2024 оны дөрөвдүгээр сарын 4. "Өнөөдөр ханш нээнэ" хэмээх яриа эргэн тойронд дүүрэн сонсогдох тэр өдөр миний бие харин монгол хэл дээр орчуулагдаад тун удаагүй шинэхэн номын нээлтэнд оролцохоор "АзХур" дэлгүүрийг зорьсон юм. Энэ бол сансар судлал, эрчим хүч зэрэг хүнд үйлдвэр, технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг "General Electric" үндэстэн дамнасан компанийг 20 жил удирдсан Жэк Вэлчийн бизнесийн туршлага, нөү-хаугаа шингээсэн "Ялагч" хэмээх бүтээл билээ.
Амьдралынхаа сүүлийн жилүүдэд ч "Fortune 500 CEO" хэмээх цөөн гишүүнтэй сонгомол бүлэгт зөвлөгөө өгч, дэлхийн бизнесменүүд болон оюутнуудад лекц уншсаар байсан тэрээр энэ салбараас хураасан арвин мэдлэг туршлагаа ийн бичиж үлдээсэн нь өдгөө компанийн удирдлага, карьераа дээшлүүлэхээр тэмүүлж яваа мэргэжилтнүүдийн ширээний ном болсоор удаж буй.

номын тухай
Ноён Вэлчийг 1981 онд General Electrics-ийн Ерөнхий захирал болсноос хойшхи 20 жилийн хугацаанд компанийн хөрөнгийн хэмжээ 400 тэрбум ам.доллараар өсөж, дэлхийд хамгийн үнэ цэнтэй компаниар тодорсон байдаг. Жирийн мэргэжилтний хувиар анх ажилд орж байсан түүний General Electric дэх карьерын замнал мерит зарчмын сонгодог жишээ болсоор дээд удирдлагын хэмжээнд очсон нь тэр байлаа. Өөрөөр хэлбэл, химийн инженер мэргэжилтэй залуу хөвүүн дэлхийн үндэстэн дамнасан томоохон компанийг удирддаг томоохон бизнесмен болох хүртэл хурааж цуглуулсан 40 жилийн туршлага энэ номд багтсан юм.
Номын агуулга таван бүлгийн, 20 хэсгээс бүрдэх ба сэдэв нь компанийн зорилго, үнэт зүйлээс эхлэн манлайлал, баг бүрдүүлэлт, хямралын менежмент, өсөлт зэрэг бизнес авч яваа хэн бүхний өмнө тулгардаг асуудлуудыг өргөн хүрээнд авч үзэн, тэр бүрд өөрийн туршлага зөвлөгөөг багтааснаараа онцлогтой.

яагаад унших вэ?
Судалгаа тоо баримтаас илүүтэй туршлага, сургамжийг гол болгосон энэ номд удирдлагын сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, уламжлалт сэтгэлгээнээс улбаатай сул шийдвэр гаргалтуудыг барьж аван тодорхой жишээн дээр тайлбарласан нь бизнес эрхлэгчдэд гарын авлага, чиглүүлэгч мэт мэдрэмжийг төрүүлэхүйц. Шуудхандаа бизнесийн уналт босолттой, хананд тулсан үед "Та ганцаараа биш" гэдгийг мэдрүүлж чадахаар. Уншигчийн хувьд номоос дэлгэрүүлж уншвал гарцаагүй сонирхолтой байж чадах зарим санааг дор дурдъя.
Манлайлал: Тэрээр дээд түвшний ажилтнуудад үндсэн дөрвөн шалгуурыг тавьдаг. Тэр нь үнэнээрээ байх, алсыг харах, өөрөөсөө илүү мэдлэгтэй, ухаалаг хүмүүсээр хүрээлүүлдэг байх, өндөр ачаалалд тэсвэртэй байх. Маш энгийн санагдах эдгээр зарчим яагаад түүний хувьд удирдлагын түвшин дэх хамгийн чухал чадварууд болсныг тайлбарласан хэсгүүд манлайллын талаарх ойлголтыг нэг шат дээшлүүлж чадна. Энэ нь уншигч бүрд "Би удирдагч байж чадах хүн мөн үү?" хэмээх асуултыг өөртөө тавихад хүргэж, карьерын замналаа тодорхойлох, өөрийгөө ойлгоход ихээхэн дөхөмтэй байх болов уу.
"Ялагчид" хаанаас ирдэг вэ? буюу багаа бүрдүүлэх нь: Ажилд авах, баг бүрдүүлэх, багийг хойш татаж буй ажилтныг олох, багаа хүчирхэгжүүлэх тал дээр тэрээр өөрийн туршлагад үндэслэн 4E+1P зарчмыг хэрэгжүүлдэг байж. Тодруулбал ялагчид ямар шинж чанараар нь таньж болохыг тэр томъёолсон байв.
1. Energy буюу эрч хүчтэй: Саадыг тэс цохин урагшлах, ажиллахад тэмүүлэх, өөрчлөлтөөс таашаал авах чадвар
2. Energizе буюу бусдыг эрч хүчээр цэнэглэдэг байх: Хүмүүс энэ төрлийн хүнтэй ажиллахын тулд хоорондоо тэмцэлдэхээс ч буцдаггүй
3. Edge буюу за эсвэл үгүй гэсэн хатуу шийдвэр гаргах зоригтой хурц чанар: Үр ашигтай ажилладаг хүмүүс хурлыг хэдийд зогсоох, гүйцэд мэдээлэлгүй байлаа ч хэзээ хатуу шийд гаргахаа мэддэг.
4. Execute буюу гүйцэтгэл: Гүйцэтгэж чаддаг хүмүүс ялалт бол эцсийн эцэст үр дүн гэдгийг ойлгодог.
5. Passion буюу хүсэл тэмүүлэл: Тэдний судсаар амьдралын эрч хүч гүйж байдаг.
Хямралын менежмент: Компани хэмээх бүтэц хүмүүсээс бүрдэж байгаа цагт алдаа, зөрчил, дэлбэрэлт гарсаар байх болно. Осол аваар, хулгай луйвар ч тохиолдоно. Удирдагчдийн хувьд үүнд бэлэн байж, гарцаагүй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй гэжээ. Жэк Вэлчийн онцлох санаа нь асуудал гарсныг мэдмэгцээ түүнийг ойлгох гэж хэт их цаг авалгүй нэн түрүүнд галыг шуурхай унтрааж, харин дараа нь үндсэн том шийдвэрээ гаргахдаа багийн сэтгэлзүйд хэрхэн хүрэхийг бодолцсоны үндсэн дээр хэзээ, хэрхэн зарлахаа мэдрэх ёстойг анхааруулсан нь онцлох санаа байв. Хямралын үед түүний ашигладаг таван таамаглалын арга байдгаас зайлшгүй санах ёстой нь "Ертөнцөд нууц гэж байхгүй. Эцэст нь бүгд мэднэ гэж төсөөл" хэмээх зөвлөгөө байсныг тодотгууштай.

уншигчийн сэтгэгдэл
Тэрээр амьдралынхаа туршид хэд хэдэн ном бичиж хэвлүүлснээс хамгийн алдартай, Goodreads дээрх өндөр үнэлгээтэй нь энэхүү "Ялагч" юм. Миний хувьд уг номоор дамжуулан сая нэг Жэк Вэлчтэй танилцсан нь энэ билээ. Бичиглэлийн хэлбэр нь нөхөрсөг, дээрээс харсан гэхээс илүү туршлага арвинтай ахмад найз тань ердөө л өөрийн саналаа хуваалцан, зөвлөх мэт өнгө аясаар бичсэн нь ихэд таалагдав. Өдөр тутам болон дунд, урт хугацаанд тулгардаг бизнесийн асуудлуудаас яг л голыг нь олж хөндөх бөгөөд тэр бүрд өөрийн түүх, түүнээс ойлгож авсан сургамжуудаа хуваалцаж байгаа хэр нь бүлэг бүрийн дүгнэлтийг уншигчид үлдээн, бодолд хөтлөн дуусгаж байсан нь эрхгүй анзаарагдсан юм.
Түүний дундаас миний хувьд "Бидний олонхид нь нэг л өдөр манлайлан удирдах шаардлага тулгарах ба дүрэм босс болсон цагаас чинь эхлэн өөрчлөгдөх болно. Өмнө нь таны ажил зөвхөн таных байсан бол харин одоо тэднийх болжээ." хэмээсэн байдаг нь өнгөрсөн жил гэнэтийн шаардлагаар багаа ахлах үүрэг авч байсан надад энэ номтой арай эрт учирсан бол гэх бодлыг эрхгүй төрүүлсэн. Нээрэн л ажил мэргэжлийн талбар дээр ажиллаж буй хэн бүхэнд хэзээ нэгэн цагт, ямар нэг байдлаар багаа удирдах, төсөл ахлах боломж, зарим тохиолдолд шаардлага ирдэг. Энэ үед удирдлагын түвшинд бодож сэтгэх, асуудлыг өргөн хүрээнд харах бэлтгэлтэй байх, тийм ойлголттой байх нь хэчнээн чухал болохыг эрхгүй мэдрэх нь бий. Энэ ч утгаараа уг номыг зөвхөн бизнес эрхлэгчдээр хязгаарлахгүй ажил мэргэжлийн талбарт өсөж хөгжих, тоглоомын дүрмийг ойлгох хүсэлтэй хэн бүр сонирхоод үзэхэд илүүдэхгүй биз ээ.

нээлтийн арга хэмжээг тоймлох нь
Номын Ерөнхий редактороор "Discover Mongolia Travel" ХХК-ийн Үүсгэн байгуулагч Б.Барсболд ажиллажээ. Түүний уг номыг монгол хэлнээ хөрвүүлэх ажлыг санаачлан, хариуцан хэрэгжүүлсэн шалтгаан нь өөрөөр номын байнгын уншигч байсантай холбоотой гэнэ. 2017 онд Хонг-Конгийн нисэх онгоцны буудалд дараагийн нислэгээ хүлээх зуураа сонирхон авсан энэ ном түүний карьерт ихээхэн давуу талыг бий болгож, ширээний ном нь болсон байна. Тэрээр энэ тухай ярихдаа, "Энэ номын ачаар л би бизнесийн стратеги, арга барилд суралцаж яваа гэж боддог. Үнэндээ цар тахлын хүнд үед хоёр ч шинэ бизнес амжилттай эхлүүлээд зогсохгүй цаашлаад Жэк Вэлчийн Менежментийн Институтэд хүртэл (Стрэйр их сургуулийн дэргэдэх) суралцан, магистрын зэргээ хамгаалсан нь ч үүнтэй холбоотой. Амьдралд минь энэ мэт олон эерэг өөрчлөлтийг дагуулсан "Ялагч" номыг Монголын уншигчдадаа эх хэл дээрээ хөрвүүлэн хүргэж байгаа нь миний хувьд тун нэр төрийн хэрэг" хэмээсэн юм.
Нээлтийн үеэр номын орчуулагч Ц.Улам-Ундрах, "Непко" хэвлэлийн компанийн Гүйцэтгэх захирал Г.Буянбаатар, АЖМХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Золбадрал, “Могул Консалтинг” компанийн үүсгэн байгуулагч Н.Жавхлан нар оролцож номын тухай сонирхолтой хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн билээ.



Ташрамд уг номыг хамтран бүтээгч, Жэк Вэлчийн эхнэр Сюзи Вэлч (Harvard Business Review сэтгүүлд редактороор ажиллаж байсан. Манлайлал, бүтээмж, өөрчлөлт ба зохион байгуулах зан үйлийн талаар хэд хэдэн өгүүлэл нийтлүүлж, ерөнхий менежментийн асуудлаар ном бичихэд хувь нэмрээ оруулж байжээ.) "Ялагч" номыг монгол хэлнээ орчуулахад талархалтай хүлээн авсан бөгөөд Монголын уншигчдад зориулан видео мэндчилгээ ирүүлснийг номын нээлтэнд ирсэн зочдод сонирхуулсан билээ.




Сэтгэгдэл бичих (1)


А Ахкүнбез 2025.05.10 66.181.160.33
Гое гое гое гое гое гое гое гое гое гое гое гое гое гое гое гое гое гое гое гое гое гое гое гое гое гое гое