Ажил амьдралын тэнцвэрийг алдагдуулж, бүтээмжит цагаас тань хамгийн их хороодог нэг зүйлийг хэлээч гэвэл та юуг нэрлэх байсан бэ? Нэг сарын өмнө манай багийнхан уншигчдынхаа дунд "Өдөр бүр нэг хувиар өсөж хөгжье" challenge-ийг эхлүүлж, эхний даалгаварт "Цаг үрдэг гурван зүйл"-ээ бичихийг хүссэн билээ. Бидэнд ирсэн олон арван хариулт дунд хамгийн их давтагдсан цаг үрэгч нь технологи, сошиал орчин байсан юм. Үнэхээр ч ганц манайд гэлтгүй нийт дэлхий дахины асуудал болоод буй технологийн хэтийдсэн хэрэглээ бидний амьдралд хэрхэн нөлөөлж, ямар давуу ба сул талуудыг бий болгож буйг сонирхолтой жишээгээр харуулж, бодит зөвлөгөөг өгсөн "Бүү Саад Бол" номыг бид энэ удаа онцоллоо.

номын тухай

"Do Not Disturb" буюу "Бүү Саад Бол" номын зохиогч Жедейдайя Билаг зарим хүмүүс The View, Abby Tells All, The Five зэрэг телевизийн шоунуудад хөтлөгчөөр ажиллаж байснаар нь мэддэг. Телевиз болон боловсролын салбарт ажиллаж байсан тэрээр амьдрал дээр болсон үйл явдлууд хийгээд өөрийн бодит туршлагад тулгуурлан энэ номыг 2018 онд бичиж хэвлүүлжээ. Өнөөгийн нийгмийн гол асуудал болоод буй хүмүүсийн технологийн зохисгүй хэрэглээний тухай өгүүлэх уг номыг "Эрдэмт паблишинг" албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ хөрвүүлэн, тун саяхан хэвлүүлжээ.

номын зарим агуулгаас:

ТЕХНОЛОГИ БИДНИЙ АМЬДРАЛЫГ ХУЛГАЙЛЖ БАЙНА.

Зохиогчийн үзэж буйгаар ухаалаг төхөөрөмжүүд бидний амьдралд орж ирэхээс өмнө хүмүүсийн бие, сэтгэл харьцангуй нэгдмэл шинжтэй байсан бол өдгөө өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх зорилготой технологийн хэрэглээ улам их болсноор хүний оюун санаа, анхаарал, мэдрэмжүүд бүгд тус тусдаа салангид ойлголт болж хувирчээ. Ингэснээр өнөөгийн нийгэмд амьдралын хамгийн нандин, үнэ цэнтэй зүйлс болох гэр бүл, найз нөхөд, бодит мэдрэмжүүдийг зөв үнэлэх, түүнийг хайрлах хандлага улам бүр багасаж байгаа нь зохиогчийг эмзэглүүлж, улмаар уг номыг бичих сэдэл болсон аж.

ТЕХНОЛОГИ ХУДЛАА ЯРИХЫГ ДЭМЖИЖ БАЙНА.

Технологийн тусламжтай нэг хүн хаана ч, хэдэн хүнтэй ч нэгэн зэрэг хамт байх боломжтой болсон нь нэг талаар үнэхээр том давуу талыг бий болгож байгаа ч нөгөө талд маш олон худал хуурмагийг бий болгох үндэс болж, бидний нэг нэгэндээ итгэх итгэл, хүндлэлийг үгүй болгосоор буй. Мөн нэгэн зэрэг олон хүнтэй харилцах боломжтой байна гэдэг нь хүн хэдэн ч талд тэгш хүртээмжтэйгээр анхаарлаа хандуулж чадахгүй гэсэн үг юм. Иймд тухайн хүн технологийн хуваарилалтгүй хэрэглээнээсээ болоод харилцаж буй цаад хүндээ чанартай гаргаж болох байсан цагаа хугаслаж, гаднаас нь харахад олон хүнтэй ажилласан мэт боловч үнэн хэрэгтээ чанаргүй цагуудаар өөрийн өдрийг дүүргэж байдгийг онцолжээ.

ТЕХНОЛОГИ САЙН МУУДАА БИШ ХЭРЭГЛЭЖ БУЙ ХҮНДЭЭ Л УЧИР НЬ БАЙГАА.

Хамгийн гол нь уг номд технологийг огт хэрэглэхээ болих, эсхүл технологийг буруутгаж хэрэглээнээс шахах зорилго огт агуулагдаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэдгээр ухаалаг төхөөрөмжүүдийн хүн төрөлхтөнд өгч буй ашиг тус дэндүү их бөгөөд үргэлж сайжруулж хөгжүүлэгдсээр буй нь мэдээж хүний төлөө, хүний амьдралыг илүү боломжтой, илүү хялбар болгохын төлөө юм. Иймд технологийг буруутгах, сайн муугаар шүүх нь тийм ч ухаалаг явдал биш.

Хамгийн гол нь хүмүүс бид өөрсдийгөө болон хэрэглээгээ шүүх, ахин нэг удаа анхаарч харах, засаж сайжруулах хэрэгтэй байгаа юм. Амьдрал, технологи хоёрыг хэрхэн хослуулах, тэнцвэрийг нь хэрхэн хадгалахад л гол асуудал буй. Иймд дижитал эрин зуунд ажиллаж амьдарч буй хүн та хэрэглэж буй ухаалаг төхөөрөмжүүдээ өөрөө ухаалгаар ашиглаж сурахыг "Бүү Саад Бол" ном уриалж байгаа юм.

номын зарим эшлэлүүд

  • Техник технологи биднийг сайн эсвэл муу байх эсэхийг шийддэггүй харин бид бүхэн шийддэг.
  • Хүн ганц л амьдарна (YOLO) буюу хүссэн бүхнээ хийж үз гэсэн мессеж дэлхий даяар түгсээр байна. Яг энэ мессеж биднийг юу ч хамаагүй туршиж үзэх сэдлийг өдөөж, бидний доторх араатанг тэжээж тэтгээд байх шиг.
  • Түүнээс өмнө бид сошиал сүлжээнд дэндүү их цагийг зарцуулж байж. Тэгсэн атлаа үүнийг ч хийх завгүй, түүнийг ч сурч амжихгүй, бүтэн нойроо авч унтах цаггүй гэж гомдоллоно.
  • Хүн төрөлхтөн бид дээр үеэс л шинэ нээлт хийж, өөрсдийн амьдралыг сайжруулж ирсэн. В.Гордон Чайлдын 1936 оны "Хүн өөрийгөө бүтээдэг" номонд "Хүн төрөлхтөн дэлхий дээр амьдарч байсан гэдгийг гагцхүү тэдний хийж бүтээсэн багаж зэвсэг л археологичдод нотолдог юм" хэмээн тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл бидний бүтээсэн технологийн бүтээл л биднийг хэн болох, хаанаас ирсний баталгаа юм.
  • Технологид хэдий чинээ цаг зарцуулна, төдий чинээ эрх мэдлээ өгч буйгаас ялгаагүй.
  • Common Sense Media-гийн санал асуулгаар өсвөр насны хүүхдүүдийн 50 хувь нь ухаалаг төхөөрөмжид "донтчихсон" гэжээ. Түүнчлэн судалгаанд оролцсон гэр бүлийн гуравны нэг нь үүний талаар өдөр тутам маргалддаг хэмээсэн байна.
  • Чи хэн нэгнээс болж аз жаргалгүй болж байвал бусдад өөрийгөө аз жаргалгүй болгох эрх мэдлийг өгсөн гэсэн үг.