Бүтэн сарын турш үргэлжилсэн сонгуулийн халуурал өндөрлөж, энэ сараас зуны амралтын өдрүүд эхэлж буй. Уншигчид маань ч мөн адил одооноос наадмын амралтаараа юу хийхээ төлөвлөж буй нь лавтай.
Зуны энэ дэлгэр цагт танд хамгийн сайн хань болж чадах зүйл бол ном. Бүтэн жилийн туршид ухаалаг утас, компьютертой зууралддаг та бид зуны энэ хэсэгхээн хугацаанд цахим орчноос жаахан холдож, уншихаар төлөвлөсөн номуудынхаа ард гарах гэж хичээвэл зүйтэй болов уу. Хэрвээ унших номоо хараахан сонгож амжаагүй байгаа бол манай редакцийн зүгээс таны сонголтод туслах зорилгоор өнгөрөгч сард худалдаанд гарсан онцлох бүтээлүүдийг тоймлон хүргэж байна.
Номын төрөл: Шинжлэх ухааны уран зөгнөлт
Номын нэр: Гурван биет I - Гараг дэлхийн өнийн хэрэг
Зохиолч: Лю Цы Синь
Орчуулагч: Д.Болдбаатар
Худалдан авах:
2015 онд "Гурван биет" гурамсан цувралаараа Хятадын зохиолч Лю Цысин фантази, шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолуудад олгодог Нобель болох "Hugo Awards"-ийг хүртсэн анхны ази зохиолч болсон юм. Энэхүү бүтээл нь Монголыг оролцуулан 20 гаруй хэл дээр орчуулагдаж, дэлхий даяар есөн сая хувь борлогдсон бөгөөд одоогоос дөрвөн жилийн өмнө “Netflix” уг гурамсан зохиолоор телевизийн цуврал хийх болсноо зарлаж, бүтээгчдээр нь “Game Of Thrones”-ийг дэлгэцнээ амилуулсан Д.Бениофф, Д.Вайсс нар ажиллана гэдгийг дуулгасан билээ.
Телевизийн цуврал энэ оны гуравдугаар сард эхний бүлгээ цацаж, өндөр амжилт үзүүлсэн нь ахин энэхүү бүтээлийг олны анхаарлын төвд авчраад буй. Мэдээж монгол уншигчид маань ч гэсэн дэлхий даяар хит болоод буй зохиолыг эх хэлнээ уншихыг хүсэж буй нь лавтай. Тэгвэл сайхан мэдээ дуулгая. “Гурван биет - Гараг дэлхийн өнийн хэрэг” буюу эхний цувралыг аудио хувилбараар Mbook-ээс сонсох боломжтой болжээ. Киног үзээд номыг нь уншмаар санагдсан ч цаг зав олдохгүй байгаа уншигчид Mbook-ээс яг одоо номоо аудио хувилбараар нь татаад аваарай.
Номын төрөл: Уран зөгнөлт
Номын нэр: Гайхамшигт шинэ ертөнц
Хэвлэлийн газар: Болор Судар
Зохиолч: Олдос Хаксли
Худалдан авах:
Фаренхайтын 451 хэм, 1984, Шивэгчний үлгэр гээд дистопиан төрлийн зохиолд “нугасгүй” уншигчдадаа дуулгах сайхан мэдээ ч бас байна. Тэртээ 1932 онд хэвлэгдсэн цагаасаа дистопиан зохиолын төрөлд сонгодогт нэрлэгдсээр буй Олдос Хакслигийн “Brave new world” буюу “Гайхамшигт шинэ ертөнц” бүтээл монгол хэлнээ хэвлэгдэн гарчээ.
1999 онд Modern Library хэвлэлийн газраас уг бүтээлийг XX зууны англи хэл дээрх шилдэг 100 романы жагсаалтын тавдугаарт нэрлэж, BBC-ийн The Big Read сэтгүүл зууны шилдэг уран зохиолын бүтээлийн төрөлд багтааж байсан төдийгүй хэвлэгдэн гарсан цагаасаа хойш дэлхий даяар “унших хориотой”, “тэрслүү” номд багтсаар ирсэн юм.
Антиутопи ангилалд багтах энэ зохиолын үйл явдал 2541 онд буюу XXVI зуунд өрнөнө. Хүмүүс колони аргаар бүтээгдэж, тэдгээр бүтээгдсэн хүнийг оюун, гоо, эрүүл мэндээр нь таван зэрэглэлд хуваах аж. Өөр өөрийн таарсан зэрэглэлдээ жаргалтай амьдрах хүмүүс, “төгс” хэмээн тодорхойлж болохуйц нийгэмд Жирийн биологийн аргаар хүн болж мэндэлсэн Жон орж ирснээр үйл явдал цааш хөвөрнө.
Номын төрөл: Уран зохиол
Номын нэр: Цагаан хоолтон
Хэвлэлийн газар: Монсудар
Зохиолч: Хан Ган
Орчуулагч: П.Номинбилэг
Худалдан авах:
Хан Ганын "Цагаан хоолтон" зохиол нь мах идэхээ болихоор шийдсэн Ён Хэ хэмээх эмэгтэйн түүхээр дамжуулан бие даасан байдал, сэтгэцийн эмгэг, нийгмийн хүлээлт зэрэг сэдвүүдийг хөндсөн бүтээл юм.
Түүний уг шийдвэр нь гэр бүл болон нийгмээс түүнийг удирдаж хянах гэсэн хүчтэй хүслийг илчилж зохиол тэр чигтээ сэтгэл түгшим өнгө аястай болж хувирна. Ён Хэгийн дотоод үймээн самуун болон түүний эргэн тойрны хүмүүсийн цөхөрсөн үйлдлийг хурц, тод дүрслэл болон тогтворгүй, хар бараан өгүүлэмжээр уншигчдын өмнө дэлгэх ажээ. Сонирхуулахад, Хан Ган энэхүү бүтээлээрээ 2017 онд Англи хэлт уран зохиолын дээд шагнал болох “Man Booker-ийн шагналыг хүртсэн анхны солонгос зохиолчоор шалгарч байсан билээ.
Номын төрөл: Уран зохиол
Номын нэр: Хувьгүй төрөгсөд
Хэвлэлийн газар: Монсудар
Зохиолч: Имре Кертиес
Орчуулагч: Г.Бошигт
Худалдан авах:
Холокостын хохирогчид, тэдний туулж өнгөрүүлсэн эмгэнэлт цаг үеийн тухай өгүүлэх нэгэн шедевр бүтээлийг “Монсудар” хэвлэлийн газраас Утга зохиол цувралынхаа 43 дахь номоор сонгожээ.
Будапештын Еврей хэсэгт аж төрдөг Георг Ковес хэмээх өсвөр насны унгар хүү нэг л өдөр Германы Аущвицын хорих лагерь руу ачигдсанаар зохиолын үйл явдал өрнөнө. Арван таван настай хүү түүхийн гэрч болж, амьдарч байгаа цаг хугацаагаа өөрийн мэдэрснээрээ дүрслэн, үнэлэлт дүгнэлт хийж байгаа нь уншигчдын анхаарлыг ихээхэн татах биз ээ.
Унгарын зохиолч Имре Киртиес түүхийн харгис хэрцгий, дарангуйллын эсрэг хувь хүний эмзэг туршлагыг дэлгэн өгүүлснээрээ 2002 онд энэхүү бүтээлээрээ Нобелийн шагнал хүртсэн юм. Номын зохиолчийн хувьд Дэлхийн II дайны үеэр арван таван настайдаа буюу 1944 онд Освенцим, дараа нь Бухенвальд шоронд хоригдож байжээ. Тэгэхээр “Хувьгүй төрөгсөд “ зохиолыг нэг талаараа түүний намтар ч гэж хэлж болохуйц.
Номын төрөл: Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Адуу хөвгүүн
Хэвлэлийн газар: Жангар хүүхдийн редакц
Зохиогч: Люис К.С
Орчуулагч: Б.Амарбаясгалан
Худалдан авах:
1954 онд хэвлэгдсэн “Адуу, хөвгүүн хоёр” нь К.С.Люис зохиолчийн Нарниагийн товчоон цувралын гурав дахь бүтээл билээ.
Энэхүү номын үйл явдал “Арслан, шулам ба шүүгээ” номын төгсгөл хэсэг буюу Нарниа нутгийг хүний ертөнцөөс ирсэн ах дүү дөрвөн хаан, хатан захирч асан цаг үед өрнөнө. Ном Нарниагийн өмнө зүгийн орон болох Калормэний газраас төрсөн нутаг Нарниагийн зүг тэмцэн аянд гарсан ухаант адуу Бри болон Шаста хүүгийн адал явдлаар эхэлдэг. Нарниагийн урьдын номууд дээр дурдагдаагүй шинэ газар орон, хүн ард болоод соёл заншил гэх мэт олон сонирхолтой дүр дүрслэлүүд энэхүү боть дээр дурдагдах юм.
Номын төрөл: Хүүхдийн зурагт ном
Номын нэр: Диваажин гаргийн зүгт
Зохиолч: Г.Амгаланбаяр
Худалдан авах:
Цөл болсон улаан гаргийн охин тэнгэрт байгаа гарагт очихыг мөрөөднө. Учир нь тэнгэрийн тэрхүү гараг нь ус, ургамал, агаартай диваажин мэт гараг юм. Гэхдээ охин төрөлх гаргаасаа зугтахыг хүсээгүй. Харин тэрхүү тэнгэрийн гаргаас сурсан эрдмээ ашиглан өөрийн улаан гаргаа аврах мөрөөдөл түүнд бий. Харин Марс охин энэхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийн айдсаа даван гарах шаардлагатай.
"Диваажин гаргийн зүгт" хүүхдийн ном нь Оксфордын Их сургуулийн хэвлэлийн газрын уншлагын хөтөлбөрийг Монголд нутагшуулж буй “1000 ном” жагсаалтад багтсан юм. Уг жагсаалтад Оксфордын Их сургуулийн хэвлэлийн газрын номууд багтаж буй бөгөөд цөөн тооны монгол зохиолчдын бүтээл орж байгаагийн нэг нь уг ном аж.
“Big Book of Mars” номын зохиолч Марк Хартсман уг хүүхдийн зурагт номыг “Сониучирхал, итгэл найдвар, тууштай зоримог шинж чанарыг өгүүлснээрээ Марс гараг болоод бидний өөрсдийн гаргийн олон гайхамшгийг сурч мэдэх дараа үеийн эрдэмтэн судлаачдад урам зориг өгөх бүтээл болж чаджээ." хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Хүүхдээ шинжлэх ухаанч, эх дэлхийтэй хайртай болгохыг хүсэж байгаа эцэг эх бүрд уг номыг санал болгож байна.
Номын төрөл: Намтар
Номын нэр: Леонардо Да Винчи
Хэвлэлийн газар: Непко
Зохиолч: Волтэр Айзэксон
Худалдан авах:
“ Леонардогийн тухай миний урьд өмнө уншсан бусад бүтээлээс илүүтэй уг намтар түүнийг хувь хүн талаасаа ямар онцгой нэгэн байсныг ойлгоход тань тусална. Шинжлэх ухааны мэдлэг харьцангуй хязгаарлагдмал байсан тухайн цаг үед ямар ч академик боловсрол эзэмшээгүй тэрээр хаа саагүй тэнүүчилж, байгалийг ажиглан харж, толгойд буусан санаануудаа тэмдэглэлийн дэвтэртээ буулгаж байсан аж. Насан туршдаа байгалийн шинжлэх ухаан хийгээд хүний судалж болох бараг бүхий л салбарыг цуцалтгүй судалж байсан түүний гайхалтай сониуч занг Волтэр уншигчдадаа хүргэхийг зорьжээ.” Билл Гейтс
Стив Жобс, Элон Маскаас өгсүүлээд Альберт Эйнштейн, Бенжамин Франклин гээд түүхэнд нэрээ мөнхөлсөн эрхмүүдийн намтрыг туурвисан, өнөө цагийн хамгийн шилдэг бичээчдийн нэг Волтэр Айзэксоны 2017 онд олны хүртээл болгосон “Леонардо Да Винчи”-г өнгөрөгч сард Непко хэвлэлийн газраас орчуулан гаргажээ.
Волтэрийн бичсэн бусад намтруудаас ялгаатай нь Леонардо нас бараад хэдийн 500 жил өнгөрсөн бөгөөд бусад суутнууд амьдралынхаа тухай арвин их эх сурвалжийг үлдээсэн бол Леонардогийн хувьд эсрэгээрээ. Гэсэн ч Волтэр энэхүү бүтээлээрээ түүнийг зураачаас гадна гайхалтай сэтгэгч, шинийг санаачлагч, эрдэмтэн болон суут инженер байсан тухай тодруулан гаргаж ирсэн нь уншигчид болон мэргэжлийн шүүмжлэгчдээс ихээхэн талархал хүртсэн байдаг.
Номын төрөл: Баримтат бүтээл
Номын нэр: Үргэлж хэвээрээ
Хэвлэлийн газар: Непко
Зохиогч: Морган Хаузел
Худалдан авах:
"Тасралтгүй өөрчлөгдөж буй ертөнцийг ойлгохыг хүсэж байна уу? Тэгвэл энэ ертөнцөд төдийгөөс өдий хүртэл, цаашдаа ч хэвээр байх зүйлсийг ойлгохоос эхэл. Энэ бол Морган Хаузелийн шинэхэн номын гайхалтай дүгнэлт юм." Артур С.Брукс, Харвардын Кеннеди болон Харвардын Бизнесийн сургуулийн профессор
“Мөнгөний сэтгэлзүй” бүтээлээрээ дэлхий нийтэд танигдсан залуу зохиолч М. Хаузел ээлжит номоо өнгөрсөн жил олонд хүргэсэн нь “Same as ever” буюу монголоор “Үргэлж хэвээрээ” юм.
Түүний дүгнэснээр сайхан амьдрал тодорхой болоход хүмүүс улам их таамаг дэвшүүлж илүү бат нот зүйл хайдаг ч яг үнэндээ өнгөрсөн үе рүүгээ эргэн харж, тэндээс сургамж авах нь хамаагүй үр дүнтэй аж.
Номын төрөл: Баримтат бүтээл
Номын нэр: Нойрны шинжлэх ухаан
Хэвлэлийн газар: Непко
Зохиогч: Хидэр Дарволл- Смит
Худалдан авах:
Нойр гэж юу вэ , бидэнд яагаад хэрэгтэй вэ?
Нойр нь зарим талаараа гайхалтай зүйл гэдгийг шинжлэх ухаан саяхнаас нээн илрүүлж эхлээд байна. Бид амьдралынхаа маш их хугацааг унтахад зарцуулдаг нь магадгүй үүний биологийн ач холбогдлыг гэрчлэх биз ээ. Өдөр тутмын цагийн хуваарь, ажлын ачаалал , хувь хүний сонголт зэрэг нь өдрийн төгсгөлд таныг амарч , унтахад ямар нэгэн хэмжээгээр нөлөөлдөг.
Хүн биологийн хувьд унтахаар программчлагдсан амьд биет. Бидний энэхүү төрөлхийн зөн совинд саад болж болох социологи, физиологи, мэдрэл, сэтгэл зүйн бүхий л хүчин зүйлсийг судалснаар хүн нэг бүр өөрийн амьдралын хэв маягтаа таарсан нойрны хэмнэлтэй болж, нойрныхоо чанарт өөрчлөлт авчирч болох тухай зохиолч энэхүү бүтээлдээ шинжлэх ухааны талаас тайлбарлажээ.
Уг бүтээл уншигчдад нойрыг дэмждэг эсвэл саатуулдаг хүчин зүйлсийг тайлбарлаж, сайн амрахад шаардлагатай оновчтой шийдвэр гаргахад тань туслах ажээ.
Номын төрөл: Шашин, Философи
Номын нэр: Бодисадва-Хязгааргүй хязгаар
Зохиогч: Б.Батбаяр, Б.Наранбаатар
Худалдан авах:
Сүүлийн жилүүдэд залуус буддын философи, түүний мөн чанарын тухай идэвхтэй судлах болсон. Харамсалтай нь, зах зээл дээр энэ талын мэдлэгийг цэгцтэй бөгөөд хураангуй байдлаар товчилсон бүтээлүүд тийм ч элбэг бус. Харин хэвлэлтээс гараад удаагүй байгаа "Бодисадва -Хязгааргүй хязгаар" ном нь бүх насны уншигчдад тохирсон философи, буддын гүн ухаан, амьдралын утга учир, юмс үзэгдлийн шүтэлцээ, алив бүхний учир шалтгаан, зүй тогтлын талаарх ойлголтыг энгийн үг хэллэгээр, сонирхолтойгоор тоймлон сийрүүлжээ.
Бурхан багшийн сургаалиуд нь хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн өөрсдөөсөө асууж, хариулт нэхэж ирсэн “Хүн яах гэж төрдөг вэ?”, “Юуны төлөө амьдардаг вэ?” гэх зэрэг хүний амьдралын утга учир, мөн чанарын тухай асуултуудад хариу болж чаддагаараа одоог хүртэл үнэ цэнтэй. Харин уг бүтээлийн онцлог нь эдгээр сургаалийг орчин цагийн залуусын хэлээр, тэдэнд ойлгомжтой байдлаар, дээрх асуултуудад шинжлэх ухаанч хариулт тайлбар өгөхүйц байдлаар бичигдсэнээрээ онцлог аж.
Номын төрөл: Баримтат бүтээл
Номын нэр: Сайхан Монголын би
Зохиогч: Б.Болор-Эрдэнэ
Худалдан авах:
Б.Болор-Эрдэнэ бол нийгмийн амьдралд болж буй олон үйл явцыг гярхай ажиглаж бичдэг, бодлогын асуудлууд дээр хүчтэй дуугарч чаддаг өнөө цагийн нэгэн тод дуу хоолой билээ. Тэрээр Токиогийн Их Сургуулийн бакалавр, магистрыг олон улсын санхүүгийн бодлогын чиглэлээр төгссөн бөгөөд 2014 онд Монголдоо ирж, Trends.mn сайтыг үүсгэн байгуулсан юм.
“Сайхан Монголын би” хэмээх шинэхэн бүтээлдээ тэрээр Монгол Улсын ондоошил identity, соёл, уламжлал, улс төрийн эдийн засгийн тухай анализ нийтлэлүүд болон Монгол хүний сэтгэлгээ, онцлогийн тухай бодрол, ажиглалтууд, Монгол орны сэдэвт сошиал тэмдэглэлүүдээ багтаажээ.
Номын төрөл: Баримтат бүтээл
Номын нэр: Бодрол
Зохиогч: Б. Жаргалан
Худалдан авах:
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргаланг "Бодрол" нэрээр нийгэм, улс төрийн асуудлыг идэвхтэй судалж, нийтлэл бичдэг байсан Монголын анхны блогчдын нэг гэдгээр нь блог ертөнцийнхөн андахгүй. Сүүлийн 20 гаруй жилийн турш залуусын нийгэм, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн салбар дахь орон зай, дуу хоолойг хүргэх чиглэлд төвлөрөн ажиллаж байгаа түүний хувьд өнгөрөгч зургаадугаар сард өөрийн анхны бүтээлээ эмхэтгэлээ “Бодрол” нэртэйгээр худалдаанд гаргасан юм.
Тэрээр номынхоо тухайд:
“Ардчилсан хувьсгалаас өнөөг хүртэлх 34 жилийн түүхийг эргэн сөхөж, өнөөдөр бидэнд тулгарч буй олон сорилтыг даван туулах арга замын талаар бодлоо цэгцлэн, ирээдүйн зам мөрөө зураглахыг хичээв. Өнгөрсний талаар бичиж эхэлсэн минь өнөөдрөөр өртөөлж, ирээдүй өөд хөтөлсөн билээ. Бодох тусам, бичих тусам алсран одож буй ардчиллын мөрөөдлийг амилуулахын чухлыг улам гүнзгий ухамсарлав.” хэмээжээ.
Ташрамд дурдахад, Б.Жаргалан нь 2024 оны сонгуулийн үр дүнгээр АН-аас УИХ-ын гишүүнээр ажиллах эрхээ аваад буй.
Сэтгэгдэл бичих