Жил бүрийн тавдугаар сарыг хүсэн хүлээх онцлох шалтгаануудын нэг бол “Үндэсний номын баяр”. Өдгөө 32 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус баярын зохион байгуулалт жилээс жилд сайжирч, хэдийнээ хэвлэн нийтлэгч, урлаг, утга зохиолынхон, уншигчдын хүсэн хүлээдэг тэмдэглэлт өдөр болжээ.
Бүх л хэвлэлийн газрууд нэг дор цуглаж, тэндээс уншигчид өөрийн сонголтыг хийнэ гэдэг зүгээр нэг дэлгүүр ороод гарахаас тэс ондоо мэдрэмжийг төрүүлдэгээрээ онцлогтой. Тэрчлэн ном бүтээгчид өөрсдөө биечлэн худалдаа хийдэг тул хайртай зохиолч, орчуулагчтайгаа уулзаж, гарын үсгийг нь авч, сэтгэлийн үгээ хэлэх боломжтой болдог нь арга хэмжээний хамгийн сайхан хэсэг.
Ингээд шинэхэн нийтлэлээрээ бид анхны номын баяртаа оролцож буй онцлох бүтээлүүдийг сорчлон хүргэж байна.
1. АРВИС : ТАВАН ТОЙРГИЙН СУДАР+ АЖИЛ БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭ +ГАЛАТЕА
ОСТИН КЛЕОН-АЖИЛ БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭ
Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн хэмээх үг бий. Гэхдээ энэ үг орчин үед хэр тохирох вэ? Интернэтгүй байсан үед бид анги сургууль, сум дүүрэг гээд ойрын хүрээллийн хүмүүстэйгээ л өрсөлдөж, тэднээс ямар нэг зүйлээрээ ялгарч чадвал ажил төрөлтэй, цалин орлоготой байх боломжтой байв. Гэтэл интернэт гарч ирэн, бидэнд дэлхий ертөнцийн мэдээллийг авчрахын зэрэгцээ өрсөлдөөнийг нь ч бас аваад ирсэн хэрэг. Ингээд бид зөвхөн хажуу ангийн Батаатай бус, дэлхийн нөгөө буланд Жонтой өрсөлдөж байж өөрийгөө болон өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулж чадахаар болсон. Энэ нь ялангуяа дижитал суурьтай ажлуудад илүү ихээр үйлчилдэг, бичигдээгүй хууль болжээ.
Хийсэн ажил, төрүүлсэн бүтээлээ хэрхэн “попрохгүйгээр” бусдад таниулж, өөрийн нэр хүнд, орлого, амжилтаа ихэсгэх тухай энэ номд товч бөгөөд тодорхой тайлбарладаг. Арвис паблишингийн бусад номууд сайн орчуулагатай, агуулга сайтай байдаг учир уг бүтээлийг ч гэсэн эх хэлнээ донжтой буулгасан гэдэгт эргэлзэхгүй байна.
МИЯАМОТО МУСАШИ- ТАВАН ТОЙРГИЙН СУДАР
Мияамото Мусаши (1584-1645) бол самурайн эринээс тодрон үлдсэн домогт дайчин, тулаанч, философич, ронин буюу эзэнгүй самурай юм. “Ялагдашгүй” хэмээн түүхнээ өргөмжлөгдсөн тэрбээр жаран нэгэн халз тулаан хийж нэг ч ялагдаагүй гэдгээрээ алдаршжээ. Өөрийн буй болгосон хоёр илдээр тулалдах эрдмийг насан туршдаа гүнзгийрүүлэн бясалгаж, амьдралынхаа сүүлийн жилүүдэд “Таван тойргийн судар” нэрээр сийрүүлэн үлдээсэн нь энэ билээ.
“Таван тойргийн судар” нь Ази тив, дорнын соёлоос тэмдэглэгдэн үлдсэн өөрийгөө хийгээд өрсөлдөгчөө ялан дийлэх ухааны тухай хамгийн чухал бүтээлүүдийн нэгд Сүнзийн “Дайтах урлаг”-тай зэрэгцэн зүй ёсоор тооцогддог. Орчин цагт уг судрын агуулга, стратеги, философийг цэрэг арми, бизнес, спорт, хувь хүний хөгжил, ер ямарваа нэгэн зөрчил, өрсөлдөөнтэй тулгардаг бүхий л салбарт шимтэн судалсаар буй юм.
МАДЕЛИН МИЛЛЕР-ГАЛАТЕА
Энэ бол эртний Грек. Хүн төрөлхтний түүх уламжлал, гүн ухаан, соёл урлагийн хөгжлийн суурийг голлон тавьж асан агуу гүрний мандан бадралын тэртээ цаг үед өрнөх эрх чөлөө, эмэгтэй хүний талаарх бэсрэг нэгэн түүх. Эрсхэн зоримог тэмцэгчийг Галатеа гэх бөгөөд биднээс ялгаатай нь тэрээр яс махнаас бүрдсэн энгийн нэгэн хүн биш байлаа. Эхийн хэвлийгээс бус, барималчийн багажнаас мэндэлсэн ч тэнгэрлиг дарь эхийн ивээлээр амь орсон гоо үзэсгэлэнгийн төгс биелэл ажээ. Харсан бүхэн нүд алдам энэ бүсгүйд цэнгэг агаар амьсгалж, үрийн эх болох гайхамшигт хувь заяа ид шидээр тохиосон ч эрх чөлөөг эдлэх боломж байх болов уу?
Маделин Миллер нь "Нью-Иорк Таймс"-ын бестселлер болох “Ахилийн дууль”, “Цирце” номуудын зохиогч юм. Эртний Грекийн домгуудаас сэдэвлэсэн эдгээр зохиолууд нь уран яруу бичвэртэйгээс гадна хүйсийн эрх тэгш байдалд уриалсан агуулга, хүчирхэг эмэгтэй гол дүрүүдтэйгээрээ тун онцлог.
АВЬЯАС ҮГҮЙ
В.БАЯРСАЙХАН: АВЬЯАС ҮГҮЙ!
Хувь хүний хөгжлийн сэдэв хүн оршин байгаа цагт мөнхөд оршино. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд Монголд энэ чиглэлийн нөлөөлөгч, онол, сургалт ихэссэн билээ. Мэдээж хүн өөрийгөө хөгжүүлж, илүү сайжирч байж л бид нийгмээрээ, улсаараа илүү сайн, сайхан амьдрах учиртай. Гэхдээ бид хувь хүний хөгжлийн мэдээллийг ямар эх сурвалжаас авах нь үр дүнд ихээр нөлөөлнө. Жишээлбэл, Америкт төрж өсөөд дардан замаар амжилтад хүрсэн хүний түүх хөгжлийн замдаа зүдэрч яваа бидэнд хэр наалдацтай байх бол?
Тэгвэл В.Баярсайханы гурав дахь ном болох Авьяас Үгүй ном нь Монголын дундаж давхаргаас хэрхэн Дэлхийн түвшинд үнэлэгдэх сургуульд тэнцэж, тэргүүлэх компанид ажилласан түүхээс эхлээд зохиолчийн итгэл үнэмшлээрээ амьдралаа жолоодож буй тухай өгүүлэх бүтээл юм. Шаргуу хөдөлмөрлө, мөнгө их ол, өөрийгөө бүтээ гэх зэрэг хоосон урмын үгс бус зохиолчийн амьдралд тулгарсан бодит түүхүүдээс бүрдэх уг ном таны хувь хүний хөгжил нэг шат нэмэх нь гарцаагүй.
МОНСУДАР: эцэгтээ бичсэн захидал+ алтан орд: монголчуудыг дэлхийг өөрчилсөн нь+ ширээний стоик
ФРАНЦ КАФКА: ЭЦЭГТЭЭ БИЧСЭН ЗАХИДАЛ
Эцэгтээ бичсэн захидал бол Франц Кафкагийн 1919 оны арван нэгдүгээр сард аав Херманндаа хандан бичсэн захидал юм. Уг захидалдаа тэрээр эцгийнхээ токсик, нарциссист хандлагын талаар бичсэн байдаг. Кафка эл захидлыг улам бүр хөндийрч буй хоёр биеийнхээ харилцааг жаахан ч гэсэн ойлголцолд хүргэх гэж бичсэн ч захианд аавынхаа хортой харилцааг маш хурцаар илэрхийлсэн юм.
Аав Херманндаа бичсэн энэ захидлаас нь түүний бага настай танилцан, Кафкагийн мөн чанар, эцэг хүү хоёрын зөрчилт харилцааны тухай олж мэдэх ба тэр бүхэн өнөөгийн бидний эцэг эхтэйгээ харилцах харилцаанд болж буй, эсвэл болоод өнгөрсөн зөрчлүүд бидэнд эргэн бодогдуулах өч төчнөөн асуудал байдгийг анзааруулж, бүр хямруулж ч мэднэ.
Энэхүү захидлыг анх зохиолч, орчуулагч асан Д.Цэмбэл орос хэлээс орчуулсныг Монсудар хэвлэлийн газраас герман эх болон англи орчуулгатай тулган редакторлахын сацуу зарим ойлгоход бэрх ойлголтыг гуравдагч хэлнээс давхар нягтлан ийнхүү уншигчдын гарт хүргэж буй аж.
МАРИ ДУМЕНЖУ: АЛТАН ОРД-МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ХЭРХЭН ӨӨРЧЛӨВ
Монголын байлдан дагууллаас үүдэн бий болсон төр улсуудаас хамгийн удаан оршин тогтносон нь Алтан Ордын улс. Хэрэв Ордыг өнөөгийн газрын зураг дээр дүрсэлбэл Украйн, Болгар, Молдав, Азербайжан, Гүрж, Казахстан, Узбекистан, Туркменистан болон Орос, түүний дотор Татарстан, Крымыг багтаасан бүс нутаг болох байв. Тиймээс Ордын түүх бол хамтын үнэт өв.
Ордын тэрхүү суу алдар эдгээр улсын алиных нь ч үндэстний өгүүлэмжид ганцаараа хамаарч ирээгүй бөгөөд Ордын үед туулсан өөр өөрсдийн асар ялгаатай туршлагууд бүхий хэл, үндэс угсаа, шашны олонлогуудад төвлөрсөн өгүүлэмжүүдийг өнөөдөр маш олон янзын утгаар тайлбарлаж байна. Францын түүхч, зохиогч Мари Фавэругийн эл ном нь Алтан Ордыг түүхэн нөхцөлд нь судлах, эл засаглал хэрхэн үүсэж, хэдэн зууны туршид хөгжин, хэрхэн нүүдэлчин шинжээ хадгалахын сацуугаар зохицон хувьсаж, өөрчлөгдөн ирснийг ойлгохыг зорьсон судалгааны бүтээл билээ.
РАЙАН ХОЛИДЭЙ: ШИРЭЭНИЙ СТОИК
Баяр баяслыг хаанаас олж болох вэ? Амжилтын жинхэнэ хэмжүүр юу вэ? Уураа хэрхэн барих вэ? Утга учрыг яаж олох вэ? Уй гашуугаа яаж дарах вэ? Эдгээр асуултын хариу, мөн түүнээс ч цаадах нь стоик философийн зүрхэнд оршино.
Энэхүү номд багтсан эшлэл бүрийг зүгээр нэг танилцуулах бус, түүхийг нь хүүрнэж, асуулт тавьж, дасгалын санааг оруулж, стоикуудын үзэл баримтлалыг тайлбарлахыг хичээсэн нь хэн бүхэн өөрийн хайж буй асуултдаа гүн гүнзгий хариулт олоход тус нэмэр болох зорилготой.
альфабүүк: тунгалаг тамир+улаан үст бүсгүй
Ч. ЛОДОЙДАМБА: ТУНГАЛАГ ТАМИР
Альфа хэвлэлийн газраас Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романы шинэчилсэн хэвлэлийг албан ёсны эрхтэйгээр уншигчдадаа өргөн барьж байгаа аж. XX дугаар зууны шилдэг роман болох тус бүтээлээр дамжуулан эх хэлний эрмэг сайхан, түүхэн хийгээд баримтыг уран сайханжуулах, уран сайхны дүрийг хэрхэн бүтээх зэргийг залуу, хойч үедээ өвлүүлэх, таниулах үүднээс худалдаан ховордоод буй тус хоёр ботийг тэд ийнхүү формат болоод хавтасны шинэчилсэн хувилбартайгаар дахин хүргэж буй юм.
ОРХАН ПАМУК: УЛААН ҮСТ БҮСГҮЙ
Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн үнэт зүйлсийн хурц зөрчилдөөнийг тун гаргууд дүрслэн харуулсан бүтээлүүдийн нэг нь “Улаан үст бүсгүй”.
Хоёр соёлын уулзвар гарцгүй эмгэнэлийг бий болгодог хэмээнэ. Тийм уулзвар, зааг дээр төрсөн бүтээлүүд ч орчин цагийн уран зохиолд жин дарж байдаг. Памук “Улаан үст бүсгүй” романдаа энэхүү үзэл санаа, соёлын мөргөлдөөнийг дүрүүдийн хүсэл мөрөөдөлтэй холбон давхар бэлгэдлээр илэрхийлэхээс гадна хувь хүний сэтгэлзүй, нийгэм нь бүтээж бий болгосон дотоод мөн чанартай нь чадамгай уялдуулж бичжээ. Хэзээ ч хамтын нийгмээс хөндийрөхгүй эл сэдэв, Памукын бий болгож чадах бичлэгийн өвөрмөц арга барил, дурсамж доторх Истанбулын дахин нэг содон дүр нь монгол хэлт уншигчдад сонирхолтой байх болов уу.
авдар: цасны орон+ сүнсний нөгөө тал
КАВАБАТА ЯСҮНАРИ: ЦАСНЫ ОРОН
Нобелийн шагналт зохиолч Кавабата Ясүнаригийн эл романд тэр бүрчлэн адал, явдал, хурц үйл явдлууд үл гарна. Гэлээ ч дүрүүд нь сэтгэл урах шиг болоод уншиж дууссаны хойно хэд хоног мөнөөх эмзэглэлээс ангижирч чадахгүйд хүрэх вий.
Гол дүрийн баатар Шимамура нь Японы хойд хэсэгт орших Хоккайдоо арлын их цасанд байх халуун рашааны амралтын газар гурвантаа очиж амарсан тухай өгүүлдэг. Тухайн үеийн улс орны хөгжлөөс тусгаарлагдан үлдсэн эл газарт гол дүрийн баатар Комако нэрт бүсгүйтэй учирснаар үйл явдал эхэлж эмэгтэй хүн хийгээд байгалын гоо үзэсгэлэнгийн тухай урт хөврүүлүүд, цасны орноос хайж олох ёстой нууцлаг зүйлийн эрэлд хатах Шимамурагийн адал явдал эхэлснээр үйл явдал хөврөх болно. Цасны үзэсгэлэн гоо, уулсын нам гүм дунд өрнөх сэтгэл шимшрэм хайрын түүх.
Б.АЛТАНХУЯГ: СҮНСНИЙ НӨГӨӨ ТАЛ
Уг түүврийн өмнөтгөлд “Хөх мэдрэхүй” бүлгэмийн яруу найрагч Ороолонгийн Элбэгтөгс “Өдгөө харин яруу найргийг “ид шидийг бүтээх урлаг” гэж маш товчоор дүгнэж чадах байна. Яруу найргийн талаар ийн нухацтайгаар эргэцүүлэх болсны шалтгаан яруу найрагч Балдоржийн Алтанхуягийн “Сүнсний нөгөө тал” номыг уншсанаас үүдсэн хэрэг” гэж тодорхойлсон байна.
Уншигч та бүхэн зун айсуй энэ цаг дор хүйтэн цасны чимээ хуудас бүрээс нь сонстох өвлийн шүлгүүд уншихыг хүсвэл “Сүнсний нөгөө тал” түүврийн хуудсыг сөхөөд үзээрэй.
“...Өтөл хугацаа шиг юм бүхэн нам гүм, үг дуугүй
Өвлийн наран буцах болоогүй.
Тунгалаг цас будрах нь илбэ, ховс, ид шид
Тулаанд ялагдсан тулдаа л би амьд”....”
улбар: мАГМА
ТОРА ХЬЕРЛЕЙВСДОТТИР: МАГМА
Зохиолын цөм санаа нь хосын хортой харилцаа (toxic relationship). Харилцаа бүр өөрийн асуудалтай ч тэнд нээлттэй ярилцах, хамтын шийдвэрт хүрэх, хамгийн чухал нь хамт байгаадаа хэн хэн нь жаргалтай байх учиртай. Харин нэгнийхээ зориг зүрхийг мохоосон, хэл амаар давшилсан, хардаж сэрдсэн, атаархаж уралдсан, байнгын үг хэл, үйл хөдлөлийг хянаж цагдсан, хэрэгцээ шаардлагыг үгүйсгэсэн, нийгмийн хүрээллээс салгасан зэрэг хийгээд энд тоочсоноор хязгаарлагдахгүй олон шинж илэрч буй бол тэр яахын аргагүй хортой харилцаа.
Хайрын талаарх уншиж, үзэж, сонсож дадсан олон романтизм биднийг, нэн ялангуяа залуу дурлагчийг зовлонд нь эгнэгт хүлдэг ч байж магад. Уг санааг тодотгон зохиолыг англи хэлээр эрхлэн гаргасан хэвлэлийн газраас "...Романтик харилцаанд төдийлөн ил гарч мэдэгддэггүй далд хүчирхийлэлд зохиолч Хьерлейвсдоттир шударга ёсны гэрэл тусгалаа. Энэ ном манай соёл аливаа хүчирхийллийн шинжийг тодорхойлон танихдаа тун таарууг илчилсэн бөгөөд зөөлөн сэтгэлт эмэгтэй ердөө хайрыг л хүсээд юунд хүрч дуусаж буйг хүүрнэн өгүүлэх хүчирхэг дуу хоолой юм..." хэмээжээ.
garuna: ЖОЛООДОГЧ
КИТАГАВА ЯСҮШИ: ЖОЛООДОГЧ
Гол дүр Шүйчи 40 гаруй насны залуу бөгөөд ажилдаа бүтэлгүйтэж, охин нь сургуульдаа явахгүй, эхнэр нь тэсэн ядан хүлээж буй аяллаа л бодож, гэртээ ээж нь санаа зовон утас руу нь байнга залгах АЗГҮЙ нэгэн. Тэрээр нэгэн өдөр ер бусын нууцлаг таксинд сууснаар амьдралд нь эргэлт гарсан түүх эхлэнэ.
Аз гэдэг бидний зан араншинтай холбоотой юу, эсвэл хичээл зүтгэлээр шагналд ирдэг шагнал юм болов уу хэмээн та хэзээ нэгэн цагт эргэлзэж байсан л биз дээ.
Үнэндээ хүн бүр эн тэнцүү азтай гэвэл та итгэх үү? Хүмүүс азтай, азгүйгээрээ ялгардаг бус ердөө л хурааж, хэрэглэж буйгаараа ялгардаг. Аз гэдэг бол гийж эсвэл харьдаг зүйл бус харин ч дэлгүүрийн пойнт карт шиг цуглуулж бас зарцуулдаг эд . Аз шүүрдэг антеннаа л тултал нь дэлгээд явбал гудамжаар дүүрэн азын үр хийсэж явдаг аж. Уг бүтээл харин танд хэрхэн антеннаа дэлгэж, азын үр цуглуулах аргыг зааж өгөх юм.
жангар: дийлдэшгүй хүн төрөлхтөн+ монгол хүн: б.гангаамаа
ЮВАЛЬ НОЙ ХАРАРИ: ДИЙЛДЭШГҮЙ ХҮН ТӨРӨЛХТӨН
“Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх” номоороо дэлхийн олон мянган уншигчдад илүү сонирхолтой ойлгомжтойгоор түүхийг сонирхон судлах сэдэл өгсөн Иерусалемын Хебрю их сургуулийн профессор түүхч, зохиолч Юваль Ной Харари уг бүтээл харин хүүхэд залууст зориулсан гэдгээрээ онцлог.
Африкийн халуун талаас, Грийнландын мөсөн бүрхүүл хүртэл хүн төрөлхтөн Дэлхийг захирдаг. Харин бид яаж ийм хүчирхэг болсон юм бол? Бидэнд байдаг супер хүч, мөн тэрхүү хүчээ ашиглан сүнс, сахиуснаас эхлээд засгийн газар, корпорац гэх хачирхалтай нууцлаг зүйлсийг бий болгосон тухай Дийлдэшгүй хүн төрөлхтөн номд өгүүлэх болно. Африкийг орхин явсан эртний хүмүүсийг дагаж, тэр замдаа галыг олж нээсэн нь хэрхэн бидний ходоодыг агшаасан тухай, хөл бөмбөгийн* спорт хүн төрөлхтний тухай юу хэлж өгдгийг, чухам яагаад мөнгө гэдэг зүйл хамгийн амжилттай шидэт үлгэр вэ гэдгийг олж мэдээрэй.
Одой нар, аварга могой, үүлэн дээр амьдардаг Агуу арслангийн сүнс, хүн төрөлхтний гарал үүслийн нууцыг илчилсэн 50,000 настай хүүхдийн хурууны талаар өгүүлэх хүний ертөнцийн урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй түүх гэдэг итгээрэй.
МОНГОЛ ХҮН: Б.ГАНГААМАА
Монгол Улсын Уулын спортын Гавьяат тамирчин, ОУХМ, Дэлхийн долоон ноён оргилд гарсан анхны Монгол хүн SEVEN SUMMITEER, Дэлхийн зулай Эверест болон K2 оргилд гарсан анхны Монгол эмэгтэй болох Бадамгаравын Гангаамаагийн амьдралын түүх, өдийг хүртэлх амжилтын замыг сонирхолтой зураг чимэглэлээр баяжуулан Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн редакцаас “Монгол хүн” цувралаараа хүргэж байна.
Оргилд нь шувуу ч хүрээгүй мөнх цаст оргилууд яагаад хүмүүсийн сэтгэлийг татдаг юм бол. Цас, бороо, салхи шуурга, хад асга, тэсгим хүйтний өөдөөс алхам алхмаар урагшилсаар алсад цэнхэртэх уулсын оргилд хүрч, хүний гайхам тэсвэр тэвчээр, эр зоригийг тунхаглагч эрхэм уулчны намтар түүхээс сэдэвлэн бүтээсэн энэхүү номыг хүүхэддээ авч өгөх номын жагсаалтдаа зайлшгүй багтаагаарай, эцэг эхчүүдээ.
geren: бид энд амьдардаг
ОЛИВЕР ЖЕФФЕРС: БИД ЭНД АМЬДАРДАГ
...Дэлхий дээр будилж төөрмөөр санагдах зүйл олон бий. Энгийн зүйл ч бишгүй бий. Энд биш маш олуулаа амьдардаг. Тиймээс нэгэндээ өгөөмөр хандаарай...
Номын зохиолч Оливер Жефферс дөнгөж хорвоод мэндэлсэн хүүдээ зориулан бүтээсэн энэхүү зурагт бүтээл зөвхөн бага насныханд төдийгүй томчууд бидэнд хүртэл эх дэлхий, эргэн тойрны хүн зоноо хайрлах сэтгэл эрхгүй төрүүлнэ. Тэс өөр өнцгөөс ийнхүү олж харахдаа бидний оршихуй хэчнээн эмзэг, нандин болохыг мэдэрч, талархал төрөх нь лавтай.
Өдөр бүхэн дэлхий гэдэг гараг дээр амьдарч, амьсгалж, ажиллаж хөдөлмөрлөж байгаа хэрнээ бид долоон тэрбум хүнийг тухтай амьдрах нөхцлөөр хангаж буй цэнхэр гарагийнхаа талаар хэр ихийг мэдэх билээ? Улс гүрнээр өрх тусгаарлагдсан ч нэг л гараг дээр аж төрж байгаа бусад хүмүүсийн ялгаатай байдал, өөр оршихуйг хэр их хүндэлдэг билээ?
“Бид энд амьдардаг бүтээл бол” дэлхий гэдэг гарагийн талаар хүүхдэдээ танилцуулахад танд гарцаагүй туслах хөтөч.
эрдэмт: сиддхарта
ХЕРМАНН ХЕССЕ: СИДДХАРТА
Нобелийн шагналт зохиолч Херманн Хессегийн номууд хүний дотоод мөн чанар, эрэл хайгуулын тухай өгүүлдэг онцлогтой. Үүний дотроос “Сиддхарта” зохиол нь Хессен нэрийн хуудас болсон бүтээлүүдийн нэгд зүй ёсоор ордог билээ. Христийн шашинтай айлд төрж өссөн түүний хувьд Энэтхэг улсад олон жил ажиллаж амьдарсан нь уг зохиолоо илүү гүн гүнзгий, хүчтэй агуулгатай болгоход нь ихээхэн нөлөөлсөн нь эргэлзээгүй.
Сиддхарта гэх нэрийг хармагц та уг номд бурхан багшийн тухай намтар түүхийг өгүүлэх юм байна хэмээн ойлгож магадгүй. Андуурахаас тань урьтаж хэлэхэд, энэ бол бурхан багшийн амьд ахуй үед төрсөн Сиддхарта нэрт зохиомол дүрийн амьдралын утга учир, мөн чанар, амар амгаланг эрэн хайж буй тухай түүх юм. Та бидний сонсож, үзэж өссөн агь Сиддхартын түүхээс өөр боловч, зорилго тэмүүлэл нь адилхан ажээ. Хүний орчлонгийн атаа хорсол, шунал хүсэл, зовлон зүдгүүр, айдас зовнилоос ангижрахын тулд олон жилийг үдэх Сиддхартын аялал уншигчдыг ч мөн гүнзгий бодролд автуулдаг тул эл номыг өдгөө зөвхөн буддын шашинтнуудад бус бүх л хүнд зөвлөн, заавал унших номын жагсаалтад оруулах болсон юм.
Сонирхуулахад, энэ удаагийн номын баяраас та англи, монгол хэл дээрээ хамтдаа хэвлэгдсэн “Сиддхарта” зохиолын шинэхэн хувилбарыг худалдан авах боломжтой шүү.
антарктид хүрэх зам
Н.ЯЛАЛТ: АНТАРКТИД ХҮРЭХ ЗАМ
2021 оны өвөл туйлын судалгааны ажлаар Антарктидыг зорьсон монгол судлаач бүсгүйн аяллын тэмдэглэлээс та өмнөд туйлтай илүү ойроос танилцах болно. Хүссэн хүн бүрийн очоод байдаггүй Антарктидын аяллын сонин хачин, далайн өвчин, судлаачдын амьдрал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал мөсөн тивд хэрхэн нөлөөлж буй байдал гээд олон сэдэв, өнцгийг мэргэжлийн судлаачийн өнцгөөс тольдох нь уншигчийн сонирхлыг татах нь дамжиггүй.
Хэвлэгдээд тун удаагүй бөгөөд номын дэлгүүрүүдээр зарагдаагүй байгаа энэ номыг та номын баяр дээрээс худалдан авч чадна. Аяллын зураг сэлтээр баялаг, өмнө тэр бүр харж байгаагүй дүрслэлүүдээр дүүрэн энэ номыг байгалийн шинжлэх ухаан, адал явдалтай аялалд хорхойсон дурлагсад магад нэг суудлаараа дуусгахыг ч үгүйсгэхгүй.
АУРУГ: төслийн санхүүжилт
ЖОН Д.ФИННЕРТИ: ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ
Төслийн санхүүжилт бол манай улсын хувьд харьцангуй шинэхэн ойлголт. Монгол улс социалист нэгдсэн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 20 гаруйхан жил өнгөрч байгаа ч бидэнд дэлхийн улс үндэстнүүдийн хөгжлийн туршлагаас суралцах, тэр дундаа шинэ хот суурин, зам харгуй, цахилгаан станц, дэд бүтэц бий болгох, байгалийн арвин баялагтаа түшиглэн томоохон уул уурхай, түүнийг дагасан боловсруулах үйлдвэрүүд барьж байгуулах замаар дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах шаардлага асар их бий.
Уг номд дэлхийн эдийн засагт ашиглагддаг санхүүжилтийн олон аргууд дундаас төслийн санхүүжилтийн эзэлж буй чухал байр суурь, ач холбогдол улам бүр нэмэгдэж буйг таниулахыг зорьсноороо онцлог. Хөгжингүй улс орнууд хэрхэн томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулдаг тухайд Евро Диснейлэнд, Евротуннел төсөл, дулааны цахилгаан станцын төсөл зэрэг бодит төслүүдийн жишээгээр тайлбарлаж, дүн шинжилгээний аргуудаар нарийвчлан тайлбарласан тус бүтээл нь “Төслийн санхүүжилт”-ээр мэргэших хүсэлтэй, энэ салбарт ажиллаж байгаа хэн бүхэнд зайлшгүй байх ёстой мэргэжлийн бүтээл юм.