Таны худалдан авсан ухаалаг утас, угаалгын машинаас авахуулаад бүхий л техник хэрэгсэл яаж арчлах, алдаа гарвал хэрхэн засах тухай өч төчнөөн зөвлөгөө бүхий заавартайгаа ирдэг. Гэвч нэмэлт сэлбэг хэрэгслээр тоноглох боломжгүй, ямар ч заавар дагалдаж ирдэггүй өөрсдийн бие махбоддоо бид хэтэрхий хуумгай ханддаг мэт.
"Эрүүл явбал улсын наадам үзнэ" хэмээн их найрагчийн хэлсэнчлэн өвчин зовлонгоос холуур байж гэмээнэ хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэх боломжтой шүү дээ. Тиймдээ ч бид энэ удаагийн нийтлэлээрээ эрүүл оршихуйг хүсэмжлэгч хэн бүхний уншвал зохих номуудыг тоймлон хүргэхээр шийдсэн билээ.
1. HOW NOT TO DIE
"Идсэн бүхэн тань эм, уусан бүхэн тань рашаан болог ээ" хэмээн монголчууд өнө эртнээс ерөөсөөр ирсэн түүхтэй. Бид эрүүл хооллох нь урт удаан наслахын эх үндэс хэмээн залхтлаа сонссон ч чухамдаа ямар хүнс хэрэглэвэл өвчин эмгэгээс өөрсдийгөө сэргийлж чадах тухай ул суурьтай мэдлэгээр хомсхон байх нь бий.
Тэгвэл долоон жилийн тэртээ хэвлэгдэн гарсан цагаасаа хойш Нью Иорк Таймсын шилдэг номын жагсаалтыг одоог хүртэл тэргүүлсээр буй How Not To Die номын зохиолч Майкл Грегер орчин цагийн хүмүүсийн нас баралтын зонхилох шалтгаан болсон өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн боломжит арга нь зөв хүнс хэрэглэх юм хэмээн үзэж, шинжлэх ухааны маш олон судалгааны үндсэн дээр энэхүү санаагаа нотолж чадсан билээ.
Зөвхөн Америкт гэхэд зүрхний шигдээс, цусны даралт, чихрийн шижин, төрөл бүрийн хорт хавдар, Паркинсоны өвчин гэх мэт халдварт бус 15 өвчний улмаас жил бүр 1.6 сая хүн нас бардаг бөгөөд хамгийн харамсалтай нь хэрвээ эрүүл хүн хоол хүнсээ л зөв тохируулаад сурчихвал эдгээр эмгэгээс өөрийгөө бүрэн сэргийлэх боломжтой аж. Энэхүү номдоо Доктор Грегер бидний өдөр бүр хэрэглэх ёстой арван хоёр хүнсийг жагсаан тэдгээрийн шим тэжээл, ямар өвчнөөс сэргийлэх, хэрхэн боловсруулах гээд баялаг зөвлөгөөг багтааснаараа онцлог.
Танай гэр бүлд түрүү булчирхайн хорт хавдартай хүн байсан уу? Тэгвэл та үнээний сүү өдөр бүр уухын оронд хааяадаа ч болов маалингын үрийг хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй. Цусны даралт тань ойрын үед ихсээд байна уу? Цангис жимсийг санагдуулам часхийсэн амттай хибискус цэцгийн цайг оройдоо уучхаж бай. Даралтын эмтэй тэнцэхүйц үр дүнтэй бөгөөд элдэв гаж нөлөө үзүүлэхгүй гэдгээрээ давуу талтай.
Бид бүгд хэзээ нэгэн цагт энэ хорвоог орхих нь жам ёсны үзэгдэл. Гэсэн хэдий ч амьдралын хэв маягаа өөрчилж, хоол хүнсэндээ эрүүл сонголт хийх боломж байсаар атал дөргүй бух шиг зөрүүдэлсээр өвчний үүр болж дуусвал үнэхээр харамсалтай биш гэж үү? How not die таны юуг, яаж, хэрхэн хэрэглэх цогц гарын авлага тань болох тул эрүүл мэндийнхээ төлөө энэ номоор өөртөө хөрөнгө оруулаарай.
2. WHY WE SLEEP
Нойр бидэнд амин чухал гэж бүгдээрээ мэдэх ч яагаад гэдгийг нь хангалттай сайн ухаарсан байдаг бил үү?
Ой тогтоолт сайжруулах, дааврын тэнцвэр хадгалах, тархинд хуримтлагдсан нейротоксиныг зайлуулах, дархлааны тогтолцоог сайжруулах гээд биологийн маш олон үйл явцад нойр шууд нөлөөлдөг. Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг гэвэл нойрны талаар бид хангалттай сайн мэдлэгтэй байх нь зайлшгүй мэт.
“Өсвөр насныхан өглөө эрт босож чаддаггүй нь залхуугийнх биш харин биологийн үйл явцтай холбоотой. АНУ-ын ахлах сургуулиудын 86 хувь нь өглөөний 8:30 аас, 10 хувь нь 7:30-аас хичээллэж эхэлдэг. Хэрэв энэ цагаас арай оройхон эхэлбэл хичээлийн ирц сайжирч, шалгалтын дүн дээшлэн тэр бүү хэл стрессийн түвшин элдэв ослын тоо ч багасна. ”
Энэ мэтчлэн орчин цагийн нийгэм нойронд хандах болсон хандлага, нойргүйдлийн тухай улмаас үүсдэг өвчин зовуурь болон түүнээс сэргийлэх арга, гүн нойрны ач холбогдол, зүүдний ертөнцийн талаар нойрсохуйн шинжлэх ухааны эрдэмтэн Мэттью Уолкер Why we sleep номондоо хүн бүхэн ойлгохуйц хялбар байдлаар тайлбарлан бичсэн байдаг. Хэрэв та шөнө бүр орондоо хөрвөөсөөр өглөөтэй золгохоос залхаж буй бол энэ алдарт бүтээлийг заавал уншаад үзээрэй хэмээн зөвлөе.
3. THE BODY KEEPS SCORE
Бие махбодь болоод сэтгэлзүйн гэмтэл гэдэг бидний амьдралын аль нэг мөчлөгт тохиодог, бултах аргагүй бодит үнэн. Дайнд явсан цэрэг эрс тулааны талбар дээрээс амь гарлаа ч бөмбөгдөлт, дэлбэрэлтээс үүдэлтэй сэтгэлзүйн зовлон тэднийг болон гэр бүлийнхнийг нь насан туршид зовоодог.
Түүнчлэн судалгаагаар таван америк хүн тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж, дөрвөн хүн тутмын нэг нь архичинтай өсөн гурван хос тутмын нэг нь бие махбодийн хүчирхийлэлд өртдөг гэхээр нийгэмд сэтгэлзүйн гүн трауматай хүмүүс бидний бодсоноос хамаагүй олон болох нь илэрхий. Тэрхүү сэтгэлзүйн траума нь хүний оюун ухаан, сэтгэл хөдлөл, тэр ч байтугай бие организмд хүртэл гүн ул мөрөө үлдээж, хэвийн амьдрах боломжоос нь хомсолж байдаг аж. Харамсалтай нь гэмтэл авсан хүмүүс энэхүү стрессээсээ болж зөвхөн өөрөө зовоод зогсохгүй хамтран амьдрагч үр хүүхдэдээ хүртэл дамжуулдаг.
Гэмтлийн чиглэлээр мэргэшсэн тэргүүлэгч доктор Бессел ван дер Колк нь орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт аргуудыг ашиглан гэмтэл нь бие махбодь болон тархинд хэрхэн нөлөө үзүүлдэг болохыг энэхүү бүтээлээрээ тайлбарлажээ.
Ван дер Колк 30 гаруй жилийн турш хүчирхийлэлд өртсөн, дайнаас эргэж ирсэн маш олон хүмүүстэй хамтран ажиллаж, судалгаа хийсний дүнд тэдний оюун ухаанаас арилж чадахгүй байгаа хүнд мэдрэмж, траумаг бага багаар илааршуулах аргыг олж нээсэн юм. Амьдралд арилшгүй бараан толбо болон үлдээсэн муухай дурсамжийг ор тас мартах гэж хичээх эсвэл дурсамж дундаа живэх аль аль нь үр дүнтэй арга биш бөгөөд сэтгэлзүйн эмчилгээ авах боломжгүй хүмүүс хэрхэн шархаа эдгээж болох тухай энгийнээр тайлбарласнаараа энэ ном давуу талтай.
4. BORN TO RUN
Хамгийн энгийн, үр дүнтэй, хялбар дасгал хөдөлгөөн бол яахын аргагүй гүйлт. Гүйхэд танд үнэтэй тоног төхөөрөмж, бүрэн тоноглосон дасгалын заал, тусгай хувцас хэрэгсэл шаардлагагүй. Гэвч бид үүнийг мэдэхийн дээдээр мэддэг хэрнээ л өглөө босоод тогтмол гүйдэг нь, за больё гэхэд гэр ажил хоёрынхоо хооронд алхаад явдаг нь хэд билээ? Та гүйхийн ач тусыг хангалттай ухамсарласан ч өглөө босоод пүүзээ углах эсэхдээ эргэлзсээр байгаа бол Born to Run номыг санал болгоё.
"Миний хөл яагаад өвдөөд байна?" гэх энгийн асуултаар эхэлсэн энэ ном таныг санаанд багтамгүй адал явдал, гайхамшигтай дүрүүд, спортын гялалзсан амжилтуудаараа хуудас эргүүлэх тусам соронзон мэт татна хэмээн амлая.
Номын зохиогч Кристофер МакДугалл Хойд Америкийн зэлүүд газарт нутаглах Тарахумара хэмээх индианчуудын овог дунд хэсэг хугацаанд амьдрах явцдаа олон зуун жилийн турш тэд хэрхэн хэдэн зуун км замыг амралтгүйгээр гүйж, бугнаас эхлээд олимпийн марафонч хүртэл бүх зүйлийг хөөж, км бүрийг таашаалтайгаар туулж чаддаг нууцыг хайхаар шийджээ. Тэдний энэхүү ер бусын авьяас чадвар нь цоо эрүүл бие махбодь болон сэтгэлзүйн тайван амгалан байдалтай нь хоршин орчин цагийн хүмүүсийг хамгийн их зовоож буй төрөл бүрийн өвчнөөс хана хэрэм мэт хамгаалдаг болохыг ч олж харсан аж.
Born to Run бол аз жаргалын нууц ердөө таны хөлд байдгийг, мөн та бид бүгдээрээ гүйх гэж төрсөн гэдгийг ухаарахад оюун санааг хөглөөд зогсохгүй бие махбодийг хүртэл бүхэлд нь сэргээж чадах ховорхон бүтээл билээ.
5. ГЭДЭС
Амтат зоог хэлбэрээр аманд орсон хоол хүнсний аялал ариун цэврийн өрөөгөөр төгсгөл болдог. Идсэн хоол маань дунджаар 48 цагийн турш бидний биеэр аялах явцад түүнийг боловсруулахад хамгийн их үүрэг гүйцэтгэдэг эрхтэн бол гэдэс юм. Гэдэс маань бидэнд тархи, зүрхнээс дутахгүй чухал атал бид гэдэснийхээ талаар маш бага мэдлэгтэй явдаг нь гайхширмаар.
Номын зохиолч Жулиа Эндэрс хүний биеийн хамгийн шоовдор эрхтэн болох “гэдэс” нь үнэндээ хүний биеийн хамгийн нарийн, чухал төдийгүй хамгийн гайхалтай бүрэлдэхүүн хэсэг болох тухай бичсэн. Анх гэдэсний хямралын шалтгаантай өвчин туссаныхаа дараа өөрийн бие махбодын үйл ажиллагааны талаар илүү ихийг мэдэх хүсэлдээ хөтлөгдсөн Эндэрсийн судалгаа яван явсаар биеийн шим тэжээл шингээх явц, гэдэсний бактери зэрэг нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаарх сүүлийн үеийн нээлтүүд рүү хөтөлжээ.
Гэдэс номыг уншихад тун ч хөгжилтэйгээс гадна эрүүл мэнд, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны тухай мэдээллийг цогц байдлаар авч болно. Гэдэс ямар гайхамшигтай үйл ажиллагаа явуулдаг тухай болон гэдэсний бактериуд таргалалт, харшил, цаашлаад Альцхеймерын өвчинд ч нөлөөлдгийг та энэ бүтээлээс унших боломжтой.
6. АМЬСГАЛ
Бидний уушги яг л агаар үлээгчтэй адил зарчмаар ажиллах бөгөөд агаарыг гаргах тоолондоо хүчилтөрөгчийг оруулж, биед хэрэгцээгүй нүүрстөрөгчийн давхар ислийн хийг шахан гаргадаг. Хүн тайван үедээ минутад 12, дасгал хөдөлгөөн хийхдээ 20 гаруй удаа амьсгалдаг гэвэл жилд ойролцоогоор 8.5 сая удаа амьсгалдаг байх нь.
Хүний огт бодолгүйгээр хянадаг цөөн автомат үйлдлийн нэг амьсгалах. Гэвч амьсгал гэдэг та бидний бодож буй шиг энгийн үйл явц биш болохыг “Амьсгал” ном танд ойлгуулна. Бидний авсан амьсгал бүрээр биед орох хэдэн тэрбум молекул биеийн эд эсэд нэвчиж, хаа хүрэх вэ гэдэг нь агаар хамраар орж ирсэн үү, амаар орж ирсэн үү, хэр хурдан, хүчтэй, гүн, удаан амьсгалж байгаагаас хамаардаг аж. Хамраар амьсгалах, амаар амьсгалах хүний биед ямар нөлөө үзүүлдэг, ямар ялгаатай гэдгийг батлан харуулахаар зохиолч Стэнфордын судлаачидтай хамтран өөрийн бие дээр туршилт явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгөхийг зорьжээ.
Цаашлаад буруу амьсгалаас үүдэлтэй асуудлууд хэзээнээс эхлэв, үүний уг үндэс юу байв гэдгийг эрж хайх явцдаа эртний хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллолт, эрүүл мэнд ямар байсныг судалж, эрдэмтдийн хөгжүүлсэн амьсгалын дасгал техникүүд хүний биед хэрхэн ач тусаа өгдгийг тайлбарласан байна. Гүнзгий гэгч нь амьсгаа авах ч завдалгүй хөдөлмөрлөж буй өнөөгийн завгүй нийгэмд өөрийнхөө дотор болж буй гайхамшигт үйл явцыг анзааран нэг харч, зөв амьсгалж сурахад тань эл ном гарцаагүй туслах биз ээ
7. САХАР
Нэрнээсээ л юуны тухай өгүүлэх нь ойлгомжтой тус бүтээлийг өдгөө Лондон хотноо амьдарч буй шим тэжээл судлаач Л.Энхзул туурвисан юм. Амттанд дурлах хүслээсээ үүдэн нэг л өдөр арьсны өвчинтэй болсноо ухаарсан тэрээр чихэрлэг болон хэт боловсруулсан хүнсний хэрэглээгээ бага багаар танаж, шимтэй, шинэхэн хүнсний төрөл зүйлээр хоолны цэсээ баяжуулснаар амьдралдаа олон эерэг өөрчлөлтийг авчирчээ. Шим тэжээл тэр дундаа сахар хүний биед хэрхэн задардаг, урт хугацааны тогтмол хэрэглээ нь эрүүл мэнд цаашлаад сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг талаар судалсныхаа эцэст хуримтлуулсан мэдлэгээ хүн бүхэнд түгээх сэдлийн үндсэн дээр зохиолч маань энэхүү номоо бичсэн аж.
Дэлгүүрийн лангуугаар дүүрэн чихэрлэг хүнс өрөөстэй байгаа энэ үед хүнс тэжээлээ хэрхэн зохицуулан тэнцвэртэй хэрэглэх тухай сэдвийг олон талаас нь харж, судалгааны дүнгүүд дээр жишиглэн, шинжлэх ухаанч мэдлэгийг энгийн байдлаар тайлбарлан хүргэсэн гэдгээрээ “САХАР” ном онцлогтой.
Одоогоос 200 жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн бүтэн жилийн сахарын хэрэглээг бид хоёрхон долоо хоногт хэрэглэдэг болсон гэдгийг та мэдэх үү? Номын эхний бүлэг дээр “Чихэрт донтсон эсэхээ мэдэх хамгийн энгийн арга бол 48 цагийн турш огт чихэрлэг хүнс идэхгүй байж үзэх. Үнэхээр онцгүй мэдрэмж төрж байвал та чихэрт донтсон гэсэн үг” хэмээх хэсэг байдаг юм.
Хэрэв та энэ нийтлэлийг бичиж суугаа надтай адил 48 цаг битгий хэл дөрвөн цаг өнгөрөхөд л амттай аяган бялуу, хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнсний тухай зогсоо зайгүй бодож байвал өөрийгөө “архаг чихэрчин” болсон гэдгээ хүлээн зөвшөөрч, нэн дариу сахарын хэрэглээгээ бууруулах талаар нухацтай бодож эхлэхийг хүсье. Харин хаанаас, яаж эхлэхээ мэдэхгүй байвал энэ номыг гарын авлагаа болгоорой.
8. шим тэжээл
"Уг бүтээлийг бичих болсон миний гол зорилго бол эрүүл амьдралын хяналтыг таны гарт авч ирэхийг хүссэндээ, шим тэжээл болон эрүүл мэндийн нарийн уялдааг энгийнээр тайлбарлахыг хичээлээ. Өөртөө өгөх хамгийн том бэлэг бол эрүүл бие, аз жаргалтай сэтгэл. Энэ амьдралд танд ирсэн хамгийн том бэлэг бол таны амьдрал." Номын зохиолч Б.Билгүүн
Органик химич, доктор Б.Билгүүний бичсэн уг ном нь танд эрүүл хооллолтын ертөнц болон макро болон микро элементүүдийн чухал үүргийн талаар энгийнээр илүү гүнзгий ойлголт өгөх зорилготой. Өдөр тутамдаа хэрэглэх хүнсний сонголтоор дамжуулан таны сайн сайхан эрүүл байдлыг нэмэгдүүлэх төдийгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх ойлголтыг бий болгоход туслах зорилготой уг бүтээлийг эрүүл мэндийн амьдралын хэв маяг цогцлоохыг хүсэж буй хэн бүхэнд санал болгож байна.
9. ultra-processed people: why do we all eat stuff that isnt food...
Уг ном нь Ultra Processed буюу хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүд (ХБХБ) хүний эрүүл мэнд, нийгэм, хүрээлэн буй орчинд хэрхэн хор хөнөөл учруулж байгааг гүнзгий судалсан бүтээл. Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, хувийн туршлага, соёлын шүүмжлэлийг хослуулсан уг баримтат бүтээл үйлдвэрийн аргаар боловсруулсан эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд бидний өдөр тутмын амьдралд ямар том аюул дагуулж буй тухай өгүүлдэг.
Номонд ХБХБ-уудын донтуулах шинж чанар, таргалалт болон архаг өвчний тархалттай холбоо, бие махбодь, оюун санаанд үзүүлэх сөрөг нөлөөг тодорхой харуулжээ. Уншигчдад эдгээр сөрөг нөлөөг бодитоор мэдрүүлэхийн тулд зохиолч бүтэн нэг сарын турш зөвхөн ХБХБ-г хүнсэндээ хэрэглэж, өөрийн биед гарсан өөрчлөлт, эрүүл мэндэд үзүүлсэн хор уршгийг тодорхой баримттайгаар хуваалцсан нь номыг илүү амьдралтай болгож өгсөн юм.
Түүнчлэн орчин цагт чухам яагаад хэдэн зуун сая хүн ХБХБ-ыг зайлшгүй хэрэглэж байгааг нийгмийн тэгш бус байдлын үүднээс тайлбарлаж, хувь хүн болон бодлого боловсруулагчдад зориулсан хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийг санал болгож, асуудлыг том зургаар харж чадсан нь ижил төрлийн бүтээлүүдээс давуу талтай юм.
10. eve: how the female body drove 200 million years of human evolution
Сүүлийн санал болгож буй ном маань хувьслын түүхийг эмэгтэй хүний өнцгөөс тайлбарлан бичсэн бүтээл.
Тодруулбал, сарын тэмдэг, цэвэршилт, төрөхийн өвдөлт зэрэг эмэгтэйчүүдийн онцгой шинж чанарууд зөвхөн биологи бус, нийгэм, соёлыг хүртэл хэрхэн өөрчилсөн тухай өгүүлдэг. Эмэгтэйчүүдэд тулгардаг бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд зориулан үүссэн дасан зохицолууд, тухайлбал том тархи, нийгмийн хамтын ажиллагаа, хэлний хөгжил зэрэг нь хүн төрөлхтний хувьслын чухал үе шатуудыг тодорхойлсон болохыг онцолсон юм.
Жишээ нь, тус номны хамгийн сонирхолтой баримтуудын нэг нь" цэвэршилт" хүний хувьслын онцгой давуу тал болсон тухай өгүүлдэг. Зохиолч Кэт Боханнон "grandmother hypothesis" буюу эмээгийн онолд тулгуурлан, эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх чадвараа алдсаны дараа ч урт наслах нь хувьслын чухал нөлөөтэй байсныг тайлбарласан юм. Судалгаагаар, цэвэршилтийн дараах насандаа амьдрах хугацаа нь эмэгтэй хүний нийт амьдралын 30 хувийг эзэлдэг бөгөөд энэ нь шимпанзе зэрэг ойрын төрөл зүйлүүдтэй харьцуулахад өвөрмөц үзэгдэл аж.
Үүний үр дүнд, эмээгийн гэр бүл дэх оролцоо нь ач зээ нарын амьд үлдэх магадлалыг 12 хувиар нэмэгдүүлдэг гэнэ. Түүнчлэн, эмэгтэйчүүд үр удамдаа мэдлэг, туршлага өвлүүлснээр хүн төрөлхтний оюун ухаан, нийгмийн бүтэц, хамтын ажиллагаа хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулсан.
Энэхүү баримт нь зөвхөн цэвэршилтийг физиологийн өөрчлөлт гэх явцуу хүрээнд харахаас илүүтэй хүний хувьсал, оюун санаа, соёлын хөгжилд ямар чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг илтгэж буй.