Үгийн урлагт дурлагч, номын хорхойтнууддаа зориулан Unread-ийн зүгээс шинэхэн булангаа хүргэхэд бэлэн боллоо. Энэ буландаа бид онцгой зочны онцлох номтой нь танилцах бөгөөд тэдний учирсан эхний хуудсаас эхлэн бахдан төгсгөсөн эцсийн хуудас хүртэлх бүхий л сэтгэлийн нюанс, адал явдлаар аялах болно.
Хамгийн эхний дугаарт комедиан Д. Амартүвшин оролцож, өөрийн эртний дурсамж болох Жорж Оруэлл зохиолчийн "1984" номын талаар хөөрөлдлөө.

Энэхүү булангийн зочид өөрсдийн шимтэн уншсан, онцлох номын талаар бодол оюун, сэтгэл зүрхээрээ хэрхэн мэдэрснийг хүүрнэх бөгөөд гагцхүү хувийн үзэмж, өөрийн харах өнцгөөс тухайн бүтээлийг дүгнэж буй нь энэ юм.

Unread

яагаад онцлох болов

2007, 2008 оны үе шиг санагдаж байна. Миний хувьд Жорж Оруэлл зохиолчийн "Амьтны ферм" номыг уншсаны дараа 1984 номыг унших сэдэл төрж байсан юм. Засаглал, тогтолцооны талаар өргөн мэдлэг, нарийн мэдрэмжтэйн дээр тун ч өвөрмөц хувь зохиолтой Жорж Оруэлл гэх зохиолчийн эдгээр номуудыг уншаад л “Дарангуйлал хэрхэн яаж ажилладаг, ямар аргаар хамгаалж авч үлддэг” талаар мэдэж авч байлаа.

номын товч агуулга

Эх сурвалж: mongolmedleg.org


Энэ зохиол нь хайр сэтгэл агаад харанхуй, хүйтэн цэвдэг мэдрэмж сүлэлдсэн өвөрмөц ритмтэй зохиол шиг санагддаг.

Зохиолын үйл явдал 1984 онд өрнөх бөгөөд дэлхийн улс орнууд Далайн гүрэн, Дорнод Азийн гүрэн, Евразийн гүрэн гэж гурав хуваагдан хоорондоо байнгын дайн тулаантай байх аж. Далайн гүрэн нь нэг намын засаглалт дарангуйллын системтэй улс бөгөөд намын удирдагчийг Big brother буюу Том ах гэх. Ард иргэдийн үг үйлдлийг цаг ямагт хянаж байхын тулд гэр сууц, гудамж талбайн булан тохой бүрд хяналтын камер байршуулсан байдаг. Хэн ч намын бодлогыг эсэргүүцэх эрхгүй бөгөөд нэг л сэжигтэй үг үйлдэл ажиглагдвал хатуу цээрлэл хүлээнэ. Хэн ч энэ системийг зөв, эсэхийг бодож үзэлгүй, ийм л байх ёстой мэтээр эвлэрч амьдардаг.
Гол дүр болох Винстон Смит гэх Лондон хотын Үнэний яаманд ажилладаг гуч гаран насны залуу дарангуйлалт нийгмийнхээ эсрэг дорвитой тэмцсэн зүйл үгүй ч зөвхөн бусдаас өөрөөр сэтгэснийхээ төлөө яргалал, тарчлал амсаж эцэст нь бодол санаа, зүрх сэтгэл нь бууж өгөн тэр нийгмийнхээ нэг хэсэг болж буй тухай зохиол юм.

жорж оруэлл (1903-1950)


Дэлхий дахинд "Амьтны ферм", "1984" зохиолуудаараа алдаршсан Жорж Оруэлл нь тухайн үеийн Англи улсын колони Энэтхэгийн Бенгал хотод төрсөн бөгөөд миний сонсож байснаар, тэрээр дэлхийн II дайны үед BBC-д пропагандист (тархи угаалт) хийдэг байсан. Дайны үед пропаганда хийх буюу нийтээрээ улс орон, дайны нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэлтэй байх нь маш чухал. Тухайн мэдээлэл үнэн эсэх нь сонин биш. Энэхүү зохиолын гол дүр болох Винстон Смит ч мөн адил тухайн улсынхаа "Үнэний яам" гэх газар пропаганда хийдэг гэж гардаг.

1900-аад оны эхэн үеэс 1960-аад оны сүүл хүртэл дэлхий нийт маш хүчтэй зүүний хандлага буюу социалист давалгаанд автсан. Зүүний хандлагад төрөөс бүхнийг зохицуулж, төр бүх зүйлд оролцох замаар ард түмний санхүүгийн чадамж, эрх, эрх чөлөө, нийгмийн байр суурийн бүхий л тэгш бус байдлыг арилгах ёстой гэдэг ойлголт нэвт шингэсэн байдаг. Ж.Оруэлл ч үүнийг нь олж харсан байгаа юм. Дэлхий тэр чигтээ автаад буй социалист засаглал яван явсаар юунд хүргэдэг вэ? гэдгийг л тус бүтээлээрээ харуулахыг зорьсон хэрэг. Тэрээр зохиолоо 1948 онд бичиж, 1949 онд хэвлүүлсэн ч харамсалтай нь зохиолынхоо дэлхий дахинд түгэж буй алдар нэрийг хүртэж чадалгүй 1950 онд өөд болсон юм.

МОНГОЛД ХЭВЛЭГДСЭН НЬ


Монгол улсад энэ ном 1990 он хүртэл хориотой ном байлаа. Учир нь монголчууд тухайн үед өөрсдөө энэ номон дээр гардаг шиг нийгмийг байгуулчихсан байсан. 1991 онд Жорж Оруэллийн ном анх удаа хэвлэгдэж гарсан “Эзнээ сольсон нь” буюу одоогийн орчуулгаар “Амьтны ферм” ном. Харин 1984 зохиол нь 2000 он гарсны дараагаар монгол хэл дээр хэвлэгдсэн болов уу.

ЗОХИОЛ & БОДИТ АМЬДРАЛЫН УЯЛДАА

DALL-E


Энэхүү зохиол дээр дарангуйлал туйлдаа хүрч, хүмүүс хэдийн эвлэрчихсэн, ийм л байх ёстой гэх байдлаар гардаг бол бодит амьдрал дээр төрийн төвлөрсөн эрх мэдэл аажмаар томрох явцад зохиол дээр гарч байгаа шиг жижиг жижиг шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Жишээлбэл, хүмүүсийн үг яриаг хорих, худал мэдээлэл олон нийтэд тарааж, үнэн мэдээллийг улсын нууц болгох гэх мэт.

Дарангуйлал тогтоох хамгийн чухал зүйл бол эхлээд сонирхлын бүлгүүдийг үгүй хийх явдал бөгөөд хамгийн жижиг сонирхлын бүлэг нь гэр бүл байдаг. Энэ зохиол дээр гэр бүл, хайр сэтгэлийг төрөөс төлөвлөдөг талаар гардаг. Эцэг эх нь намын эсрэг байж мэдэх өчүүхэн жижиг үг үйлдэл хийхэд хүүхэд аав ээжийгээ намдаа матаж, өөрөө сайшаал хүртдэг. Гэрийнхээ ариун цэврийн өрөөнд орсон ч “Том ах”-ын зургийг олж хардаг нь хүүхдүүдийг тийм болгон хүмүүжүүлж байгаа хэрэг. Ингэснээр ариун нандин холбоотой, халуун дулаан, органик гэр бүл гэдэг ойлголт үгүй болно. Энэ нь бодит амьдрал дээр шууд утгаараа биелэхгүй ч гэсэн дараах байдлаар биеллээ олж байгаа гэж би хардаг.


Хүмүүсийн яриад, хүсээд байдаг “Хүүхдүүдэд тэгш боловсрол олгох, тэгш гараанаас эхлүүлэх” гэдэг ойлголтыг логикоор нь хөөгөөд үзвэл 1984 зохиол дээр ирдэг. Тэгш гараа гэдэг нь өөрөө органикаар биелэх боломжгүй, хэрэв биелвэл маш аюултай үзэгдэл. Учир нь зөвхөн төрөөс бүх хүүхдүүдийн юу сурах, юу сурахгүй, юу өмсөхийг хүртэл заах замаар тэгш байдлыг бий болгох боломжтой, өөрөөр бол хүүхдүүд нийгмийн байр суурь, амьдралын түвшин зэргээрээ ялгаатай гэр бүлүүдэд өсөн торниж буй учраас тэгш бус, ялгаатай байх нь гарцаагүй зүйл шүү дээ.Гэхдээ би авъяас чадвар, оюун ухааны хувьд яриагүй юм шүү, зөвхөн материаллаг эд баялгийн тухайд.

Хүмүүс “Тэгш гараатай байх ёстой” гэж ярих үедээ “Хэн түүнийг тэгшитгэх юм бэ” гэдгийг ерөөсөө боддоггүй. Ямар нэгэн хүч чадал байж байж л түүнийг тэгшитгэнэ. Тэр хүч чадал нь ихэнхдээ “Төрд” байдаг. Төр нь харин эцсийн бүлэгт улс төрчид юм шүү дээ. Үүнийг л зохиол дээр намын удирдагч буюу Big brother-ийн дүрээр гаргаж ирсэн.


дарангуйллыг тогтоож чадсан нь

Намын уриа


Зохиол дээр гарч байгаачлан үргэлжид дайн тулаантай байгаа нь дарангуйллыг тогтоох хамгийн том зэвсэг. Учир нь олон нийтийг нэг гарт зангидан удирдахын тулд дайн тулаан мэтийн “Айдас”-ыг бий болгодог. Тэр нь зохиомол ч байж болно. “Эх орон дайсантай тэмцэлдэж байна, бид ялагдахгүйн тулд нэгдсэн удирдлагатай байж, Big brother-ийн үгийг дагах хэрэгтэй, чи үүнийг дагахгүй бол дайсны тал гэсэн үг” гэх ойлголтыг хүмүүсд төрүүлж, эрх мэдлийг олж авдаг.

эсэргүү гол дүрийг шууд алаагүй шалтгаан


Дундад зууны үед эсэргүү хүнийг олны нүдэн дээр амьдаар нь шатаадаг байсан нь эргүүлээд маш олон хүнд “Хүн үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө үхэж байна” гэх зориг, итгэл найдвар, сэдлийг өгдөг байсан тул нэг хүнийг шатааж алсны дараа дахиад арван эсэргүү гарч ирдэг байсан.

Эсрэгээрээ айхтар тэмцэж, эсэргүүцэж байсан хүн шатаагдах нь битгий хэл хааны хажууд очоод суучихсан байвал “Ингээд л урвачихдаг юм байна, эсэргүүцсэн ч бидэнд гэрэл гэгээ байхгүй юм байна” гэдэг ойлголтыг авна. Тийм учраас зөвхөн эсэргүү хүнийг биш “Эсэргүүцэл” гэдэг зүйлийг ор үндсээр нь устгахын тулд эсэргүү хүнийг заавал ухуулан сэнхрүүлж дараа нь хороож байгаа хэрэг.


Эсэргүү үзэл санаандаа үнэнч хэвээр төгссөн бол


Эсэргүү хүн үзэл санаагаа худалдаад, тэр нийгмийнхээ нэг хэсэг болон төгсөж буй нь амиа алдаж төгссөнөөс илүү харамсалтай мэдрэмжийг уншигчдад төрүүлнэ шүү дээ. Мөн Жорж Оруэллийн бичдэг онцгой арга барил бас бий. Бүх зүйл нь ойлгомжтой болоод төгсөх биш уншигчдад асуулт, эргэцүүлэх зай үлдээгээд зохиолоо төгсгөдөг. Ингэж төгссөнөөрөө урт удаан хугацаанд хүмүүст төрөл бүрийн бодрол, таамаг дэвшүүлэх, зүгээр уншаад өнгөрөх биш өөрсдөө ургуулж сэтгэх боломжийг олгож буйгаараа онцлог.