АНУ-ын алдарт хайгуулч, эрдэмтэн Рой Чапмэн Эндрюсийн 1926 онд бичиж 60 орчим гэрэл зургийн хамт хэвлүүлсэн "Эртний хүний мөрөөр" хэмээх онц сонирхолтой номыг энэ удаа танилцуулж байна. Эндрюс 1921-1925 онд Монголын говьд гурван удаагийн эрдэм шинжилгээний аялал удирдан хийснээрээ алдаршсан юм. Эл номыг Д.Гэрэлтөв, Д.Маралгоо нар орчуулж, нэрт зохиолч Дарамын Батбаяр, нэрт орчуулагч Гүрбазарын Амар нар ариутган шүүсэн бөгөөд өмнөх үгийг нь академич Ринчений Барсболд бичиж, шинжлэх ухааны нэр томьёог буулгахад тусалжээ. Буйд онгон говь нутагт шинжлэх ухааны бүрэн цогц судалгаа хийж, үлэг гүрвэлийн өдий төдий олдворыг олсноороо түүхэнд тодоор бичигдсэн энэ аяллын түүхийг өгүүлэхийн хамт зарим эшлэлийг толилуулъя.

НОМЫН ТУХАЙ

Багаасаа адал явдал, байгалийн шинжлэх ухаанд татагдаж өссөн, Америкийн байгалийн түүхийн музейн залуу ажилтан Рой Чапмэн Эндрюс тус музейн ерөнхийлөгч, эрдэмтэн Хенри Файрфилд Осборнтой Төв Азид судалгаа хийх талаар санаа нэгджээ. Тэр үед Америкийн эрдэмтэд бүх тивийн амьд амьтан анх Ази тивд үүсэж бий болоод бусад тивүүд рүү тархсан гэсэн онолыг дэвшүүлээд байсан бөгөөд Рой Ч.Эндрюс үүнийг батлах учиртай Төвийн Азийн эрдэм шинжилгээний ангийг ахалсан байна. Ертөнцийн нөгөө захад буй Төв Азийн гүн рүү хийх экспедиц америкчуудын анхаарлыг гойд татаж, багт нь элсэхийг хүссэн залуучууд, эрчүүдээс 3000 гаруй, бүсгүйчүүдээс 1000 гаруй захидал авсныг номд дурджээ.

Рой Ч.Эндрюс үнэхээр ухаалаг, зоригтой, самбаатай хүн байв. Тун амаргүй энэ аяллыг үр дүнтэй болгохын тулд асар их бэлтгэл, санхүүжилт шаардлагатайг эхнээсээ мэдэж байлаа. Тэрбээр санхүүжилтийнхээ нэлээд хэсгийг жирийн америкчуудаас босгосон бөгөөд энэ явцдаа алдарт Ж.П.Моргантай уулзан тусламж хүсэж байснаа бичсэн байх юм. Өргөн уудам нутагтай Монголын говьд богино хугацаанд дорвитой шинжилгээ хийхийн тулд машин ашиглах нь зүйтэй хэмээн үзэж, америк машинууд худалдан авсан нь тун зөв алхам болжээ. Автомашин сонгодог утгаараа бий болоод удаагүй асан 1920-оод оны эхээр гагцхүү тэмээ л явж туулдаг говьд машинтай явахаар шулуудсан нь гайхмаар зоригтой хэрэг. Чингээд тэрбээр шинжилгээний аяллын тайлан, олдворуудын хувь, фото, кино зургаас хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр, зохих төлбөрийг төлөн Монголын Засгийн газраас зөвшөөрөл авчээ. Улмаар Бээжинд зарим бэлтгэлээ хангаад машины цуваа, тэмээн жингийн хамтаар Монголын их говийн зүг хөдөлжээ.

Энэ номоос тухайн үеийн Монголын нөхцөл байдал, монгол хүний төрх байдал, аж амьдралын талаар тун сонирхолтой ажиглалтуудыг уншиж болно. Монголчуудын мухар сүсэг, хүн амын жинтэй хувийг эзлэх лам нарын тухай, цаг агаар, эрс тэс уур амьсгалын тухай, аян жин, монгол гэр, наадам зэргийн талаар өгүүлсэн нь уншихад сонин содон.

Явсан цаг үеийг нь бодохлээр аргагүй Монголын ороо бусгаа он жилүүд байв. Замд тохиолдсон зарим жишээгээр монгол хүний амь сүүлийн гурван жил хонины аминд ч хүрэхгүй мэт болжээ хэмээн шогширсон байх юм. Замын дээрэмчдээс дөлж явсан, заримдаа бүр нүүр тулсан адал явдал ч таарна. Гэсэн ч эрсдэлтэй нөхцөлд, эрс тэс уур амьсгалтай говь цөлд Рой Ч.Эндрюсээр ахлуулсан тэдгээр хайгуулч урам зоригтой, арвин олзтой ажиллажээ.

Ажиллах үйл явцаа, олдвор олсон тохиолуудаа дэлгэрэнгүй бичжээ. Эртний олдворуудыг яаж эрж хайж олдог, олсон хойноо хэрхэн гаргаж авдгийг, ямар ач холбогдолтойг тайлбарлах нь шинжлэх ухаанд шимтүүлмээр. Рой Ч.Эндрюс амьтан судлаач, анчин хүн тул аргаль, янгир, хулан, зээр зэрэг говийн ан амьтдын тухай гайхширан өгүүлсэн нь, ан хийсэн адал явдлаа дурссан нь уншихад амттай.

Энэ бүхэн "Эртний хүний мөрөөр"-ийг адал явдалт кино мэт салахын аргагүй ном болгожээ. Рой Ч.Эндрюсийн ахалж тун амжилттай хийсэн эдгээр экспедиц палентологи, археологи, хүн судлалд чухал ололт ахиц авчирч, Монголын талаарх чухал сурвалж болон түүхэнд үлджээ. Индиана Жонсын дүрийг Рой Ч.Эндрюсээс санаа аван бүтээсэн гэлцэх нь бий. Үнэхээр л адал явдалтай, сонирхолтой амьдралыг туулсан эрдэмтэн санжээ.

ЗАРИМ ЭШЛЭЛҮҮД

"Үл мэдэгдэх оньсого таавар, хачин содон зүйлс бүхий, юуг ч хийж бүтээж болох орон бол Монгол билээ!"

"Палентологич хүн ил харагдах яс байхгүй л бол газар ухаж үздэггүй юм."

"Дараагаар нь ерөнхий сайд надаас Монгол Улсын засгийн газарт зориулж "олгой хорхой" барьж өгч чадах эсэхийг асуусан юм... Уулзалтад сууж байсан хүмүүсийн хэн нь ч энэ амьтныг харж байгаагүй хэрнээ байдаг гэдэгт нь хүн бүр итгэх бөгөөд нэгд нэгэнгүй дүрсэлж өгөв. Тэр олгой шиг хэлбэртэй, жаран сантиментр урттай бөгөөд толгой, хөл байхгүй, зөвхөн хүрэх төдийд хүн алах тийм хортой ажгуу."

"Чулуужсан яс олох ажил жирийн хүнд учир битүүлэг мэт санагдаж болно. Үнэндээ энэ нь шинжлэх ухааны мэдлэг хийгээд дадлага туршлага л шаардсан ажил. Эхлээд геологийн тохиромжтой орчин байх ёстой. Галт уулын хүрмэн чулуу болоод эрдсийн хувиралттай чулуунд чулуужсан яс байна гэж байхгүй. Учир нь халалт өөрчлөлтүүдэд өртөж яс нь устдаг юм. Чулуужсан ясыг зөвхөн элсэн чулуу, занар, шохойн чулуу зэрэг хурдасны давхаргаас олох боломжтой."

"Монголчууд гэрт хүн нас барахыг ихэд цээрлэж, хүндээр өвчилбөл нэгнээ насан эцэс болохоос нь урьтаж сэм нүүж одно. Ад зэтгэрийн сүнснээс ихэд болгоомжилж дөлнө."

"Хошин мэдрэмжтэй хэн ч монголчуудтай учраа сайн ололцоно. Учир нь монгол түмэн өөрсдөө наргианч, үзэл бодлоо шууд илэрхийлдэг хүмүүс юм."

"Хэсэг хугацааны дараа толгодын дээр давхиж гартал, бэл хавьцаа гурван дээрэмчин зогсож байна. Одоо суманд оногдохгүйгээр машинаа ухраах нэгэнт оройтжээ. Монгол морь моторын чимээнд үргэнэ гэж би мэдэж байсан тул шууд дайрахаар шийдэв. Урд зам нээлттэй, бартаа гайгүй тул дөчин бээрийн хурдаар доош жирийлгэв. Яг л бодож байснаар болов! Дээрэмчид буугаа цэнэглэж байх зуур морьд ууртай дошгиноор сандчин үргэж, эзэд нь арай чүү эмээл дээрээ тогтож ядна. Би зургаа үсэрдэг буугаараа толгой дээгүүр нь ойрхон буудав."

"...Учир нь бид хүн төрөлхтөний түүхэнд үлэг гүрвэлийн өндгийг олж үзсэн анхны хүмүүс болсон билээ!"

"Үлэг гүрвэлийг өндөгнөөс нь авахуулаад нас бие гүйцсэн хүртэл нь харж болох цогц яс олдоно гэдэг гайхамшигтай явдал юм. Говийн төвийн бүсийн сав газраас өөр хаана ч дэлхийд ийм олон төрөл зүйлийн үлэг гүрвэлийн яс олдож байгаагүй. Гурван бээрийн орчим газраас олдсон далан таван гавлын ясыг хараад бид Улалзах Цонжоос үүнээс илүү авах гэж шунаад хэрэггүй хэмээн санацгааж билээ."

"Хүүхэд байхаас л хүйтэн агаар, цасан дунд өссөн болохоор энэ бүхэн Мэриний хувьд юу ч биш юм. Тэр дээрэмчид, тонуулчдаас холуур, шөнөдөө явж, өдөр нь хөндий, далдхан газраар хоноглосоор бидний ачаа жинг аюул осолгүйгээр говийн болзооны газарт үргэлж хүргэж өгч байлаа. Бид аргаа баран арчаагаа алдан байх үед тэр үргэлж инээмсэглэсээр тэмээгээ унаад ирдэг байлаа."

"Дөчин эрийг цатгалан, тухтай, хамгийн гол нь завгүй байлгах нь миний гол үүрэг юм. Хэн ч, ямар ч нөхцөлд орсон гомдоллодоггүй байсан нь миний ажлыг их хөнгөлдөг байв... Багийн шинэ гишүүдэд Монголын цаг агаар гэнэтийн зүйл болдог байлаа."

"Би Өргөө хотод генерал П.К.Козловтой дахиад уулзлаа. Өмнө нь түүнтэй хамт дагалдан ирж байсан Пржевальскийг эс тооцвол Козлов Оросын хамгийн аугаа судлаач билээ."

"Говийн зэрлэг ч бай, гаршуулсан ч бай амьтдыг өөртөө соронзон шиг татдаг зүйл машинд байна. Хулангийн сүрэг олон бээрийн газраас налан давхиж ирж, бидний урд туурайн нүргэлэх их чимээ гарган орж ирэв. Хэдэн зуун хулан хоёр талаар тачигнан давхихад үүссэн шар тоосон дунд арайхийн замаа харж явна."

"Сүүлийн зуун мянган жилд Монголд айхтар ган болжээ гэж манай геологичид дүгнэв. Үүнээс бид хүй нэгдлийн хүмүүс Африк, Европ болон бусад бүс нутаг руу амьдрахад тохиромжтой газар эрэлхийлэн нүүцгээсэн гэж дүгнэхэд хангалттай үндэслэл болно."

"Доктор Мэттью "Өөр гавлын яс яаж ийгээд олохыг хичээгтүн" гэж бичсэн байв. Гранжер бид хоёр хагас цаг ярилцсаны эцэст тэр "За тэгэхээр үүнийг тушаал гэж ойлгохоос. Ажилдаа даруй оръё доо" гэлцэв. Тэр Улалзах Цонжны бэл уруу очиж цагийн дараа өөр нэг хөхтөний гавлын ястай буцаж ирэв. Бүтэн зуун жилийн туршид олдсон ийм төрлийн гурав дахь гавлын ясыг Гранжер ердөө ингэж л олсон юм. Яг л доктор Осборн корифодоны шүд явж оллоо гэж хэлж гараад хоёр хормын дараа Азиас ганц удаа олдсон шүднүүдийг олоод ирсэнтэй адил. Ийм зүйлд итгэхэд бэрх гэдгийг би ойлгоно. Гэвч ийм явдал бүр олонтаа тохиолдоно гээч. Манай багт надаас гадна арван гурван гишүүн байсаар байхад би худал зүйл бичиж үл зүрхэлнэ."