Аялал, амралтаар дүүрэн долоодугаар сар дуусаж ажил, хичээл ундрах завгүй өдрүүд ойртжээ. Түүнээс өмнө уншина гэж хадгалсан номуудаа эсвэл шинэхэн номуудыг сонирхоод үзээрэй. Дараагийн сарын номын аялалд тань хөтөч болохоор долоодугаар сарын шинэ номуудыг багцлан энэхүү нийтлэлээ бэлдлээ.
Өмнөх саруудын номын нийтлэл:
Зургаадугаар сарын онцлох номууд
1. Хоолоо засаад биеэ зас
Цахим хувилбар: M Book
Цаасан хувилбар: Internom
Төрөл: Эрүүл мэнд
Нүүрний тоо: 139
Зохиогч Наранчимэг өмнө нь “Хоол ба хэвшмэл төөрөгдлийн тайлал” номоороо хоол хүнсний талаарх иргэдийн буруу ойлголтыг шинжлэх ухаанчаар тайлбарлан бичсэн. Харин түүний хоёр дахь ном “Хоолоо засаад биеэ зас” нь эрүүл мэндийн салбарт мөнхийн сэдэв болсон таргалалт дээр илүү төвлөрчээ. Түүний үзэж буйгаар жин хасна гэдэг нь шидэт дэглэмээр шийдэгдэх асуудал биш ажээ. Суурь ойлголт, учир шалтгааныг ойлгож гэмээнэ турах, эрүүлжих үйл явц эхэлнэ.
Уг ном олон тооны судалгаанд тулгуурлан аливаа асуудлыг тайлж бичсэн бөгөөд жин хасах бодитой зөвлөгөөнүүдийг багтаасан. Өлсөж, ядарч, булчингаа алдаж зовохгүйгээр бие эрхтнээ эрүүлжүүлэхэд хөтөч ч гэж хэлж болох юм. Мөн хоолны цэс болон явцаа хянах тэмдэглэлийн дэвтрийг багтаажээ.
2. Вавилоны хамгийн баян хүний сургаал: Баяжих зам
Төрөл: Хувийн санхүү
Нүүрний тоо: 220
Хэвлэл: Nepko хэвлэлийн газар
Уг ном нь Вавилоны баатруудын түүхээр дамжуулан мөнгөний менежмент, баялаг бүтээх арга, санхүүгийн амжилт зэрэг сэдвүүдийг хөндөнө. Хамгийн алдартай сургаалт зүйрлэлүүдийн нэг нь Вавилоны дүр болох Аркад хэмээх ядуу бичээч юм. Тэрээр санхүүгийн энгийн хэр нь чанга дүрмийг мөрдсөнөөр Вавилоны хамгийн баян хүн болсон аж. Аркадын зөвлөгөөнд баялаг бүтээх "Долоон дом", баялгийг хамгаалах, хөрөнгө оруулах "Таван алтан дүрэм" хэмээх санаа гардаг.
Бараг зуун жилийн настай энэ ном дэлхий даяар хоёр сая гаруй хувь борлогдож, бестселлер болсон хэвээр байгаа бөгөөд уг номыг Nepko publishing энэ сард шинээр хэвлэлтэнд гаргаж байгаа юм.
3. Тэмээний шид: Тэмээний нууцлаг увдис
Төрөл: Намтар
Нүүрний тоо: 296
Хэвлэл: Nepko хэвлэлийн газар
Кристина Адамс эх хүний хоёргүй сэтгэл, зориг зүрхэндээ хөтлөгдөн дэлхийг тойрох аялалд гардаг. Тэрээр аутизмтай хүүхдийнх нь шинж тэмдэгт ингэний сүү эергээр нөлөөлж байсныг олж мэдсэнээр “тэмээний эрэлд” гарсан аж. Ийнхүү Ойрх Дорнод дахь Бедуин хуарангаас Пенсильвани дахь Амишийн фермүүд болон Энэтхэгийн тэмээчдийн тосгонд хүртэл очсон гэдэг.
Зохиол түүний эрхэм зорилгодоо хүрэх хичээл зүтгэлийг онцлон тэмдэглээд зогсохгүй, ингэний сүүний анагаах чадвар, соёлын өвөрмөц байдал зэргийг харуулах аж. Түүнчлэн ингэний сүү аутизм, харшил, чихрийн шижин зэрэг янз бүрийн өвчнийг эмчлэх боломжийг эрэлхийлсэн судалгааны өгүүллүүд ч эл бүтээлд бий. Түүний аялал эртний анагаах уламжлалыг эргэн сөхөж, ингэний сүү болон хүний эрүүл мэнд хоёрын уялдааг тайлсан сонирхолтой бүтээл юм.
4. Далай лам: Зурагт намтар
Төрөл: Намтар
Нүүрний тоо: 352
Хэвлэл: Nepko хэвлэлийн газар
40 жилийн турш Далай ламын туслах байсан, түүний хамгийн ойр дотнын хүн болох Данзан Гэчой Дайтоны бичсэн энэхүү зурагт номыг Далай ламын амьдрал болон Төвөдийн он цагийн толь мэт бүтээл хэмээн нэрлэж болно. Дээрхийн гэгээнтний ойр дотнын хүмүүсийн дурсамж, Төвөдийн ард түмний эрдэнийн сан бүхий 400 зургийг уг бүтээлд багтаажээ. Эдгээр ховор зургууд нь Дээрхийн Гэгээнтний Төвөдөд амьдарч байсан бяцхан хүүгээс олон улсад хүндлэгдсэн оюун санааны удирдагч хүртэлх амьдралын бэрхшээл, адал явдал, түүхийг дүрсэлнэ.
Бүтээлд Далай ламын 1959 онд Төвөдөөс дүрвэсний дараа орогнож байсан Энэтхэг улстай тогтоосон харилцааны талаар өгүүлдэг. Дайтон олон арван жилийн турш Энэтхэг, Төвөд, Хятад хоорондын харилцааг бүрдүүлсэн геополитикийн ээдрээтэй асуудлыг мөн тайлан бичсэн нь онцлууштай. Нэг ёсондоо энэ ном нь Далай ламд хүндэтгэл үзүүлэн түүний туулсан амьдралын олон өөр үеүдийг харуулсан бүтээл гэж хэлж болно. Түүнчлэн уншигчдад зөвхөн түүх өгүүлэхээс гадна хүний эрх, оюун санааны гэгээрэл, энх тайван зэрэг үйлийн сайн сайхныг ойлгуулсан, итгэл найдвар төрүүлэхүйц чухал ном ажээ.
5. АРХИТЕКТУР
Төрөл: Танин мэдэхүй
Нүүрний тоо: 336
Хэвлэл: МОНСУДАР хэвлэлийн газар
“Агуу санааг энгийнээр тайлбарлах нь” цувралын “Архитектур” ном нь эртний байшингаас эхлээд сүүлийн үеийн тэнгэр баганадсан барилгууд хүртэлх архитекторын хувьслаар аялуулах баялаг бүтээл юм. Тус ном нь барилгын материал, технологи, дизайн, нийгмийн өөрчлөлт гээд 6000 гаруй жилийн архитектурын түүхийг багтаасан аж.
Архитектурын салбарт чухал байр эзлэх архитекторууд болон онцлох барилгуудыг 56 хуудас бүхий лавлах хэсэгт багтаасан нь онцлууштай. Эртний Ромын барилгууд яагаад олон зуун жилийн турш оршин тогтнож байсан, Готик сүм хийдүүд хэрхэн тэрхүү өндөрт сүндэрлэсэн, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй барилгын салбарын орчин үеийн инновац зэрэг сонирхолтой агуулгуудыг уг номд багтаажээ. Тиймдээ ч дэлхий ертөнцийн барилга, байгууламжийн гоо зүй, шинжлэх ухаан болон түүхэн талуудыг сонирхож, түүний үүсэл, ирээдүйн талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг хэн бүхэнд таалагдах нь лав.
6. Бидний 100 нууц
Төрөл: Уран зохиол
Нүүрний тоо: 216
Хувь тавилангаа хурууныхаа үзүүрт уячхаад хөнгөхөн шүүрс алдан туулаад гарч буй сэтгэл догдлуулам бодит амьдралын тухай эл бүтээл өгүүлэх ажээ. Мэдрэх, хайрлах, гомдох, тэврэхийг хуудас бүр нь сануулж дотоод сэтгэлдээ ойртохыг уриална . Намуухан эргэцүүлэл төрүүлж, хөнгөхөн гуниглуулж басхүү догдлуулах хүчтэй уг бүтээл яруу найраг сонирхогчдын таалалд нийцэх бүтээл байх нь гарцаагүй.
7. Харынхан
Төрөл: Уран зохиол
Нүүрний тоо: 120
“Надад хувилсан усны чимээ” номын зохиолч Умааханы дараагийн бүтээл Солонгост амьдардаг 60 мянган хүний дуу хоолойг шингээжээ. Тэдний ямар ажил эрхэлдэг, юу мэдэрдэг, ямар зовлон шаналал амсдагийг Умаахан сэтгүүлч Годой болон Лунагийн хайрын түүхээр дамжуулан харуулсан аж.
Бүтээл “харласан” хэмээн тодорхойлуулах хүмүүсийн амьдралыг дэлгэж, тэдний өдөр тутмын амьдралын хэв маяг, хүсэл эрмэлзэл, тэмцлийг хүчтэй илэрхийлнэ. Зохиолын хоёр дүрийн хайр дурлал Солонгос улсын соёл, мөн чанарын цонх болж харийн оронд тохиолдох баяр баясал, уй гашуу, амьдралын нугачаа зэргийг гүнзгий ойлгон, тайлахад туслах ажээ. Мөн зохиогч эдийн засгийн дарамтаас эхлээд соёлын хүлээлт хүртэлх нийгмийн өргөн хүрээний асуудлуудыг чадамгай дүрсэлснийг онцлууштай.
8. Хол биш
Төрөл: Бичвэрийн түүвэр
Нүүрний тоо: 137
Урам зориг, гуниг, зовлон, амар амгаланг мэдрүүлэх халаасанд ч багтам жижигхэн, авсаархан энэ ном бол Лантуун дохио ТББ-ын Үүсгэн байгуулагч Ганжавхлангийн шинэхэн бүтээл юм. Уг бүтээл нь холын хол эсвэл энүүхэн ойрхон ч бай хайртай нэгэндээ очиход хол биш гэсэн хүн бүрийн доторх эргэцүүлэл, бодролыг тусгажээ. Хэвлэгдсэн цагаасаа хойш уншигчдад гүн сэтгэгдэл үлдээснийг тэдний сэтгэгдэл болон сар дараалан бестселлер болсон амжилтаас нь илэрхий харах буй заа.
9. The concise history of Mongolia
Төрөл: Түүх
Нүүрний тоо: 208
Хэвлэл: Nepko хэвлэлийн газар
Зохиогчийн “Нүүдэл суудал” хэмээх бүтээлд 2000 гаруй жилийн өмнөх Төв Азийн нүүдэлчдийн, 1500 гаруй жилийн турших монгол үндэстний түүхийг нэгтгэн бичсэн байдаг. Түүний эл бүтээл Монголдоо олон хэвлэгдсэнээс гадна Монгол хэл дээрх номууд дундаас гадаад хэл дээр хамгийн их орчуулагдсан ном юм.”Харин The concise history of Mongolia” хэмээх уул бүтээл нь “Нүүдэл суудал” номыг товчлон бичжээ.
10. WEIRD, CRAZY, COOL MONGOLIA
Төрөл: Нийгэм
Нүүрний тоо: 112
Хэвлэл: Nepko хэвлэлийн газар
Энэхүү ном нь Монголын соёл, нийгмийн бүтцийг гүнзгий судалж, гаднын хүмүүст буруугаар ойлгогддог ээдрээ, асуудлыг задлан бичжээ. Монголчууд эртний уламжлал, орчин үеийн нөлөөлөлтэй ууссан өвөрмөц түүхээр тогтсон ард түмэн юм. Япончуудын даруу зантай харьцуулахад омголон юм шиг хэр нь америкчуудын бардам зантай зэрэгцүүлэхэд бахдалтай мэт. Ийнхүү тодорхойлж боломгүй хоёрдмол байдал нь өвөг дээдсийн сургаалд гүн шингэсэн байдагтай холбоотой. Монголчуудын мөн чанарыг илчлэхийг зорьсон уг бүтээл түүхэн үйл явдлууд, газарзүйн байдал, нүүдэлчдийн өв соёл нь өнөөгийн монголчуудын сэтгэлгээг хэрхэн бүрдүүлснийг тайлбарлана.
Ном эрхлэн гарагч та бүхэн манай редакцын сар бүрийн онцлох номууд жагсаалтад өөрийн бүтээлээ багтаахыг хүсвэл editor@unread.today хаягаар холбогдоорой. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.