Сайн уу? 1 ой 9 сартай охины ээж Ц.Энх-Орчлон мэндчилж байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан охиндоо зурагт ном танилцуулсан бяцхан түүхээсээ хуваалцахаар бэлдээд байна. Бяцхан охиноо багаасаа номтой нөхөрлөөсэй гээд ээж нь жижигхээн номын сан бэлдэж, орой бүр үлгэр уншиж өгөхийг зорьж ирсэн юм.

Охиндоо анх дөрвөн сартайд ном танилцуулж байжээ. Өвөр дээрээ суулгаад зурагт ном харуулж, чангаар уншиж өгөх тэр үеийн дулаан мэдрэмжийг охин маань ч бас мэдэрдэг гэж итгэдэг юм. Ингээд охиндоо бага сартайгаас нь эхлэн танилцуулсан, насан туршид нь номын санд нь байх хамгийн хэрэгцээтэй, хамгийн хайртай 10 номоо дэлгэн үзүүлье.


1 ой 9 сартай, бяцхан уншигч Сэцэнгоо


Охиндоо танилцуулсан анхны зурагт ном бол яах аргагүй "Гэдэс нь өлссөн авгалдай". Энэ бол идээд л идээд л байдаг авгалдайхан эрвээхий болж хувирах бяцхан, гайхалтай түүх билээ. Тодоос тод өнгөнүүд, хөөрхөн хайчилбаран зураглал нь хүүхдийн сонирхлыг татахгүй байхын аргагүй.

Энэ номоос эхлээд хүүхэд тодрон алаглах өнгөнүүдийг л сайтар тогтоон харж, дараа нь жимс нэрлэж, тоо тоолж, бяцхан авгалдай хэрхэн үзэсгэлэнт эрвээхий болох гайхалтай өөрчлөлтийг мэдэрч эхэлдэг. Охин маань нэгэн өдөр ном дээрх алимыг зааснаа хөргөгч рүү гүйж алим авна хэмээн нэхдэг болчихсон гээд боддоо. Ном дээрээс харснаа бодит зүйлтэй харьцуулан сурч буй нь энэ биз ээ.



Энэхүү картыг хүүхдэд зургаан сартайгаас нь эхлэн хэрэглэх боломжтой. Би ч мөн адил яг энэ үеэс л танилцуулж байсан юм. Хар цагаан өнгийн хоршил нь хүүхдийн харааны хөгжлийг дэмжих үүрэгтэйгээс гадна тод өнгийн зураглалтай номоос хар цагаан карт руу шилжихэд нүд амарч байгаа мэт санагддаг.

Монтессори хүмүүжлийн арга барилд анхлан танилцуулдаг номын төрөл нь хар цагаан карт байдаг юм билээ. Ялангуяа бяцхан үрдээ tummy time хийж хэвтүүлэх үедээ хар цагаан карт харуулаад үзээрэй. Хасуйгийн картууд Монголын ховордсон амьтдыг танилцуулахаас гадна гарт барихад эвтэйхэн, зөөлөн материалтай, булан нь дугуй учраас аюулгүй байдал талдаа давуу талтай.



Хатуу хавтастай, хөнгөн, дугуй булантай хүрч мэдэрдэг номууд бол яалтачгүй таны хүүхдийн анхны номуудын нэг байх учиртай. Энэ ном нь хуудас бүрдээ төрөл бүрийн материалууд оруулж өгсөнөөрөө онцлог.

Пластик, үслэг, ширүүн, зөөлөн гээд олон төрлийн материалыг хуруугаараа мэдэрч, хүүхдэд таниулах үүрэгтэй. Мөн хатуу хавтастай учир эдэлгээ дааж, өдөр бүр тоглоход тохиромжтой. Бид хоёрын танилцсан анхны хүрч мэдэрдэг ном бол "Лусын дагина".



Харин охины маань танилцсан анхны сөхөгддөг (Lift the flap) ном бол Where’s Spot болон Dear Zoo. Нэг харахад л охин маань номоо дэлгээд л нээгдэж хаагддаг, бүх хэсгийг нэгд нэгэнгүй сөхөж үзээд сууж байдаг юм. Сөхөгддөг номын давуу тал нь “Үүний цаана юу байгаа бол” гэсэн төсөөллийг хүүхдэд өгдөгт оршиж буй.

Нээж үзэхийнх нь өмнө “Ард нь юу байгаа болоо, чи юу гэж төсөөлж байна” гэж хүүхдээсээ асууж ярилцвал жинхэнэ бүтээлч ажил болно шүү. Эдгээр номууд мөн л хатуу хуудастай учир хүүхдийн гарын ая дааж, нэг хэсэгтээ л найзлах болно.



Биднийг бага байхад хэл яриа зүгшрүүлэх зорилготой түргэн хэллэг цээжлүүлдэг байсныг санаж байна уу? Орчин цагт харин тэрхүү түргэн хэллэгүүдтэй ижил зорилго бүхий яг ижил хэл яриа зүгшрүүлэх, сайжруулах маш хөөрхөн зурагт номууд гардаг болжээ.

Гурван сарын өмнө охиндоо Кимико багшийн “Юуны чимээ вэ?” бүтээлийг авч өгсөн юм. Энэхүү ном нь хуудас бүрдээ өөр өөр чимээг зурагтайгаар илэрхийлнэ. “Сссс сссс” энэ юуны чимээ вэ? гэхээр дагаад “Сссссс” гэж хэлнэ. “Иинх-хоо” гээд морь шиг тургихаар дагаад тургиж үзүүлнэ. Яг энэ үйлдлүүд нь хэл зүгшрүүлж, авиа дуудахад туслах ид шидтэй. Үг зөв дуудаж, чимээг ялгаж сурахад ч тусална. Түүнчлэн харандаан мэт зураглал нь цаанаа л зөөлөн мэдрэмж өгнө.



Дөнгөж төрсөн нярайд эргэн тойрны эд хогшил, ээж аавын дуу хоолой, цонхоор тусах нарны илчит гэрэл, хажууд нь хэвтэх жижигхэн тоглоом нь хүртэл цоо шинэхэн санагдаж, энэ хорвоо дээр танилцсан бүхэн нь “нээлт” болдог билээ. Тэр бяцхан нээлтүүдийг үрд минь өдөр бүр сануулах "Үр минь чамайг хүлээж байна" хэмээх бүтээл номын санд маань байдаг юм.

Хар дэвсгэр дээрх өнгөлөг зураглал нь хүүхдийн харааг тогтооход туслах учраас дөнгөж төрснийх нь дараа танилцуулж болно. Авсаархан учраас хүүхдийн жижигхэн гарт яг тохирно, жижигхэн гараараа хэчнээн удаа эргүүлж тойруулж үзнэ гээч. Энэ ном дээр хүүхэд сурч болох хамгийн энгийн үгсийг шигтгэсэн учраас үг сурахад нь тусална, үгийн давтамжийн сонголт нь хорвоог таних хүслийг өдөөх хөөрхөн сонголттой. 0-2 насныханд зориулсан учраас бяцхан маамуу байхаас нь танилцуулахад тохиромжтой.



Охины маань номын сангийн хамгийн содон хийцтэй ном. Бага сартайгаас нь эхлээд ч танилцуулж болох бөгөөд сонирхолтой хийцлэл нь яалтчгүй анхаарал татмаар. Бөөрөнхий нүхнүүдэд нь хуруугаа хийж үзээд л сониучирхах нь хараад л баймаар хөөрхөн гээч.

Байгалийн зөөлөн өнгө, сар нар од тэнгэр гал ус гээд эх дэлхийн элементүүдийг шингээж өгсөн нь бас л онцлог. Номоо бариад нар луу, гэрэл рүү харуулбал өнгө нь хувирч өөрчлөгддөг гээд бод доо, үнэхээр гоё хийцлэлтэй.



Энэ төрлийн ном бол дүрсэнд нь хуруугаа хийж, дүрд орон жүжиглэж, хүүхэдтэйгээ тоглон ярилцах боломжтойгоороо онцгой. Үлгэрийг нь уншиж өгөхдөө өргөлттэй, итгэл үнэмшилтэй янз бүрийн дуу авиагаар уншиж өгөх нь нэг л хоолойгоор уншихаас илүү үнэмшилтэй, хүүхдийн сонирхлыг татахуйц шүү дээ. Хүүхэдтэйгээ амьд харилцаа үүсгэхэд туслах хамгийн тохиромжтой номын төрөл гэж боддог. Охин маань “Бяцхан бүжин” цувралыг нь ээжтэйгээ тоглож, унших дуртай.



"Бүгд баадаг" ном бол хорвоо дэлхий дээр бүхий л амьд амьтан баадаг, амьтдын баас бүр янз бүрийн хэлбэр, хэмжээтэй байдаг, тэрийгээ хэрхэн өөр өөрийнхөөрөө “цэвэрлэдэг” талаар өгүүлэх бөгөөд анхлан бие засаж сурч байгаа хүүхдэд харуулмаар хөнгөн аятайхан ном.

Охиныхоо бие засдаг хэсгийнх нь дэргэд тавьчхаад, “эд нар ч бас яг чам шиг баадаг, чи харин бааж дуусчихаад оонжоогоо өөрөө арчиж, усаа татаж сурах хэрэгтэй шүү” гээд энэ номыг харуулдаг юм. Охин маань хөтөвчинд суухдаа “уу-ай, баба, жиш жиш” гэдэг болсон. Өөрөө бие даан биеэ засахыг амьтдын баах үйлтэй харьцуулж зурагласан нь үнэндээ л сонирхолтой.