Өглөө эрт босно гэдэг урд өдөр нь сайн унтаж амарсны шагнал гэдэг. Бид энэ удаа зохиогч Бенжамин Сполл болон Майкл Ксандер нарын бичсэн “Миний өглөөний дадал” хэмээх номыг онцолж байна. Салбар бүрд амжилттай яваа 300 эрхмийн өглөөний хэв маягийг судалж, 64 эрхмийн ярилцлагыг багтаасан энэхүү номд төрөл бүрийн ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн өглөөний дадал, нойрны хэмнэл, оройн унтлагын цаг зэрэг амьдралын чухал хэв маягуудыг хуваалцжээ.
Номын тухай
Өглөөний 30 минутыг хэрхэн өнгөрөөхөөс хамаарч тухайн өдөр ямар байхад нөлөөлдөг хэмээдэг. Эрч хүч, энерги багатай үедээ бид буруу шийдвэр гаргах нь түгээмэл. Тиймээс өглөөд эрч хүчээ сайн цэнэглэж авах нь амьдралын чухал дадал юм. Номын тухайд зочдын ярилцлагыг агуулгаар нь 10 төрөлд хуваан ангилсан. Өглөө эрт босох, өглөөний дасгал, бясалгал, оройн дадал, нойр, бүтээмж болон анхаарал төвлөрөл зэрэг сэдэвтэй холбоотой 5-7 асуултыг зочин тус бүрээс асуужээ. Бид тэрхүү ярилцлагуудаас онцлох хариулт, санаа авч болох дадлыг түүвэрлэн хүргэе.
Номд багтсан эрхмүүдийн өглөөний дадлын тухай сонирхолтой тоо баримтууд
- Дунджаар 22:57 цагт орондоо орж, нийт 7.29 цаг унтаж, 6:24 цагт сэрдэг.
- 8:30 цаг гэхэд 97 хувь нь аль хэдийн сэрчихсэн байдаг. Эртэч шувууд ойролцоогоор үүрийн 3-4 цагт босдог бол хамгийн оройтож сэрдэг нь 9 цагт байна.
- 70 хувь нь сэрүүлэг ашигладаг.
- 38 хувь нь найман цаг, 35 хувь нь долоон цаг унтдаг.
- 54 хувь нь өглөө бясалгал хийдэг, 78 хувь нь дасгал хөдөлгөөн хийдэг.
- 53 хувь нь өглөөний цайнд жимс иддэг, 57 хувь нь өглөө хамгийн түрүүнд ус уудаг.
- 60 хувь нь өглөө утсаа цөөн хором шалгадаг.
Өглөө босоод юу хийдэг вэ?
Номын зочдын хувьд ихэнх нь эртэч төдийгүй дасгал хөдөлгөөн тун идэвхтэй хийдэг, өглөөний цайгаа алгасдаггүй ажээ. "MIT"-ийн ерөнхийлөгч Рафаэл Рейф өглөө зургаан цагт сэрүүлэг тавьдаг боловч ихэнхдээ 5-5:30 цагт өөрөө сэрдэг тухайгаа хуваалцжээ. Ингээд аяга ус уугаад, мэйлээ шалгаад өглөөний цайгаа уудаг байна. Харин “O’Reilly Media” компанийн гүйцэтгэх захирал Тим О’Райли өглөөд цэцгүүдээ усалж, гэрэл зураг дарж сэтгэлээ сэргээдэг гэнэ. Энтрепренер Грэг Кэйригийн тухайд өглөөний дадал нь дөрвөн хэсгээс бүрдэнэ. Үүнд:
- Эрч хүч: Өглөөний цайгаа ууж, юм идэх
- Бие физиологи: Дасгал хөдөлгөөн хийх
- Оюун ухаан: Төгөлдөр хуур тоглох, бясалгах
- Сүнс, сэтгэл зүрх: Нохойгоо эрхлүүлэх, эхнэрээ үнсэх
Түүний хувьд өглөө босоод төгөлдөр хуур тоглохоор аз жаргал мэдэрдэг гэжээ. Өглөө хийдэг дадлуудаас хамгийн чухлыг нэрлэ гэвэл ямар ч эргэлзээгүй эхнэрээ үнсэх гэсэн байна. Тэгвэл АНУ-ын зэвсэгт хүчний командлагч асан, генерал Стэнли Маккристалын хувьд өглөө дөрвөн цагт босож, нэг цаг гаруй дасгал хийж өглөөг эхлүүлдэг тухайгаа хуваалцжээ. Өдөр бүр гадаа гүйж, фитнесээр хичээллэх нь түүний хувьд энгийн дадал болсон аж. Ирак, Афганистаны дайны үеэр яг энэ хэмнэлээр өглөө бүрийг эхлүүлдэг байсан гэнэ.
"Paramount Pictures" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан жүжигчин Шэрри Лансинг өглөө 7:30 цагийн үед босоод гэр бүлийнхэнтэйгээ цайгаа уух үедээ сонин унших дуртай аж. Нөхөр нь ч бас “New York Times”, “Los Angeles Times”, “Wall Street Journal”-ийг өдөр алгасалгүй уншдаг тул дээрх сонинуудаас тус бүр хоёр ширхгийг захиалж уншдаг гэнэ шүү. "Steal Like An Artist" номын зохиогч Остин Клеоны тухайд өглөө босоод кофе уугаад, гэрийнхэнтэйгээ хамт нохойгоо салхилуулахаас эхэлдэг байна. Гэртээ ирээд усанд орсны дараа бясалгал хийх, шад шүлэг тэрлэх зэргээр өөртөө цаг гаргадаг ажээ.
Өглөөний бясалгал хийдэг үү?
Бясалгал гэдэг зөвхөн завилаад чимээгүй суух тухай биш. Бие сэтгэлээ бясалгах олон арга хэлбэр байдгийг эл номоос уншиж болно. Кино зохиолч Рут Озеки олон жилийн туршид буддын сургаалыг судалж, бясалгаж иржээ. Заримдаа бясалгах үедээ өглөө 4:30 цагт босоод нүүр гараа угаасны дараа орой 17-21 цаг хүртэл бясалгадаг байна.
“Pixar and Walt Disney Animation Studio”-гийн ерөнхийлөгч Эд Катмулл ч өглөө бясалгал хийх дуртайгаа онцолжээ. “Бие физиологи жинхэнэ эрч хүчээр сэлбэгддэг учраас бясалгалаа нэг удаа ч тасалж байгаагүй. Долоо хоногт гурван удаа фитнесээр хичээллэж, өдөр бүр 30-60 минут бясалгадаг” хэмээсэн байна.
Унтахын өмнө юу хийдэг вэ?
Уг асуултад ихэнх зочин унтахын өмнө ширээгээ цэвэрлэх, маргааш өмсөх хувцас, авч явах зүйлсээ бэлдэх, орныхоо хажууд жимстэй цай, зөгийн балтай ус зэргийг тавьдаг тухайгаа хуваалцсан байна. Тухайлбал, “Food52” компанийн гүйцэтгэх захирлын хувьд орой гал тогоогоо цэвэрлээд унтдаг гэнэ. Түүнийхээр өглөө дөнгөж босоод эмх замбараагүй, бохир гал тогоонд орохоос илүү стресстүүлдэг зүйл үгүй.
Харин “Bob’s Red Mill” компанийн ерөнхийлөгч Боб Моорын хувьд унтахын өмнө алдартай эрхмүүдийн намтар уншиж, тэдний түүхээр аялах дуртай гэнэ шүү. “Huffington Post” компанийн үүсгэн байгуулагч Ариана Хаффингтон 2007 онд өглөө тун таагүй, ядарч сэрсний улмаас толгойгоороо ширээ мөргөж, хацрын ясаа хүнд гэмтээж байжээ. Түүнээс хойш өглөө сэрэхдээ тун болгоомжтой хандаж, өглөөний хэмнэлээ тэр чигт нь өөрчлөх үйл явдал болсон байна. Өглөө бүр сэрүүлэггүй босож, гадуур алхаж, дугуй унах зэргээр өдрийг эхлүүлж, орой унтахын өмнө халуун цай уудаг гэжээ.
“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын зохиолч Мари Кондогийн хувьд өглөө бүр 6:30 цагт босож, өглөөний нар, цэвэр агаарыг мэдрэх дуртай. Ургамлын таатай үнэртэй цай уусны дараа мисо шөл, өндөг, будаатай өглөөний цайгаа уудаг байна. Энэ үеэр гэрийнхэнтэйгээ цөөн хором залбирал үйлдэж, байгаа зүйлдээ талархаж, өдрийг сайхан өнгөрөөхийг ерөөдөг гэжээ.
Сэтгэгдэл бичих