Юу уншив булангийн шинэ дугаарт тун ч ховорхон зочин соньхон ном дэлгэв. Орчин үеийн соёлт монгол хүний чихэнд чимэгтэй бүхнийг мэдээлэх уриатай duuren.life сайтын эрхлэгч Б.Бат-Амгалан туршлагатай сэтгүүлч, олон арван номыг эх хэлнээ өлгийдөлцсөн редактор билээ. 

Өдийг хүртэл үүн шиг зугаатай ном уншаагүй л явна хэмээн И.Ильф, Е.Петров нарын “Алтан тугал” романы тухай өгүүлснийг хүргэе.   

Энэхүү булангийн зочид өөрсдийн шимтэн уншсан, онцлох номын талаар бодол оюун, сэтгэл зүрхээрээ хэрхэн мэдэрснийг хүүрнэх бөгөөд гагцхүү хувийн үзэмж, өөрийн харах өнцгөөс тухайн бүтээлийг дүгнэж буй нь энэ юм.

Unread

ТУС НОМЫГ НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР ИЛЭРХИЙЛБЭЛ  

Бурангуй, харанхуй, гаднаа гяланцаг, дотроо паланцаг нийгэмд хүний хурц ухаан, эрүүл саруул хүсэл мөрөөдөл ямар тод харагддаг, гэвч эцэстээ хүчгүйдэн юу ч биш болж хувирдаг тухай гунигтай сэдвийг ер бусын хөгжилтэйгээр өгүүлсэн ном.

ХЭЗЭЭ, ХЭРХЭН УНШИХ БОЛОВ?

Миний багад буюу наяад онд “Зөвлөлт Холбоот Улс” гэж сэтгүүл монголоор гардаг байсан юм. Гуанзанд хуушуур идэж байгаад тэр сэтгүүлийн тасархайг олж үзсэн чинь нэг зохиолын хэсэг байна. Нэг тийм эгэлгүй адал явдалтай зохиол шиг санагдаад их сонирхсон боловч яг хэний ямар зохиолыг мэдэж чадаагүй, баатрынх нь нэрийг л цээжлээд үлдсэн юм. Сүүлд есдүгээр ангидаа Их дэлгүүрийн дэргэдэх орос номын дэлгүүрт явж байгаад нэг ном яагаад ч юм жигтэйхэн сэтгэл татахаар нь нээгээд үзтэл өнөө зохиол мөн байв. Тэгээд л ухаангүй уншсан даа, олон ч уншсан. Уул нь “Арван хоёр сандал”, “Алтан тугал” гэж хоймсон роман юм, надад бол адал явдал нь ч, алиа хошин нь ч илүү санагддаг нь “Алтан тугал”.

юуны тухай өгүүлдэг вэ?

30-аад оны эхэн үеийн Зөвлөлт орон. Хувийн өмч гэж байхгүй, хүн цалингаас өөр орлоготой байж болдоггүй нийгэмд саятан болох мөрөөдөлтэй нэг хосгүй сэргэлэн эр хотоос хот дамжин явж тэнэг мангуу, нэрэлхүү, шуналтай янз бүрийн улсыг өөр өөрт нь таарсан маш уран нарийн бөгөөд зугаатай аргаар маллан мөнгө салгаж амьдарна. Хүний л хорвоо юм болохоор хулгай луйврын аргаар мөнгө олж хураагаад саятан болчихсон, тэрийгээ үхтлээ нууж явдаг хүмүүс бас мэр сэр байдаг байж л дээ. Саятан гэдгээ мэдэгдвэл шууд хэрэгт орох учраас тэрнээсээ үхтлээ айна, мөнгөө ил гаргаж хэрэглэж чадахгүй, нуугаад л байна. Нэг тийм хүн байдгийг мэдэж аваад мань эрээс мөнгийг нь салгахын тулд араас нь хөөцөлдөж өгнө дөө, ёстой л муур хулгана болно. Тэр саятан өөрөөс нь огт дутахгүй толгой сийрэг, хурц ухаантай нөхөр. Амаргүй тэмцэл тул хань хэрэгтэй. Тиймийн учир зам зуураас олиггүй, бүтэл муу, тэгсэн мөртлөө их санаатай хоёр этгээдийг олж, шуналыг нь далимдуулж зорилгодоо ашиглахаар хань бараа болгож аваад хэдүүл өнөө нөхрийн хойноос Орос орныг бараг хөндлөн гулд туулна.

Энэ бүхнийг өгүүлж буй ёгтлол, егөөдөл, хошинд бол хязгаар байхгүй. Уншаад инээдэггүй өгүүлбэр энэ номд бараг байдаггүй, надад лав. Хосгүй гоё хошноосоо гадна адал явдалт, мөн киногоор бол road movie маягийн үйл явдалтай учраас миний сэтгэлийг тэгж их татсан байх.


ТОДХОН САНАДАГ, ӨНГӨТӨӨР ДҮРСЛЭГДДЭГ ХЭСЭГ

Дөрвөн луйварчин өнөө саятны араас машинтай хонон өнжин явдаг. Тэгж яваад олон хоногийн буюу алсын замын машин уралдааны замд санаандгүй нийлээд нэг тосгонд орж очсонд тосгоныхон уралдаанд түрүүлж яваа машин ирлээ хэмээн андуурч угтдаг, хамаг байдгаа барьдаг тэр хэсэг.

ЭНЭХҮҮ НОМООС АВСАН МЭДРЭМЖЭЭ ЗУРГААР ИЛЭРХИЙЛБЭЛ

ХЭНД САНАЛ БОЛГОХ ВЭ?

Дэлхийн хошин шог зохиолын нэг сонгодог гэдгийг нь бодож хэн бүхэн л уншаасай гэж санана. Хорь, гучаад оны Зөвлөлтийн бодит байдлыг мэдэхгүй ялангуяа залуу үеийнхэнд ойлгомжийн хувьд харин ямар бол л гэхээс биш. Ц.Гомбосүрэн гуай монголоор хоёуланг нь орчуулсан. Гэхдээ оросоор нь уншвал бүр сайн.