Номтой яриа булан эргэн ирлээ. Уншсан, уншиж буй, уншихаар зэхэж буй ном, бүтээлүүдийнхээ талаар хуваалцаж, номын ач тус, өгөөжийг бусдад уриалдаг уг булангийн шинэхэн дугаарт TsoilogsoZ-ын Хамтран үүсгэн байгуулагч Б.Батзориг оролцож, номын талаар болоод ном уншихуйн талаар ярилцсаныг уншигчдадаа хүргэж байна.
ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ?
Бизнес, стратегийн болоод түүх, философийн чиглэлийн номууд унших дуртай. Мөн миний хувьд медиа зах зээлд үйл ажиллагаа явуулдаг учраас судалгаа, брэндингийн чиглэлийн номууд унших шаардлагатай болдог.
Яг одоогоор Бльюнөүтс Паблишингаас эрхлэн гаргасан Райан Холидейн “Тогтуун байх нь гол түлхүүр” гэх номыг уншиж байна.
ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ?
Ер нь л огт ном уншдаггүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан ч бага ангидаа Робинзон Крузо номыг шимтэн уншиж байлаа. Сайндаа ч биш, багшийн өгсөн даалгаврын дагуу уншиж байсан ч тухайн үедээ энэ номд бүрэн автаж, бүр төсөөлөгдөөд л, ангийнхандаа ярьж өгч байсан нь санагддаг юм.
Философийн ном дотроо шашны номуудыг мөн уншдаг. “XXI зууны буддистууд шинжлэх ухаанч байх ёстой” хэмээн Далай лам хэлсэн байдаг болохоор сүсэг бишрэлтэй хүний хувьд буддизмыг мухар сүсэг гэдэг талаас нь бус үндсэн философийг нь ойлгох гэж илүү гүнд нь орж, судлахад шашны философийн номууд тусалдаг. Энэ төрлийн номуудаас Сүүн сувд паблишингаас эрхлэн гаргасан “Өөрийгөө удирдахуй” гэх номыг онцолмоор байна. Уг бүтээлийг анх оюутан байхдаа уншиж байсан ч дөрөв таван удаа давтан уншихад хүргэсэн тун сайхан бүтээл. Харвардын их сургуулийн нийтлэлүүдийг эмхэтгэн уг номыг бүтээсэн бөгөөд өөрийгөө удирдахын тулд амьдралын зорилго, хэмжүүр үзүүлэлтүүдээс эхлээд бүх түвшинд аливааг том зургаар нь хараад дүгнэлт гаргахад тусалсан ном.
УНШИХ НОМОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?
Бизнес, хувь хүний хөгжлийн номуудын агуулга давтагдах гээд байдаг талтай учраас уншихаасаа өмнө үнэлгээ болоод уншигчдын сэтгэгдлийг хараад аль номыг нь сонгохоо шийддэг. Ерөөс бусдын үнэлгээ ном сонгоход минь их чухал нөлөөтэй. Миний даган дуурайдаг хэн нэгэн аль нэг бүтээлийг санал болгосон бол түүнийг нь унших өндөр магадлалтай.
НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ?
Цаг хэмнэх үүднээс аудио номууд сонсох тохиолдол бий ч цаасан номд илүү дуртай. Уншиж үзээгүй номоо нээхээс гадна уншиж байсан номуудаа олон дахин сөхөж хардаг төрлийн уншигч. Гэхдээ шинэ, хуучин үл хамааран эхнээс нь дуустал нь уншихаас илүүтэйгээр эхлээд гол санаануудыг нь хараад, дараа нь өөрт хэрэгтэй хэсгээ давтаж уншдаг.
БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ?
Өмнө дурдсан “Өөрийгөө удирдахуй” номыг хүн бүхэн унших хэрэгтэй санагдсан. Өөрийгөө удирдах тухай гэхээс илүүтэйгээр яаж утга учиртай, ухамсартай амьдрах талаар чанартай нийтлэлүүдийг нэгтгэсэн байдгаас гадна Сүүн сувд паблишингаас гаргасан учраас орчуулга ч сайтай.
ӨӨРИЙН ТӨВЛӨРӨН ХИЙДЭГ АЖЛУУДААСАА ТАНИЛЦУУЛБАЛ?
Судалгаа, төлөвлөлт талын ажлууд сүүлийн үед хийж байна. Түүнийгээ дагаад олон уулзалтуудыг хийсээр миний өдрүүд үргэлжилдэг. Төрөл бүрийн хүмүүстэй өдөр бүр уулзаж, олон төслүүд зэрэг хэрэгжүүлдэг ч харьцангуй тогтмол, нэгэн хэвийн хэв маягаар өнгөрдөг.
НОМТОЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ ДАДАЛ
Сонгосон номоо цаасан хэлбэрээр уншдаг ч аудио хэлбэрээр байвал давхар сонсохыг хичээдэг. Мөн өөрт хэрэгтэй гэсэн гол санаануудыг тэмдэглэж авбал дараа нь харахад нэмэртэй. Мөн манайх байгууллага дотроо номын клубтэй тул уншсан номынхоо талаар бусадтай үзэл бодол, мэдрэмжээ хуваалцах дуртай. Номоос ойлгосон зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй хэдий ч бусадтай хуваалцах нь илүү таатай бөгөөд илүү өөрт үлддэг юм шиг санагддаг.
хЭРЭВ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР НОМ БАЙХ ВЭ?
Энэ талаар өмнө нь бодож үзээгүй юм байна. Ном бичих хэмжээний сайн хүн л оюуны бүтээл туурвих хэрэгтэй болов уу. Сайн хүн гэдэг нь бичих гэж буй зүйлээ туйлын сайн мэддэг хүнийг хэлнэ. Хэрэв би ном бичих шаардлагатай болвол “Итгэл үнэмшлийн хүч” гэдэг сэдэвтэй өөрийн намтарчилсан бүтээл л гарах болов уу. Хүн итгэвэл боломжийг бүтээж чаддагаар зогсохгүй тэр нь биелдэг гэдэгт хүчтэй итгэдэг болохоор өглөө бясалгал хийх, мөн өглөө оройдоо тогтмол ном унших дадалтай. Тэгсний хүчинд багаасаа бодож байсан зүйлс бодитоор биелэж байгаа нь харагддаг.
НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?
Миний хувьд оюутан ахуй цагаасаа л ном уншиж эхэлсэн бөгөөд түүнээс өмнө нэлээд хөдөлгөөнтэй, онгироо, сагсуу нэгэн байлаа. Нэг л өдөр өмнөө зорилгоо тодорхойлж, түүнийхээ хүрээнд хэрэгцээт номуудыг уншиж эхэлсэн. Тэр цагаас хойш өнөөдрийн “би” бий болж, илүү тайван, тогтвортой Батзориг болон өөрчлөгдсөн юм шиг санагддаг. Хувь хүний хувьд ном намайг илүү зөв зам руу удирдан чиглүүлдэг зүйл болсны бас нэг жишээ нь надад номын салбарт ажиллах боломжийг олгосон явдал. Тэгэхээр хүмүүс бид ном уншихгүйгээр амьдарч чадахгүй. Учир нь амьдралд хэрэгтэй тун олон заавар, зөвлөгөө, сургамж, ухаарал гээд бүх зүйлийг номд бичсэн байдаг. Тийм учраас хүн төрөлхтөн ном уншихгүй бол нүд, чихгүйгээс өөрцгүй.