"Номтой яриа" булангийн ээлжит зочноороо маркетинг, брэндинг, медиа зэрэг бүтээлч үйлдвэрлэлийн салбарт үр дүнтэй ажиллаж буй "Brainstorm Branding Agency" компанийн бүтээлч захирал З.Энхмөнхийг урилаа. 

Арав гаруй жил дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, мэргэшсэн хувийн дасгалжуулагчаар ажиллаж буй тэрээр нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэлээр чанартай контентыг тогтмол түгээхийн сацуу уншсан ном, бүтээлийнхээ тухай тэмдэглэл хөтөлж, дүрс бичлэгээр дамжуулан хуваалцаж буй билээ. Иймд бид түүний номтой холбоотой дадал зуршил, арга барилтай нь танилцсаныг хүргэе. 

Зочны сошиал хуудсууд: Kush Zorigt (Instagram), Kush Zorigt (Youtube), Move right with Kush (Medium), Kush Zorigt (Goodreads)

ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Номыг олон төрлөөр нь ээлжилж унших дуртай. Ерөнхийд нь ангилбал утга зохиолоос харьцангуй бага уншдаг юм байна. Харин баримтат бүтээлийн хувьд намтар, дуртгал, шинжлэх ухаан зэрэг олон төрлөөс дуртгал зохиолуудыг сүүлийн жилүүдэд түлхүү сонирхож байна. Мөн нийгмийн эрүүл мэндийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой ажилладаг тул энэ төрлийн бүтээлийг заавал унших хэрэгтэй гэж боддог. Үүнээс гадна бүтээгчийн хөгжилд чиглэсэн номууд сонирхон уншдаг юм. Мэдээж утга зохиолыг орхихгүй байхын аргагүй. Эдгээр дөрвөн төрлийн номыг ээлжлэн сонгож уншдаг.

Одоогоор Оливер Беркеманы “Four Thousand Weeks: Time Management for Mortals” уншиж байна. Цагийн менежменттэй холбоотой үзэл санааг арай өөр өнцгөөс харуулсан бүтээл юм. Сүүлийн хагас жилд нэлээд алдаршиж, олон хүмүүсийн уншиж буй номын жагсаалтад харагдсан тул уншъя гэж бодсон. Мөн хийж буй ажилтай холбоотой Алина Уилерийн "Designing Brand Identity" ном уншиж байна.



ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ?

Өөрт хамгийн мартагдашгүй үлдсэн номыг нөлөөлсөн гэж хэлэх байх. Нөлөөлөл гэдэг ганцхан надаас биш тухайн цаг мөчид хэн байна, юугаар цангаж байна, юу хэрэгтэй вэ гэх тэр орчин нөхцөлөөс шалтгаалдаг гэж боддог.

Утга зохиолын бүтээлээс гэвэл Ц.Гомбосүрэн гуайн орчуулсан Орхан Памукийн “Хар Судар” номыг нэрлэе. Нэг хэсэг түүний зохиолуудад ид дурлаж байлаа. Амралтаа авах үедээ уншиж эхлээд долоо хоногийн дотор дуусгасан. Тагтаа паблишингийн Б.Баясгалан “Цас” романыг орчуулсан тэр жил уншсан юм. Нэг зохиолчийн хоёр өөр романыг Монгол хэлнээ хэрхэн буулгасныг сонирхож Б.Баясгалан, Ц.Гомбосүрэн гуай хоёрын орчуулгыг зэрэгцүүлж унших сэдэл төрсөн юм.

Баримтат номын тухайд АНУ-ын зохиолч Дэвид Шилдсийн “Reality Hunger: A Manifesto” номыг 2020 онд уншсан. Ном гэж юу болох, номыг хэрхэн бичдэг вэ, дурдатгал намтар бүтээлүүдийн ялгаа юу болохыг товчхон мөртлөө чамбай тайлбарласан нь номыг харах өнцгийг минь өөрчилсөн.



УНШИХ НОМОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?

Номыг бусад номоор бичдэг гэдэг дээ. Зохиолч бүтээлдээ өөрийн таамаг, өнцгийг бусад жишээ баримтаар нотолж бичдэг учраас тэр. Сэдэл сэжмээрээ нүдэнд үл харагдах гинжин холбоос номуудад байдаг гэдэгт би итгэдэг. Тиймээс нэг бүтээлийг унших явцдаа өөр номын ан хийх давхар зорилготой эхэлдэг. Жишээ нь, нийгмийн эрүүл мэндийн бүтээл уншихдаа доторх ном зүй, жагсаалт юу болох, хэн юу гэж хэлсэн тухай эх сурвалж, ямар тоо баримтуудыг онцолсон тухай эрж хайдаг. Мөн хүслийн жагсаалтад минь хадгалж, нандигнасан уншаагүй номууд бий.

НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ?

Хэвлэмэл, цахим, аудио гурван хэлбэрээр уншдаг. Би 2022 он гарснаас хойш аудио номыг шимтэх боллоо. Сардаа хоёр аудио ном сонсдог. Нэг ном дунджаар 10 орчим цаг зарцуулж, багадаа хоёр, гурван цаг үргэлжилнэ. Гэхдээ аудио хувилбараар баримт ихтэй шинжлэх ухааны ном болон утга зохиолын номуудыг сонсох нь бага зэрэг төвөгтэй, тогтоохгүй орхих нь бий.

Харин дуртгал номуудын үйл явдал намтарчилсан хэлбэрээр бичигдсэн тул сонсоход тохиромжтой байдаг. Мөн айхтар тренд болсон, богино хугацаанд уншъя гэсэн номуудаа аудиогоор сонсдог. Мэдээж цаг заваа зарцуулж буйн хувьд цензуртэй хандана. Харин цахим номуудыг компьютерээр уншдаг.


БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ?

Гурван ном санал болгоё.
Утга зохиолын номуудаас зохиолч Д.Оюунчимэгийн “Оройн ганц мод” романыг хүн бүр уншаасай гэж боддог. Монгол утга зохиолын бүтээлүүдийг ихэвчлэн цөөн хэдэн хүнээр төсөөлдөг. Харин Д.Оюунчимэг зохиолчийн бүтээл ямар тансаг болохыг уншигчид нь мэднэ байх. Түүний орчуулгын бүтээлүүд ч алдартай. Миний хувьд “Оройн ганц мод” роман нь сонирхолтой холбоос, бичиглэлийн хэлбэрээр баялаг, ерөөсөө романд байх гайхалтай шинж чанарууд бүгд туссан гэж боддог.

Дуртгал номоос жүжигчин, продюсер Виола Дависийн энэ жил гарсан "Finding Me" номыг уншаасай. Оскарын шагналт бүтээлүүдийг шимтэн үздэг үзэгчид энэ жүжигчний тухай мэдэх байх. Түүний амьдралын эрээн бараан нь хэн хүний сэтгэлийг эрхгүй хөдөлгөх хүчтэй юм билээ.

Мөн зохиолч, сэтгүүлч Иоганн Харигийн “Stolen Focus: Why You Can't Pay Attention- and How to Think Deeply Again” нь миний хувьд энэ жилийн хамгийн хүлээлттэй бүтээлүүдийн нэг байлаа. Өнөө цагт анхаарал төвлөрүүлэхэд яагаад хэцүү байгаа тухай өгүүлсэн баримтат ном.



ӨӨРИЙН ТӨВЛӨРӨН ХИЙДЭГ АЖЛУУДААСАА ТАНИЛЦУУЛБАЛ? 

"Brainstorm Agency" дунджаар нэгэн зэрэг 15 төслийн брэнд, маркетингийн ажлыг хариуцан ажилладаг. Одоогоор дээрх төслүүддээ төвлөрч байна. Үүний зэрэгцээ манай хамт олон маркетинг, брэнд, дизайнтай холбоотой номуудыг орчуулан хүргэхээр ажиллаж байгаа юм. Тухайлбал, “Marketing Made Simple” буюу “Хялбаршуулсан маркетинг” номыг албан ёсны эрхтэйгээр орчуулж байна. Энэ жилдээ багтаан гаргана. Бүтээгч болон бизнес салбарынхны хувьд уншвал зохих тун хэрэгтэй бүтээл юм.

Түүнээс гадна дасгалжуулагч хүн зогсолтгүй өөрийгөө хөгжүүлж, авч буй мэдээллүүдээ сайжруулж байх ёстой. Тиймээс дасгал хөдөлгөөний хөтөлбөр болон хичээлүүддээ төвлөрч байна.



НОМТОЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ ДАДАЛ?

Би 2021 онд 41 номоо хэрхэн уншсан 3 аргачлал гэх видеондоо энэ тухай хуваалцсан юм.

Би өглөөд 50 минут, оройд 50 минут ном уншихыг хичээдэг. Заримдаа амжихгүй бол өглөө уншина, өглөө амжихгүй бол орой уншина. Бүр амжихгүй бол сонсоно доо. Аудио номуудыг ажилдаа ирж, очих, хоол хийх үедээ сонсдог. Сардаа хоёр аудио, хоёр бичмэл ном гээд дөрвөөс таван ном уншиж дадаж байна.

2021 оноос эхлэн Medium блогтоо сар бүрийн уншсан номоо бичиж хуваалцаж эхэлсэн. Оны төгсгөлд номын тухай блог бичвэрээ илүү хүртээмжтэй болгохоор видео форматаар нийтэлж эхэлсэн. Мөн "Goodreads" чалленжид нэгдээд гурван жил болж байна. Дэлхий даяар олон сая хүнд урам зориг өгдөг сорил шүү.


ХЭРЭВ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР НОМ БАЙХ ВЭ?

Нэг нууц хуваалцахад, би дасгал хөдөлгөөний тухай баримтат ном бичиж байгаа юм. Мөн хүмүүсийн хөргүүдээс бүрдсэн намтарчилсан бүтээлд гэрэл зурагчин болон зохиолчийн хувиар ажиллаж байна. Ойрын төлөвлөгөөнд дуртгал бүтээлүүд дээр ажиллаж магадгүй. Гэхдээ эхлээд өөрийнхөө бүтээлийг гаргахаар зорьж байгаа. Ном бичнэ гэдэг санаснаас хэцүү ажил болохыг ойлгож ухаарч байна даа.

НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?

Миний бодлоор номыг сайн, муу бүтээл гэж ангилж болно. Муу бүтээл таны цагийг гарзадна. Цаг бол мөнгө. Муу ном унших нь мөнгөө үрж буй хэрэг. Сайн ном гарчгаасаа эхлээд л мэдэгддэг. Ялангуяа гаднын хэвлэлийн газрууд оновчтой, сайн нэр оноодог. Жишээ нь "Шан-Чи ба Арван бөгжний домог" киноны гол дүрийн жүжигчин Симу Лиу Канадад цагаачилсан хятад залуу. Түүний номын нэр “We Were Dreamers: An Immigrant Superhero Origin Story” гэх жишээтэй.

Номын тухайд хүмүүс өөрийн гэсэн өнцөгтэй байгаасай. Тренд болж буй гэхээс илүү танд юу хэрэгтэй вэ, та юу сурмаар байгаа вэ гэдгээ мэддэг, ямар нэг ойлголтод бүү баригдаасай гэж боддог. Номыг яаж ч бичиж болно. Бүр зурж бүтээж болно. Түүнийгээ олж нээж чадвал ном илүү сонирхолтой болдог. Би график роман, комикс унших дуртай. Өмнө нь хүүхдэд л зориулсан зурагтай ном гэж ойлгодог байсан бол хэрхэн бүтээдгийг нь мэдсэнээр шимтэх болсон.