“Тунгалаг Тамир”, “Цаг төрийн үймээн”, “Үүрийн туяа” “Газар шороо” зэрэг хуучны зохиолуудыг уншаарай хэмээн ахмадууд захихын учир нь тэдгээрийн далай баян үгийн сан, яруу найруулгыг ажиж, одоогийн залуус бидний хэдийнээ мартсан соёл, уламжлалаа сэргээн санаасай гэснийх биз ээ.      

Тийнхүү сайн багшийнхаа зөвлөснөөр зохиолч Д.Маамын “Газар шороо” романы нэгдүгээр дэвтрийг барин тавьсаар уншиж дууслаа. 1911-1921 оны үеийн Дарьганга хошуу болоод монголын түүхэн үйл явдлуудыг өгүүлэх уг гурамсан романыг бүхлээр нь тоймлоход чадал дутах тул сонирхолтой байж болох нэгэн хэсгийг хуваалцахаар шийдлээ.      

Тодруулбал, Дарьгангачуудын нэн сонирхолтой, бэр гуйх уламжлал болон бидний мэддэг боловч төдий л хэрэглэхээ больсон зүйр цэцэн үгс, онцлох хэлцүүдийг түүвэрлэснээ хуваалцъя. 

товчилбол

Романд монголчуудын соёлын өвийн олон арван илэрхийллийг өгүүлэх ба хурим хийх, овоо тахих, нас уртасгах, хараал хариулах зан үйл, бүр сонин нь эр хүнийг өөртөө татах “вандуд” хэмээх зан үйл хүртэл гардаг. Зөвхөн энэ романаар “Утга зохиол, урлаг” сониноос зохиолч, шүүмжлэгчдийг оролцуулсан дугуй ширээний ярилцлага хийж, үзэл сурталд нийцэхгүй байна хэмээн өөлсөн шүүмжүүд ч гарч байж. Бүр сонирхолтой нь “Газар шороо” романыг соёлын илэрхийлэл талаас нь таван жил судалж, докторын зэрэг хамгаалсан соёл судлаач хүртэл бий.

Романы жаран дүр дотор Хангай Базар, Бух Дагдан, Бээжин Даш гээд л монгол, хятад, манж олон янзын хүмүүс гарах бөгөөд тэр дундаа шилийн сайн эрсийн тухай яруу тодоор өгүүлнэ. Хятадууд монгол нутагт тариа тарих гэхэд нь монгол эрчүүд сүргээр нь адуу туун аваачиж бужигнуулан эсэргүүцэж байгаа арга нь хүртэл цаанаа нэг л өвөрмөц. Зохиолч яг л тухайн нутагт бодитоор болж өнгөрсөн үйл явдлыг уран сайханжуулж, амилуулж бичсэн аж.

зохиолчийн тухай

“Газар шороо” романаас гадна бидний сайн мэдэх “Мартах эрхгүй”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Цөвүүн цагийн Богд” зэрэг кино зохиолууд туурвисан Д.Маам нь 1935 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт төржээ. Аймагтаа Орос хэл, уран зохиолын багш, Ардын Гэгээрлийн яаманд хүүхдийн утга зохиолын газрын редактор хийж, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын түүхч мэргэжлээр төгсжээ. Хятадын гадаад бодлогоор дэд эрдэмтэн болсон үедээ “Газар шороо” романаа эхлүүлж, 16 жил бичсэн гэдэг.


Дарьгангачуудын бэр гуйх ёсон 

Зохиолд уулын Ду ноён эрт цагийн өндгөн сүйгээ задлахаар Чимэд авгайн гэрт ирж, Цолмон хүү, Цэвцэгдаринаа охины хуримын тухай ярилцана. Тийнхүү бэр гуйх ёслолоор дамжуулан дарьгангачуудын уламжлалт зан үйл, хувцасны соёл, чамин өмсгөл зүүсгэл, ерөөл магтаалын үг, найруулгын тухай нэн дэлгэрэнгүй өгүүлдэг.

Өндгөн сүй: Хоёр талын эцэг, эхийн бодол санаа, хувь тавилангийн оноо заалтаас хулгаж зайлах эрх тэр охинд байсангүй. Алтан овооны энгэрт өндгөн сүй тавьсан ч нөхөртөө очоогүй бэр байсан уу? Тийм амгайгаа хазлан, толгойгоо булаалдан давхих байдсан гүү мэт охин хүүхэд ер төрсөн гэж үү? Байдсан гүү ч мөн ялгалгүй өглөө хазаар байвч, орой ташуур болдог бус уу гэх зохиолчийн эргэцүүлэл нь өндгөн сүйний андгай гэдэг хайр сэтгэлээс ч давсан хатуу ёс болохыг харуулна. Хэрэв одоо цагт өндгөн сүйгээ задалъя хэмээн танихгүй хүн ирвэл хүлээж авах эмэгтэй бий болов уу.

Хадаг өргөх ёслол: Өндгөн сүйгээ задлахаар ирсэн Уулын Ду ноён хэдэн сайхан таж магнаг хадаг гаргаж хүүхний эхэд нэгийг нь, үлдсэнийг нь тэдний бурхан, айргийн домбо, чагтага тэргүүтэнд зална.



Үүдэн даруулга: Хуримын өдөр гурван морьтныг явгаар гэрийг нь нар зөв эргэн ирэхэд үүдээ урт цагаан баганаар дарчихсан угтах нь тэр. Учир нь монгол ёсонд баганан дээгүүр явган алхах байтугай мориороо гишгүүлж гардаггүй билээ. Гэрийн үүдийг ийнхүү баганаар бөхлөн дарах нь хадамд гарах бэрийн цэвэр ичимтгий чанар, орон гэрээ хүндэтгэхийн их ёс, дагиныг хадгалсан айлын эрхэм ихэмсэг байдал тэргүүтнийг илэрхийлэн тогтсон олон зуун жилийн уламжлал бүхий зан үйл ажээ. Энэхүү үүдэн даруулгыг тайлахаар бэр, хүргэний талын дагуулууд үг хаялцаж, олныг цэнгүүлэх ший тоголох нь хуримын нэгэн ёс аж.

Бэр залах нь: Бэр залахаар ирсэн зочдод чанаж бэлтгэсэн хонины хунт шаант, дөрвөн өндрийг барихад хүргэн дөрвөн хавирганы махыг нь шулж идээд, шаантны хэсгээс огтолж бэрд өгүүлнэ. Энэ үед хадам эх мөнгөн аяганд сүү мэлтэлзтэл дүүргээд нэгэн сумны хамт хүргэндээ барина. Гэрийн эзэн голомтынхоо буян хишгийг охинтойгоо цуг явуулахгүй гэж бэсрэгэн алх мэт бага гарын сүхээр тулганыхаа цагариган дээр дарах нь бэрийг мордуулахад хүүхний тал бэлэн боллоо гэх дохио аж. Үүнийг ажсан хүргэн бэргэд хэмээгдэх олон хүүхнээс эхнэрээ шүүрэн авч моринд мордуулан одно. Бэргэндэж буй олон шадар эмсийн дотроос хамгийн дотно бэргэн бэрийн алтан цулбуураас хөтлөх нь нэгэнт хүний эрхээр төрсөн гэрийн босгыг гадагш алхаж, айлын морин дээр мордсон тул хүний хүн болсон гэдгийг хүлээсний тэмдэг ажээ.

Санууштай зүйр, хэлц үгс 

Дарьгангачууд цэцэн билигтэй, өвөрмөц хэллэгтэй ард түмэн аж. Зохиолд “Бух Дагдангийн ээж аазай болсон хүн байсан” гэж бичсэн байдаг. Аазай гэдэг нь нутгийн аялгууны үг бөгөөд чавганц, их өндөр настай гэсэн үг. Мөн “Миний өөшхөө одоо л эр хүн болж байна даа” гэх өгүүлбэрийн өөшхөө гэдэг нь одоогийнхоор үе тэнгийн хүн, найз гэсэн үг аж. Зохиолч энэ мэт дарьганга нутгийн аялгууны хэлээр бүтээлээ туурвисан бөгөөд бидний тэр бүр яриа, бичгийн хэлэндээ хэрэглэхээ больсон зүйр цэцэн үгс, хэлцүүдийг яруу найруулан ашигласнаас онцлон түүвэрлэсэн юм.

  • Хуучин юм ул болж, шинэ юм зул болох
  • Өглөөний цайг дүүрэн уувал өдрийн жаргал
  • Өвөл, хавар хоёр хавчиж зун үзэхийг болино
  • Өнгө, мөнгө хоёр хавчиж хууль үзэхийг болино
  • Өтгөсийг үдэх хорвоо, нялхсыг угтах жамтай
  • Дамын үг далан худалч
  • Төр сохор бол түмэн сохор
  • Өглөө ташуур, орой хазаар
  • Бага хүнд ах, ах хүнд дүү болж яв
  • Урдаас ирээд уурга минийх, уурга бариад адуу минийх
  • Зуд болоход нохой зоолдог
  • Гуйлгачин хүн гурав болбол омог нь барагдахгүй
  • Ноён урваач, нохой шарваач
  • Мянган хүний зүс үзсэнээс нэг хүний нэр тогтоо
  • Өнтэй өвөлжиж, өөхтэй хаваржиж, зунтай зусаж байна
  • Хоёр ноён харц ардаа хувааж иддэг, хоёр гүрэн буурай Монголыг хувааж талхилах
  • Борооны түрүүнд шороо
  • Өнгөн дээр өнхөрч, мөнгөн дээр мөлхөх
  • Үг олдож, үрээ оройтов