Хэлж яриагүй байлаа ч хүмүүс бусдын айж байгаа, баяртай байгаа, үнэнээрээ байгаа, эсвэл бүр дүр эсгэж байгаа эсэхийг хараад л мэдчихдэг шүү дээ. Үүнийг бид амьдрал дээр мэдрэмж хэмээн нэрийддэг. Тэгвэл бид чухам яаж "мэдэрдэг" юм бол? Харилцаж буй хүн тань ганц хэл яриагаараа өөрийгөө илэрхийлэх гэж оролдох нь огтхон ч хангалтгүй байдгийг бүгд мэднэ. Хүний нүд, гар, бүхэл бие нь нэгдмэл байж л тухайн харилцаа үр дүнд хүрдэг. Үүнтэй адил хүн өөрийгөө бусдад үнэн бөгөөд итгэлтэйгээр илэрхийлж сурахын тулд зөвхөн бодол дотроо өөрийгөө зоригжуулах бус биеэ ч давхар бэлтгэх хэрэгтэй байдаг аж. Бидний мэддэг юм шиг хэрнээ анзаардаггүй уг сонирхолтой сэдвийг шинжлэх ухаан, судалгаанд суурилан тайлбарласан "Presence" ном саяхан монгол хэлнээ орчуулагджээ.

зохиогчийн тухай

Магадгүй та уг тоймын оршлыг уншаад "Ойлгомжтой сэдэвтэй ном байна, хэнд ч ойлгомжтой зүйл шүү дээ" хэмээн бодож болох юм. Гэвч уг номын эхний хуудаснаас эхлээд зохиогч яагаад энэ сэдвийг барьж авах болсон, яагаад энэ сэдэв бидний амьдралд чухал юм бэ гэдэгт хариулсан Эми Каддигийн богинохон түүхийг уншаад бодлоо өөрчлөх болов уу гэж тааж байна.

Харвардын Бизнесийн Сургуулийн багшаар ажиллаж байсан, 57 сая үзэлттэй TED илтгэлийг тавигч, 32 хэлнээ хөрвүүлэгдсэн олон улсын шилдэг борлуулалттай номын зохиогч гэх мэт тасралтгүй өсөн дэвшсэн юм шиг харагдах амжилтаар дүүрэн түүний карьерийн ард үнэндээ 19 насандаа аймшигтай авто ослоос авсан, тархийг бүхэлд нь хамарсан мэдрэлийн гэмтэл (DAI)-тэй багагүй хугацааны туршид тэмцсэн их хөдөлмөр бий. Ослын дараа түүний IQ буюу оюуны чадамж нь 30 (дундаж хүнээс 2 дахин бага) хүртлээ багасаж, энгийн яриаг ч гүйцэд ойлгож чадахааргүй ойлгоцтой болсон ч боловсрол, мэдлэгт тэмүүлсэн түүний хүсэл үеийнхнээс нь дөрвөн жилийн дараа ч гэлээ их сургуулиа амжилттай төгсөж, ирээдүйд нийгмийн сэтгэл зүйч, судлаач болох замналынх нь эхлэлийг тавьжээ.

Иймдээ ч тэрээр өөртөө итгэх итгэл хүнд ямар чухал болохыг эртнээс ойлгосон нэгэн юм. Уг ном бол түүний зүгээр л сонирхож судалсан сэдэв төдий бус харин өөрийнх нь амьдралд бодит үр дүнгээ өгч, чин сэтгэлээсээ итгэж үнэмшсэн судалгааны нэг хэсэг ажээ.



номын тухай 

ОРШИХУЙ (PRESENCE) ГЭЖ ЮУ ВЭ?

Уг номд өөрийн жинхэнэ бодол санаа, мэдрэмж, үнэ цэнийг, мөн далд нууц чадвараа хамгийн дээд хэмжээгээр илрүүлэн гаргахыг "Оршихуй" хэмээн тодорхойлжээ. Үүний тулд бид сэтгэлийн гүнд бий болдог "Би"-тэйгээ хэрхэн үнэнчээр, хүчирхэгээр холбогдох тухай ойлгож мэдэх хэрэгтэй болж байгаа юм. Яаж гэдгийг, яагаад заавал үүнийг хийх ёстой вэ гэдгийг хүмүүсийн бараг л өдөр тутамдаа тулгарч байдаг үг, үйлдэл хоёроо нэгтгэхэд гарах хүндрэлүүдээр тайлбарлана. Өөрөөр хэлбэл илтгэл тавихад сандрах, асуулт асуухад тулгамдах, өөрийгөө зөв илэрхийлж чадахгүй байх, хийсэн ажлаа танилцуулахдаа түгдрэх зэрэг үед бидэнд эр зориг, итгэл найдвар өгч, саадыг даван туулах хүчийг өгдөг зүйлийг "Оршихуй" хэмээн нэрлээд байгаа хэрэг.

ЯРИХАА БОЛИОД СОНСОЖ ЭХЭЛ

Хүмүүст өөрийгөө ойлгуулах, зөвөөр илэрхийлэх хамгийн зөв бөгөөд үр дүнтэй алхам нь тэдний итгэлийг олох явдал. Харин хүний итгэлийг олох хамгийн хялбар бөгөөд үнэн арга нь тэднийг сонсох байдаг. Сонссоноор тухайн хүнийг хүндэлж, анхаарч буйгаа ойлгуулахын сацуу нөхөрсөг дулаан уур амьсгалыг бүрдүүлэх чухал алхам болдог ажээ. Өөрөө ярих биш, харин харилцагчаа яриулснаар хүмүүс чамд итгэж, мөн өөрөө өөртөө чухал мэдээллүүдийг цуглуулж, хүн бүр бие даасан хүн гэдгийг хүлээн зөвшөөрч, тэр чинээгээрээ өөрийгөө ойлгоход улам дөхөмтэй болдог байна. Иймээс өөрийгөө ойлгохыг хүсвэл ярих биш сонс.

СУЛ ДОРОЙ ЗАНГАА ХҮЛЖ, ХҮЧИРХЭГ БИ-ГЭЭ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

Бидний хүчирхэг гэж боддог, хүндэлдэг, шүтдэг хүн бүрд яг бидэнтэй адилхан "Багны ард нуугдсан мэдрэмж" буюу "Намайг хүндэлдэг хүмүүс үнэн хэрэгтээ намайг бодсон шиг нь авьяас чадвартай биш гэдгийг мэдчих болов уу" гэсэн айдаст мэдрэмжтэй байдаг. Ямар ч хүчирхэг харагддаг хүний сэтгэлд өөрийгөө сул дорой, үнэн хэрэгтээ чаддаг юм багатай гэж боддог дутуугийн мэдрэмж бий. Та ганцаараа тийм биш. Тэр хүмүүсийн хийж чадсан зүйл нь ердөө л шаардлагатай үедээ тэр мэдрэмжийг өөр өөрсдийнхөө аргаар давж гарч чаддагт л байгаа юм. Иймд бид шаардлагатай үед өөрсдийгөө зоригжуулах, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх өөрсдийн гэсэн арга барилтай, үгүйдээ гэхэд юу хийхээ мэддэг, юу тус болох, тус болохгүйг мэддэг болох хэрэгтэй.

БИЕ ОЮУН УХААНЫГ УДИРДДАГ БУЮУ ГАЙХАМШИГТ ЭМЭГТЭЙ ЗОГСОЛТ

Уг номд хүчтэй байрлал, сул дорой буюу хүчгүй байрлал гэсэн хоёр ойлголтыг дэлгэрэнгүй тайлбарладаг. Хүний хэлж байгаа үг төдийгүй, бүр дууных нь өнгө хүртэл хүчийг нь илтгэдэг. Хүн өөрийгөө хүчирхэг гэж мэдрэх үед бие нь тэлж томрон, эзэмшиж байгаа хүрээлэл нь тэлдэгтэй адилаар, дуу нь хүртэл тодордог ажээ. Иймд бид чухал үеийнхээ өмнө өөрийгөө зоригжуулахын тулд уг номд гарч байгаагийн адилаар Гайхамшигт эмэгтэй, супермэн зогсолтуудыг авснаар биеэсээ тестостерон буюу "хүч чадлын" дааврыг ялгаруулж тухайн мөчийн өмнө том сэргэлтийг өөртөө өгөх боломжтой юм. Номд энэ талаар дэлгэрэнгүй бичсэн тул цааш нь гүнзгийрүүлэн судлахыг хүсвэл уншаад үзээрэй.



номын зарим эшлэлүүд

  • Оршихуй бол өөрийн жинхэнэ бодит мэдрэмж, үнэ цэн, мөн өөрийн чадвартаа итгэх итгэлийг хэлнэ. Энэ л хамгийн чухал. Учир нь хүн өөрөө өөртөө итгэхгүй бол бусад хүн ч гэсэн тэр хүнд итгэхгүй.
  • Хамгийн их хөрөнгө оруулалт авч чадсан тохиолдол нь тухайн бизнес эрхлэгчийн туршлага, хэлж байгаа илтгэлээс огт шалтгаалаагүй байв. Харин хөрөнгө оруулалт авахаар үг хэлж байгаа бизнес эрхлэгчийн өөртөө итгэх итгэл, хүсэл тэмүүлэл, идэвх л чухал нөлөө үзүүлжээ.
  • Урам зориг өөрөө яагаад баримт болдгийн учир нь иймэрхүү зүйлийг хүчээр зориуд бий болгох бараг боломжгүй болохоор тэр.
  • Өөрийн жинхэнэ Би-г илрүүлэн гаргахын тулд өдөр тутмынхаа дүр төрхийг өөрчлөх тохиолдол хааяа тохиолддог.