Уран төгс ярих нь сонстож байгаа шигээ тийм ч хялбар биш гэдгийг олны өмнө гарч үзсэн хэн бүхэн хэлэх нь гарцаагүй. Амьсгал давхцана, ээрч гацна, нүд харанхуйлна, зугтмаар санагдана… Дан ганц олон хүний өмнө ярих ч гэлтгүй өдөр тутмын амьдралдаа бий болгож буй харилцаа бүр дээр хэр ойлгомжтой, хялбар ярихаас шалтгаалж, олон төрлийн үр дүн гардаг. Ялангуяа залуу мэргэжилтнүүдийн хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх, бодол санаагаа бүтэн ойлгуулах хэрэгцээ шаардлага алхам тутамд үүсдэг нь нууц биш.
Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ “Дэлхийн хамгийн шилдэг ярих техник” хэмээх номоос эхний 10 дүрмийг онцолж байна. Контент бүтээгч Г.Бөридэмийн (Burii University) санаачлагаар Pug паблишингийн орчуулан хүргэж буй эл номд багтсан 50 дүрэм таны амьдралд бодит биеллээ олж, өөрчлөлт авчирна гэдэгт үл эргэлзэнэ.
ЗОХИОГЧИЙН ТУХАЙ
Окамото Жүнко бол удирдах ажилтнуудын ярианы көүч, харилцааны стратегич бөгөөд 2001 оноос энэхүү чиглэлээр ажиллаж эхэлжээ. Илүү тодруулбал, 1991 онд “Ёмиүри” сонины газарт эдийн засгийн хэлтсийн сурвалжлагч байхдаа “Софт” банкны Гүйцэтгэх захирал Сон Масаёши тэргүүтэй дэлхийн хэмжээний бизнесмен, улс төрчдөөс сурвалжилга авч, тэдний ярих арга барилаас суралцаж, судалж ирсэн аж. Улмаар 2001 онд ажлаасаа гаран илүү чадваржихын тулд АНУ-ыг зорьж, хэвлэл мэдээллийн чиглэлээр судалгаа хийсэн ба “Дэнцүү PR” зөвлөх компанид ажиллаж байв.
Тийнхүү эх орондоо эргэн ирээд PR зөвлөхийн хувиар шилдэг лидерүүдэд зориулсан хэвлэл мэдээлэлтэй харилцах сургалт, илтгэл ярианы көүчийн ажлаа эхлүүлж, 2014 онд дахин АНУ-ыг зорьсон төдийгүй тэнд бий болгосон туршлагаараа Глоком компанийг үүсэн байгуулжээ. Тэрээр өнөөдрийг хүртэл 1000 гаруй захирал, удирдлагуудад мэдлэг туршлагаасаа заасан бөгөөд тэрхүү амжилтаараа “Домогт гэрийн багш” хэмээн нэрлэгдэх болсон аж.
ДҮРЭМ 1
Таны ярианы агуулга мартагдаж болох ч төрүүлэх сэтгэгдэл удаан хугацаанд хоногшин үлдэнэ. Тиймээс юун тухай ярих вэ гэдэгт анхаарахаас гадна ямар сэтгэгдэл үлдээх вэ гэдгээ чухалчлах нь зүйтэй. Энгийн яриа нь гол ярианд хөтөлж оруулах үүд хаалга буюу хүн хоорондын харилцааны эхний алхам болдог ба бусдын сэтгэлд хадагдаж үлдэх сэтгэгдэл энгийн ярианы үед л бий болдог. Тэгэхээр энгийн яриа өрнүүлэх үеийг аливаа харилцаанд барьц олох боломжтой онцгой үе гэж хэлж болох бөгөөд эндээс үүссэн анхы сэтгэгдэл дараагийн ажил хэрэгт чухал шийдэл болдог талтай.
ДҮРЭМ 2
Ярих гэдэг нь өөрийн харах өнцгөөс “ангижрах” үйл юм. Харилцан яриаг бөмбөг гэж бодвол ярилцаж буй хүндээ бөмбөгөө амархан хүлээн авах боломжтой байхаар шидэх үйл ч гэж болно. Аливаа хүн өөрийнхөө сонсохыг хүссэн мэдээллийг л хүлээн авдаг учраас харилцан ярианд нөгөө хүнийхээ сонирхлыг татах мэдээлэл байхгүй бол цаад тал шууд хүлээн авахад бэрхшээлтэй байдаг. Тиймээс амжилттай яриа өрнүүлэхийн тулд өөрөө шидэхэд хялбар бус нөгөө хүн хүлээн авахад амар байдлаар бөмбөгөө шидэх хэрэгтэй.
ДҮРЭМ 3
Шилдгүүд амаа ажиллуулдаг бол шилдгийн шилдгүүд нүд, чих хоёроо илүү ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл, ам нээхээс илүү чих тавихыг чухалчилж, тухайн хүнээр юуг чин сэтгэлээс нь яриулах вэ гэдэгт төвлөрч чадвал яриа үр дүнтэй, өгөөжтэй болно. Далай лам нэгэнтээ “Та өөрөө ярихдаа өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг л дахин дахин ярихаас хэтэрдэггүй. Харин та хүнээс юм асуувал ямар нэгэн шинэ зүйлийг сурч мэдэж авах ч юм бил үү.” хэмээсэн байдаг. Тиймээс ярихаасаа хоёр дахин их сонсож, сонсохдоо нөгөө хүнийхээ нүд рүү хараарай.
ДҮРЭМ 4
Энгийн яриа асуух үгийн хүчээр илүү сайн болно. Харилцан ярианд хэн олон асуулт тавьсан нь ярилцаж буй нөгөө талаа сайн мэдэж чаддаг бөгөөд дахин уулзах магадлал өндөр байдаг гэсэн Харвардын Бизнесийн сургуулийн судалгаа ч бий. Тэгвэл хэрхэн сайн асуулт тавих вэ?
“Юу гэж бодож байна вэ?”
“Юунд дуртай вэ?”
“Яамаар байна вэ?”
“Аль нутгийнх вэ?”
“Ямаршуухан байна вэ?”
“Яавал?”
Ямар ч хүн дээрх зургаан асуултыг тогтоогоод авсан байхад 5-10 минутын харилцан яриаг төвөггүй өрнүүлж чадна.
ДҮРЭМ 5
Дараах дөрвөн төрлийн асуултыг хэрэглэвэл яриа гацахгүй. Гэхдээ асуух л чухал гээд асуултаар булаад байвал яриа зөвхөн нэг талынх болж, цааш үргэлжлэхэд төвөгтэй болно. Харвардын Бизнесийн сургуулийн судалгаанаас үзвэл асуултыг ийм дөрвөн төрөлд хувааж болно:
1. “Мэнд амар уу?”, “Аль нутгийнх вэ?” зэрэг өдөх асуулт
2. Асуусантай нь адил агуулгатай асуулт буцааж тавих давтах асуулт
3. Нөгөө хүнийхээ ярьсантай холбоотой лавлах асуулт
4. Сэдвээ өөрчлөх, араа солих асуулт
Ийм байдлаар “бөмбөг шидэх” арга барилаа бага багаар өөрчилсөөр “асуух-сонсох-асуух-сонсох-зарим үед өөрийн талаар ярих” гэсэн дарааллаар харилцан яриагаа өрнүүлээрэй.
ДҮРЭМ 6
Тренд болж байгаа бүтээгдэхүүний дүрэм буюу нөгөө хүндээ таалагдах ярианы сэдэв олох хэрэгтэй. Хүн өөрөөс нь 10 метрийн радиусаас гадагш бол аливааг өөртөө хамааралтай гэж тооцдоггүй тул нөгөө хүнийхээ хувьд хамгийн ойр сэтгэл зовнил, гарз, олзтой нь хамааралтай, ярихад тухтай агаад нөлөө үзүүлэх сэдвийг сонгох нь чухал. Жишээлбэл, санааг нь зовоож байсан гарын булчин нь нарийн гоё болсон талаар, маш богино хугацаанд жижигхэн, хөөрхөн нүүртэй болсон тухай нь ярилцах маш үр дүнтэй.
ДҮРЭМ 7
Скандалын дүрмээр нөгөө хүнийхээ сонирхлыг шүүрч авах буюу тэдний сонирхлыг татаж буй зүйлсийн талаар төвөгшөөлгүй сонсоорой. Олны танил хүмүүсийн алдаа бусдын анхаарлыг татдагийн адилаар ийнхүү нэрлэсэн ба нэг жишээ авахад, AIG даатгалын компанийн Япон дахь төлөөлөгч Хаяшихара Марико оюутан байх үедээ гадуурхагдаж байсан ба ядуу тарчиг амьдарч, өрх толгойлсон ээжийн хувьд ч хүнд хэцүү амьдрал туулж иржээ. Энэ нугачаат амьдралын түүх нь үнэхээр сонирхол татахуйц тул түүнд өөрийн түүхээ ил болгохыг зөвлөсөн ба тэрхүү алдааг илчилсэн түүх нь зөвхөн компанийнх нь ажилтнууд төдийгүй бусдын сэтгэлийг татаж чадсан аж.
ДҮРЭМ 8
“Би мундаг шүү” гэж ярих бус “Чи сүрхий шүү” гэж хэлээрэй. Сонсож байгаа хүн өгүүлэгчийн үнэ цэнээс илүү өөрийнхөө үнэ цэнийг сонсохыг хүсдэг. Тиймээс зөвхөн өөрийнхөө талаар ярих бус нөгөө хүнээ үнэлж байгаагаа хэлэх хэрэгтэй. Хамгийн чухал нь харилцан яриа нь ямар санаа голлож байна гэдгээр бус сонсож буй хүний хувьд хэр хамааралтай, сонирхолтой, үнэ цэнтэй вэ гэдгээр хэмжигдэнэ. Магтаалын үг хүний сэтгэлийг хөдөлгөж, ихээхэн эрч хүч өгдөг учраас бусдыг магтдаг хүн болох хэрэгтэй.
ДҮРЭМ 9
Тэгвэл яаж шилдэг магтаал өгөх вэ? Нөгөө хүнийхээ сэтгэлийг хөдөлгөх “Ми Кан Хо Кан” дүрмийг санаж авах хэрэгтэй. Юуны өмнө хүлээн зөвшөөрөх (Ми) явдал. Өөрийн өөрчлөлт, хичээл зүтгэлээ хүлээн зөвшөөрүүлэх сайхан шүү дээ. Чамтай ижилхэн мэдэрч (Кан), хүлээн зөвшөөрч, санаа сэтгэлийг чинь хүлээн авахаар сэтгэл чинь амрахгүй гэж үү? Мэдээж сайн талыг чинь магтахаар (Хо) сэтгэл сэргээд сэдэл төрөх нь гарцаагүй. Тэгээд талархлаа (Кан) илэрхийлбэл үр дүн өндөр болдог.
ДҮРЭМ 10
“Шу Бо Сэ” бол магтах дүрмийн үндсийн үндэс. “Сайн байлаа шүү” гээд орхихоос илүү “Саяын илтгэл чинь үндэслэлтэй, их ойлгомжтой байлаа шүү” гэж хэлэх нь үйл ажилд нь голлон анхаарч, илүү бодитой үнэлж байгаа гэсэн үг. Энэ нь таны нөгөө хүнээ анхаарч байгаа гэдгийг харуулж, мөн ямар үйл хийвэл магтаалд хүрч байгааг ойлгуулан улмаар нөгөө хүн түүнээсээ суралцах нь элбэг байдаг. Мөн “Баярлалаа” гэж хэлээд өнгөрөх бус “Өнөөдөр завгүй мөртлөө ажилд тусалсанд баярлалаа”, “Их ядарсан байх аа” гэсэн хуурай үгийн оронд “Өдөржингөө инээмсэглэл дүүрэн царайтай байж хичээлээ шүү. Үйлчлүүлэгчид ч гэсэн баяртай байсан шүү.” гэж хэлээрэй. Ийнхүү нэг үг нэмж хэлэхэд л сэтгэлээ илэрхийлэх арга тань өөрчлөгдөөд ирнэ.
Энэ мэтчилэн энгийн боловч даацтай үр дүнд хүргэх 40 дүрэм таныг хүлээж буй. Долоон бүлэгт тун цэгцтэй, хооронд нь уялдуулан багцалсан 50 дүрэм бүхий Окамото Жүнкогийн “Дэлхийн хамгийн шилдэг ярих техник” номыг ЭНДЭЭС худалдан авах боломжтой.
Сэтгэгдэл бичих