Өнөөдрийн дугаартаа ердөө 3 хоногийн өмнө нээлтээ хийсэн нэгэн шинэ номыг танилцуулъя. Энэ бол "Эгэлгүй монгол жаалууд" хэмээх аяллын тэмдэглэл бүтээл юм. Ч.Ганжавхлан, Б.Базарсүрэн, Шагж Гэлэн, М.Түшиг гэсэн дөрвөн залуу аян замд ганзага нийлж Монгол орноороо 6000 км аялснаа уншууртай тэмдэглэл, үзүүштэй зургууд болгон эмхэтгэсэн нь энэ. Экологийн цагдаагийн албатай хамтран "Эх орноороо эко аялъя" уриаг мөрдлөг болгон аялсны зэрэгцээ адал явдал, хэрэгцээт мэдээлэл, маршрут зэргээ богино хугацаанд ном болгосноороо тэд энэхүү аяллаа онцгой содон, үр дүнтэй аялал болгож чаджээ.

Энэ номыг бүтээгчид бол сошиал медиад нэлээн идэвхтэй, олон дагагчтай нөхөд. Аялал хийгээд номд дуртай нь тэднийг нэгтгэжээ. Хэдийн өөрсдийн гэсэн уншигч, фэнүүдтэй болсон Жак, Базараа, Шагж гурав бичихийг нь бичиж, гэрэл зургийг нь Түшиг буулгасан аж. Зугаатай Аян замын зугаатай адал явдал, хөдөөгийн амьдрал, зарим нэг сонирхолтой дүрүүдийн талаар уншин, Монгол орны үзэсгэлэнг гэрэл зургаар тольдох боломжтойн сацуу үе үе бодол ухаарал төрүүлэх өгүүлбэрүүдтэй таарах нь энэ номын онцлог гэлтэй. Чанартай хэвлэхэд ч анхаарсан нь уншигч надад таалагдлаа. Аялах дур сонирхолтой хүмүүст яриангүй таалагдах бүтээл болжээ гэж хэлэх байна. Ингээд номыг бүтээгчид өөрсдийгөө хэрхэн танилцуулсныг болоод номын хэсгээс нэгэн тэмдэглэлийг хүргэж байна:

ЗОХИОГЧИД

1984 онд төрсөн. Амьдарч л яваа нэгэн, таван хүүхдийн аав, сав л хийвэл бичдэг. Ил гарах дургүй, хүндхэн туулсан амьдралаа хөнгөхөн хүүрнэж тайтгардаг. Гэр амьтай Шагж Гэлэн.

1987 онд төрсөн. Барилгын инженер мэргэжилтэй. Барилга барих нь барьж байгаа гэхдээ тоосгоор биш. Элээх тусам бэхждэг номон барилга. Барих нууц нь “Номын жор”, багаж нь монгол уламжлал Батчулууны Базарсүрэн.

1988 онд төрсөн. Гурван ном бичсэн хэрнээ төөрсөн хэвээр, гуч гарсан хэрнээ хүүхэд хэвээр, найман жил нийгмийн ажилд зүтгэж явлаа нөхөр бол Чадраабалын Ганжавхлан. Ganjavkhlan Chadraabal

2000 онд төрсөн. Нас хорь, нүд нь жаран настай. Харж, харж нэг дарна, хорвоо тэнд нь багтана. Өнцөг өөр, бодол хурц, тэр нь зургаар илэрдэг Мөнхбатын Мөнхтүшиг. М. Мөнхтүшиг

Номын нээлтийн үеэр, зүүн гараас: Базараа, Жак, Түшиг

ЭЭЖ ХАЙРХАНЫ ЗҮГ #6

Нар, алтайн сүрлэг уулсыг шүргэн байхад ганц хар машин тоос татуулан давхиж явна. Замд хар сүүлт, бөхөн давхилдана. Бид Говь-алтай аймгийн Бугат сумыг чиглэнэ. Maps.me гэж замын ханиаүргэлж харж явах ёстой Түшиг маань эрүү нь яайжийгаад унтаад өгнө. Түшиг дүүгийн нойр нь хурдан хүрч, хоол нь хурдан шингэхээс бусдаар бас л удаан шүү дээ. Чихэн дээр нь гэнэт орилоход хашгираад босоод ирэв. Базараа хойно хэсэг чимээгүй явав. Ер нь их орон гаран нөхөр ш дээ. Заримдаа Чилүгэн мэт аниргүй ч заримдаа ам хуурайгүй чалчина. . Жак бид хоёр ерөнхийдөө хүн сонсвол гарцаагүй солиорсон улсууд гэсэн онош тавихаар донгосно

Жак хэлж байна. Бид азтай хүмүүс юмаа. Монгол гэдэг нэртэй улсад төрдөг тээ.

Харин тиймээ. Музембэк гэж хогийн муухай нэртэй улсад ямар азгүй хүмүүс төрдөг байнаа.

Аанхаа. Уганда, Шири-ланк гээд хөвөрч өгнө. Тэгсэн Базараа хойноос Зимбабве гэж бас байна гэлээ. Түшиг нэг муухай нэртэй улс нэрлээчээ гээд эргээд харсан чинь Гайтай нэг балай юм байна гээд инээлдэв. Гайтай ч үер, газар хөдлөлт болдог гайтай газардаа, ямар азаар тэнд төрөөгүй юм гэж инээлдэцгээв.

Булган сумаас гараад нүүрсний засмал зам дагаад 100 гаруй км давхиад шороон замд оров. Засмалыг Жак, шороог Шагж туулдаг тул жолоогоо авав. Гурван баачкааг сэгсэрч өгнө дөө. Зарим нь суудал дээр хөөрцөн тааз мөргөөд бууж ч байх шиг. Зарим нь кофегоо ам руугаа хийх гээд зөрж мөрцөн үсэргэж ч байх шиг. Гэнэт янз бүрийн дуу нэг нь аялана. Ерөнхийдөө аяны баримжаатай. Үг бол үнэн зоргоороо. Дуртай үгээ хэлээд хачин балай юм дуулна. Тэгж байснаа зураг авъя энэ тэр болоод явчихна. Хоёр гурав зогсоод хэд хэдэн зураг аваастай. Тэр хооронд нь би ми өөрийгөө засаж авна. Явсаар байгаад Алтайн нурууны өндөр цавчим хавцал руу орлоо. Тахь үржүүлгийн газар харагдаад өнгөрлөө.

Шөнө битгий хэл өдөр ч сүрдмээр хавцлаар яваад байлаа. Хавцлын хоёр талын орой дээгүүрээ нийлээд ч байх шиг. Энд чоно байгаа болов уу гэж Түшиг асуув. Бид гурав давслаад л ярьж өглөө. Ер нь иймэрхүү газар бууж бие засвал юу ч гарч ирж тасдаж идэж мэднэ. Ямар ч хүнгүй аймаар газар байгаа биздээ Түшигээ. Хавцал уруудах алдад бууж морь харцгаав. . Түшигээ миний дүү бууж бие зас? Зүгээрээ агаа миний шээс хүрэхгүй байна.

Зогсох болгонд өмдний уяатайгаа ноцолдоод гүйж байдаг Түшиг дүү маань айчихаж. Ха ха

Явсаар байгаад 23.00 цагийн алдад Бугат суманд орж ирээд майхнаа шидлээ. Шороогоор сайн явсан. Майхнаа гялалзуулаад Булган сумын ах нарын өгсөн хуушуурнаас цайнд дүрж идэв. Түшиг, Базараа ахаа гарч бие засъя гэж байна. Базарааа хаха гэж паржигнатал инээснээ энэ хог айчихаж гэнэ. Түшиг Базарааг ятгаж дөнгөөд аваад гарав. Шумуул ихтэй байлаа. Суух хооронд бөгсөө маажсаар орж ирэв манай хоёр. Дэлэнч байна хазаад алах шахлаа. Өмдөн дотор орчих шиг боллоо гээд нөгөө хоёр майханд орж ирээд гаагаагаа хагас шувтлаад л юм хайгаад байна. Дээд эзэндээ дэлэнч бөгсөндөө гэдэг үгтэй ш дээ гэж Базарааг явуулав. Түшигээс нэг боллоо гэсээр Базараа мишок руугаа шургав. Хярд хярд гэтэл биеэ маажсаар унтах гэж зүднэ. Маажиж болохооргүй газар хазчихлаа гээд Базараа үглэнэ.

Тийм газар чинь юу билээ. Бөгсний амсарын хуниасных нь дунд авчихаж гэж Жак бид хоёр хүний зовлонгоор тоглоом хийж инээлдэв. Базараагийн өвөрт хоносон охин дэлэнч түүнийг эдэлж хоножээ. Гуя, бөгсийг нь цахилгаан барааны гадуур ороодог бөмбөлөгтэй гялгах уут шиг болтол нь овон товон болгож. Жак бид хоёр хагалж үзье гэж дайраад бөөн инээдэм болсон. Хаха. Өглөө эртлэн боссон Жак дугуй будаа гээд орилж байна. Хөнжлөө шидээд л өндийж байгаа юм чинь.

Мод шаачихаж. Бугат сумын төв рүү дугуйгаа янзлуулах ажлаар Базараа бид хоёр явж нөгөө хоёр үлдэв. Биднийг лайваар үзсэн олон хүн тусаллаа. Муухай хар Шагжийн царайг харъя гэсэн хүсэлтүүд их ирнэ. Ерөнхийдөө хүнэрхүү төрхтэй, сайн муу зангаа эхнэртээ үрээд дууссан хөлдүү, бавамжит бус амьтны юуг нь харах гэдэг байна.

Сайн санаат хүмүүсийн дэмээр дугуй бүтэн боллоо. Тагтаагийн Баясаа, Б.Наминчимэд ах, Ням ах нартаа их баярлалаа. Сайхан борцтой шөлөөр дайлсан дуучин, зураач охидтой Мөнхжаргал ахад баярлалаа. Бид хоёр очих болоогүй байж Жак, Түшиг хоёрыг майхнаа буулгаж бай очиж байна гээд хэлчихсэн. Тэр хоёр 36 хэмийн халуунд мулзан толгойнуудынх нь оройгоор хөлс нь бөнжигнөчихсөн сууж байлаа. Зам дээр насаараа амьдарчихсан мэт ув улаан болчихсон энэ тэр. Бас кофегоо чанаж уусан бололтой. Хэдэн үүргэвчин дундаа сууж байсан тэр хоёрыг харж Базараа бид хоёр инээлдэв. Ингээд цааш Цээл сумыг зорьж хөдөллөө. Сумаар нь ороод эхний хүнээс нь зам асуухад тийм зам байхгүй гэж ууртайхан ширүүлэв. Уул уурхай ихтэй сумын ард иргэд цаанаасаа нэг уур уцаартай байх шиг. Биднийг уурхайн эздийн нэг гэж бодсон уу эхэндээ тун дурамжхан хандлага гаргаж байсныг нуухгүй. Орон нутагт ажиллаж буй уурхайнуудын татварууд дээшээ л явдаг байх даа. Уг нь орон нутгийн хөгжилд тус нэмрээ оруулдаг бол уурхайнуудад хандах хандлага өөрчлөгдөх л байх. Юу ухаад юу хийгээд байгаа нь үл мэдэгдэх хаалттай газрууд орон нутагт ээлээ өгөөсэй.

Цээл сумаас бид “Ээж хайрхан”-ы зам заалгаад хөдөллөө. Алтайн нуруугаа эргээд л урагшаа давав. Тооройн хавцал дундуур явлаа. Усан онгоцны дүртэй уулан дээр бөөн зураг авалт болов. Манайхан пэйжээс бичлэг үзсэн байх. Базараа, Түшиг хоёрыг титаник болгож зураг дарав. Тэнд элэг авмаар явдал их болсон. Хоёр эрэгтэй хүн чинь цаанаасаа сэтгэлгүй тэврэлдэх юм. Жак хоолойгоо паржиганатал орилж байж хэдэн зураг авав.

Зуншлага мөн л тааруу. Хонь ноосолж байсан айлын гадаа зогсоход ёсыг бодож хайчинд гар хүрсэн Базараа хонь хөөрөөгүй байна ш дээ гэсээр орж ирэв. Алга дарам булаг шанд бараадан зусах малчдын ахуй хүнд л байх шиг.

Тооройн хавцлаа өнгийгөөд Ээж хайрханаа аль уул болох талаар ярилцав. Жак бүүр цаана дүнхийж байгаа уулыг тэр байх гэж заалаа. Би энэ наана тал дээр байгаа уул мөн байх гэж санал нэмэрлэв. Хүмүүсийн зорьж очиж үздэг заг хэмээх мод хаа сайгүй. Говийн хөрсийг сийрэгжүүлэхгүй тогтоож байдаг ганц тэсвэртэй ургамал гэж номоос уншиж байсан нь санаад зурсхийв.. Газрын баримжаагаар тал дээр суниан хэвтэх уул “Ээж хайрхан” мөн байлаа. Түшиг гэнэт хар даа яг эмэгтэй хүн хэвтэж байгаа мэт хэлбэртэй байна гэж олж харав. Аргагүй арт зургийн мастер, төсөөлөх чадвар, мэдрэмжийн туйл болсон хүү гэсэндээ түрүүлж харжээ. Миний хамаг бие арзайгаад явчихав. Өмнө нь ямарч байгальд очиход мэдэрч байгаагүй хачин мэдрэмж биеэр гүйж шар үс босов. Бид бууцгаагаад сүслэн залбирлаа. Би ч заг дундуур мөлхөөд залбирав. Ээжийгээ сэтгэлдээ бодов. Ховдод уулзаж чадаагүй ээжтэйгээ энд л уулзах шиг болов. Хорвоод ижийгээсээ үлдсэн хүмүүс энд ирж тайтгарах юм байна. Эрчүүд их хачин хүмүүс. Хамгийн их хайртай хүмүүсээсээ дөлж амьдардаг. Нэг тийм тойроод л яваад байдаг. Их хайраа нууж явдаг. Ээждээ, аавдаа уян сэтгэл, угийн бодлоо хэлж чаддаггүй хүмүүс. Ээж аавын бараа нь хайрхан шиг дүнхийж л байвал чимээгүй налсхийгээд л явж байдаг. Эмэгтэйчүүд шиг нарийн нандин детал ажлуудад оролцож, орой үдэшгүй яав ийв гээд утасдаж чадахгүй. Ач тусыг нь хариулж, алсын ноён нурууг нь залах гэж ачаатай тэмээ шиг чимээгүй зүтгэж явдаг улс даа, эрчүүд бид.

Утсан дээрээ бичлэг хийгээд ээжүүддээ явуулъя гэсэн санааг Жак гаргав. Ээждээ хэлж байгаагүй, цаашид ч олон хэлээд байхааргүй албадаж биш аргадаж хэлдэг үгүүдээ хэлж байхдаа манай гурав нүдэндээ нулимстай байлаа. Би ч машины ард орчихсон нөгөө гурваа хойноос нь хараад тархиа норгож зогслоо. Ээждээ хэлэх гэсэн хэдэн үгээ энд хэлэх гэж энгэртээ нууж ирэх хувьтай байсан юм байлгүй. Ээжтэйгээ уулзсан мэт миний сэтгэл амарсан ч ээжийн сэтгэл амраагүй ээ. Уулзаж гийгүүлнэ.

Ээж хайрхан руу өгсөх замаа олдоггүй ээ. Яаж очихоо л заалгасанаас биш хаагуур нь өгсөхөө асуулгүй их том алдаа хийжээ. Бүдэг замаа дагаад заг дундуур ч явж үзэв. Хэд гурван буруу замаар явж будилж ч эргэв. Буцаж замдаа ороод хайрханыхаа зүүн хойд ёроолыг тойрох маягтай ороогоод элсэн дундуур машинаа багтартал нь зүтгүүлж зам дуусаад зогсов. Есөн тогоогоо олж зураг авцгаана гэнэ. Элстэй замаар их зүтгүүлж ирсэн тул дизел машиныг шууд унтрааж болохгүй гэж хэнээсээ ч сонслоо хэсэг нармаалдав. Машиныхаа сүүдэрт нэг хөлөө жийгээд хэсэг ус ууж суув. Нээрээ том аалзтай гэсэн гээд гэнэт босно. Элс нь хөл түлэм халуун. Халуунд ямар нэгэн юм дүнгэнэх шиг.

Борцоо нүдээд будаатай хуурга хийгээд сууж байя. Манай хэд угаасаа мөд ирэхгүй. Ирэхээрээ аягүй бол өлсөөд намайг барьж иднэ. Жаахан хиам талхаа зүсээд ам хөдөлгөх юм бэлдэв. Будаагаа хэд зайлж угаагаад борцоо дээрээс нь хийгээд элсэнд хучаад тавьчихлаа. Сонгино лууван, бага зэрэг хар перцээр амтлав. 40 градусын нарны халуунд элсэнд булсан шилэн тагтай будаа бол өөрөө л агших ёстой.

Шагж Гэлэн