Жиргээг худалдаж авсан Элон Маск, PayPal-ийг үүсгэн байгуулсан Элон Маск, сансраас интернэт цацаж буй Элон Маск, хүн дүрст робот бүтээж буй Элон Маск, цахилгаан автомашин үйлдвэрлэгч Элон Маск, дэлхийн хамгийн баян хүн Элон Маск, хүн төрөлхтнийг Ангарагт хүргэх Элон Маск, хүний тархинд чип суулгасан Элон Маск…

Элон Маск хэмээх эрхмийг асар олон янзаар тодорхойлж болно. Гэхдээ яаж ч тодорхойлсон тэрээр ирээдүйг бүтээж буй хүн юм. Амжилт бүтээл, санаа сэдэл, алдаа бүтэлгүйтэл, цуу яриа зэргээрээ хэвлэлийн анхааралд ямагт байдаг түүнийг бид Tesla, SpaceX, Starlink зэрэг компанийн үүсгэн байгуулагч гэдгээр нь андахгүй. Өмнөд Африкаас гаралтай цагаач хүү хэрхэн 40 жилийн дотор оргүй хоосноос энэ бүгдийг бүтээж чадав? Эл асуултын хариултыг он цагийн дараалалтай, баримт судалгаатай өгөх бүтээл бол Уолтер Исааксоны бичсэн “Elon Musk”. 

Номын тухай

Уг бүтээл өнгөрсөн оны есдүгээр сард олны гарт очиж, эхний долоо хоногтоо л гэхэд 90,000 хувь борлогдож, энэ амжилтаараа Уолтер Исааксоны бүтээлүүдээс хоёрт бичигдэж эхэлсэн юм. Бенжамин Франклин, Альберт Эйнштейн, Стив Жобс, Леонардо Да Винчи зэрэг түүхэнд нэрээ мөнхөлсөн эрхмүүдийн намтрыг бичсэн Уолтер Исааксон өмнө нь CNN-ий гүйцэтгэх захирал, Time-ийн редактор зэрэг албуудыг хашиж байв.



Нийтдээ 688 хуудастай тус номыг бүтээхийн тулд тэрээр Элон Масктай хоёр жилийн хугацаанд хамт байж, компаниудаар нь зочлон хурлуудад нь сууж, ойр дотнын хүмүүстэй нь олон тооны ярилцлага хийжээ.

Энэхүү ном “Барууныг зорьсон нь: Цахиурын хөндий”, “Салалт”, “Теслаг аварсан нь”, “Безосын эсрэг Маск” зэрэг нэн сонирхолтой, адал явдалтай 95 бүлгээс бүрдэх бөгөөд бүлэг бүр нь Элон Маскын амьдралын оргил хэсгүүдийг өгүүлж, та бидний мэдээнээс л харсан томоохон үйл явдлуудын хөшигний ард өрнөсөн харилцан яриа, учир шалтгаан зэргийг тайлбарладаг.

Яагаад унших вэ?

Энэхүү бүтээл дараах гурван том асуултын хариултыг өгч чадна.

“Галзуу” компаниуд яаж ажилладаг вэ?: Элон Маскын ажлын арга барилыг мэдвэл түүний үүсгэн байгуулсан компаниуд хэрхэн боломжгүй мэт зүйлсийг бүтээж буйг ойлгох болно. Шахуу хуваарь, өндөр ачаалал, хэтэрсэн дарамт зэрэг нь түүний бүх компаниудад байх нийтлэг соёл.

Твиттерийг худалдаж авсан даруйдаа цомхотгол хийж, 8,000 гаруй ажилтнаас ердөө 1,300 гаруйг нь авч үлдсэн нь үүний том баталгаа. Ажил, амьдралын тэнцвэрт байдал, зайнаас ажиллах боломж, оффисын “эрүүл” орчин зэрэг өнөө цагийн хүсэмжит бүхний эсрэг арга барил нь галзуу гэмээр олон үр дүнд хүргэж буйг уншиж болно.

Дэлхий ертөнц хаашаа явж байна вэ?: Магадгүй энэ дэлхий дээрх хамгийн нөлөө бүхийн эрхмийн оюун бодолд юу эргэлдэж буйг мэдэхийг хүсэж байна уу? Тэрээр яагаад хиймэл оюун ухаан, олон нийтийн сүлжээ, хүн дүрст робот, Марс гарагт хүрэх пуужин хийж байгаа гэж бодно?

Энэ номоос орчин үеийн хамгийн дэвшилтэт компаниуд нүсэр технологиудыг хэрхэн бүтээж бас бүтэлгүйтэж байгааг унших боломжтой. Уолтер Исааксон уг номыг бүтээхдээ Элон Маскын гэр бүлээс эхлээд түүний халсан ажилчидтай хүртэл ярилцаж, хувийн цахим шууданг нь ч уншжээ. Тиймээс энэ ном бол Элон Маск болон бусад нөлөө бүхий хүмүүсийн оюун бодлоор аялуулж, ирээдүй хаашаа чиглэж буйг ойлгуулах мэдлэгийн уурхай юм.

Түүнчлэн эл бүтээлд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хиймэл оюун ухааны хөгжил, сансарт суурьшихад шаардах зүйлс зэрэг өдөр ирэх тусам технологийн нөлөөнд хувьсаж буй та бидний соёл иргэншлийн өмнө тулгамдсан үлэмж асуудал, тэднийг тойрсон хүндхэн сорилтуудын талаар дэлгэрэнгүй өгүүлдэг.

Амжилтын ард юу нуугддаг вэ?: Хойд Африкаас цагаачилж ирээд 40 жилийн дотор дэлхийн хамгийн баян хүн болсон түүний түүхээс амжилт бүрийн ард байдаг ч хүн бүхний яриад байдаггүй төлөөс болон золиосны тухай олж мэдэх боломжтой.

Эцгээс нь эхлэлтэй бага насны таагүй дурсамж, зарим талаар “сэтгэцийн эмгэг” хэмээн тодорхойлж болох зан төлөв, ойр дотнын хүмүүстэйгээ харилцах “эрүүл бус” харилцаа нь түүнд аугаа амжилтыг авчирсан ч хувийн амьдрал, нэр хүнд, бие болон сэтгэцийн эрүүл мэндэд хэр том шарх учруулсан бол? Энэ ном хэдий гаднаа амжилтын түүх мэт харагдах ч тогтон уншвал хэр баргийн хүн тэсэж барамгүй олон зовлон бэрхшээл, айдас гуниг, дарамт шахалтын тухай өгүүлдэг.

Уншигчийн сэтгэгдэл

Ажил дээр хүндхэн асуудал гарах бүрдээ уг номыг барьж аваад дурын бүлгээ уншихад бидний асуудал ямар өчүүхэн болохыг ойлгох болно. Миний хувьд яг л энэ зарчмаар уншсаар уг бүтээлийг дуусгасан юм. Тиймээс “томоор сэтгэхийг сануулж, урам зориг өгөх бодит түүхүүд” хэмээн тодорхойлж буй.

Хэрэв өнгөрсөн, одоогоос илүүтэй алс ирээдүйн талаар боддог, төсөөлдөг, санаа зовдог, сэтгэл хөдөлдөг бол энэхүү бүтээлийг заавал уншаарай. Уншигч танд орчин цагийн мэдлэг, өөрийгөө харьцуулах чиг баримжаа, хамгийн гол нь мөрөөдлийнхөө төлөө хичээх урам зоригийг өгнө гэдэг эргэлзэхгүй байна.