Хонхны цуу цангинаж, хөөрөн догдолсон хүүхэд багачууд хичээлийн танхимдаа эргэн ирж буй энэ өдөр бид өнгөрөгч сард шинээр хэвлэгдэн гарч, уншигчдын хүртээл болсон бүтээлүүдийг тоймлон хүргэхээр бэлдлээ.

Өмнөх саруудын номын нийтлэл:

Долоодугаар сарын онцлох номууд

Зургаадугаар сарын онцлох номууд

Гуравдугаар сарын номууд

Хоёрдугаар сарын шинэ номууд

Нэгдүгээр сарын шинэ номууд

1. хөх тэнгэр сонсож бай


Номын төрөл: Уран зохиол
Зохиолч: Ч.Галсан
Эрхлэн гаргасан: Nojo Publishing
Нүүрний тоо: 230

Өнгөрөгч жил Ножо хэвлэлийн газрын зүгээс Чинагийн Галсан зохиолчийн “Аянгат цагийн тууж” бүтээлийг эрхлэн гаргасан бол энэ наймдугаар сард тэртээ 1988 онд хамгийн анх герман хэлээр бичигдсэн “Хөх тэнгэр сонсож бай” хэмээх түүний хамгийн алдартай романыг уншигчдын гарт хүргээд байна. “Хамгийн алдартай” хэмээн тодотгож буйн учир нь уг роман одоогийн байдлаар зохиолчийн хамгийн олон буюу 15 хэлээр хэвлэгдсэн төдийгүй “Reddit” цахим хуудаснаас гаргасан дэлхийн утга зохиолын карт дээр “Blue Sky” нэрээр Монгол Улсаа төлөөлсөн юм.



Алтай таван богдын сүрлэг улс, Хар нуурын эрэг, зуун зуун жилийн турш тэр нутагт идээшин амьдарсан тува үндэстний амьдралын хэв маяг, энэ хорвоо дээр нүүдэлчин хүмүүст л үлдэж хоцорсон байхдаа гэж бодмоор цайлган гэнэн сэтгэл, үнэнч шударга зангийн тухай тэрээр “Аянгат цагийн тууж” романдаа зохиолч дүрсэлсэн байдаг. “Хөх тэнгэр сонсож бай” бүтээлд ч мөн адил тэрээр эх хэлнийхээ дуусаж дундрашгүй арвин санг чадварлагаар ашиглаж, алс баруун хязгаар нутагт амьдарч байсан эгэл боргил, эрдэм чадвартай хөгшин ээжийгээ үгсийн шидээр амилуулжээ.

Үнэ: 24,900₮
Онлайнаар захиалах

Ийм сайхан монгол хэлээр, монгол сэтгэлгээгээр, монгол сэтгэлээр бичсэн, сэтгэл зүрхэнд сэм сэм гэрэл юүлдэг бүтээл тийм ч олныг уншсангүй шиг билээ.

Зохиолч Б.Номинчимэд

2. анна о


Төрөл: Уран зохиолч
Зохиолч: Мэтью Блэйк
Эрхлэн гаргасан: Болор судар хэвлэлийн газар
Нүүрний тоо: 547

Зохиолч болохоосоо өмнө Английн Вестминстерийн ордны олон нийттэй харилцах албанд ажиллаж байсан Мэтью Блэйк эхний дебьют романаараа л энэ оны туршид триллер зохиолын зах зээлийг шуугиулж байгаа юм. Зохиолч болохоосоо өмнө нойртой холбоотой синдром, гэмт хэргийн талаар судалгаа хийж байсан түүний анхны роман болох уг бүтээл “Хэрэв хэн нэгэн унтаж байхдаа аллага үйлдсэн бол тэд гэм буруугүй юу?" хэмээх асуултыг тавьснаар эхэлдэг.

Анна Огилви бол хорин таван настай, гэрэлт ирээдүйтэй зохиолч. Гэтэл нэг л өдөр хоёр сайн найзынхаа цогцсын дэргэд гүн нойронд автсан байдалтай олдож, хоёр хүний амь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж эхлэх нь тэр. Бүтэн дөрвөн жилийн турш унтаа байдалтай байгаа түүний хэргийн зангилааг тайлахын тулд шүүх эмнэлгийн сэтгэл зүйч, нойртой холбоотой хүн амины хэргийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн Доктор Б.Принс ажиллаж эхэлснээр зохиолын үйл явдал өрнөнө. Уг бүтээлийг өнгөрөгч сард Болор судар хэвлэлийн газраас монгол хэлнээ орчуулан гаргасан билээ.

Сонирхуулахад, Netflix компани энэ оны нэгдүгээр сард уншигчдын хүртээл болсон уг зохиолоос сэдэвлэн триллер цуврал бүтээхээр номын зохиолчтой аль хэдийн хэлцэл хийгээд эхэлжээ.

Үнэ: 30,000₮
Онлайнаар захиалах

3. хУТГА


Номын төрөл: Намтар
Зохиолч: Салман Рушди
Эрхлэн гаргасан: Болор судар хэвлэлийн газар
Нүүрний тоо: 301

2022 оны наймдугаар сарын 12-ний өдөр Энэтхэг гаралтай Англи-Америкийн зохиолч Салман Рушди Нью-Йорк хотноо лекц уншиж байх үедээ халдлагад өртсөн билээ. Түүний дөрөв дэх роман болох "The Satanic Verses" (1988) хэвлэгдсэний Ираны дээд удирдагч Рухолла Хомейни исламын шашныг доромжилсон хэргээр С.Рушдиг цаазаар авах хэрэгтэй хэмээн сүрдүүлж байсан бөгөөд энэхүү халдлагыг ч уг бүтээлийн агуулгатай холбох нь бий.

Халдлагын үеэр С.Рушди нэг нүдээ алдаж, мэдрэлийн судаснууд нь хагарсан юм. “Хутга” хэмээх уг дурсамж бүтээлдээ тэрээр халдлагийн дараа өөрт нь тохиосон үйл явдлууд, хүнд гэмтлийн дараах эдгэрэлтийн явц хийгээд гэр бүлийнхнийхээ дэмжлэгийн тухай дэлгэрэнгүй өгүүлжээ.

Өнгөрөгч жил Болор судар хэвлэлийн газар зохиолчийн цор ганц өгүүллэгийн түүвэр болох “Өрнө Дорно”-ийг “Орчин үе” цувралаараа танилцуулж байсан бол энэ удаад түүний бичсэн, намтар бүтээлийг сонгон авсан нь тун сонирхолтой сонголт юм.

Үнэ: 25,000₮
Онлайнаар захиалах

4. Бэрхшээлийг эрхшээ


Номын төрөл: Хувь хүний хөгжил
Зохиогч: Майк Аннесли
Эрхлэн гаргасан: Болор судар хэвлэлийн газар
Нүүрний тоо: 136

Бэрхшээлгүй амьдрал гэж хаана ч үгүй. Хүн байгаа газар бэрхшээл хэзээд бий. Амьдралын бартаат замыг туучих явцад том жижиг олон саад тулгардаг. Ихэнх бэрхшээл гэнэтийн тааварлашгүй байдаг ч заримдаа бид саад бэрхшээлийг урьдаас хараад, түүнийг даван туулахад шаардлагатай хүч чадал, эр зориг, уян хатан чанартай болох шаардлагатай үе тохиох нь бий.

Үүлгүй тэнгэрээс аянга буух шиг гэнэтийн цочрол биднийг дайрах үед түргэн агаад үр дүнтэй шийдэл, сэтгэхүй, зан төлөвийн хэв маягаа эрс өөрчлөх шаардлага тулгардаг шүү дээ. Дотны хүнээ халамжлах, өвчинтэй тэмцэх, ажил дээр стресст автах зэрэг дотоод хүч чадлыг барсан, байнгын дарамттай нөхцлийн үед уг бүтээл түргэн, үр дүнтэй заслын зэрэгцээ тогтвортой урт хугацааны шийдлүүдийг санал болгох аж.

Үнэ: 15,000₮
Онлайнаар захиалах

5. зориг


Номын төрөл: Хүүхдийн уран зохиол
Зохиолч: Телгемайер Рейна
Эрхлэн гаргасан: Цэнхэр гүзээлзгэнэ хэвлэлийн газар
Орчуулагч: Б.Мөнх-Амин
Нүүрний тоо: 224

Хэрвээ эргэн тойронд тань Рейна Телгемайер зохиолчийн “Инээмсэглэл”, “Эгч дүүс” цувралын үнэнч бяцхан уншигч байгаа бол дуулгах сайхан мэдээ байна. Энэхүү цувралын III боть болох “Зориг” өнгөрөгч сард худалдаанд гарчээ.

Тавдугаар ангийн хичээл эхлэхэд Рейнагийн найзууд ч тэр, ер нь охид бүгд л өмнөх жилээс огт өөр болчихсоныг тэр анзаарч харна. Яг юу нь, яагаад өөр гэдгийг тодорхой мэдэхгүй ч бие махбод, сэтгэл санаанд зэрэг явагдаж байгаа өөрчлөлтөөс болоод ч тэр үү, урьд өмнө байгаагүй хачин сонин ааш гаргаж буйдаа охин ч өөрөө гайхаж эргэлзсэнээр шинэ үйл явдал өрнөнө.

Дэлхийн бестселлер болсон уг цувралыг насанд хүрсэн та ч мөн уншаад үзэхэд гэмгүй шүү. Учир нь ойлгогдохгүй өсвөр насныхны дотроо хадгалж байдаг айдас, сандрал, харилцааны асуудлыг нь бага ч болтугай ойлгоход тань гарцаагүй туслах бүтээл хэмээн хувийн зүгээс санал болгоё.

Үнэ: 24,900₮
Онлайнаар захиалах

6. ХӨГШИН ЭЭЖИЙН БОР ГЭРТ 


Номын төрөл: Хүүхдийн уран зохиол
Зохиолч: Б.Энэрэл
Эрхлэн гаргасан: EdNomad хэвлэлийн газар
Нүүрний тоо: 60

"Хөдөө хөгшин ээжийнхээ бор гэрт амьдардаг хүүхдүүд өглөө бүр сөөвгөр Хасараа харж, хамтдаа тоглохоор яаран сэрцгээдэг байв. Гэтэл нэг өдөр өхөөрдөм хөөрхөн Хасар нь байсангүй, хүүхдүүд маш их санаа зовцгоов.

Эцэст нь тэд Хасарыгаа аварч, гэртээ буцаан авчрах хэцүүхэн замыг туулахаар сэтгэл шулуудлаа. Хүүхдүүд сөөвгөр хөөрхөн нохойгоо аварч чадах болов уу?"

Зохиогч Б.Энэрэл Унгар улсад байгалийн ухааны багшаар ажиллаж амьдардаг бөгөөд боловсролын салбарт 10 жил ажиллахдаа байгаль эх дэлхийтэйгээ холбогдох, монгол соёл ахуйгаа таньдаг байх нь хүүхдийн сэтгэл оюуны хөгжилд маш чухал болохыг ойлгожээ. Тиймээс хүүхдүүддээ зориулан зурагт үлгэрийн цуврал ном гаргаж буйн эхлэл нь уг бүтээл. Зохиогч үлгэрүүдээ өөрийн хүүхэд насанд тохиолдсон явдлуудын талаар утга уран зохиолын хэтрүүлэгтэйгээр бичсэн бөгөөд номын зургийн дүрслэлд Монгол зургийн элементүүдийг оруулсан нь тун сонирхолтой.

Мөн энэхүү үлгэр нь Англи болон Монгол хэлэн дээр хэвлэгдсэн учир хос хэлтэй хүүхдүүд болон Монгол, Англи хэл сурч байгаа хүүхдүүдэд аль алинд нь тохиромжтой аж.

Үнэ: 39,900₮

Онлайнаар захиалах

7. тахийн гэрт зочилсон нь 


Номын төрөл: Хүүхдийн уран зохиол
Зохиолч: Ц.Дэлгэрмаа
Зураач: Э.Базаррагчаа
Эрхлэн гаргасан: Жангар хүүхдийн редакц
Нүүрний тоо: 32

1966 оноос хойш Монголын тал нутагт таараалдахаа больж, устсанд тооцогдож байсан Монгол тахийг эх оронд нь сэргээн нутагшуулах ажил 1992 онд эхэлсэн билээ. Нидерланд, Герман зэрэг улсын амьтны хүрээлэнгүүдээс төсөл хэрэгжүүлж, улмаар Хустайн нуруу, Тахийн тал, Хомын талд тахийг амжилттай нутагшуулж чадсан сэтгэл хөдлөм түүхтэй хүүхдээ танилцуулахыг хүсвэл уг номыг санал болгоаж байна.

Энэхүү номоос таны хүүхэд амьтдыг таньж мэдэх, хайрлан хамгаалах урам зориг, сэдлийг авах нь лавтай.

Үнэ: 19,900₮

Онлайнаар захиалах

8. ТАРХИНД ХҮРЭХ ЗАМ


Номын төрөл: Намтар
Зохиолч: Талат Кириш
Орчуулагч: Х.Хангай

Бид амьдралынхаа дийлэнх идэвхтэй цагийг ажил мэргэжилдээ зарцуулдаг. Тиймдээ ч бидний ямар мэргэжил эзэмшиж, нийгэмдээ хувь нэмэр оруулах нь бидний үнэт зүйл, ертөнцийг үзэх үзэлд хүртэл нөлөөлөх нь бий.

Тэгвэл өөрийн сонгосон мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа Туркийн мэдрэлийн мэс засалч Талат Киришийн бичсэн уг дурсамж, намтарчилсан бүтээл нь танд эмчийн мэргэжлийн хүнд хэцүү замнал хийгээд бүх л өвчтнөө эдгээж, итгэл найдвар өгөхийг хүсдэг тэдний чин сэтгэлийг ойлгуулах нь дамжиггүй.

“Тархинд хүрэх зам” хэмээн монголоор орчуулсан уг бүтээл нь түүний эмчийн мэргэжил эзэмших хүртэл туулсан ээдрээтэй замнал болон зарим талаараа одоогийн манай улстай төстэй, олон жилийн өмнөх Турк Улсын эрүүл мэндийн салбарын тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. Ташрамд дуулгахад, уг бүтээлийг монгол хэлний орчуулсан орчуулагч Талат Кириш эмч дээр хагалгаанд орсон монгол залуу аж.

Онлайнаар захиалах

9. монгол (кИРИЛ, уйгуржин) + англи зурагт толь 


Номын төрөл: Толь бичиг
Эрхлэн гаргасан: Нэпко хэвлэлийн газар

2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу баталсан Монгол хэлний тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, төрийн албан хэргийг монгол ба кирилл хос бичгээр хөтөлж эхэлнэ.

Ердөө жил хүрэхгүй хугацаанд монголчууд шинэ хуучин хоёр бичгээ аль алийг нь хэрэглэж чаддаг хос бичигтэн болох шаардлагатай болж буй энэ цаг үед Нэпко хэвлэлийн газар, QA INTERNATIONAL хамтран Монгол-Англи-Уйгуржин бичиг бүхий зурагт толийг бүтээжээ. Энэхүү бүтээл бол үндэсний бичиг соёлоо дээдлэн сэргээх хөдөлгөөн өрнөж байгаа өнөө үед уйгуржин үсгээр гарч буй анхны зурагт толь гэдгээрээ онцлог.

Толийн үндэс нь QA INTERNATIONAL компанийн бүтээсэн The Mini Visual Dictionary бөгөөд энэхүү номонд 5мянга гаруй өнгөт зурагт дээр 13.5 мянга гаруй үгийг монгол, англи хэлээр болон уйгуржин бичгээр бичжээ.

Үнэ: 40,000₮

Онлайнаар захиалах

10. маркетинг 100%


Номын төрөл: Хувь хүний хөгжил
Зохиогч: Игорь Маннын

Маркетар Игорь Маннын бүтээл, "Маркетинг 100%. Хэрхэн маркетингийн сайн менежер болох вэ?" хэмээх ном нь нийт 18 удаагийн хэвлэлээр 200 мянган хувь борлуулагдсан ОХУ-ын бестселлер юм. Номын нүүр хуудсанд AR технологи ашигласан бөгөөд ном худалдан авсан хүн бүхэн Игорь Маннын "Маркетингийн цуврал сургалт, зөвлөгөө"-нүүдийг үзэх боломжтой аж. Маркетингаар сурдаг, сурахаар сонирхож буй залуус маань уг бүтээлийг сонирхоод үзээрэй.

Үнэ: 30,000₮

Онлайнаар захиалах

Ном эрхлэн гарагч та бүхэн манай редакцын сар бүрийн онцлох номууд жагсаалтад өөрийн бүтээлээ багтаахыг хүсвэл editor@unread.today хаягаар холбогдоорой. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.