Израил-Палестины дайн, Газын зурвас дахь хурцадмал байдлын талаар бид олон арван жилийн турш сонссоор бараг дөжрөөд байсан гэхэд хилсдэхгүй. Харин өнгөрөгч оны аравдугаар сарын 7-ны өдөр Израил руу гал нээсэн Хамасын халдлагаас үүдэлтэй Израил-Хамасын дайн өдгөө найм дахь сар руугаа шилжиж, дэлхий дахины анхаарал дахин Газын зурвас дээр төвлөрөөд буй.

Тусгаар улсаа байгуулж чадаагүй үндэстнүүдийн нэг палестинчуудын оршин суудаг хоёр хэсэг газрын нэг нь Газын зурвас. Нөгөөх нь Израилын хяналтад байдаг Иордан голын баруун эрэг билээ. Энэхүү дайнаас үүдэн Палестины тал, тэр дундаа энгийн иргэд, хүүхдүүд хамгийн том хохирогч болоод байгаа юм.

Тэгвэл энэхүү төгсөшгүй дайны эхлэл, тэр дундаа сүүлийн 100 гаруй жилийн турш энэхүү “Бурханы амласан газар нутаг” дээр чухам юу болж өнгөрсөн тухай товч түүхийг Палестины талаас өгүүлэх “The Hundred Years' War on Palestine: A History of Settler-Colonial Conquest and Resistance" бүтээлийг "Номын тухай" буландаа тоймлохоор бэлдлээ.

ЗОХИОЛЧИЙН ТУХАЙ


Рашид Исмаил Халиди нь Палестин-Америк гаралтай Ойрхи Дорнодын түүхч, Колумбын их сургуулийн орчин үеийн араб судлалын профессор юм. Тэрээр орчин цагийн Ойрхи Дорнодын түүхийн тухай Palestinian Identity, Brokers of Deceit, Resurrecting Empire зэрэг долоон бүтээл туурвисан бөгөөд түүний түүх, улс төрийн талаар бичсэн бүтээлүүд нь New York Times, Boston Globe, Los Angeles Times, Chicago Tribune гэхчлэн олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байдаг. Сонирхуулахад, түүний гэр бүл нь Палестины нөлөө бүхий гэр бүлүүдийн нэг байсан бөгөөд авга ах нь Иерусалим хотын захирагч, Иорданы 13 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан аж.

Оксфордын их сургуульд философийн ухаанаар докторын зэрэг хамгаалсныхаа дараа Р.Халиди 1976-1983 оны хооронд Бейрутын Их Сургуулийн Улс төр судлал, төрийн удирдлагын тэнхимд багшилж байжээ. Яг энэ үеэр Израил Ливан дахь Палестиныг чөлөөлөх бүлгэмийн хил давсан дайралтыг тогтоон барихын тулд 1982 онд Бейрут хот руу довтолсон юм. Тэрхүү дайны голомтон дотор өнгөрүүлсэн он жилүүд нь ирээдүйд Палестины тусгаар тогтнолын төлөө хүчтэй дуу хоолойгоо өргөх идэвхтэй тэмцлийнх нь эхлэл болсон гэдэг.

  1. оттоманы эзэнт гүрний сүйрэл, сионизмын эхлэл

Швейцарийн Базел хотноо хуралдсан Сионист хөдөлгөөний анхны хурал, 1897он

1899 оны гуравдугаар сарын 1. Иерусалим хотын захирагч Юсуф Дия аль-Халиди сионист хөдөлгөөнийг тэргүүлэгч Теодор Херцл рүү долоон хуудас захиа илгээжээ. Уг захидалдаа тэрээр “Иудей болон мусульман шашинтнууд бид ахан дүүс юм. Гэхдээ Ойрхи Дорнодод еврейн улс байгуулах тухайд та бүхнийг дахин нэг бодож үзээсэй хэмээн хүсэж байна. Палестины бүс нутагт хэрэв сионист хөдөлгөөн эрчимжвэл уугуул иргэдийг эрхшээлдээ оруулах вий хэмээн эмээж байна. Бурханы нэрээр, Палестиныг ганцааранг нь үлдээгээч" хэмээн гуйж бичжээ. Харин Херцл захидлын хариуд түүний санаа зовнилыг үгүйсгэж, харин ч Европ дахь еврейчүүд бурханы заасан эх нутагтаа очсоноор бүс нутгийг эдийн засгийг сайжруулах болно хэмээжээ.

Дэлхийн I дайны үед Оттоманы эзэнт гүрэн нуран унах үед 1916 онд Франц, Британи хоёр Ойрхи Дорнодынх нь газар нутгийг хуваасан “Сайкес Пикотын” хэлэлцээр байгуулсан юм. Франц нь Сири ба Ливаныг захирах эрх авч харин Британид Ирак, Палестиныг захирах мандат шилжжээ. Улмаар 1917 онд Британийн Засгийн газар “Палестины нутагт Еврейн эх орон бий” гэдгийг хүлээн зөвшөөрсөн алдарт Бальфурын тунхаглалыг баталж, энэ бүх дайны эхлэл цэгийг хатгасан түүхтэй. Товчхондоо, Британичууд Палестиныг колончилж эхэлсэн цагаас дэлхий даяар тархсан еврейчүүд хуучин гэрээнд заасан ариун нутагт төвлөрч эхэлсэн юм.

2. ариун газарт тусгаар тогтнолоо зарласан ИЗРаил

Ливан руу дүрвэж буй палестинчууд, 1948 оны 11-р сар

Энэ үед Палестины хүн амын 94 орчим хувь нь исламын шашинтан байсан бөгөөд цөөнх нь еврей, христийн шашинтнууд байв. Палестинчуудын хувьд Сири, Ливан, Ирак дахь хөршүүдтэйгээ адил Европын гүрнүүдийн колоничлолоос ангижрахыг хүсэж байлаа. Тэд 1919-1928 он хүртэл Их Британид удаа дараа тусгаар тогтнолын төлөөх хүсэлтийг илгээж байсан ч амжилт олоогүй аж. 1920-иод оны сүүлч гэхэд Палестины еврей хүн ам бараг 20 хувь болж өсчээ.

Өөрсдийнх нь нутаг дээр хэдэн арван мянгуулаа суурьшиж буй еврейчүүдийг палестинчууд алгаа дэлгэн тосож аваагүй нь мэдээжийн хэрэг. Ийнхүү арабууд еврейчүүд рүү өргөн халдлага үйлдэж, хариуд нь еврейчүүд нутаг нэгтнүүдээ хамгаалахын тулд “хаганнахчууд” хэмээх хамгаалалтын бүлэгтэй болжээ. Энэ бүлэг нь улмаар 1930-аад оноос хагас цэрэгжсэн байгууллага болж, Европоос зэр зэвсэг авах болов.

Британийн хувьд хурцадмал байдлыг намжаах зорилгоор буюу эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд 1939 онд Палестинд чөлөөтэй суурьших еврейчүүдийн тоог хязгаарлажээ. Энэхүү шийдвэр нь тухайн үед Нацист Германаас зугтаж, Палестинд очих хүсэлтэй еврейчүүдэд алах ялтай ижил байв.

Ийнхүү яван явсаар дэлхийн II дайн шувтарч, шинэхэн байгуулагдсан НҮБ 1947 оны 11 дүгээр сарын 29-нд Палестины газар нутгийг хоёр хуваах шийдвэрт хүрч, улмаар 1948 оны 5-р сарын 15-нд Израил улс тусгаар тогтнолоо тунхагласан юм. Харин шинэхэн байгуулагдсан Израилыг хууль ёсны улс хэмээн хүлээн зөвшөөрөхөөс хөрш Арабын улсууд татгалзаж байлаа. Энэ үед 700 мянга гаруй палестинчууд газар нутгаа орхиж, дүрвэгсэд болжээ.



3. зургаан өдрийн дайн 

Израил цэргүүд Иерусалимын хуучин хотын хананы өмнө сууж байна, 1967 он

Израил улс байгуулагдсан анхны өдрөөсөө л Египет, Сири, Иордан, Ливан, Ирактай дайн зарлаж, Араб-Израилын анхны дайныг эхлүүлэв.

1967 оны зургаадугаар сард хил дээр Арабын зэвсэгт хүчин олон тоогоор бөөгнөрсний хариуд Израил нь Египет, Иордан, Сирид өрсөж цохилт өгчээ. Зургаан өдрийн байлдааны төгсгөлд бүх талууд гал зогсоох тухай тохиролцоход Израил нь Гаазын зурвас, Синайн хойгийн ихэнх хэсэг, Баруун эрэг болон Голаны өндөрлөгт хяналтаа тогтоосон юм. Долоо хоног хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн энэ дайн харамсалтай нь Палестины ирэх хагас зууны хувь заяаг тодорхойлох төөрөгтэй байсныг хэн ч мэдсэнгүй.

Энэхүү дайнаас өмнө АНУ Израилын цэргийн ажиллагааны талаар хоёрдмол байр суурьтай байсан бол Ерөнхийлөгч Жонсон зургаан өдрийн дайны үеэр тус улсыг ЗХУ-ын эсрэг түшиг тулгуур гэж үзэж, урьдчилан сэргийлэх цохилтод ихээхэн тусламж үзүүлсэн гэдэг.

4.  ослогийн хэлэлцээр

Зүүн гар талаас Израилын Ерөнхий сайд Ицхак Рабин, АНУ Ерөнхийлөгч Билл Клинтон, Палестины улс төрийн удирдагч Ясир Арафат

Интифада (Израилын эсрэг Палестины бослого) Израилыг хэлэлцээнд дуудаж, Ослогийн хэлэлцээрээр Израил Баруун эрэг болон Гаазын зурвасаас цэргээ татахаар тохиролцож, эдгээр бүсэд Палестины түр Засгийн Газар байгуулахыг зөвшөөрөв. Израилын талыг баримтлагчид “Энхийн хана” байгуулан тусгаарлах бодлого явуулж байх хооронд Хамас, Жихад зэрэг исламын бүлэглэлүүд Палестины мэдлийн газруудад эрх мэдлээ аажмаар тогтоож эхэлжээ.

Ослогийн хэлэлцээрийн дараа Палестины ард түмэнд итгэл найдварын оч үсэрсэн ч удалгүй тэр нь замхран алга болов. 2006 онд Газын зурваст болсон сонгуулиар Хамас зэвсэгт байгууллага Палестины засаг захиргааг удирддаг Фатах намыг ялсан бөгөөд энэ сонгуулийн дараа Хамас, Фатах хоёр хэдэн сарын турш байлдаж, 2007 онд Хамас нь Газын зурваст бүрэн хяналтаа тогтоожээ.

Фатах намын Палестины засаг захиргаа Израилтай энх тайвнаар зэрэгцэн орших бодлоготой бол Хамас зэвсэгт байгууллага 1967 оны үеийн хилийн шугам дээр үндэслэн тусгаар тогтносон Палестин улсыг байгуулах зорилготой. Энэ бүх зэвсэгт мөргөлдөөн, үймээн самууны хөлд хамгийн ихээр хохирч буй нь жирийн ард иргэд. Дэлхийн хамгийн том задгай шорон хэмээн нэрлэгддэг Газын зурвасыг сүүлийн 16 жилийн турш Израил улс бүслэн хаах бодлого барьж байгаа бөгөөд иргэд нь Израил, Египетийн хилийг давахын тулд тусгай зөвшөөрөл авдаг. Тиймээс ч эдийн засгийн хувьд асар ихээр доройтож, ажилгүйдлийн түвшин нь 50 хувьд хүрчээ.



уншигчийн сэтгэгдэл 

Нэгэн зууны өмнө Иерусалим хотын захирагчийн Сионист хөдөлгөөний тэргүүнд бичсэн захидалд гарах “Угтаа бид ахан дүүс шүү дээ” хэмээх мөрт яахын аргагүй үнэний хувьтай.
МЭӨ 1800 оны үед одоогийн Иракийн газар нутаг болох Тигр-Евфрат хоёр мөрний хөндийд мэндэлсэн Абрахамыг Бурхны их зөнч хэмээдэг. Хуучин гэрээнд өгүүлснээр Бурхан Палестины газрыг Абрахамын үр хойчист өгөх болно хэмээн амласан юм.

Тийнхүү Бурхан Абрахамыг ариун газар руу хөтөлснөөс үүдэн тэрээр одоогийн Израил Палестины нутаг руу нүүдэллэж, еврей үндэстэн мэндэлсэн түүхтэй. Харин түүний үр хойчис ирээдүйд ислам, христийн шашныг үндэслэсэн гэдэг. Тиймээс ч Абрахам бол иудей, ислам, христ гээд гурван шашны эцэг билээ.

Харамсалтай нь, 2000 гаруй жилийн турш бурхны тамгалсан “Ариун газар”-т жирийн иргэд үндэстэн угсаатнаараа, сүсэгтэн бишрэлтнээрээ дамнан зөрчилдөж, харилцан хядалцаж буй.
336 хуудастай тус бүтээлд сүүлийн 100 жилийн турш энэ бүс нутагт өрнөсөн бүхий л геополитикийн асуудал, үүдэл шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарласнаараа онцлог.

Түүнчлэн АНУ, ЗХУ, Их Британи гээд дэлхийн томоохон гүрнүүд хоёр үндэстний асуудалд оролцож, хувь заяаг нь шийдэхэд хувь нэмрээ оруулдаг тухай бодит түүхийг өгүүлнэ. Мэдээж уншигчийн зүгээс энэхүү ном нь Палестин зохиолчийн бүтээл хийгээд болж өнгөрсөн бүхий л үйл явдлыг Палестины өнцгөөс тайлбарлах тул авах гээхийн ухаанаар хандаарай хэмээн зөвлөе.