Z үеийн залуусын мэдлэг, ур чадвар асар хурдан нэмэгдэж буй энэ цаг үед аливаа байгууллагууд нас, мэргэжил үл харгалзаж, гагцхүү ур чадвар дээр үндэслэн шинэ үеийн залуусыг хариуцлагатай албан тушаалд томилох, бүр эсвэл залуус өөрсдөө стартап эхлүүлэн баг удирдаж яваа тохиолдол нийгэмд ихээр ажиглагдаж байна. Гэвч өндөр албан тушаалыг дагаад өндөр хариуцлага ирдэг нь жам. Тэр дундаа аливаад оновчтой шийдвэр гаргах, багаа зөв удирдан чиглүүлэх, жижиг салхинд хуйлран, хараа зорилгоо алдахгүй төлөв түвшин байх нь Z үеийн залуусын өмнө тулгараад буй ганц дутагдалтай тал юм. Тиймээс сэтгэл зүйгээ удирдан хянаж сурснаар гаргах шийдвэр нь оновчтой, чиглэх зүг нь тодорхой байна.
Энэ удаагийн дугаарт 19 насандаа өөрийн англи хэлний сургалтын төвийг нээн, үеийн залуусдаа гадаад хэлний боловсрол олгож яваа Americano Enlgish-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал И.Анар оролцож, Харвардын Бизнесийн тойм сэтгүүлийн сан хөмрөгөөс бүтсэн Хүчирхэг сэтгэл зүй номын талаар ярилцлаа.
тус номыг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл
Уншаад авсан мэдрэмжээ нэг өгүүлбэрт багтаавал, хэцүү цаг үед голыг нь олж надад тусалсан ном. Харин хараахан уншиж амжаагүй байгаа хүмүүсд зориулан уг номыг тодорхойлбол, байгууллагын удирдлагын болон менежерийн түвшинд ажиллагсад хэрхэн сэтгэл зүйгээ зохицуулах, үүгээрээ дамжуулан хэрхэн амжилтад хүрэх, сэтгэл зүйн техник, арга зүйг ашиглан хамтран ажиллагсаддаа нөлөөлөх болон өвлүүлэх талаар маш том агуулгыг хөндсөн ном.
хэзээ, хэрхэн унших болов?
Миний хамгийн сүүлд уншсан ном. Ширээний ном байж болохуйц цөөхөн хуудастай болохоор дөрвөн өдрийн хугацаанд уншиж дуусгасан. Хувиараа бизнес эхлүүлээд ажиллаж байх үед сэтгэл зүй тогтворгүй байх үеүд тохиох нь элбэг. Гэвч удирдагч хүний сэтгэл зүй тогтвортой, голч, ухаалаг байж, жижиг зүйлс дээр сэтгэл зүйгээ хэт “донсолгох” нь зохимжгүй юм шиг санагддаг. Тиймээс сэтгэл зүйн хувьд хүчирхэг, тогтвортой болохын тулд сүүлийн үед олон зүйл оролдож үзсэний нэг нь энэхүү ном.
юуны тухай өгүүлдэг вэ?
Маш олон судалгааны ажил, алдартай нийтлэлүүдээс бүрдэх уг ном нь товч агуулга, практик дээр хэрэглэх жор, тухайн нэг сэдэвтэй уялдаа холбоотой бодит түүхүүд гэсэн дэд сэвдүүдэд хуваагдах бөгөөд олон сонирхолтой жишээнүүдээр баяжуулсан тун хэрэгцээтэй ном шиг санагдсан. Ямар үед ямар сэтгэл зүйтэй байх ёстой, сэтгэл зүйгээ хэрхэн удирдах талаар бодит түүхүүдийг агуулдаг гэсэн үг. Миний хувьд энэ ном сэтгэл зүйгээ удирдах, хянах, манлайлах, нөлөөлөл үзүүлэх ур чадваруудыг эзэмшихэд лавтай том нөлөө үзүүлсэн.
тодхон санадаг, өнгөтөөр дүрслэгддэг хэсэг
Уналтын дараах сэтгэл зүй, сөрөг сэтгэл зүй гэх дэд сэдвүүд миний хувьд хамгийн хүчтэй туссан. Хүлээн зөвшөөрөх ёстой нэг зүйл нь амьдрал бол асуудлаар дүүрэн. Дуусашгүй ар араасаа ундарсаар л байна. Тиймээс тэр болгонд сэтгэлээр унах бус яаж энэ байдлаас гарах вэ? гэдэг сэтгэлгээ хамгийн чухал нь. Нөгөөтэйгүүр бид хүн л болсон хойно асуудал тулгарах үед тодорхой хэмжээний гутрах, сэтгэл зүйн уналтад орох үе гарах нь тодорхой. Харин тэр үед уналтат сэтгэл зүйгээсээ хэрхэн буцаж сэргэх вэ? гэдэг нь бидний анхаарах ёстой дараагийн чухал зүйл.
энэхүү номоос авсан мэдрэмжээ зургаар илэрхийлбэл
хэнд санал болгох вэ?
Хувиараа бизнес эрхэлж байгаа, удирдлагын болон менежерийн түвшинд ажиллаж буй хүмүүс, эсвэл ирээдүйд баг удирдаж ажиллахаар зорьж байгаа хүмүүс эртхэн унших ёстой ном гэж бодож байна. Учир нь хөдөлмөрийн зах зээлд ажилласан олон жилийн туршлагатай буюу өөрөөр хэлбэл сэтгэл зүйгээ удирдаад сурчихсан хүмүүс уншвал энэ номын хэлэх гэсэн санаатай зуун хувь санал нийлэх болов уу. Харин удирдлагын түвшинд ажиллаад удаагүй залуус уншвал яг л таньд зориулаад биччихсэн юм шиг санагдана гэдэгт итгэлтэй байна.
ухаарал эсвэл эргэлзээ
Голыг нь олоод шуудхан хэлээд өгчихдөг ном учраас ямар нэгэн эргэлзээ төрүүлээгүй. Зохиолын номууд уншихад эргэлзүүлээд төгсөх тохиолдол гардаг ч хувь хүний хөгжлийн ном бол судалгаан дээр үндэслэн аливаа асуудлын шийдлийг уншигчдад тодорхойлж өгсөн байдаг тул тэр бүр эргэлзээд байдаггүй.