Нэгэн цагт ном гэдэг хөршийнд тань байгаа цэнэгтэй буунаас ялгаагүй аюултай зүйл болж, нүдэнд үзэгдэх ном товхимол бүрийг өчиггүй галд шатааж орхино. Эрдэмтэн судлаач, алдар цуутай зохиолчид, зохион бүтээгчид гээд толгой дараалан хорт могой мэт үзэж, нийгмээс арчиж хаясан ертөнцийг төсөөлөөд үз. Хүмүүс ердөө нэгэн хэвд цутгасан мэт болж, “Хэрэв чи юм болгоны учир шалтгааныг ухаж, яагаад гэдгийг асуугаад байвал үнэндээ хамгийн аз жаргалгүй нэгэн л болж хувирна” хэмээн ярилцаж байх вий. Толгойд тань буухгүй байж мэдэх ч тийм ертөнцөд амьдарч буйгаа ухаарч ойлгохгүй байвал яах вэ? Бүхнийг хөнгөвчлөх, хялбарчлах, технологижуулах гэсэн хэт хөөрлөөсөө болж оюун санааны эрх чөлөөнөөс алсарч, амьд харилцааны халуун дулаан илчнээс хөндийрч буй юм биш биз? 

Пулицерийн шагналт зохиолч Рэй Брэдбёригийн 1953 онд хэвлүүлсэн “Фаренхайтын 451 хэм” хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлийг бид энэ удаа онцолж, дээрх асуултын мөрөөр дэлхий даяар алдар нэрд хүрсэн эл бүтээлийг тоймлохыг хичээлээ. Өрнийн сонгодог туурвилд зүй ёсоор тооцогдох энэхүү дистопи туужийг Монголын зохиолчдын эвлэлийн "Алтан өд" шагналт орчуулагч, зохиолч Д.Дашмөнх монгол хэлнээ хөрвүүлж, “Болор судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаад буй билээ.

Ямар ч ном фарЕнхайтын 451 хэмд юу ч үгүй шатдаг

“Ямар ч ном фаренхайтын 451 хэмд юу ч үгүй шатдаг” хэмээн Английн хамгийн шилдэг галын албанд ажилладаг Монтег өгүүлнэ. Тэрээр ажлаа тун гарамгай хийдэг нэгэн. Гал унтраах бус өрдөх ажлыг гардан гүйцэтгэх галын албаныхан хэн нэгний гэртээ нуусан номуудыг олж илрүүлээд, газар дээр нь юу ч үгүй шатааж орхино.

XX зууны эхээр хүн амын тоо хэд дахин өсөж, радио, телевиз, ном, сэтгүүл гэдэг хүмүүсийн амьдралд хэтийдсэн нөлөө үзүүлснээр хогийн сав мэт үнэ цэнгүй болж, хэвлэн нийтлэгчид, зохиолчдын бүтээл, туурвилуудыг оюун санааны хорт могой хэмээн үзэх болов. Одоо цагтаа амьдрах аз жаргалыг үгүй хийж, хоосон төсөөлөл, худал мэдээллээр бөмбөгддөг хэмээн ад үзэж эхлэв. Онц хэрэггүй мэдээллийг тархи толгойдоо хийхээс зайлсхийж, оюун бодлоо ачааллах элдэв эргэцүүлэл, гүн ярианаас халшрах болов.

Би хүмүүсийг ажиглах дуртай. Заримдаа би өдөржин метрогоор зугаалж, тэднийг харж, сонсдог юм. Би ердөө л тэднийг хэн болохыг, хаашаа явж байгааг нь, юу хүсдэгийг нь мэдэхийг хүсдэг. Гэхдээ тэд юу ярилцдаг гээч?

-Юу?

-Хүмүүс юу ч ярилцдаггүй юм.

Фаренхайтын 451 хэм

Хүн гэдэг ердөө тухайн хором мөчдөө амьдарч, ажлаа хийж л байвал амар тайван байх болжээ. Юуг ч мэдэх хэрэгцээ шаардлагагүй тул хэн нэгэн надаас илүү гарлаа гэж ичиж зовох, хорвоог танин мэдэх гэж цаг заваа үрэх хэрэг юун. Эргэн тойронд нь илүү гарах, дутуу үлдэх хүнгүй тул бүгд адил тэгш, өрсөлдөөн, мэтгэлцээнгүйгээр үлгэрт гардаг шиг амьдарна. Энэ бүхэнд аль засаг төр эсвэл ухуулан сэнхрүүлэх нөлөөлөгч гарч ирээгүй. Бүхэлдээ ямар ч тушаал заавар, тунхаг мэдэгдэлгүйгээр эхэлсэн үйл явц ажээ.

Ингээд галын албаныхан хүмүүсийн тархи, оюуны амар амгалангийн сахиул болж хувирсан нь энэ юм. “451” гэх дугаартай дуулга өмсөж, керосины үнэр ханхлуулсан Гаи Монтег галын албанд 20 настайгаасаа хойш арван жил итгэл үнэмшилтэйгээр ажиллаж буй. Гэвч Кларисс Маклеллан хэмээх залуу бүсгүй түүний амьдралд гэнэт орж ирснээр хүмүүс чухам яагаад номыг үхэн хатан нууцаар уншиж, түүнийгээ амьдралын чухал үнэт зүйлс мэт нандигнан хайрлаж буйг гайхширч, зохиолын гол үйл явдал өрнөх буй за.

Чүдэнз барьсан хүмүүс 

Ухаан орсон цагаасаа номд дурласан Рэй Брэдбёри гурван настайдаа уншиж сурч, 11 настайгаасаа элдэв богино өгүүллэг тэргүүтэн зохион бичиж эхэлжээ. Иллинойс мужийн Карнеги номын санд ихэнх цагаа өнгөрүүлж, 12 настайгаасаа аймшгийн зохиол бичихийг оролдох болсон тэрээр амьдралынхаа туршид 30 гаруй роман, тууж, 600 гаруй богино хэмжээний бүтээлүүд гаргасан нь дэлхийн 36 орны хэл дээр хэвлэгдсэн билээ. Коллежид суралцах санхүүгийн боломжгүйгээс номын санд суун олон цагаар ном шимтэн уншиж өдрийг өнгөрүүлдэг тухайгаа дурдсан нь бий.

Түүний гал сөнөөгч нагац ах нь галын шугам дээр ажиллаж байхдаа амиа алдсан нь сэтгэлд нь үлдэж, гал сөнөөгчийн тухай бодох болжээ.

Нацист дэглэмийн түрэмгийллийн үеэр олон мянган ном шатаасан, ЗХУ-ын нөлөөллийн үеэр олон зуун зохиолч, эрдэмтдийг хорих, цаазлах, ном зохиолыг нь гаргахыг хориглох зэрэг дэлхийн түүхэнд хар толбо үлдээсэн үзэл суртлын цензурт зохиолчийн хувьд ихэд эмзэглэж явдгаа ярилцлагууддаа илэрхийлж байсан.

Тухайн үед АНУ-д Дэлхийн II дайны дараа нөлөө бүхий найруулагч, зохиолч зэрэг уран бүтээлчдийг хар жагсаалтад оруулж, коммунизмтай холбоотой ямар ч уран бүтээл олон нийтэд цацахыг хориглон, оронд нь телевизийн сувгуудаар дүүрэн пропаганда явуулах болж. Технологийн хөгжлийн хүчээр АНУ дайнд ялсан ч оюун санааны хувьд улам дордох болсон нь Рэй Брэдбёрид эгдүүцэл төрүүлж, “The Pedestrian”, “The Fahrenheit 451” бүтээлүүдээ бичих сэдэл төрүүлсэн ажээ.

Дэлхий даяар асаалттай чүдэнз барьсан хүмүүс гүйлдэж байна. Хагас ухаантай редактор бүхэн чангахан дуугарч зүрхэлсэн зохиолч бүрийн хүзүүг тас цавчихаар шүлэнгэтэн, цаазын сүхнийхээ ирийг долоож байна.

Рэй Брэдбёри

У.Бямбанямын “Цаг хугацаа хэлнэ” уран зохиолын эсээнд “Орчлон ертөнцийн хувьсал, хүмүүний оюун санааны хурд юунд хүргэх, эл эрин үеийн дараа биднийг юу хүлээж буйг баргар уур амьсгалаар, ёрлох байдалтай бичсэн, утопи зохиолын эсрэг уур амьсгалтай зохиолыг дистопи зохиол гэдэг. Рей Брэдбёригийн “Фаренхайтын 451 хэм” роман бол эл төрлийн зохиолын орчин цагийн сонгодог жишээ” хэмээжээ.

“Фаренхайтын 451” хэм бол технологийн хурдацтай хөгжил, нийгмийн өөрчлөлт шинэчлэлүүд утга зохиол сонирхогчид, уншихуйн гайхамшигт автагсдыг урвуулж, бодож сэтгэдэггүй, боловсруулж төвлөрч суудаггүй үеийнхнийг бий болгож буйг харуулсан.

Хүн хоорондын харилцаа алсарч, байгалийн төрөлх мэдрэмж, сэрлээ мартаж буй хүмүүсийг Монтег болон түүний тойрсон баатруудын дүрээр тод томруун харуулсан. Зохиолын өрнөл үйл явдлыг нийгмийн олон өнцгөөс харж тайлбарлаж болохоор.

Зохиолд гарах эрдэм номын багш Фабер өвгөн “ном амьдралын нүүрэн дэх нүх сүвүүдийг харуулдаг юм шүү дээ. Таатай амьдарч байгаа хүмүүс ямар ч илэрхийлэлгүй, гөлгөр, нүх сүвгүй, үсгүй сар шиг малийсан нүүр хүсдэг” гэх нь өнөөгийн бидний технологид хэт автаж, урагш хойш хөдлөхгүйгээр алив зүйлийг хөнгөвчлөх гэсэн хялбар амьдрах сэтгэлзүйг тодорхойлох мэт.

Түүний зохиолыг АНУ-ын ерөнхий боловсролын хэд хэдэн сургууль номын сандаа тавихаас татгалзаж, хориглох хэрэгтэй хэмээн шүүмжилж байв. Мөн 1967 онд "Ballantine Books" хэвлэлийн газрын редакторууд уг бүтээлийг ахлах ангийн сурагчдад зориулсан хувилбараар хэвлэхдээ хэсэг хэсгээр нь танасаар нийт 75 хэсэг танаад хаячихсан ажээ.

Зохиолч гомдол гаргаснаар дахин эх хувилбараар нь хэвлэсэн тухай номын төгсгөл хэсэгт дурдсан байдаг. Энэ тухай "Дэлхий даяар асаалттай чүдэнз барьсан хүмүүс гүйлдэж байна. Хагас ухаантай редактор бүхэн чангахан дуугарч зүрхэлсэн зохиолч бүрийн хүзүүг тас цавчихаар шүлэнгэтэн, цаазын сүхнийхээ ирийг долоож байна" хэмээн шүүмжилсэн нь бий.

есөн долларын роман 

Францын найруулагч Ф.Трюффо “Фаренхайтын 451 хэм” туужаар 1966 онд кино хийсэн бол программ хангамжийн “Telarium” компани уг зохиолоос сэдэвлэсэн тоглоом бүтээж байв. Сүүлд, 2018 онд HBO суваг Иран гаралтай АНУ-ын найруулагч Рамин Бахранийн найруулгаар уг зохиолыг орчин үед хэв маягаар дэлгэцнээ гаргасан билээ.

Баатруудын сэтгэл зүрхэнд байх анзаарагдаагүй хэсгүүдийг нээн харуулахын тулд зохиолч шинэ үзэгдлийг нэмэн бичиж, хоёр бүлэгт жүжгийн зохиол гарган тайзнаа амилуулсан удаатай. Зохиолч 1941 оноос эл зохиолыг бичиж эхлэхдээ гэртээ ажлын өрөөгүй тул байшингийнхаа гараашт бичгийн машинаар бичиж эхэлжээ. АНУ-ын Калифорнийн Венец хотод эхнэр хүүхдүүдийн хамтаар амьдардаг байсан тэрээр гэртээ хүүхдүүдийнхээ дуу чимээнээс дайжиж эцэстээ Лос-Анжелес дахь их сургуулийн UCLA номын сангийн доод хонгилд бичгийн машинаа нүдэх болов.

Хагас цагийн 10 центийн хөлсөөр бичгийн машин түрээслүүлдэг байсан тул цаг дуусахаас нь өмнө галзуу юм шиг бичдэг байснаа дурсжээ. Ингээд эхний хар нооргийг ердөө есөн өдрийн дотор галзуу юм шиг л бичиж дуусгасан гэдэг.