Уул шиг их ажлынхаа орой дээр нь гарахад чихэвчээ зүүгээд, ямар нэгэн ая сонсох ихээхэн тусалдаг билээ. Алдарт Lofi Girl-с эхлээд дайн байлдааны хэмнэлтэй, сонгодог, хип хоп гээд олон төрлийн ая сонсдог надад Юүтүбийн санал болгох алгоритм ивээлээ харамгүй хайрлаж, хэзээг нь мэдэхгүй ч тэр нэгэн өдрөөс хойш Miyamoto Musashi гэх самурайн сэдэвт аяыг сонсдог болов. Хар цагаан зураг, аниме санагдуулам аяны цаана Мияато Мусаши гэх алдарт самурайн түүх оршиж байсныг саяхныг хүртэл мэдээгүй явжээ.
Мияамото Мусаши
Тэрээр 1584-1645 онд амьдарч байсан самурай юм. Хоёр илдний эрдмийг боловсруулж, түүнийгээ төгс эзэмшсэн тэрээр амьдралдаа 61 удаа халз тулаан хийхэд нэг ч удаа ялагдаагүй гэдгээрээ бүх цагийн хамгийн шилдэг самурай хэмээх албан бус нэрийн эзэн билээ. Түүний аав нь мөн сэлмийн эрдмийг гаргууд эзэмшсэн нэгэн байсан тул Мияамото Мусаши бага наснаасаа бэлтгэл хийж, улмаар 13 насандаа анхны халз тулааны ялалтаа авчээ.
Нас барахаасаа өмнөхөн Гагц өөртөө найдахуйн эрдэм, Таван тойргийн судар гэсэн хоёр бүтээл туурвисан нь өдгөө ном, манга зэргээр олны хүртээл болж, хувь хүний хөгжлийн нэгэн чухал дүр болоод буй. Эдгээр бүтээлийг Арвис паблишинг эх хэл дээрээ хөрвүүлэн уншигчдын хүртээл болгоод байна.
Гагц өөртөө найдахуйн эрдэм
- Үл тоомсорлон өнгөрөх зүйлс энэ ертөнцөд нэгээхэн ч үгүй болой.
- Махан биеийн хүсэл тачаалд автахыг цээрлэ.
- Аливаад хэт итгэж найдах нь бүтэлгүйтэхийн цондон.
- Өөрийгөө туйлын хөнгөнөөр, хорвоогийн юмс үзэгдлийг машид гүн гүнзгийгээр бодож болгоо.
- Сувдаг шунахай, бирд сэтгэлээс ангижир.
- Өнгөрсөнд бүү харамс. Болоод өнгөрсөн амьдралыг буцааж үл болно.
- Өрөөлийн нүгэл буянд бүү атаарх.
- Аливаад хэзээ ч бүү хоргодон гашууд.
- Элдэв муу муухайг тэвчин, өөртөө болон өрөөлд дургүйцэл, гоморхол бүү тээ.
- Хайр дурлалд зүрхгүй мэт байх нь өлзийтэй.
- Юуг ч бусдаас дээгүүр бүү тавь. Бүх зүйлд эн тэнцүү ханд.
- Тав тух, тааламжит байдал, тайван суурьшмал амьдралыг эрэлхийлэх хэрэггүй. Амттан шимттэнд бүү хэтрүүлэн дурла.
- Үе дамжсан эдлэл хэрэглэлээс зайлсхий.
- Тамир доройтох тул мацаг барихаас зайлсхий. Өөрийн биеийг хэзээ ч гаргуунд бүү орхи.
- Зэр зэвсгээс өөр эд агуурс бүү цуглуул.
- Тойрч үл чадах тул үхлээс бүү ай.
- Эд хөрөнгө бүү хураа. Өтлөх насанд цөв болуужин.
- Бурхад хийгээд Буддаг хүндэтгэвээс зохино. Гэвч амь амьдралаа даатгаж үл болно.
- Нэр хугарснаас амь хугарсан нь дээр буюу.
- Тулааны эрдэмд шамдаж, чигч шугамыг барьсу.
Шохогийн хоёрдугаар он (1645)
Хаврын адаг сарын арван хоёр дахь өдөр
Шинмен Мусаши
Таван тойргийн судар
Мияато Мусаши гэх нэр сүүлийн үед хувь хүний хөгжилтэй холбогдох болсон учир уншигч та магадгүй уг номыг самурайн зүгээс хэрхэн амьдрах вэ гэх асуултад хариулах хувь хүний хөгжлийн ном хэмээн андуурч магадгүй. Уншихаасаа өмнө би ч гэсэн тэгж л сэтгэж байв. Тийм ч учраас уншиж эхлээд л хувь хүний хөгжийн сургаалууд удахгүй эхлэх байхдаа гэсээр нэг л мэдэхэд ном дуусчхав. 90 хуудастай уг ном тэр чигтээ илдээр хэрхэн тулалдах тухай аж. Номын эхэн хэсэгт зохиолч өөрийн тухай цухас өгүүлэх ба түүнээс хойш шороо, ус, гал, хий, огторгуй гэсэн таван бүлгийн турш хэрхэн хоёр илдээр тулалдах, өрсөлдөгчөө хэрхэн дарах тухай өгүүлнэ.
Шороо: Өөрийн үүсгэсэн хоёр илдний аргын тухай
Ус: Хоёр илдний аргаар хэрхэн өрсөлдөгчөө буулган авах тухай
Гал: Тулааны үеэр хэрхэн оюун санаа, бие махбодоо ашиглах тухай
Хий: Бусад арга барилуудын сул талын тухай
Огторгуй: Хоосон чанарын тухай
Хамгийн сонирхолтой нь тулааны эрдмийн тухай өгүүлэх хэсгүүдэд зөвхөн тулаанд биш ажил, амьдралдаа хэрэгжүүлж болох олон хэсэг гарна. Жишээлбэл, Гал бүлгийн Гатлан гэтлэхүй дэд бүлэгт ийн өгүүлдэг:
Тулааны урлагт гатлан гэтлэх нь тун чухал ойлголт билээ. Тулаанд нэгэнт орсон л бол өрсөлдөгчийнхөө хэм хэмжээ, өөрийн хүчин чадал, ур чадварыг тулааны эрдэм дор бодон болгоож, ард нь гарахаас өөр сонголтгүй. Үүгээрээ тэнгис далайг гаталж буй далайчинтай яг ижил болой. Гаталсны дараа сэтгэл амран тайвширна. Үүний тулд санаачилгыг гартаа аван, өрсөлдөгчийн сул тал дээр тулгуурлан ялалтыг хурдан авагтун.
Энэ хэсэг амь өрссөн тулаанд нэг орсон бол гарах гарцгүй, үргэлжлүүлэн тулалдах ёстой гэсэн санааг агуулж буй бөгөөд тулаанаас гадна амьдрал дээр ч бодож байвал зохих сургаал юм.
Мөн Ус бүлгийн эхлэлд “Уг судрыг уншаад өнгөрснөөр тулааны эрдэмд үл нэвтэрнэм. Бэлэн зүйлийг хоосон унших, хуулбарлан дуурайх, тоть мэт цээжлэн давтахыг цээрлэ. Харин энд бичигдсэн үгс, тулааны эрдмийн үндэс, суурь, зарчмуудыг өөрөө нээн олж буй мэтээр сэтгэж, цаад утга учрыг ухан ойлгож, тулааны эрдэм зүрхэнд чинь орж, тархинд чинь суун, биеийн чинь эд эс болон шингэтэл сайтар сургуулилж, хичээн шамдагтун.” гэж өгүүлдэг нь мөн л бусад чадваруудад хамаарах билээ.
Энэ мэтээр уг ном тулааны урлагийн тухай мэт атлаа амьдралд хэрэгжүүлж болохуйц санаа, сэдлээр дүүрэн ажээ. Тэр бүгдийг задлахыг хүссэнгүй. Уншигч та өөрөө уншиж, билиг оюунаараа тунгаагаарай.