ч болохгүй, онгирч ч болохгүй, амиа хичээж ч болохгүй, алдаа гаргаж ч болохгүй, айж ч болохгүй, агсарч ч болохгүй, хэзээ ч хэрүүлч байж болохгүй.

Дээр нь нэмээд хэн ч чамайг зөв байлаа гээд энгэрийг чинь цоолж, баяр хүргэхгүй. Харин ч чиний хийсэн болгон буруу болж, бүх зүйлийн эцэст чамд л хамаг буруу тохогдоно. Бусдаар хайрлуулахын төлөө би болоод бусад бүсгүйчүүд боломжгүйг бүтээх гээд явж байгааг харахаас би залхаж байна.

Америка Феррерагийн монологи, Барби киноны хэсгээс (2023)


Г.Гервиг: Америк Феррерагийн ганцаарчилсан монологийн зураг авалт амжилттай дууссаны дараа би эргэн тойрноо анзаарч харах сөхөөтэй болоход бүх хүмүүс уйлж байсан. Эрчүүд хүртэл нулимсаа нуугаагүй.

Магадгүй бид бүгдээрээ хэзээ цуурах нь мэдэгдэхгүй нимгэхэн мөсөн дээр алхаж буй мэт дарамттай мэдрэмжтэйгээр өглөө бүхэн сэрдэг байх. Нуруун дээрх ачаагаа хэсэгхэн ч болов хөнгөлж, чөлөөтэй амьсгалж болно шүү дээ гэх санааг л би хүйс хамаарахгүйгээр үзэгчдэд түгээхийг хүссэн. Ердөө л энэ.

Маргот Робби: Феминизм бол эрэгтэй, эмэгтэй гэх хоёр хүйсийн тухай асуудал бус, харин дуу хоолойгоо бусдад түгээх боломжгүй нийгмийн бүлгийн үгсийг бусдын чихэнд хүргэх тухай үзэл гэж би боддог. Хүйс хамаарахгүйгээр бүгдэд минь асуудал бий.

Барбигийн ертөнцөд Кенд ямар нийгмийн статус, эрэмбэ, эрх мэдэл байхгүй. Тэр зүгээр л Кен. Гэхдээ яагаад тэр зүгээр л Kenough байж болохгүй гэж? Нийгэмд эзлэх байр сууриасаа үл хамаарч, бүх хүн үдэшлэгт уригдаж яагаад болохгүй хэмээн би бусдаас асуухыг хүссэн юм. Барби бол феминист бүтээл. Гэхдээ түүнээс илүүтэйгээр хүн хүнээ гэх нинжин сэтгэл, хүнлэг чанарын тухай бүтээл.


Эр хүн заавал эрх мэдлийн төлөө шунасан, эд баялгийн төлөө тэмцсэн, нийгмийн бүтээсэн хэвшмэл ойлголтод нийцсэн хүчирхэг нэгэн байх шаардлагагүй, харин ч аль хүйс байхаас үл хамаарч хэн гэдгээ таньж мэдэн, түүгээрээ амьдрах нь хэвийн үзэгдэл гэдгийг харуулснаараа Барби кино эрэгтэй үзэгчдээс эерэг сэтгэгдлийг харамгүй цуглуулж буй.

Нөгөө талдаа хэрэв эмэгтэй хүнд эрчүүдийн ертөнцөд тэдэнтэй нэгэн дүрмээр тоглох нь хэцүү санагдаж байвал зүгээр л энгийн амьдралаар амьдрах нь ч санаа зовох явдал огтхон ч биш гэх санааг хөндсөн нь сайшаалтай.

Бид эмэгтэй баатар гэхээр л шуудхан Captain Marvel, Wonder Woman-г төсөөлдөг. Гэхдээ хүүхдээ асарч, ар гэрийнхээ баттай ар тал байх нь ч хангалттай баатарлаг үйл явдал биш гэж үү? Ерөөс бусдад харамгүй гараа сунган туслах, үзэл санаандаа үнэнч байх, дотнын хүндээ хангалттай цаг зарцуулах, хамгийн гол нь аз жаргалтайгаар өдөр хоногийг туулах гээд бид маш олон төрлөөр энэ дэлхийн “Баатар” нь байх боломжтой.

Эцэст нь хэлэхэд, I AM KENOUGH...