Оны эхний сар манай номын ертөнц олон сонирхолтой шинэ бүтээлүүдийг өлгийдөн авлаа. Түүний дотор “Аймшгийн хаан”-ы бүтээлээс эхлээд В.Зеленскийн энгийн жүжигчнээс өнөөгийн хамгийн алдартай улс төрч болсон түүхийг өгүүлэх Нью Йорк Таймсын сэтгүүлчийн ном, өнгөрсөн зууны философийн жинтэй төлөөлөгчдийн ул суурьтай бүтээлүүд, яруу найргийн тун онцлууштай түүврүүд, технологийн сэтгэл татам туурвил гээд өргөн хүрээний номууд уншигчдын гар дээр очжээ.  

Сарын онцлох номын цуврал маань 2025 оны нэгдүгээр сарын ээлжит онцлох номын нийтлэлээрээ үргэлжилж байна.   

Мөн энэ сард уншигчдын хүртээл болсон хоёр онцлох номын нийтлэлийн холбоосыг доор орууллаа.

Андрей Курковын “Саарал зөгийнүүд” номын тухай

Карл Саганы “Космос” номын тухай



1. Гаслан 


Номын төрөл: Аймшгийн уран зохиол

Зохиолч: Стивен Кинг

Эрхлэн гаргасан: Саян хэвлэлийн газар

Нүүрний тоо: 332


Аймшгийн зохиолын хаан гэгддэг Стивен Кингийн “Misery” роман албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ “Гаслан” нэрээр Саян хэвлэлийн газраас орчуулагдан гарлаа. Энэ нь анх удаа Стивен Кингийн аймшгийн уран зохиолын бүтээл албан ёсны эрхтэйгээр монгол уншигчидтай золгосон чухал үйл явдал болов.

Уг номд бестселлер зохиолуудаараа нэгэнт нэр алдарт хүрсэн ч түүнээсээ залхаж, амьдралдаа шинэ салхи оруулахаар шийдсэн Пол Шелдон гэгч эрийн түүхийг өгүүлнэ. Гэвч нэг л өдөр тэр автомашины ослоор ухаан алдсаныхаа дараа нэгэн үл таних эмэгтэйн гэрт сэрнэ. Уг эмэгтэй түүнийг огт авраагүй бөгөөд харин ч өөрийнхөө буйдхан гэртээ хорино. Түүнийг Энни Уилкс гэдэг. Үнэндээ Энни түүний хуучин сувилагч болж таарах бөгөөд Полд эм тариа өгч нэлээдгүй асарч тойглоод буй мэт боловч үнэн хэрэгтээ түүнийг өөрийнхөө утсан хүүхэлдэй болгосон байх аж. Харин зохиол цааш хэрхэн өрнөх бол?

Зохиолч тус бүтээлийнхээ санааг Лондон хот руу явж байхдаа онгоцонд зүүдэлсэн зүүднээсээ олсон гэдэг бөгөөд газарт буусан даруйдаа буюу тэр оройдоо бичиж эхлүүлсэн тухайгаа дурссан байдаг. Тус номын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл доорх номын орчуулагчтай хийсэн яриаг сонирхоорой.

Үнэ: 25000₮



2. Уур хилэн 


Номын төрөл: Гэмт хэрэг

Зохиолч: Михаэлидес Алекс

Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар

Нүүрний тоо: 364

Грекийн нарлаг арал. Өнгө өнгийн коктейль.

Гүнзгийрсэн харилцаа. Гэнэтхэн гарч ирэх цогцос.

Холливудын нэрт жүжигчин Лана Фаррар гэгчийн бие гэр бүл, найзуудтайгаа Грекийн аралд амрахаар явна. Гэвч төгс мэт санагдах энэ аялал хайр, атаа хорсол, сэтгэлийн шарх, өшөө авалтын тайз болон хувирна. Романы хүүрнэгч Эллиот гэгч бол жүжгийн зохиолч бөгөөд Ланагийн итгэлт найз. Тэрээр эл аяллаас буцахдаа дотроо нэгэн түүх тээх бөгөөд уг түүх “аминаас нь ч илүү үнэтэй”. Гэхдээ тэр уг түүхээ зөвхөн жүжгийн тайзнаа л өгүүлж чадна. Харин уншигч та л төгсгөлийг нь шүүж чадах буй за.

Энэхүү гэмт хэрэг, адал явдлын шинжтэй роман уншигч таныг өөрийн нууцлаг ертөнцдөө гүнээ татаж, хором ч уйдаахгүй. Тус зохиол энэ оны нэгдүгээр сарын 8-нд монгол уншигчдынхаа гарт хүрчээ.

Үнэ: 29000₮


3. Харваач 


Номын төрөл: Орчин үеийн уран зохиол

Зохиолч: Пауло Коэльо

Эрхлэн гаргасан: Нэпко хэвлэлийн газар

Нүүрний тоо: 120


Бразилын алдарт зохиолч Пауло Коэльо уншигчдадаа “Алхимич” бүтээлээрээ эчнээ танил болсон нэгэн билээ. Харин энэ удаа Нэпко хэвлэлийн газраас түүний “Харваач” болон “Мактуб” хэмээх хоёр бүтээлийг энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдөр танилцууллаа.

Харвах бол анхаарал төвлөрөл, сэтгэлийн тэнцвэрийн урлаг гэдэг. Харин жинхэнэ харваач хэзээ ч яаран одоо гэж хэлдэггүй. Зорилго, хүлээлт, бодит байдал. Бидний амьдрал байнд тусахгүй сумаар дүүрэн. Гэвч амьдралд заримдаа байгаа оноогүй сум байгаа оносноосоо ч илүү үнэтэй байх үе тохиолддог. Пауло Коэльогийн уг ном бол хувь хүний эрэл хайгуул, тулаан, төвлөрөл, амьдралын үнэ цэнийг гүн гүнзгий өгүүлэх философийн өнгө аястай жинтэй бүтээл юм.

Үнэ: 22500₮


Мактуб 


Номын төрөл: Орчин үеийн уран зохиол

Зохиолч: Пауло Коэльо

Эрхлэн гаргасан: Нэпко хэвлэлийн газар

Нүүрний тоо: 226


Зохиолчийн өөр нэгэн бүтээл болох Мактуб нь Араб хэлнээ “Нэгэнт бичигдсэн” буюу “Тэгэх л учиртай”, “Хувь тавилан”, “Заяа төөрөг” гэсэн утга бүхий нэртэй бөгөөд Пауло Коэльогийн хамгийн онцгой бүтээлүүдийн нэгд тооцогддог эмхэтгэл ном юм.

Тэрээр эл бүтээлдээ гүн ухаан, ёс суртахуун, хувь тавилангийн тухай эргэцүүллийг багтаасан улс үндэстний үлгэрүүдийг баяжуулан богино өгүүллэгүүд болгон эмхэтгэжээ. Ном эхний хуудаснаасаа эхлээд эцсийн хуудас хүртлээ хүмүүн бидний өдөр тутмын эгэл амьдралын дундах гүн ухаарлыг өгүүлэх, сэтгэлд гэгээ татах басхүү жир түүхүүдээр дүүрэн.

Үнэ: 27500₮


4. Айх зүйл үгүй  


Номын төрөл: Орчин үеийн уран зохиол

Зохиолч: Жулиан Барнс

Эрхлэн гаргасан: Болор судар хэвлэлийн газар

Нүүрний тоо: 349


Үхэл бол төгсгөл биш. Энэ бол бидний ухаарах ёстой эхлэл. Жулиан Барнс өөрийн амьдрал, итгэл үнэмшил, айдас, эргэлзээгээ хөндөн амьдралын хамгийн эцсийн асуулттай тулгарчээ. Үхэл гэж юу вэ? Зохиолч эл номдоо хошин шог, гүн ухаан, өөрийн бодит амьдралын өдрүүдийн өгүүлэмжээр дамжуулан хүний оюун санааны хязгаарыг сорих философийн гайхалтай эргэцүүллийг уран зохиолын хэлээр тус номдоо урлажээ.

Орчин цагийн Англи хэлт уран зохиолын томоохон төлөөлөгч болох Ж.Барнс нь 2011 оны Manbooker шагналын эзэн бөгөөд гурван ч удаа уг шагналын сүүлийн даваанд тунаж үлдэж байсан удаатай. Зохиолч хамгийн сүүлд 2021 онд Иерусалимын утга зохиолын шагналыг хүртээд буй.

Үнэ: 25000₮


5. Шидийн барилдлага 


Номын төрөл: Яруу найраг

Зохиолч: Г.Аюурзана

Эрхлэн гаргасан: Гүн паблишинг

Нүүрний тоо: 100


Монголын нэн орчин үеийн уран зохиолын хүчтэй төлөөлөл болох Г.Аюурзана (зохиолчийн өөрийнх нь мэдэгдэж буйгаар) 2025 онд шинэ гурван номоо хэвлүүлэхээр зорьсны эхнийх нь буюу “Шидийн барилдлага” яруу найргийн түүвэр бүтээл өнгөрөгч сарын 10-ны өдөр уншигчдадаа хүрлээ.

Тус түүвэр нь яруу найргийн төрлөөр зохиолчийн хамгийн сүүлд хэвлүүлсэн “16 давхрын аглагт” бүтээлээс нь илүү олон шүлэг багтааснаараа онцлогтойн зэрэгцээ анх удаа Интерномын долоо хоногийн шилдэг борлуулалттай номын хэсэгт багтсан яруу найргийн бүтээл гэдгээрээ онцлог үзэгдэл болж өнгөрлөө.

Үнэ: 19000₮


6. Сэтгэлийн низро толь  


Номын төрөл: Яруу найраг

Зохиолч: Э.Ганбаяр

Эрхлэн гаргасан:

Нүүрний тоо: 115


Монголын орчин үеийн яруу найрагт хүч түрэн орж ирсэн залуу найрагч Э.Ганбаяр (2003 онд төрсөн) шинэ залуу уран бүтээлчийн төлөөлөл болон анхны түүврээ хэвлүүлж салхийг хагаллаа.

Э.Ганбаярын түүвэр энэ оны нэгдүгээр сарын 9-нд худалдаанд гарч даруй борлуулагдаж дууссан байна. Тэрээр манай хэвлэлийн салбарын (publishing industry) хамгийн том доголдлуудын нэг болох анхлан бичиж буй залуу зохиолчдын бүтээлийг дэмжих, хэвлэх хэвлэлийн газрууд байдаггүйгээс хувиараа хэвлүүлж (self publishing) залуу уран бүтээлчийн хувьд цахиур хагалсан нь тун онцлууштай. Түүний шүлгүүдтэй танилцахыг хүсвэл “Усны гудамж” сайтыг сонирхоорой.

Үнэ: 15000₮


7. “Байх ба хугацаа”, “Байх ба биш”, “Бий эсвэл байх” цуврал 


Номын төрөл: Философи

Зохиолч: С.Молор-Эрдэнэ

Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар

Нүүрний тоо: 672


Орчин үеийн философийн үлэмж төлөөллүүд болох Хайдэггер, Сартр, Фромм нарын үзэл санааг нэгтгэсэн “Байх ба хугацаа”, “Байх ба биш”, “Бий эсвэл байх” цуврал оны эхэнд монгол уншигчдын хүртээл боллоо.

Орчин үеийн сэтгэлгээ, хүний амьдралын мөн чанарын талаар дэлгэн харуулсан XX зууны өрнийн гурван том эрхмийн бүтээлд философич С.Молор-Эрдэнэ өөрийнхөө тайлбарыг багтаан, уншигчдад тавих асуултуудыг нэмж тусган шинэчлэн гаргажээ. Эх хэлнээ дэлхийн философийн нэн чухал бүтээлүүд хэвлэгдэн гарсан нь яахын аргагүй энэ оны эхний сарын онцлох номууд болж, ном, философи сонирхогч нарын номын сан, унших жагсаалтыг арвижууллаа.

Жишээлэн номын нээлтийн үеэр түүний асуусан асуултыг, мөн хариултын нэгээхэн хэсгийг энд дарж үзээрэй.

Үнэ: 70000₮


8. Амьдралын утга  


Номын төрөл: Философи

Зохиолч: Даниэл Клэйн

Эрхлэн гаргасан: Непко хэвлэлийн газар

Нүүрний тоо: 194


Философичид насныхаа эцэст юуг ойлгодог вэ? Амьдралын утга учрыг олоход хамгийн ойрхон асуулт юу вэ? Эдгээр асуултуудын хариуг хүмүүс мянганаар хэмжигдэх хугацаанд эрэлхийлсээр ирсэн.

Даниэл Клэйн энэ номдоо философийн ухаарал, зөвлөмжүүдийг цуглуулж, өөрийнхөө амьдралын туршлагаар дамжуулан эргэцүүлэн тайлбарлажээ. Гэхдээ онолын хуурай дүгнэлт биш. Харин амьдралын дундах энгийн мөртөө гүн гүнзгий ойлголт, нас ахих тусам өөрчлөгдөх бодол, асуултаас хариултад биш, харин хариултаас асуултад хүрэх аялалд биднийг хөтөлжээ.

Үнэ: 37500₮


9. Тайзны тоглогч 


Номын төрөл: Улс төр

Зохиолч: Саймон Шустер

Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар

Нүүрний тоо: 440


Дэлхийн анхаарлын төвд гэнэт гарч ирсэн улс төрч, түүний ард буй нууц тоглогчид, хувь тавиланг өөрчлөх бодит стратегийн тухай өгүүлэх сонирхол татам бүтээл. Украйны ерөнхийлөгч Володимир Зеленскийн улс төрийн замнал энгийн жүжигчнээс дэлхийд алдартай улс төрч болох хүртэлх гайхалтай шилжилт болж өнгөрсөн билээ. Гэвч энэ нь гэнэтийн тохиолдол байсан уу, эсвэл ард нь нарийн нягт төлөвлөгөө оршиж байв уу?

“Тайзны тоглогч” бол XXI зууны хамгийн том улс төрийн шатрын өрөг хэрхэн өрнөсөн тухай баримт түшиглэсэн, судалгаанд суурилсан бүтээл бөгөөд орчин үеийн улс төрийн зүтгэлтэн түүний стратеги дээр Америкийн Таймс сэтгүүлийн сэтгүүлч дүн шинжилгээ хийсэн нь тун анхаарал татам ном болжээ. Тус номыг энэ оны нэгдүгээр сарын 22-нд Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан байна.

Үнэ: 49900₮


10. Метаверсийн шинэ эрин үед тавтай морил 


Номын төрөл: Технологи

Зохиолч: Юү Зянин

Эрхлэн гаргасан: Непко хэвлэлийн газар

Нүүрний тоо: 410


Дижитал хувьсгалын хязгааргүй ертөнц

XXI зууны технологийн хамгийн том сорилт, хамгийн том боломж юу вэ? Хариулт нь Метаверс. Юү Зянин энэ номдоо метаверсийн суурь ойлголт, түүний үүсэл хөгжил, ирээдүйн чиг хандлагыг өргөн хүрээнд авч үзсэн байна. Энэхүү бүтээл нь зөвхөн технологийн хөгжлийг тайлбарлаад зогсохгүй, метаверс нь хувь хүний оршихуй, соёлын өөрчлөлт, бизнесийн шинэ загвар, эдийн засгийн шинэчлэл, виртуал зохион байгуулалтын тухай хэрхэн хувьсал авчрахыг тодорхойлсон орчин үеийн хүн бүрийн заавал унших бүтээл болсон байна.

Уг номд метаверсийн зургаан гол хэмжигдэхүүнд аж үйлдвэр, дижитал оюуны эрх, зохион байгуулалт, хувь хүний мөн чанар, соёл, санхүү зэрэг өргөн хүрээний салбаруудыг багтаахын сацуу “Facebook”-ийн “Meta” болж хувьссан түүхээс эхлээд, виртуал бизнес, метаверс доторх эдийн засгийн бүтэц, технологийн интеграцийн жишээнүүдийг нарийвчлан судалсан байна. Номын агуулга нь зөвхөн технологийн салбарын мэргэжилтнүүдэд бус, анхлан судалж буй хүмүүст ч ойлгомжтойгоор бичигдсэнээрээ онцлогтой.

Үнэ: 60000₮