Хаана ч хэзээ ч хэрэглэхэд хялбар, удаан хадгалж болдог гэх мэт олон давуу талтай байдаг тул хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүд орчин үеийн хооллох соёлын салшгүй нэг хэсэг болжээ. Гэсэн хэдий ч эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь харьцангуй өндөрт тооцогддог эдгээр хүнсний хэрэглээ жил ирэх бүр үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа нь дэлхий даяарх эрүүл мэндийн мэргэжилтнүүд, судлаачдын санааг зовоосоор байгаа билээ. Учир нь энэ төрлийн хоол хүнс нь элсэн чихэр, өөх тос, давс, хиймэл нэмэлтүүдээр баялаг байдаг тул тэжээллэг чанар муутай төдийгүй таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин болон бусад архаг өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Энэ удаагийн буландаа дээрх асуудлыг хурцаар хөндөж, хүн төрөлхтөн цаашлаад манай гаргийн уур амьсгалд заналхийлж буй хэт боловсруулсан хүнсний тухай 384 хуудсын турш өгүүлэх бодит туршлага, судалгаан дээр үндэслэсэн зохиогч Крис ван Туллекенийн “Ultra-Processed People: The Science Behind Food That Isn't Food” бүтээлийг онцолж байна.
номын тухай
АНУ-ын “W.W.Norton & Company” паблишингаас эрхлэн гаргасан “Хэт боловсруулагдсан хүмүүс: Хоол болохгүй хоолны ард нуугдсан шинжлэх ухаан” хэмээх уг бүтээл худалдаанд гарснаар хэт боловсруулсан хүнсэнд дурлагсдад нэгийг бодуулахуйц томоохон бүтээл нэгээр нэмэгдсэн билээ. Номын зохиогч болох Крис ван Туллекен нь Лондонгийн их сургуулийн дэргэдэх Коллежийн эмнэлгийн (UCLH) халдварт өвчний эмч, судлаач, BBC-ийн туршлагатай сэтгүүлч. Эрүүл мэнд, хоол тэжээл, шинжлэх ухааны ангилалд багтах тус бүтээл нь өнгөрөгч оны зургаадугаар сарын 27-нд нээлтээ хийж, "Нью Йорк Таймс"-аас өгсүүлээд олон улсад ч бэстселлер болоод амжсан юм.
яагаад унших вэ?
Хэт боловсруулсан хүнс гэдэг нь...
Хүн төрөлхтний түүхэнд анх удаа хүнс тэжээлд агуулагдах илчлэгийн ихэнх хэмжээг хэт боловсруулсан хүнс (UPF) хэмээх цоо шинэ бодисууд бүрдүүлж эхэлснээр бид хооллолтын шинэ эрин үе рүү орох болов. Хэт боловсруулсан хүнсний талаар шинжлэх ухааны албан ёсны тодорхойлолтууд бий ч илүү энгийнээр тайлбарлах гээд үзье. Хэрэв таны гэрт гаднаас худалдаж авсан хачиртай талх, будааны ороомог зэрэг зориулалтын гялгар уут, хуванцар сав баглаа боодолтой хөнгөн зууш байгаа бол саван дээрх найрлагыг нь шалгаад үзээрэй. Үүн дотор танай гал тогоонд байхгүй нэг болон түүнээс дээш орц байвал энэ нь хэт боловсруулсан хүнс гэдгийг илтгэх наад захын шинж.
Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд нь хэрэглээг өдөөх донтуулагч бодис агуулаад зогсохгүй дэлхий даяар эрт нас баралтын тэргүүлэх шалтгааны үндэс суурь болж, том зургаараа байгаль орчны доройтолд идэвхтэй нөлөө үзүүлж буй.
Хүнсний ангиллын систем
NOVA нь хоол хүнсийг боловсруулалтаар үндсэн дөрвөн ангилалд хуваан авч үзсэн харьцангуй сүүлийн үеийн нэр томьёо бүхий схем юм. Үүнийг сүүлийн арван жилийн хугацаанд төрийн бус байгууллагууд, судлаачид хүнс үйлдвэрлэлийн салбарт өргөнөөр нэвтрүүлсэн байдаг. Тэдгээр дөрвөн бүлгийг тайлбарлавал,
- I бүлэгт мах, жимс, үр тариа зэрэг боловсруулаагүй эсвэл хамгийн бага боловсруулсан хоол хүнсийг ойлгоно.
- II бүлэг нь тос, цөцгийн тос, элсэн чихэр, зөгийн бал, цардуул зэрэг боловсруулсан хоолны орц.
- III бүлэг нь эхний хоёр бүлэгт багтсан хүнсний шууд идэхэд зориулсан хувилбар хэмээн ойлгож болно. Хадгалахад зориулж боловсруулсан шош, давсалсан самар, утсан мах зэрэг.
- IV бүлэг нь хэт боловсруулсан хоол хүнс (UPF) бөгөөд ихэвчлэн үйлдвэрлэлийн тусгай зориулалтын, хэд хэдэн үйл явц дамнан үйлдвэрлэсэн, нарийн тоног төхөөрөмж, технологи шаарддаг орц найрлага буюу бидний мэдэхээр хадгалалтын хугацаа уртасгах бодис, өнгө, үнэр, амт оруулагч бодис зэрэг хамаарна.
Бодит туршилт
Энэ чиглэлийн олон мянган судалгаа, шинжлэх ухааны баримтат бүтээлүүд байдаг ч уг бүтээл юугаараа онцгой вэ? гэдэг асуултын хариулт тун хачирхалтай. Учир нь номын зохиогч хэт боловсруулсан хүнсний эсрэг хийгдсэн шинжлэх ухааны баримт нотолгоо, судалгаанууд амьдрал дээр хэрхэн тусаж буйг бодитоор харуулахын тулд өөрийн бие дээр туршилт хийсэн юм. Туршилтын эхний сард тэрээр хүнсний хэрэглээндээ хэт боловсруулсан хүнс буюу UPF-ийг тас хорьсон бол дараагийн сард нь нийт хүнснийхээ 80 хувийг UPF байлгахаар тооцжээ.
Үр дүнд нь, тэрээр сүүлийнхээ нэг сарын хугацаанд долоон кг жин нэмээд зогсохгүй нойргүйдэх, бэлгийн сулрал, сэтгэл түгших зэрэг шинж тэмдэг илэрч, бараг зомби болон хувирсан хэмээжээ. Хэт боловсруулсан хоолыг асар ихээр хүсэж, шунаж байсан ч идэх үедээ огт таашаал авдаггүй байснаа ч мөн хуваалцсан байдаг. Гэхдээ хүн төрөлхтний цөөнгүй хувь нь өөрсдөө ч мэдэлгүй энэ мэтийн зарлаагүй туршилтын хохирогчид болсоор буй гэж бодохоор аймшигтай санагдаж байгаа биз.
Цочирдом баримтууд
- UPF нь аж үйлдвэржилт, хөдөө аж ахуй, сав баглаа боодол, тээвэрлэлтийн улмаас байгаль орчны доройтолд ихээхэн нөлөөлдөг. Учир нь үйлдвэрлэлийн үйл явцад ихэвчлэн сэргээгдэхгүй нөөцийг их хэмжээгээр ашигладаг байна.
- Сурталчилгаа, маркетингийн нөлөөгөөр UPF нь энгийн хоол хүнс хэмээн хүлээн зөвшөөрөгдөх болсон. Энэ өөрчлөлт нь уламжлалт, эрүүл хоолны дэглэмийг хойш тавьж, хайхрахаа болиход хүргэж буй.
- UPF нь эрүүл эсвэл зарим нэг талаар биед ашиг тустай хэмээн сурталчлах тохиолдол цөөнгүй байдаг ч үнэн хэрэгтээ хэрэглэгчдийг төөрөгдүүлж буй л хэрэг. Өөх тос багатай, глютенгүй, байгалийн гаралтай гэж шошголсон бүтээгдэхүүнүүд ч их хэмжээгээр боловсруулагдсан, эрүүл бус хүнс байх нь элбэг.
- Дэлхийн хоёрдугаар дайны дараах бүхий л орны нийгэм, эдийн засгийн байдал ороо бусгаа, хүндхэн байсан цаг үе. Тиймээс ч өнөөдөр авсан хүнсээ олон хоног дамнуулан хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдал бүх л гэр бүлд байсан гэдэг. Үүнээс л хадгалалтын хугацаа уртасгах бодис болон хүнсний будагч бодисуудын хэрэглээ эрс нэмэгдэх болжээ. Магадгүй энэ үе өнөөдрийн хэт боловсруулсан хүнсэнд живсэн хүн төрөлхтний эхлэл байсан байж ч болох юм. Нөгөөтээгүүр 1900-аад онд АНУ-ын ердийн нэг өрхийн хүнсний зардал нь өрхийн төсвийн 43 хувийг эзэлж байв. Энэ үед л “Хямд өртөг илүү их хэрэглээг өдөөдөг” гэх зах зээлийн зарчим үйлчилсэн хэрэг. Учир нь тухайн үед ч одоогийн адилаар хөлдөөсөн пицца шинэхэн пиццанаас хэд дахин хямд үнэтэй байлаа шүү дээ.
Чухал тоонууд
- 50-60: АНУ, Их Британи зэрэг орнуудад UPF нь хүмүүсийн өдөрт идэж буй хоол хүнсний 50-60 хувийг бүрдүүлдэг.
- 82: Их Британи дахь супермаркетуудаас хийсэн нийт хүнсний худалдан авалтын 82 хувь нь UPF байдаг.
- 26: UPF тогтмол хэрэглэдэг хүмүүс бага хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад таргалах эрсдэл 26 хувиар өндөр.
- 67: АНУ-д UPF нь хүүхэд, өсвөр үеийнхний хэрэглэж буй калорийн 67 орчим хувийг бүрдүүлдэг.
- 10: Хоол тэжээл дэх UPF-ийн эзлэх хувь арван хувиар нэмэгдэхэд хорт хавдар тусах эрсдэл 12 хувь, тэр дундаа хөхний хорт хавдар тусах эрсдэл 11 хувиар нэмэгддэг.
Одоо яах вэ?
Энэ хүртэл уншсан хүмүүсийн толгойд “Одоо тэгвэл яах ёстой вэ?” гэдэг асуулт эргэлдэж байгаа нь гарцаагүй. Алга урвуулахын төдийд хэт боловсруулсан хүнсийг зах зээлээс арчаад хаячхаж чадахгүй нь лавтай. Тиймээс хэн хүнгүй мэдэж байгаа цор ганц арга бол хоол тэжээлийн талаарх мэдлэгээ зузаатгаж, ходоод руугаа орох зүйлсийг ухамсартайгаар сонгох явдал юм.
Зохиогч тэрхүү хатуу дэглэмийн дараа хэрхэн хэвийн хооллолтын дэглэмдээ шилжсэн бол? гэдэг асуулт танд ч бас сонирхолтой санагдаж байгаа биз. Тэрээр дараах алхмуудыг хийснээр эрүүл хооллолтын хэв маягаа эргүүлэн олж авсан тухайгаа хуваалцсан тул та ч бас туршаад үзэх боломжтой. Хэрэв дундаас нь шантармаар санагдвал энэхүү нийтлэлийг эхнээс нь нэг уншаад үзээрэй.
1. Шим тэжээл рүү аажмаар шилжих: Тэрээр жимс, ногоо, өөх тосгүй уураг, үр тариа зэрэг тэжээллэг хүнс рүү аажмаар шилжихийн сацуу хэт боловсруулсан хүнснээс ч мөн аажмаар татгалзсан.
2. Зугаатай эрүүл хоол: Эрүүл хооллолтыг илүү хялбар болгохын тулд Ван Туллекен долоо хоног бүр тодорхой хэдэн цагийг хоолоо урьдчилан бэлдэх ажилд зарцуулж байжээ. Хоол хийх үйл явцдаа хүүхдүүдээ ч мөн оролцуулж, гэр бүлийн зугаатай ажил болгон хувиргасан нь нэн сонирхолтой бас үр дүнтэй шийдэл байсан гэв.
3. Анхааралтай хооллолт: Худалдан авах гэж буй хүнсийхээ найрлагыг шалгахад илүү их хугацааг зарцуулдаг болж, танил бус орц, найрлагатай хоол хүнс хэрэглэхээс зайлсхийж эхэлсэн.
уншигчийн сэтгэгдэл
Хэрэв та энэ хүртэл уншаад стресс, нойргүйдэл, таргалалтынхаа аймшигт учир шалтгааныг олсон бол энд нэмж ухуулга хийх нь илүүц биз. Харин “Би ч бас учиртай хооллочихдог юм байна гээч” хэмээн бодож байвал танд баяр хүргэе. Үргэлжлүүлээд байгаарай.
Хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг 10,000 гаруй химийн бодис нь бусад хоол хүнсний шим тэжээлийг бууруулахаас эхлээд бодисын солилцоонд хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг ч үүний үр дагавар нь илрэх хүртэл нэлээн хэдэн жил шаардагддаг гэдгийг онцлох нь зүйтэй. Би ч хувьдаа бургер, сэндвичийг хаа нэг л иддэг болохоор “Цаашдаа анхаарч явъя даа” анзааны юм бодож байсан ч “Таван жилийн дараах архаг ядаргаа, ходоодны үрэвслээ өнөөдөр тэжээж байх вий” хэмээх сэрэмжит бодлоор номын сүүлийн хуудсыг хаалаа.