Гэрлэлт тойрсон олон асуудлын тухай өгүүлсэн “Тод гэрэлтэх бүсгүй” хэмээх нэгэн шинэ номыг өнөөдөр онцолъё. Энэ номыг “Хөөрхөн дэлхий ТББ”-ын тэргүүн, алдарт эхийн II одонт, бидний сайн мэдэх дуучин А.Уранхолбоо болон философийн ухааны доктор, ХААИС-ийн багш Г.Уянга, боловсролын ухааны доктор, "Ач" АУИС-ийн багш Б.Нарантунгалаг нар хамтран бичжээ. Зохиогчид номдоо гэр бүл, хүүхэд, хайр сэтгэл, эмэгтэй хүний эрхэм чанар зэрэг чухал сэдвүүдийн талаар туршлага, сонирхолтой тоо баримт, уламжлалт ба орчин үеийн хандлагыг сүлэн бичжээ. Ингээд дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн “Бүх сайхан бүсгүйчүүд гэр бүлийн амьдралаа өөр нэг өнгөөр харах санааг өгсөн, зөвлөгч, амьдралын гарын авлага болохуйц ном” хэмээн үнэлсэн энэ бүтээлийн талаар тоймлон хүргэе.


Ном нь хэлбэрийн хувьд ойлгомжтой формат, өнгөлөг байдал бүхий, гоё уран зургууд шигтгэсэн сэтгэл шингээсэн ном болжээ. Нимгэн талдаа ном болохоор нэг, хоёр суултаар л уншиж болохоор.

Агуулгын хувьд “Хайр сэтгэл дүрэмтэй юу?”, “Жирэмслэлт юуг өөрчилдөг вэ?”, “Хүүхэд гэж хэн бэ?, “Нөхрөө хэрхэн хамтрагчаа болгон хүмүүжүүлэх вэ?”, “Залуу бүсгүйн өөртөө тавих шаардлага” гэсэн нийт 5 бүлэгтэй аж. Товчхондоо, хамтын амьдралдаа эмэгтэй хүний санах ёстой зүйлсийг, сэтгэл хангалуун гэр бүлийн харилцааг бий болгоход юу юу хэрэгтэйг дотночлон зөвлөсөн ном бөгөөд эрэгтэйчүүдэд ч гэсэн эмэгтэй хүнийг ойлгоход тус дэм болохоор бүтээл. Ер нь эмэгтэй хүн амьдралдаа олон үе шатыг туулдаг. Хүнтэй танилцаж үерхэх, гэрлэж эхнэр болох, жирэмсэн болох, төрсний дараах үе, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, за тэгээд магадгүй дараагийн хүүхдүүд, энэ зуур нөхөртэйгөө харилцаагаа сайн хэвээр авч явах гээд амаргүй сорилтууд, сэтгэл зүйн хэлбэлзэлтэй байнга л тулгарч байдаг. Нэг талаас эмэгтэй хүнд яагаад ийм их ачаа үүрүүлсэн юм бол гэмээр санагддаг ч нөгөөтээгүүр эмэгтэй хүнд асар их хүч, тэвчээрийг байгаль эх хайрласан байдаг билээ. Чухам тэр давуу талаа хэрхэн гаргаж, эдгээр үе шатуудыг яаж давж болохыг энэ номоос уншиж мэдэх боломжтой.

Номд үндсэндээ гэрлэлт тойрсон асуудлуудыг тал талаас нь нэлээд сайн хөндсөн буй. Жишээ нь хэдэн насандаа гэрлэвэл зүгээр вэ гэсэн асуултад ийн хариулжээ. АНУ-д гэрлэх дундаж нас эрэгтэй нь 29.8, эмэгтэй нь 27.8 байдаг бол энэ тоо ойролцоогоор 30 гэнэ. Монгол улсын хувьд 25-28 насыг гэрлэхэд хамгийн тохиромжтой нас гэж үздэг бөгөөд гэрлэлтийн статистикийг харахад гэрлэлтээ батлуулсан хосуудын дундаж нас 27.5 (эрэгтэй 29, эмэгтэй 26) байдаг гэсэн судалгаа байдаг аж. Их эрт гэрлэвэл, бас оройтож гэрлэвэл эмэгтэй нь хохирч үлдэх магадлалтай байдаг тухай, хурим гэдэг зүйлийг өөрийн боломжид тохируулан аль болох хийх хэрэгтэй талаар өгүүлжээ. Ижил хүйстний харилцааны тухай ч дурдаагүй өнгөрөөгүйг нь онцлууштай санагдав.

Мөн гэр бүл төлөвлөлттэй холбоотой нэг чухал асуудал бол хүүхэд хоорондын зай юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр хүүхэд хоорондын зай 2-5 жил байх нь эхийн болон ургийн эрүүл мэндэд сайн гэж үздэг байна. Энэ хэсэгт зохиогч эмэгтэйчүүд болон бусад эхчүүдийн туршлагуудыг харамгүй хуваалцсан нь сонирхолтой.


Нэгэн түүх

3 дахь охиноо төрүүлээд жил болсны дараа дахин жирэмсэлсэн байв. Эмчид үзүүлтэл “Ихэр жирэмслэлт байна, гэхдээ та өөрөө тээж төрүүлж чадахгүй л болов уу? Гэр бүлтэйгээ сайн зөвлөлдөөд эргээд ирээрэй” гэлээ. Ээж маань надад “өөрийнхөө биеийг бод оо, гурван хөөрхөн охинтой юм чинь...” гэх мэтээр ятгаж байлаа. Ойр дотнынхон маань ч ялгаагүй гурван ойрхон хийсвэр хагалгааны дараа ойрхон нэг хүүхэд ч тээхэд эрсдэл үүсдэг байхад ихэр жирэмслэлтийг яагаад ч давж гарч чадахгүй, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд бүү оруул” гэж зөвлөж байж билээ. Харин би гэр бүлийнхээ гишүүдтэй санал нийлэхгүй байлаа. Абортыг хүлээн зөвшөөрдөггүй итгэл үнэмшил минь ихэр зүрх цохилж байгаа шүү дээ гэсэн бахархам бодол төрүүлж, надад асар их эрчим өгсөн. Сэтгэл зүйд үүсэж байгаа бэрхшээлээ аль болохыг удирдахыг хичээдэг болов. Өдөр бүр хүүхдүүдээсээ хамтдаа энэ бүхнийг давна шүү гэж гуйж эхлэв. “Бүх зүйл сайхан болж, удахгүй гурвуулаа уулзана аа. Та хоёр минь хичээгээрэй. Ээж нь ч бас хичээнэ ээ” гэж хүүхэдтэйгээ ярьж, залбирч байлаа... Удалгүй хоёр ихэр маань төрлөө. Арай бага жинтэй ихрийн өрөөснийг маань эмч бүтэлттэй төрсөн учраас амьдарч чадах эсэх нь эрсдэлтэй гэж хэлэв. Бидэн гурав тэгэхэд ч бууж өгөөгүй. Охидтойгоо ярьж, тэвэрч, хөхүүлж, үүний зэрэгцээ залбирсаар л байсан. Энэ бүхний эцэст боломжгүй гэсэн дүгнэлтийг боломжтой болгож чадсан даа" хэмээн номын зохиогч Ч. Уранхолбоо бичжээ.


Мэдээж хүн бүр бат бэх гэр бүлийн харилцаатай байх боломжгүй байдаг тул салсны дараа хэрхэх, хүүхдээ ганцаараа өсгөж буй бол юу юуг анхаарах тухай өгүүлсэн байна. Зарим нэг тоо дурдахад, гэр бүл салах шалтгааны 65 орчим хувь нь мэхлэлт буюу үнэнч бус байдлаас үүдэлтэй болох нь судалгаа харуулдаг аж. Мөн 70 орчим хувийг эмэгтэйчүүд санаачилдаг нь нэгийг өгүүлэх мэт.

Түүнчлэн хүүхэд хэмээх том сэдвийн тухай, гоо сайхнаа хадгалах аргууд, санхүүгийн сахилга бат зэрэг цөөнгүй сэдвээр зохиогчид уншигч тантай аминчлан ярилцах болно. Илүү дэлгэрэнгүйг та уг номоос уншаарай.