1936 онд “Монгол хүү” нэртэй анхны дуут киноноос хойших Монгол улсын кино, драм, дуурийн театр, Улсын Филармони, УАДБЧ, Хүүхэд Залуучуудын театр мөн аймгийн орон нутгийн тайзнаа тавигдсан уран бүтээлийн зурагт хуудсаас бүрдсэн “XX зууны Монголын соёл урлагийн зурагт хуудсууд” цомог хоёрдугаар сарын 9-ний өдөр Монголын театрын музейд нээлтээ хийсэн билээ.
Тус бүтээлийг эрхлэн гаргагч “Броскод паблишинг” нь “Шилжилтийн үеийн Монголын зурагт хуудас”, “Плэйтайм хөгжмийн наадмын 20 жилийн ойн гэрэл зургийн цомог”-ийг тус тус гаргасан ба энэхүү “XX зууны Монголын соёл урлагийн зурагт хуудсууд” бүтээл нь тэдний эрхлэн хэвлүүлсэн гурав дахь бүтээл болж буй юм.
номын тухай
Монголын Театрын музей, Броскод паблишингийн хамтран эрхлэн гаргасан уг бүтээлд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй драм, дуурь, кино, цирк, хүүхдийн театр, Ардын дуу бүжгийн чуулга зэрэг холбогдох соёл урлагийн байгууллагуудад хамаарах ХХ зууны 260 орчим зурагт хуудас, афиш, мөн МУСГЗ, шог зураач С.Цогтбаяр, цуглуулагч С.Түвдэндорж, зураач С.Чулуунбаатар, Д.Баатарсүрэн, Т.Отгонбаяр нарын хувийн цуглуулга багтжээ.
Хамгийн ихээр сонирхол татсан зүйл нь зарим бүтээлийн зурагт хуудас нь зөвхөн нэг загвараар бус, хоёр гурван янзаар зурагджээ. Тухайн өөр загвартай зурагт хуудсуудыг цомогт дарааллан тавьсан байгаа нь бүтээлийн судалгаа шинжилгээг өргөн цар хүрээтэйгээр хийсэн нь илт. Нөгөө талаараа бүтээлд нэн шаардлагатай зурагт хуудсууд музейн сан хөмрөгт олдоц арвин байсанд уншигчийн зүгээс талархах сэтгэл төрлөө.
зурагт хуудсыг он цагаар шинжихүй
Номын агуулгын тухайд гэвэл эхний бүлэгт 1931 онд С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр нээлтээ хийсэн түүхт УДЭТ-ийн жүжгийн зарлалын зурагт хуудсыг тайлбарын хамт оруулжээ. УДЭТ-ийн зурагт хуудсууд яваандаа сайжирч, илүү уран сайханлаг, утга учиртай болж буйг оноор нь дарааллан тавьсан зурагт хуудсуудаас мэдэрч болмоор.
Түүнчлэн Монгол киноны зурагт хуудсыг фото эвлүүлэг болон, цаасан гэж ангилжээ. Эдгээр зурагт хуудсууд дунд егөөдсөн, аль эсхүл суртал ухуулгын шинж чанартай янз бүрийн утга санаатай хуудсууд байгаа нь тухайн үеийн нийгмийн байр байдлын толь шиг санагдана. Цаасан хэвлэлийг чанартай, шинэ хэвээр нь хадгалах хэцүү байдаг ч 90-ээд жилийн өмнө гаргасан зурагт хуудсыг шинэ мэтээр ахин засварлажээ.
нандин олдворууд ширээн дээр тань
Уншигчид шинэ мэдлэгийг бий болгож, нөгөөтэйгүүр Монголын соёл урлагийн талаар мэдлэгээ зузаатгаж, тэрхүү ховор олдворуудыг ширээн дээрээ тавиад дуртай цагтаа ойроос харж болно. Цөөн тоогоор худалдаанд гарсан Англи болон Монгол хэлээр уншиж болох энэхүү зурагт цомгийг “Броскод” паблишингтай холбогдон авах, мөн Монголын Театрын музейн Кино танхимд гуравдугаар сарын 1-нийг хүртэл үзэх боломжтой аж.
“XX зууны Монголын соёл урлагийн зурагт хуудсууд”-д 260 орчим тайз дэлгэцийн бүтээлүүдийн зурагт хуудас багтсан бөгөөд үүнээс 15 зурагт хуудсыг бид энэхүү нийтлэлдээ онцлон хүргэхээр бэлтгэлээ.
Тус бүтээлийг худалдан авахыг хүсвэл энд дараарай.