Орчлон ертөнц хийгээд  бидний амьдарч буй эх дэлхийн тухай шинжлэх ухааны олон адармаатай ойлголтыг тун чиг энгийн байдлаар тайлбарласан, шилмэл бүтээл “Шинжлэх ухааны товч түүх” номын зохиолч Билл Брайсон энэ удаа уншигчдаа “хүний бие” хэмээх өөр нэгэн ер бусын аялалд урьжээ. 
Амьдрал хэмээх ховор бөгөөд гайхалтай боломжийг амсан туулах боломж олгосон, өөрсдийн орон гэр болох бие махбодынхоо тухай бид хэр сайн мэддэг билээ?

Химийн түвшиндээ нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч, азот, жаахан кальци тэгээд өөр бусад жаал жуул элементүүд байхад л хүний биеийг бүтээж болно. Ердийн эмийн сангаас олж болох, энгийн л нэгэн найрлагууд. Гэвч хүн төрөлхтний өдийг хүртэл олж авсан бүх мэдлэгээр өвч зэвсэглэсэн, дэлхийн өмнө болон одоо амьдарч байгаа бүх эрдэмтэд нийлээд ч хүний биеийг шинээр бүтээж чадахгүй юм. Та бидний бие овоолсон шорооныхтой адил идэвхгүй хэсгүүдийн цуглуулгаас бүрддэгт л хүн байхын гайхамшиг оршиж буй. Хамгийн наад захын жишээ гэвэл 80 хувь нь ус, үлдсэн хэсэг нь өөх тос, уургаас бүтэх эгэл жирийн бодисын нийлэмж болох тархинаасаа бид бодол, сэтгэмж, ой санамж, зөн билиг, гоо сайхны таашаалыг бий болгож чаддаг шүү дээ.
“Бие эрхтэн” бүтээлд өгүүлсэн, бидний дийлэнхийн урьд хожид сонсоогүй, хүний биеийн тухай хачирхалтай баримтуудыг энэ удаагийн нийтлэлээр хүргэхээр бэлдлээ. Далайн усанд хөвөх нэг эстнээс яажшуухан хомо сапиенс өөрсдийн хэрэгцээнд зохицсон бие махбодыг бүтээсэн сонирхолтой түүх таныг хором ч уйдахгүй гэдэгт итгээрэй.

1. Угтаа бид бүгд ижил арьсны өнгөтэй 

Сэтгүүлч мэргэжилтэй Б.Брайсон тухайн салбарт нэр хүнд бүхий олон профессор эрдэмтэнтэй уулзаж, чамгүй зузаан судалгааны бүтээл эмхэтгэсний үр дүнд бичсэн нь номын эхний бүлгээс тодорхой харагдана. “Арьс, үс” хэмээх бүлгийг бичихийн тулд л гэхэд тэрээр Ноттинхэмийн аанагаахын сургуулийн профессор, мэс засалч Б. Оливертой уулзан, цогцсын гарт зүсэлт хийж, хүний арьсыг хүртэл хуулж үзсэн аж. Бараг тунгалаг гэж хэлэхээр тэрхүү арьсны өнгө нь хүн төрөлхтөн хар, шар, өнгөт гээд арьсны өнгөнд огт хуваагддаггүй болохын баталгаа юм. Цайвар арьс гэхэд газар тариалангийн хувьсгалын үр дагавар гэдгийг та мэдэх үү? Бидний өвөг дээдэс анчид-цуглуулагчид эрт дээр цагт загас, ангийн махнаас хангалттай их Д витамин авдаг байсан бол аажмаар дэлхийн хойд өргөргийн хэсгээр тариа тарьж эхэлснээр буурчээ. Тиймээс ч бидний ухаалаг бие өөртөө Д витамин хангалттай нийлэгжүүлэхийн тулд арьсны өнгөн давхаргаа илүү цайвар болгох хэрэгцээ тулгарсан хэрэг. Ингээд л хүн төрөлхтний их нүүдлийн үр дагавраар бид өөр өөр өргөдөг дэх нарны эрчинд таарч тохирсон арьсны өнгөтэй болж хувьсан өөрчлөгдсөн юм.

Сонирхуулахад, арьсны гадна давхарга нь бүхэлдээ үхсэн эсээс тогтох бөгөөд биеийн агаартай харилцаж буй хэсгүүд нь хэдийн цогцос болчихсон амьгүй эсүүд аж. Арьсны гадна эс сар бүр шинээр солигдох тул цаг тутам сая гаруй холцруутас биеэс гуужин унаж, бид жилдээ нийт хагас кг гууждасыг өөрсдөөсөө ялгаруулдаг. Дараагийн удаа тоостой тавиур арчих үедээ та нэгэн цагт биеийн тань нэгэн хэсэг байсан тоосонцор дээгүүр алчуур гүйлгэж буй гэдгээ санаарай. Хэсэгхэн хугацаанд оршин тогтноод л өршөөлгүйгээр тоос болон хувирах зүйлд бид нийтээрээ хэтэрхий их ач холбогдол өгдөг байгаа биз.


2. ДЭЛХИЙ БОЛ ХҮМҮҮСИЙН БУС МИКРОБЫН ГАРАГ

Бидний бие тэр чигтээ хэдэн их наяд маш жижигхэн амьд биетийн гэр орон болдог. Тэрхүү амьд биетүүд бидэнд гайхмаар их тус хүргэдэг юм. Амьсгал авахдаа бид өөрсдийн уушгийг хүчилтөрөгчөөр дүүргэж байна хэмээн боддог ч угтаа амьсгалж буй агаарын тань 80 хувь нь азот байх бөгөөд уушгинд ормогцоо эргэн биеэс гадагшилдаг. Харин ажилсаг бактериуд тэрхүү азотыг биед хэрэгцээтэй аммони хэмээх хэлбэрт хувиргана. Тэдний тусламжгүй хүн бий болж, оршин тогтнохгүй билээ. Тэдэнд бидний хэрэг байхгүй ч эсрэгээрээ тэдэнгүйгээр бид нэг өдрийн дотор л үхдэл болно.

Гайхалтай нь, хүний биед орших бактериуд өөр хоорондоо ялгаатай бөгөөд бид хэдэн мянган зүйлийн бактерийг биедээ тээж явах ч дундын гэх бактери тийм ч олон байдаггүй. Хайрттайгаа үнсэлцэх үедээ та нэг амнаас нөгөөд тэрбум хүртэлх бактери, эсэн бусын органик нэгдлүүд (идсэн хоолны үлдэгдлээ хүртэл хайртдаа дамжуулдаг гэдгээ та мэднэ биз дээ) солилцоно. Гэхдээ найр наадам дуусангуут хэн хэнийх нь эзэн микроорганизмууд бүрэн цэвэрлэгээ хийж, ердөө нэг өдрийн дотор аль алиных нь микробын профайл хэлээ орооцолдуулахаас өмнөх байдалд очдог. Бидний дунд “микроб болгон дайсан” гэх хэвшмэл ойлголт гүнзгий тархсан байдаг ч одоогоор тодорхойлогдоод байгаа нэг сая орчим микробоос ердөө 1400 гаруй нь л хүнд өвчин үүсгэдэг гэдгийг санууштай.



3. ТАРХИ: ИРЭЭДҮЙГ ЗӨГНӨГЧ ЭРХТЭН 

Яг одоо энэ нийтлэлийг уншиж байх үедээ та эргэн тойрноо ажиглаад үз дээ. Нүд тань секунд тутамд зуун тэрбум сигнал тархи руу илгээж буй. Зөвхөн ингээд л болчихгүй. Та ямар нэг зүйл харлаа гэхэд мэдээллийн ердөө 10 орчим хувь нь харааны мэдрэлээс ирэх бол тархины бусад хэсгүүд нүүр царай таних, хөдөлгөөн тайлах, аюул илрүүлэх зэргээр сигнал бүрийг задлан шинжлэх үүрэгтэй. 200 миллисекунд буюу секундийн тавны нэг хугацаа бол мэдээлэл харааны мэдрэлээр дамжин тархинд хүрч боловсруулагдан, тайлагдах хугацаа. Ингээд харахад асар богино хугацаа мэт санагдавч, өмнөөс ирж яваа машинаас ухарч холдох, толгой руу тань хэн нэгэн цохихоос бултах гэх мэтчилэн түргэн хариу үйлдэл шаардах нөхцөлд өөрийгөө хамгаалахад хангалттай урт хугацаа юм.

Дэлхий одоогоос секундийн тавны нэг хугацааны дараа ямар байхыг тархи бидэнд тасралтгүй дамжуулсаар байдаг ба бид үүнийг “одоо цаг” гэж хүлээн авдаг байх нь. Өөрөөр хэлбэл бид дэлхийг яг тухайн мөчид нь бус, харин ирээдүйн хормыг урьдчилж хардаг гэсэн үг. Бид бүхий л амьдралаа хараахан оршин тогтнох болоогүй дэлхийд өнгөрүүлдэг гээд төсөөлөхөөр сонин байгаа биз. Ирээдүйг урьдчилан таамаглах нь хүн төрөлхтний төдийгөөс өдий хүртэлх хамгийн том мөрөөдлүүдийн нэг байж ирсэн ч хоржоонтой нь бид өөрсдөө ч мэдэлгүй анхнаасаа ирээдүйг зөгнөх чадвартай санжээ.


4. ШҮЛС БОЛ БАЙГАЛИЙН ӨВЧИН НАМДААГЧ

Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар нэг литр шүлс ялгаруулах ба амьдралынхаа турш 30 тонн (200 удаа ваннтай усанд орох хэмжээний) шүлс гаргадаг гэх тооцоо бий. Эрдэмтэд тун саяхан буюу 2006 онд хүний шүлсэнд опиорфин гэх хүчтэй өвчин намдаагч байдгийг тогтоожээ. Энэ бодис нь морфиноос зургаа дахин хүчтэй ч бидний биед маш бага тунгаар оршдог болохоор цаг үргэлж мансуурлын байдалд байдаггүй, мөн хацраа хазах, уруулаа түлэхэд өвдөлт мэдэрч байдаг аж. Арьсны шалбархай дээрээ шүлсээ түрхвэл хурдан эдгэнэ гэх ээж, эмээ нараас улбаатай уламжлалт анагаах ухаан үл ялиг заваан санагдаж болох ч шинжлэх ухаан үндэслэлтэй зөвлөгөө ажээ.

5. ХҮНИЙ БИЕ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СОД БҮТЭЭЛ 

Номоо даацтай бүтээл болгохын тулд зохиолч хэд хэдэн удаа их сургуулийн задлангийн өрөөнд зочилсон бөгөөд нийтлэлийн эхний хэсэгт нэр нь дурдагдсан Б.Оливертой энэ шугамаар дотно нөхөрлөжээ. Яс, шөрмөс, мөгөөрс судалдаг энэхүү эрдэмтэн дэлхийн хамгийн аугаа технологи бол хүний бие гэдэгт чинхүү итгэдэг нэгэн юм. Б.Оливер "Бугуй бол гайхалтай бүтээл. Булчин, мэдрэл, цусны судаснууд гээд бүх зүйл үүгээр дайрдаг ч төгс гэмээр хөдөлгөөнтэй. Таны бугуйнд бага зэрэг л асуудал гарах үед жимсний чанамлын таг онгойлгохоос эхлээд гэрлийн чийдэнг солиход ч асуудал тулгарна. Мөгөөрсийг аваад үзье л дээ. Шилнээс хэд дахин гөлгөр, үрэлтийн коэффицент нь мөснийхөөс тав дахин бага. Гэсэн хэдий ч мөс хагарах даралтын хүчийг мөгөөрс ядах юмгүй даах ба түүгээр ч барахгүй өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай. Бугуйн дотуур гүйх бүх зүйлс “тэнийлгэгч булчингуудын даравч холбоос” гэж нэрлэгдэх бүрхүүлээр хамгаалагдсан байдаг тул артерийн судсыг гэмтээх нь кинон дээр гардагтай адил тийм ч амархан үйлдэл биш. Өндрөөс үсэрч амиа хорлох ч бас амаргүй. Өндрөөс харайхад хүний хөлийн яс үйрэх ч амь гарах магадлал бидний бодсоноос хавьгүй өндөр. Товчхондоо, хүний бие үхэх бус, амьдрахын төлөө чадах чинээгээр тэмцэхэд зориулагдан бүтээгдсэн” хэмээжээ.

Биеийг машинтай адилтгах нь олонтоо ч үнэн хэрэгтээ машинаас хол давсан эд юм. Тогтмол үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл шаардахгүйгээр хэдэн арван жилийн турш тасралтгүй ажиллах бөгөөд ус, цөөн тооны органик нэгдэл байхад л хангалттай. Бид ямар их хэрэгцээгүй хоол хүнсийг хоолойгоороо давуулж, амьдралынхаа хэчнээн хугацааг дэлгэцийн өмнө хөдөлгөөнгүй, хөшүүн байдалд өнгөрөөдөг билээ дээ. Гэсэн ч бие маань ид шидийн гэмээр аргаар бидний идсэн хоол хүнснээс тэжээл авч дөнгөн, хэдэн арван жилийн турш тун дажгүй гэж болох хэмжээнд биднийг тэтгэж байдаг. Ийм хэмжээний арчилгаагаар олон жил тэсэх ямар ч машин, техник байхгүй болов уу.

Хорвоо ертөнц дээр дуу алдан алмайрахуйц олон зүйлс байх ч тантай хамгийн ойр бие эрхтэн тань бол үнэхээр гайхамшиг юм шүү.


ЗОХИОЛЧИЙН ТУХАЙД:

Их Британийн ууган хэвлэлүүдийн нэг “The Times” сонинд олон жил сэтгүүлчээр ажилласан Б.Брайсон өөрийг нь нэр алдрын оргилд хүргэсэн “Шинжлэх ухааны товч түүх” номоо нэлээд хожуу буюу 52 насандаа туурвисан түүхтэй. Дэлхий ямар жинтэй, чулуулаг хэдэн настай, орчлон хэзээ үүссэн, одоо ямархуу харагддагаас өгсүүлээд олон адармаат асуултын хариуг яг л өөр шигээ, шинжлэх ухаанаар мэргэшээгүй нэгэнд ойлгомжтой байдлаар туурвисан тус бүтээл өдгөө шинжлэх ухаанд хайртай хэн бүхний ширээний ном болжээ. Гурван жилийн турш бичсэн тэрхүү бүтээлээсээ хойш зохиолч дэлхий даяар бэстсэллер болсон “Shakespeare: The World as Stage”, “At Home: A Short History of Private Life”, “The Body: A Guide for Occupants” хэмээх номуудыг ээлж дараалан бичсэн. Эдгээр бүтээлээс гадна англи хэл чухам яаж яваад дэлхий дахины түгээмэл хэл болсон тухай тун хөгжөөнтэй жишээнүүдээр баяжуулсан “The Mother Tongue: English and How It Got That Way” хэмээх номыг тэрээр 1990 онд туурвисан билээ. Ёжлол егөөдөл хийгээд хүний санаанд оромгүй хачирхалтай түүхээр арвин түүний бүтээлүүдэд яаж ийж байгаад заавал англи үгсийн гарал үүсэл заавал дурдагддаг нь энэхүү номтой ч холбоотой байж мэдэх.

Хамгийн сүүлийн бүтээл болох “Бие эрхтэн” номоо бичих болсон шалтгааныхаа тухайд тэрбээрЭхээс төрөхдөө л миний зөвхөн нэг бөөр ажилладаг байсныг би хожим хойно олж мэдсэн юм. Хоёр бөөргүйгээр хүн амьдарч чадахгүй гэж боддог байсан надад тэрхүү мэдээ тун хачирхалтай санагдсан шүү. 100 хүний нэгд тохиолдох ховор өвчинтэй байснаа ч анзааралгүйгээр насан туршдаа амьдарч байснаа мэдсэн цагаас хойш биеийнхээ тухай олон зүйлсийг мэдэх хүсэл оргилох болсон. Том хүү маань эмч мэргэжилтэй болохоор энэ номыг бичихэд их тус болсон" хэмээсэн байна.

Эцэст нь, Брайсоны үнэнч уншигчийн зүгээс та нартаа түүний өөр нэгэн алдартай бүтээл болох “At Home: A Short History of Private Life”-ийг уншаад үзээрэй хэмээн зөвлөе. Өдгөө бидэнд хэдийн дасал болсон эмх цэгцтэй, ая тухтай, дулаахан таатай орчин, хоол хүнсний хангалттай хангамжтай амьдрал хэрхэн бий болсон баримтуудаас та өрнийн соёл иргэншлийн сүүлийн 200 жилийн тухай хангалтай түүхийг танин мэдэх боломжтой шүү.