Ямар нэг ажил алба, хичээл сургууль, эсхүл зүгээр л аяллаар гадагш явсан хэн бүр хэзээ нэгэн цагт “Та хаанаас ирсэн бэ?” гэдэг асуулттай тулгарч байсан болов уу. “Би Монголоос ирсэн” гэж хэлэхэд сонсогч этгээдийн нүүрний хувирлаас эх орны минь талаар хэр зэрэг мэддэг нь андашгүй харагдана. Хөрш зэргэлдээ хиллэн оршдог, нэг бүс нутагт харьяалагддаг улсууд биднийг давгүй сайн мэдэх ч тив дамнан алхахад нөхцөл байдал өөрчлөгдөнө. Мэдэхээс Чингис хааны талаар ярина. Тэгээд л гүйцээ. Өөрөөр хэлбэл орчин үеийн олон улсын тавцанд нэр сүр нь “давжаа” манай улсын талаар дөнгүүр мэдэх нэгэн ховор.

Зохиолч Баясгалан яг энэ асуудлыг хөндөж, ийм нөхцөл байдалтай тулгарахад монгол хүнд төрдөг гайхширал, эргэлзээ тээнэгэлзээ, оршихуйн хямрал, хааяа цухалзах хор шар, өрөвдөн хайрлах мэдрэмжийг гол дүрийнхээ бүсгүйн үйл хэргээр дамжуулан харуулсан “Догшин тэнгис” романыг “Номын тухай” булангийнхаа энэ удаагийн дугаараар онцолж байна.

Зохиолчийн тухай

“Тагтаа Паблишинг” хэвлэлийн газар хийгээд жинтэй орчуулгын бүтээлүүдээрээ уншигчдын дунд эчнээ танил болсон Батсуурийн Баясгалан нь 1986 онд Говь-Алтай аймгийн Бугат сумд төржээ. Монгол Улсын Их сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр төгссөн бөгөөд Орхан Памукийн “Цас” роман, “Дур булаам” өгүүллэгийн антологи тэргүүтэй орчуулгын арав гаруй ном хэвлүүлсэн. 2009 онд “Арвангуравдугаар сарын бороо” шүлгийн түүвэр, 2018 онд “Эдгэрэл” шүлгийн түүвэр, 2023 онд “Этгээд хүслийн цуглуулга” хүүрнэл зохиолын түүврээ тус тус хэвлүүлжээ. Харин өнгөрөгч сард зохиолч өөрийн анхны бүрэн хэмжээний роман “Догшин тэнгис”-ээ өлгийдөн авсан билээ.

САНАЛ БОЛГОХ: Би хэрхэн ажилладаг вэ? - Тагтаа хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч Б.Баясгалан

Unread

Номын тухай


Яг үнэндээ өнөөгийн дэлхий дахинд бид хэн юм бэ? 800 гаруй жилийн өмнө эзэн Чингис хааны хийсэн байлдан дагуулалтаас өөр хүн төрөлхтний түүхэнд үнэ цэнтэйгээр үлдэх зүйл бидэнд юу сан билээ? Энэ мэт шаналгаатай асуулт романы турш танаас салахгүй. Учир нь Европын нэг оронд суралцахаар очсон монгол бүсгүй алхам тутамд өөрийг нь ангол хэмээн ойлгох хүмүүстэй тааралдана. Хэдэн ч удаа засаж хэлсэн тэд түүнийг ази төрхтэй ангол бүсгүй л хэмээн ойлгосоор байна. Хэдий бодит байдал ийм боловч бүсгүй эх нутаг, элгэн садныхаа нэр төрийг буртаглачихгүй гэсэндээ өлсөж ядран, туйлдан цөхөрсөн ч шүдээ зуун гүрийсээр. Дэлгүүрт цагийн ажил хийдэг тэр бээр арга ядахдаа агуулахад байгаа хугацаа нь дууссан хүнсийг авч болох уу хэмээн ахлахаасаа асуумаар байвч бардам зан нь ингэхийг түүнд зөвшөөрөхгүй. Сурах гэж, ажиллах гэж, амьдрах гэж гадагш зорьсон түмэн олны төлөөлөл болсон хоёр найз бүсгүйн амьдрал энэ романд гарна.

Зохиолыг унших дөрвөн шалтгаан

Нэгт, зохиолын хэл найруулга. Тааруу орчуулгатай киноны харилцан яриа шиг харь хол, хэт албархуу, эсвэл хэт чамин ганган үг энд байхгүй. Ерөөс хиймэл зүйлийг хэчнээн гоё сайхнаар боож баглаад сэтгэлд яв цав наалддаггүй шүү дээ. Харин энд өрнөх аав ээж охины яриа, багаасаа нөхөрлөсөн дотно найзуудын харилцан яриа их амьтай. Тиймээс ч дүрийг урлахад харилцан яриа чухал үүрэг гүйцэтгэжээ. Нэг бол хэн нэгэн ийнхүү ярилцаж байхыг сонссон мэт, эсхүл та өөрийгөө бас эцэг эх, найз нөхдөө эндээс харж болмоор.

Хоёрт, бэлгэдэл. Гол дүрийн бүсгүй зах дээрээс цагаан өнгөтэй, шаазан тэмээ олж аваад гэрийнхээ хойморт бурхан шүтээн шиг өндөрлөж тавина. “Чингис хааныг тэнгэрт дэвшихэд сүүлийн амьсгалыг нь цагаан тэмээний магнайн ноосонд тосож, сүнсийг нь түүнд шингээн авч онголсон” талаар бичвэрийг уншаад бүсгүй шаазан тэмээ рүүгээ сэтгэл бахдан харна. Хэрэв эх орон гэхээр Чингис хаан, Чингис хаан гэхээр эх орон төсөөлөгддөг юм бол цагаан тэмээ гэдэг монгол хүний сэтгэлд орших эх орныг бэлгэдсэн болов уу. Тэмээ бүсгүйн зүүдэнд үзэгдэхэд тэд ийнхүү ярилцана.


- Надад нутаг үгүй. Улс гэрийг минь ус эзэлсэн. Би улс орноо ярихаар хэн ч мэддэггүй. Ертөнцөд тийм улс байхгүй гэцгээдэг. Улс байхгүй бол нутаг ч үгүй.
- Нутаг үгүй бол өвөг дээдэс ч үгүй. Өвөггүй бол үндэсгүй.
- Тийм.
- Тэгвэл чи өөрөө хаанаас биелсэн юм?
- Би юу? Би чиний магнайн ноосноос үүдсэн.
- Тийм бий. Чи намайг сүнснийхээ гэж болгожээ дээ.
- Тэгээд л би чамайг авч явах гээд байна хэмээн ярилцдаг.

Энд бүсгүй өөрийгөө “тэмээний магнайн ноосноос үүдсэн” гэх нь дээрх санааг батлах мэт. Ерөөс монгол “цустай” болохоор биш, сэтгэл дотор нь “Би монгол хүн. Би их эзэн Чингис хааны үр удам” гэж санахад төрдөг омогшил, бахархал, бардамнал биднийг монгол хүн болгодог гэлтэй. Тийм ч учраас газрын зураг дээр Чингис нэртэй тэнгис, түүнээс эх авсан Монгол нэртэй гол байна хэмээн гардаг. Нөгөөтээгүүр “улс гэрийг минь ус эзэлсэн” гэдэг нь өнөө л ахуй амьдралаа дээшлүүлэхийн тулд хэдэн мянгаараа гадагшаа цагаачилсан улс, тэгсээр тэгсээр хүнгүйдэж байгаа үлдэж хоцорсон эх орон, хоосролыг илтгэж байгаа болов уу гэмээр санагдана. Бэлгэдэлт санаа ингээд дуусчихгүй. “Аврал” хэмээн сонсогдох Аврил нэртэй залуу, тод өнгийн торгоор доторлосон даруухан өнгөтэй дээл, шав шар усны гутал гээд тэр бүрийг дэлгэрүүлэлгүйгээр уншигч танд үлдээе.


Гуравт, бодит байдлаас урган гарсан дүрүүд. Утга зохиол судлаач Д.Нямдорж багш нэгэн лекцийнхээ үеэр “Урлагийн мөн чанар нь харуулмаар байгаа зүйл биш, харуулахыг хүсэхгүй байгаа бодит байдлыг дэлгэн үзүүлэх явдал” хэмээн хэлж байсан юм. Энэ романд дүрүүдийн түүхийг яг тийм янзаар сайнтай, муутай буюу бодитоор өгүүлэхийг зорьсон санагдана. Арван жилдээ хичээл сурлагаар толгой цохидог байсан ч ар гэрийн шаардлагаар сургуулиа хаяад ажил хийх Ундраа, хойд эцэгтэйгээ янаг амрагийн холбоотой уругвай залуу, хэдий архи дарс уудаг ч охиндоо сэтгэлээ дэвсэх эцэг, харь хол нутагт суугаа охиныхоо сэтгэлийг үймүүлэхгүй гэсэндээ үнэнийг нуух ээж, визэнд оочерлон, элчин сайдын яамны урд бээрч хонох хүмүүс... Бүгд л өөрийн зовлонтой, бас өөрийн жаргалтай, “жирийн” хүмүүсийн түүх танд дотно санагдах нь гарцаагүй.

Дөрөвт, эсрэгцэл. Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгт “Энэ завсар Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ” гэдэг бол “Ламбугайн нулимс” өгүүллэгт “Орчлонт ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгаж винайн ёсыг сахисан гэвш Лодон улаан шарыг тунуулсаар, Гандангийн наад хүр уруу бууж ирмэгц, уран тачаангуйн хурц илдийг боловсруулж дуучийн эрдмийг судалсан авлигач хүүхэн Зи Бай-хуа хэмээх Цэрэнлхам цагаан харыг гялбалзуулсаар, Баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов” хэмээн өөрийн зохиол бүтээлдээ эсрэгцлийг олонтоо ашигласан байдаг. Үүний нэгэн адил энэхүү зохиолд ч сонирхолтой эсрэгцлүүд олон ажиглагдав. Гол дүрийн бүсгүй хийх үйлдэлдээ хянуур, бодлоготой, дотогшоо зантай бол түүний найз Ундраа сэтгэл хөдлөл ихтэй, дотроо буцалж булгилж явдаг гал цогтой нэгэн болох нь мэдэгдэнэ. Басхүү найздаа зориулан нээсэн дууны цуглуулга нь “Ундраагийн гурван сарын дундраа” гэх. Нөгөөтээгүүр гол дүрийн бүсгүй ямагт эх орныхоо талаар чих тавьж, юу болж, хэрхэж байгааг сонирхон, аав ээж, гэр бүлдээ санаа тавих бол түүний найз Аврил яг эсрэгээр боломж гарвал эцэг эх, эх нутгаасаа холдохыг эрмэлзэнэ. Бүсгүйн эцэг охиндоо ямагт санаа зовон хайрлах бол, Аврилын хойд эцэг Аврилыг хөнөөхөөр оролдоно. Цаашлаад, Бай нэртэй нохой, Буу нэртэй муурыг ч дурдаж болно. Эдгээр эсрэгцэл зохиолыг уншихад сонирхолтой, илүү амттай болгосныг дурдах нь зүйтэй болов уу.

Уншигчийн сэтгэгдэл

Зохиолч Батсуурийн Баясгалангийн анхны бүрэн хэмжээний роман гэдэг утгаараа хүлээлт үүсгэж байсан энэхүү номын гадар хавтас, гарчгийг анх ажиглаад “Тэмээний зурагтай атлаа яагаад Догшин тэнгис нэртэй юм бол? Тэмээ ямар сэжмээр тэнгистэй холбогдож болох вэ?” гэх мэт асуулттай тулгарч байсан бол уншсаны эцэст хариултаа авахын сацуу дуучин Тэнгэрийн “Би монгол хүн” дууг сонсмоор санагдах аж.