Өнгөрсөн номын баяраар Nojo Publishing-аас нэрт зохиолч Чинагийн Галсангийн Аянгат цагийн тууж нэртэй номыг шинэчлэн хэвлэж, олны хүртээл болгов. Номын жор цувралаараа алдартай тус паблишинг Чинагийн Галсан зохиолчийн герман хэл дээрх бүтээлүүдийг эх хэл рүүгээ хөрвүүлэн уншигчдын хүртээл болгох нөр их ажлыг эхлүүлсэн билээ. Энэхүү ажлын эхлэл болсон Аянгат цагийн тууж худалдаанд гарсан цагаасаа хойш дөрвөн долоо хоногийн турш бестселлэр номын жагсаалтыг тэргүүлж буй.
Хоёр цагийн дотор уншиж болохуйц, 60 гаруй хуудастай, 20 гаруй хэл дээр хэвлэгдсэн гарсан уг номоос зохиолчийн төрсөн нутгийн гоо үзэсгэлэн, 1930-аад оны монгол түмний аж байдал, эгэл жирийн эцэг хүний үрээ гэсэн сэтгэлийг тольдон мэдэх боломжтой. Зохиолч энэхүү бүтээлээ өөрийнх нь хувьд "Дэлхийн уран зохиолын салбарт гишүүнээр элсэх өргөдөл" байсан хэмээн онцолжээ.
Номыг унших эсэхээ хараахан шийдээгүй уншигчиддаа зориулж номын ерөнхий агуулгыг DALL-E хиймэл оюун ухаанаар бүтээсэн 10 зургийн тусламжтай хүүрнэж байна.
ЧИНАГИЙН ГАЛСАН
Бодит явдлаас сэдэвлэсэн энэхүү зохиолыг 1971 онд герман хэлээр бичиж 1975 онд эх хэл дээрээ буулгажээ. Чинагийн Галсан зохиолч 1962 онд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсыг зорьж герман хэлд суралцан улмаар герман хэлээр бүтээлээ туурвих болов. Тэрээр Германд төдийгүй дэлхий дахинаа нүүдэлчин ахуй, монгол өв соёлыг шингээсэн бүтээлээрээ нэрд гарсан зохиолч юм. Түүнийг монгол зохиолчдоос Утга зохиолын Нобелийн шагнал хүртэх хамгийн өндөр магадлалтай зохиолч гэх хүмүүс ч бий. Өнөөдрийн байдлаар эрхэм зохиолч герман хэлээр 40 гаруй зохиол бичиж хэвлүүлжээ. Мөн тэдгээр бүтээл нь 40 гаруй хэлээр орчуулагдан гарч, дэлхийн өнцөг булан бүрд монгол хүний оюун санаа, монгол орны гоо сайхныг таниулж байна.
АРВАН ЗУРАГТ
Энэхүү бүтээл 25 настай зохиолч залуу, Жанибек хэмээх тэмээчин өвгөнтэй чонын анд явж буйгаар эхэлнэ.
Аадар бороо ороход тэд ойролцоох нэгэн эзэнгүй өвөлжөөнд хоргодохоор боллоо. Энэ өвөлжөөнд 25 жилийн өмнө Баянак залуу буудуулан нас баржээ. Хэд наслахаа үл мэдэх Жанибек өвгөн залуудаа нас барсан тэрхүү залуугийн түүхийг өгүүлэхээр болов. Хүн бүрд элдвээр хэлүүлдэг, нэгдлийн тэмээнээс өөр ханьгүй Жанибек өвгөн Баянак хэмээх залууг зүгээр нэг мэддэг бус төрсөн эцэг нь байсан аж.
Жанибек залуудаа нутгийн бүсгүй Суяштай гэр бүл болжээ. Гэхдээ эхнэрээ жирэмсэн байхад нь өөр нэгэн залууд алдав. 1920-иод оны үед бүсгүй амаржиж, хүүдээ Баянак хэмээх нэрийг хайрлалаа. Нутгийн иргэд Баянакийг Жанибекийн хүү гэдгийг үл мэднэ. Эхнэр, хүүхэдгүй орь ганцаар гундуухан амьдрах Жанибек нутагт нь ирсэн анхны Ардын багшаас бичиг үсэг сурч, удалгүй багш, цаашлаад сумын дарга, намын үнэнч зүтгэлтэн болдог.
Эхэндээ хүүгээ эргэж очдог байсан ч албан тушаал ахих тусам нэр хүндээ бодож, бусдын гэр бүлийг үймүүлсэн хэрэгт орохоос сэргийлэн өдрийн од мэт үзэгдэх болов. Ийнхүү нэгэн өдөр Суяш бүсгүй нас барлаа. Гэхдээ бүсгүй нас барахаасаа өмнө хүүхдээ өөрийнх нь жинхэнэ эцэг хэн болохыг хэлж амжсан учир нэгэн үдэш Баянак аав дээрээ ирэхэд Жанибек харалган зангаасаа болоод газар дээрх ганц үрээ хөөж явуулдаг.
Хүү минь, албан тушаал, нэр алдрын донд нэг л автах юм бол хараастай сохор, мэдээстэй маанаг болж хувирах нь амархан байдаг.
Аянгат цагийн тууж, 21-р тал
Хүү эрийн цээнд хүрч цэрэгт мордохоор болов. Жанибек сумын даргын хувиар шинэхэн цэргүүдийг үдэхдээ үрдээ ямар муухай зан гаргаснаа ухаарч, эхийгээ дуурайсан дүрлэгэр хар нүдтэй хүүгээ тэврэн уйлж, нүүр нүдгүй үнслээ. Ингээд таван жилийн хугацаатай цэргийн алба дуусахыг хоног тоолон хүлээж, хүүгээ ирэхэд нь ямар гэр төхөөрч өгөх, бүр хэнтэй суулгахаа ч бодно. Тэр эцэг шиг эцэг байхыг хүсэж байлаа.
Гэтэл нэгэн санаандгүй бөгөөд золгүй явдал тохиож хүү нь цэргээс оргож, эх орноосоо урвасан урвагч нэрийг зүүв. Урвагчийг барих тушаал ирэх үед Жанибек намын зүтгэлтний хувиар хандах уу, эцэг хүний хувиар хандах уу гэдгээ үл мэднэ. Цэргийн таван жил тав хоног шиг л өнгөрөв. Нэгэн үдэш оргодол хүү нь нууцаар эцгийнхээ гэрт ирж, бүх учраа ярив. Жанибек хэдий намын зүтгэлтний үүргээ биелүүлж хүүгээ барих гэсэн боловч Баянак зугтаж амждаг.
Ийнхүү цэргээс оргосон оргодлыг барихаар зургаан хүний бүрэлдхүүнтэй эрлийн багийг илгээв. Ихэнх хүмүүс Баянакийг тэр хүйтэнд хөлдөж үхсэн гэж бодож байвч Жанибек дотроо хүүгээ амьд байгаасай, хэргээ хүлээгээсэй хэмээн хүснэ.
Эрлийн баг явсаар эцэстээ Баянакийн гутлын мөрийг олж, нэхэн хөөсөөр нэгэн хавцал руу шахлаа. Амьд үлдэхийн төлөө тэмцэх Баянак дөрвөн хөллөсөөр хавцал руу авирч гарав. Шөнө болоход эрлийн багийнхан түүдэг асаан манаж хонохоор шийдэх бөгөөд өглөө болоход Баянак тэдний дээрээс хурц хад унагааж унааг нь хороож, бууг нь эвдэлж, сумыг нь тонож чаддаг. Ингэхдээ Баянак тэднээс болон нутгийн ард иргэдээсээ уучлалт гуйхын зэрэгцээ гэм хийгээгүй байхад нь ингэж яллаж буйд гомдож буйгаа хэлнэ.
Жанибек уушгины хатгалгаа тусаж, үхэл амьдралын зааг дээр олон сарыг эмнэлэгт өнгөрүүлэв. Ингээд ажилдаа орсон эхний өдөр Баянакийг ойролцоо нэгэн эмгэнийд байгаа сургийг сонсож, нөхдийн хамтаар өмнөх алдаагүй давтахгүйн тулд ихэд болгоомжлон очдог. Ийнхүү отон хүлээсээр наран мандах үед гэрээс гарч ирсэн Баянакийг өөрийн гараар буудан хөнөөлөө.
Эцэг хүний хувиар үрээ хайрлаж байсан ч эцэстээ намын шийдвэрээ даган хүүгээ хөнөөж, хүүгийнхээ хөрсөн цогцсыг газарт буллаа.
Энэхүү бүтээлийг бүх номын дэлгүүр болон Nojo Publishing хуудсаар холбогдон худалдан аваарай.