Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан, Жефф Бенедиктийн “ЛеБрон” номыг Монголын сагсан бөмбөгийн шүтэн бишрэгчид Л.Оюу-Одын орчуулгаар өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр гар дээрээ хүлээн авсан билээ. Дөнгөж 18 насандаа NBA-ын драфтын тэргүүн сонголтоор Кливлэнд Кавальерс багт сонгогдсон цагаасаа эхлэн 22 жилийн турш лигт гялалзаж, "Хаан Жеймс" хочийг шүтэн бишрэгчдээсээ хүртсэн түүний намтар дэлхий даяарх сагсан бөмбөг сонирхогч хэн бүхний сонирхох ном байх нь лавтай.
Уг бүтээл нь уншигчдыг ЛеБрон Жеймсийн бүхий л амьдралын цаг мөчөөр аялах боломжийг олгох хэдий ч бид энэ удаагийн номын нийтлэлдээ түүний тухай арай өөр түүхийг өгүүлэхээр зэхлээ. Акрон хотын ядруухан айлын хүү есөн настайдаа хөлбөмбөгөөр хичээллэх болсноор спортын ертөнц рүү эрхгүй татагдаж, хэдхэн жилийн хугацаанд NBA-ын талбайд хүрэх хүртлээ хэрхэн бэлтгэгдсэнийг бага ч болов мэдрүүлэхээр түүний өсвөр насны онцлох таван тоглолтыг тоймлон хүргэж байна.
1. Акроны хөвгүүд
1999 оны долоодугаар сарын 8-ны өдөр Орландо хотын “Дисней” спорт зааланд ЛеБрон болон түүний багийн андууд тоглолтынхоо анхны бөмбөгт хүрэх мөчид зүрх нь булгилж байсан юм. “Та нар Акроных уу?” гэж эсрэг багийн нэг тамирчин дээрэлхэнгүй өнгөөр асуулаа. Өөр нэг хүүхэд “Хөдөөнийх юм биз дээ” гэх нь тэр. AAU (Хүүхдийн спортын холбоо)-ын сагсанбөмбөгийн газрын зурагт Акрон бол тэмдэглэгдэж ч амжаагүй, тийм л зэлүүд газар. Харин ЛеБрон гэдэг нэр AAU-ын хүрээллийн тамирчид, дасгалжуулагчдад хэдийн танил болсон байв.
“Харвах одод” (ЛеБроны баг) 45:30 харьцаатайгаар эхний хагаст хожигдов. Гэвч хоёрдугаар хагаст тоглох аргаа олж эхэлжээ. ЛеБрон багаа манлайлан самбар луу дайрч, харалгүйгээр сул оноо болох дамжуулалтыг багийнхандаа өгч, хамгаалалтад эсрэг багийн довтолгоог хааж байлаа. Баг нь хоёр оноогоор дутуу, дөрвөн секунд үлдээд байхад дасгалжуулагч Дрү завсарлага авав. Тэдний зорилго бөмбөгийг тоглолтод амжилттай оролцуулж, эсрэг багийн талбайд шидэж болохуйц ойрхон очих байлаа. Төлөвлөгөө энгийн буюу ЛеБронд л бөмбөг атгуулах.
Ингээд Шон хажуугийн шугамаас бөмбөгийг ЛеБроны толгойн харалдаа дээш дамжуулах үед ЛеБрон талбайг зэрвэс хараад амжлаа. Тэр Шоны дамжуулалтыг яг цагтаа шүүрэн аваад, том том харайж, хоёр хамгаалагчийг аргалахдаа бөмбөгөө хоёр удаа залав. Талбайн хагасыг тийнхүү туулаад, бөмбөгөө дахин нэг залаад шидэхээр дээш хөөрлөө. Биеэрээ самбарын зүг эргэж, NBA-ын хэмжээний гурван онооны шидэлтийг 10 метрийн зайнаас гүйцэтгэлээ. Бөмбөг хөөрсөөр цагаригт ойж, тоглолтын цаг ч дууссаныг илтгэн, хонх дуугарав. Харин ЛеБрон бөмбөг шидсэн тэр л цэгтээ хөдөлгөөнгүй зогсож, нүүрээ гараараа дарлаа. Хожигдол 68:66.
Жилийн эхэнд ЛеБроны ангийн багш хүүхдүүдэд хоосон цаас тарааж, том болоод ямар хүн болмоор байгаа тухайгаа гурван хувилбараар бичээрэй гэхэд түүний хариулт нь:
NBA-ын тамирчин
NBA-ын тамирчин
NBA-ын тамирчин байсан гэдэг.
2. Ганц ч хожигдолгүй мужийн аваргууд
Охайогийн талбайд Ст.В (ЛеБроны баг) болон “Жэймстаун Грийнвью” багуудын мужийн аваргын төлөөх тоглолтыг үзэхээр 13 мянган хүн цуглажээ. ЛеБрон тоглолтын эхний найман оноог тохолт, холын зайн шидэлтээр авав. Тэр 12 довтолгооныхоо арвыг нь амжилттай гүйцэтгэж, 25 оноо, есөн удаа самбараас бөмбөг авснаараа багаа тэргүүлж, тоглолтыг дуусгав. Жижиг Дрүгийн холын зайн долоо дахь шидэлт тор шүргэн ороход үзэгчид галзуу мэт орилолдож, ЛеБрон найзыгаа чанга гэгч нь тэврэн, талбай дээгүүр гүйж, завсарлага авлаа. Бараг жилийн өмнө ЛеБроны баг Ст.В-д элсэх хачирхалтай, хүнд шийдвэр гаргаж байсан сан. Мужийн аваргын цомыг халаасалж буй нь тэдний шийдвэрийг зөвтгөх мэт.
Хэсэг хугацааны дараа тоглолтын цаг дуусах үеэр ЛеБрон, Маверик хоёр зэрэгцэн зогсож байлаа. Маверик ердөө зургаан оноо авсан хэдий ч бараг л амралтгүй тоглож, түүний манлайлал багийнхаа тоглолтын суурийг тавьсан юм. Магнай нь хагартлаа баярласан ЛеБрон түүнийг тэврэн авлаа. “Чи хэдэн ч оноо авсан бай, юу ч хийсэн, би үргэлж чамд хайртай” гэж ЛеБрон түүнд хэллээ.
Тухайн үед ЛеБрон амьдралынхаа хамгийн агуу зүйлсийн нэгийг олсон нь нөхөрлөл юм.
Дасгалжуулагч Дрү
3. Анх удаа нулимсаа барьж дийлсэнгүй
2000-2001 оны улирлыг Ст.В мужийнхаа хүчтэй багууд болох Виржиниа болон Висконсинийг хожиж эхлүүлэв. Улирал эхлээд сар орчим болсны дараа тэд 9:0 гэсэн амжилтаар улсдаа гуравдугаарт эрэмбэлэгдэж эхэллээ. Ийнхүү ЛеБрон болон түүний нөхөд Америкийн тэргүүн эрэмбэтэй “Оак Хилл” академийн багтай 2001 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тоглох боллоо.
Харьцангуй залуу, биеийн хүчээр илт дутуу хэдий ч Ст.В тоглолтын эхнээс “Оак Хилл”-ийг илүүрхэж, тоглолтын ихэнх хэсэгт оноогоор давуу явлаа. Ромео, Шон хоёр самбарын доор Диоптой тэмцэлдэнэ. Жижиг Дрү ч хэд хэдэн удаа холын зайн шидэлт хийлээ. ЛеБрон багаа чирч, 33 оноо авснаар тоглолтыг тэргүүлэн, “Оак Хилл” коллежийн эрх халаасалсан хоёр хамгаалагчийг ажилгүй болгож орхив. Тоглолт үзэхээр цугласан 6000 шахам үзэгч тоглолтын үеэр ЛеБроны дийлдэшгүйг бишрэн, суудлаасаа өндөлзөнө.
Гэвч дөрөвдүгээр үед эсрэг баг тоглолтыг тэргүүллээ. Шингэний дутагдалд орсон ЛеБрон хөл дээрээ тогтож ядан, шөрмөс нь татаад байв. Хэдхэн секунд үлдсэн байхад, Ст.В ганцхан оноогоор дутуу үед ЛеБрон бөмбөг авч үсрэн шидлээ. Бөмбөг цагаригт эргэлдсээр буцаад гарахтай зэрэгцэн цаг дууслаа. 79:78. Ст.В хожигдов. Ядарч туйлдсан ЛеБрон нулимсаа барьж дийлсэнгүй, өөрийгөө буруутгасаар. Тоглолт дуусахад хоёр минут дутуу, Ст.В нэг оноогоор илүү байхад ЛеБрон хэд хэдэн чөлөөт шидэлтээ алдчихсан юм. Гэвч уг тоглолт ЛеБроны тодрон гарч ирсэн мөч байлаа.
“Хэцүү байх нь аргагүй” гэж дасгалжуулагч Дамброт тоглолтын дараа багийнхандаа хандан хэллээ. “Хожигдох үргэлж хэцүү байдаг”.
4. Супер оддоос ч илүү харвах од
Сагсан бөмбөгийн ертөнцөд ноёлдог Adidas брэнд ахлах сургуулиас шууд NBA-д тоглох хэмжээний авъяаслаг хүүг олж харан, ЛеБронд зориулсан үзүүлэн тоглолтыг баруун эрэгт хийхээр тохирлоо. Adidas анх удаа ахлах сургуулийн тамирчинд тусгайлан зориулсан пүүз хийсэн нь энэ юм. Коби Брайнт хүртэл ахлах сургуульдаа пүүзний томчуудын өмнө үзүүлэн тоглолтод оролцож байсангүй. Боломжийг тултал нь ашиглахын тулд ЛеБрон төдийлөн тоглодоггүй арга барилаар буюу аминч байдлаар тоглох ёстой.
ЛеБрон багийнхнаа тоглолтод оруулан, дамжуулалтын ур чадвараа харуулж, тоглолтыг яг л ердийнхөөрөө эхлүүлэв. Бүгд л биеэ бариад нэг л эвгүй байлаа. Эхний тоглолт дуусмагц Дамброт түүнийг талбайгаас гараад ир гэж буй аятай гараараа зангав.
“ЛеБрон сонс. Би чамайг ингэ, тэг гэхгүй. Гэхдээ тун нөлөөтэй хүн чиний тоглолтыг үзэж байна. Гэтэл чи тэнд зүгээр оршоод байна. Чи тоглох хэрэгтэй байна.” гэж Дамброт хэллээ. “Дасгалжуулагчаа, миний шорт нэг л эвгүй байна аа” хэмээн ЛеБрон учирлав. Түүний шортны уяа зангирчхаад чанга уяж болохгүй байснаас болоод шорт нь шувтраад байлаа. Дамброт сонсохыг хүссэнгүй. “Шорттойгоо тоглохоо болиод илүү эрчтэй тоглоод аль” гэв. ЛеБрон уяаныхаа учрыг олоод заал руу гүйн орлоо.
Хоёрдахь тоглолт эхэлмэгц тэр үсрэлттэй шидэлтээр довтолгоогоо гүйцээлээ. Дараа нь өрсөлдөгчийнхөө дамжуулалтыг таагаад, бөмбөгийг нь тасалж, хэд хэд залаад самбар луу үсэрч, хүчтэй тохоход самбар доргиод л явчихлаа. Дахин нэг довтолгооны үеэр тэр бөмбөг залж, бүтэн талбай туулаад, сул оноо авах боломжтой зогсож буй багийнхаа тамирчин руу харалгүй дамжуулав. Дараагийн довтолгоон дээр дахин тохлоо.
Хоёрдахь тоглолт эхлээд 10 минут өнгөрч байхад Ваккаро (сагсан бөмбөгийн салбарынхны хэлдгээр пүүзний бизнесийн загалмайлсан эцэг) суудлаасаа босоод, алхчих нь тэр.
Жолооч “Хаашаа явах вэ?” гэсэнд Ваккаро “Нисэх буудал руу” гэлээ. Майкл Жорданы эрин үеэс хойш ердөө гуравхан л тамирчин ахлах сургуулиас NBA-д элсээд супер од болсон нь Кевин Гарнетт, Коби Брайнт, Трэйси МкГрэйди нар. ЛеБроныг энэ гурваас илүү хэмээн Ваккаро бодсон аж. “Тэр үнэхээр төрөлхийн авъяастай юм. Заагаад ч сурахааргүй зүйлсийг тэр хийж байна шүү дээ” гэж Ваккаро хэлэв.
Амжилтыг, бөмбөгийг хуваалцах бол түүний төрөлх чанар. Гэхдээ түүний тоглолт бол ганц хүний ололт амжилтаас илүү багийн ажиллагааг илүүд үздэг дасгалжуулагчдынх нь бүтээл билээ.
5. бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн тамирчин
ЛеБроны 2001 оны зуны төлөвлөгөөний чухал мөч нь Ваккарогийн зохион байгуулдаг “Adidas ABCD” тэмцээн байлаа. Бүхий л томоохон коллежийн дасгалжуулагч, NBA-ын скаут, улсын томоохон хэвлэл мэдээллийнхэн тэнд очиж, мэдээлэл бэлтгэнэ. Харин талбайд өнгөрсөн жилийн тэмцээний үнэ цэнтэй тоглогч Лэнни Күүкээс эхлээд тэмцээний үүсгэн байгуулагчдын харсан хамгийн шилдэг тамирчид цуглах байлаа. Күүк харин том толгойтой, хамраа сөхсөн нэгэн ажээ. Анхаарлыг өөр лүүгээ чиглүүлэхээр Күүк хэчнээн хүсэж байвч, хэвлэл мэдээллийнхэн ЛеБрон руу овоо хараагаа тааруулахаа мэдэж байв.
Бөмбөг голдоо ойж, Күүкийн багт, тэр дундаа Күүкт ирлээ. ЛеБрон хагас сууж, хамгаалалтын байрлал аван дөхөв. Күүк хэдэнтээ займчин, хуурмаг хөдөлгөөн хийснээ багийнхаа тамирчид руу хялам ч хийлгүй бөмбөгийг 29 удаа залаад, ЛеБроны өөдөөс үсрэлттэй шидэж, оноо авлаа. Хоёр дахь довтолгоогоо оруулсны дараа Күүк үзэгчид рүү орилж, ЛеБроныг даапаалах найзууд руугаа хандаж байлаа. Харин ЛеБрон хариу довтолгоонд гурвын зураасны араас үсэрч, торыг хөдөлгөлгүйгээр шидэлтээ унагаалаа. Дараа нь дахин нэгэнтээ бөмбөг нэхэж аваад, булангаас гурвын шидэлтийг амжилттай хийсэн нь мөн л цэвэр орлоо. Ийнхүү нүд ирмэхийн зуур арван оноо авчих нь тэр. Үзэгчид өөрийн эрхгүй уулга алдав. Хамгаалалтад Күүкийг ойрхон хамгаалж, улмаар түүний сул талыг нь анзаарлаа. Чац ойролцоо хүн шахаад хамгаалчихаар Күүк өөртөө, эсвэл багийнхандаа шидэх зай гаргаж чадахгүй байв. Харин талбайн нөгөө талд тоглолт өрнөхөд ЛеБроны довтолгооны ноёрхол Күүкийн том сул талыг улам харуулна.
Тоглолт дуусахад зургаан секунд дутуу, ЛеБроны баг 83:82 харьцаатай хожигдож байхад үзэгчид бүгд л эцсийн довтолгоог ЛеБрон хийнэ хэмээн хүлээж байлаа. Күүк бүр туйлдсан янзтай түүн рүү дөхөхөд ЛеБрон агаарт, есөн метрийн зайнаас шидсэн бөмбөг нь ниссээр цаг дуусахтай зэрэгцэн самбарт хүрэлгүй цагаригт орлоо. ЛеБроны баг 85:83 харьцаатай хожил авлаа.
Тоглолтын дараа ЛеБрон Күүк рүү дөхөж очин, сайхан тоглолт болсонд баяр хүргээд, гар барив. ЛеБрон түүний тоглолтыг үнэлдэг гэдгээ л хэлэхийг хүсжээ. Күүк хариуд нь толгой дохин, найзууд руугаа буцаж очоод “Энэ хүү үнэхээр сайн юм” гэв.
Хүнд хэцүү цаг үед ЛеБрон нэг л өдөр сайхан байшин, гоё машин гээд ээжийнхээ амьдралыг таатай байлгах бүхнийг авч өгнө гэдэг байв. Ээж нь шивээс хийлгэхийг зөвшөөрмөгц хамгийн түрүүнд “Глориа” гэж гар дээрээ шивүүллээ.
Тус номын зохиолч Жефф Бенедикт нь АНУ-ын зохиолч төдийгүй Sports Illustrated сэтгүүлийн уран сайхны зохиолч, телевиз, киноны продюсер юм. Тэрээр ЛеБрон Жэймсийн талаарх гурван жилийн судалгаа болон 250 гаруй ярилцлагад нь үндэслэн уг номыг бичсэн гэдэг. Худалдаанд гарсан цагаасаа эхлэн салбарынхан болон хэвлэл мэдээлэл, телевизийн салбарын шүүмжлэгчдэд өндөрөөр үнэлэгдээд буй уг бүтээлд олон ч эрхэм санал, сэтгэгдлээ хуваалцсанаас хоёрыг нь энд дурдъя.
Los Angeles Times:
- Бенедиктийн хамгийн том амжилт бол Жеймсийг тойрсон олон нийтийн бухимдал болон супер оддын хэтрэшгүй улаан шугамыг хоёуланг нь тайлж, түүний хөргийг бүхэлд нь үгээр зурсан явдал байв.
The New York Times:
- Энэ төгс намтарт гоо үзэсгэлэн хийгээд айдас хамтдаа багтаж. Кристофер Ноланы кино шиг дэгжин, итгэл төгс, агуу бүтээл болжээ. Энэ бол Америкийн нэгэн том түүх юм.