Бид энэ удаагийн нийтлэлдээ гадаад зохиолчдын Монголын тухай хүүрнэн өгүүлсэн арван номыг онцолж байна. Бидний эх орон, үүх түүх, соёл заншил тэдний нүдээр хэрхэн харагддагийг эдгээр ном өгүүлэх болно.
1. Genghis Khan and the Making of the Modern World
Уэтерфорд Чингис хааныг харгис байлдан дагуулагч бус олон шашныг хүлээн зөвшөөрч, нэгтгэсний сацуу худалдаа, хууль эрх зүйн бодлогоороо хувьсгалч байж чадсан алсын хараатай удирдагч хэмээн үздэг. Эл бүтээлд Монголын эзэнт гүрэн тив дамнасан үзэл санаа, технологийн солилцоог хэрхэн хөнгөвчилснийг онцолж, одоогийн соёлт дэлхийг бүтээхэд тэдний оролцоо ямар байсныг цохон тэмдэглэдэг.
Зохиолч Минессотагийн Их сургуулийн антропологийн профессор. 2004 онд хэвлэгдсэн тус номоороо алдаршсан тэрээр 2022 Монголд ирж Чингисийн одонг хүртсэн байдаг. Уг ном 20 гаруй улсын хэлээр орчуулагдаж, 300 мянга гаруй хувь борлуулагдсан төдийгүй CNN, Amazon, New York Times-ийн номын жагсаалтуудыг тэргүүлжээ.
Бүтээлийн бичиглэл цэгцтэй, уран агаад нямбай ажээ. Тиймдээ ч түүх сонирхогч болон энгийн уншигчдын аль алиных нь сонирхлыг татахуйц бүтээл юм.
2. Moving with the Seasons: Portrait of a Mongolian Family
Номын зохиогч Картер нь ойн аж ахуй, байгаль орчны чиглэлээр Йелийн их сургуульд магистраа хамгаалсан ч түүний хүсэл сонирхол ховор нандин соёл ахуйг өөрийн гэрэл зургаар дамжуулан дэлхийд таниулах ажээ.
Түүний Moving with the Seasons номын агуулга нь нэрээсээ л ойлгомжтой. Монгол хүмүүсийн дөрвөн улирал, байгаль орчиндоо түшиглэн нүүдэллэх соёлыг онцолсон бүтээл юм. Малчин айлын нэг жилийн аж амьдралыг харуулахдаа аялал жуулчлал, соёлын антропологи, гэрэл зургийг хослуулжээ. Эрчимтэй хөгжлөөс түр хойш суугаад соёл өв уламжлалаа эргэн харж, түүнтэй холбогдохын чухлыг шууд биш боловч цаад утгаараа ятгах нь хурдацтай хөгжлийн эринд цагаа олсон бүтээл болсон аж.
3. Rough Magic: Riding the World's Loneliest Horse Race
Зохиогч Приор Палмер нь дэлхийн хамгийн урт (1000 км) морин уралдаан болох Монгол Дербид түрүүлсэн анхны эмэгтэй төдийгүй хамгийн залуу тамирчин болсон юм. Уг бүтээл нь яг энэ аяллын дурсгал, сургамж, түүхийн элч болсон бүтээл. Уншигчдад хараахан танигдаагүй шинэ уралдаан байж болох ч Монгол Дерби нь спортын тэмцээнээс дутахааргүй тэвчээр, зүрх зориг шаарддаг амаргүй даваа юм.
Австри улсад ажиллаж байсан Англи эмэгтэй Приор-Палмер 10 хоног үргэлжлэх уг тэмцээнд ямар ч бэлтгэлгүй оролцохоор шийдсэндээ өөрөө ч итгээгүй гэдэг. Шийдвэр гэнэтийн байсныг ч хэлэх үү, түүнийг хүлээх гэнэтийн сорилт ч дүүрэн байлаа. GPS ажиллахгүйгээс болж бариагаа олохгүй байхаас авхуулаад бүлэг хүүхдүүд чулуу шидэн хөөсөн гэх мэт хачирхалтай явдалтай таарахдаа тэрээр Монгол орны ахуй, ёс заншил түүнчлэн Монгол хүний тэвчээр хатуужлыг олж харжээ.
4. My Mongolia: A personal encounter
Ж.Питер Морроу бол Монголд 16 жил амьдарсан Монголын банкны түүхэнд томоохон байр суурь эзэлдэг нэгэн. Тэрээр бакалаврын зэргээ Харвардын их сургуульд эдийн засагчаар дүүргэж, магистрын зэргээ Лойола их сургуульд хуулийн чиглэлээр хамгаалсан гэдэг. Түүний Монголтой холбогдсон түүх 2000 оноос эхлэлтэй. 2000 онд Улаанбаатарт ирээд 80 жилийн түүхт байгууллагыг 21-р зуунд өрсөлдөхүйц чадвартай байгууллага болгон төлөвшүүлсэн нь өнөөгийн ХААН банк юм.
Түүний зохиол бүтээл эдийн засгийн гол институтыг сэргээх оролдлогын туршид уулзаж, танилцсан монголчуудын зан чанар, маш богино хугацаанд гарсан нийгэм, түүхийн асар их өөрчлөлтийн талаар өгүүлдэг. Харамсалтай нь Морроу 2016 оны 8-р сард таалал төгссөн ба уг ном нь зөвхөн түүний карьерын түүхээс хальж, Монголын соёл уламжлал, Монгол хүн, ахуйн онцлогийг гэрчилжээ.
5. On the Trail of Genghis Khan: An Epic Journey Through the Land of the Nomads
Тим Коп Монголын эртний нийслэл Хархорумаас Казахстан, Орос, Крым, Украйнаар дамжин Унгарын Дунай мөрөн хүртэлх 9600 орчим км замыг морьтой туулсан ажээ. Хэдэн сарыг морин дэл дээр өнгөрүүлэхээс эхлээд тэрээр 0-ээс доош түвшний өндөрлөгт очиж, Казахстаны халуун элсэн цөлийг гатлан чоно, хулгайчдаас морио хамгаалахаас эхлээдтал хээрийн гайхамшиг болон адал явдлаар дүүрэн аялсан аж.
Эл номд Монголын газар нутгийн үзэсгэлэнт тогтоц, орчин үеийн нүүдэлчин ахуй амьдралын сорилтуудыг бодитоор дүрсэлсэн. Илүү тодруулбал, монгол нүүдэлчдийн зочломтгой зан, газар нутгийн хатуу ширүүн нөхцөл, тал нутгийн амьдралын ганцаардал зэрэг нь Монгол орны тухай олон талт үзэмж, өнгийг тодорхойлохын сацуу он удаан хадгалагдаж ирсэн уламжлалыг ч тодотгож чаджээ. Нөгөөтээгүүр эл бүтээлийг зохиогчийн адал явдлын баталгаа, нотолгоо төдийгүй нүүдэлчин ард түмний тэсвэр хатуужил, дасан зохицох чадварын гэрч гэж хэлж болно.
6. Into wild Mongolia
Манай улс 1920-иод оны дундуур ЗХУ-ын дагуул орон болж, далан жил шахам гадаад ертөнцөөс үүд хаалгаа хаасан тэр үед буюу 1989 онд Монголдайлчилсан биологич Жорж Шаллер нь Монголын олон өвөрмөц, уугуул зэрлэг ан амьтдын хамгааллын байдлыг судалж, үнэлэлт дүгнэлт өгөхийг зөвшөөрсөн барууны анхны эрдэмтдийн нэг юм. Шаллер 1989-2018 онд Монгол, Америкийн эрдэмтэдтэй хамтран хэд хэдэн хээрийн аялал хийхдээ ЗХУ задран унасны дараах Монгол Улс буюу зах зээлийн эдийн засагт шилжсэн үеийг өөр нүдээр харж бичсэн нь тун онцлууштай.
Бүтээлд монгол малчдын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг уламжлалт зан үйлийг өгүүлэхээс гадна Шаллерын цоохор ирвэс, мазаалай, тэмээ, цагаан зээр зэрэг амьтдыг хамгаалах санаачилгад гар бие оролцсон түүхийг бичжээ. Нэг ёсондоо энэ бүтээл нь адал явдал, шинжлэх ухааны нээлт, байгаль орчны нөлөөлөл зэрэг өргөн хүрээний чухал сэдвүүдийн цогц бүтээл ажээ.
7. Walking the Gobi: A 1,600-Mile Trek Across a Desert of Hope and Despair
Хелен Тайер 63 насандаа Монголын говийг гатлах насан туршийн мөрөөдлөө биелүүлжээ. Тэйер 74 настай нөхөр Билл, Том, Жерри гэсэн хоёр тэмээн хамт 2574 км алхаж, элсэн шуурга, хар тамхины наймаачид, хилэнцэт хорхой гээд янз бүрийн зүйлтэй тулгарч байв. Хелен хөлөө хүнд гэмтээсэн ч 60 гаруй хоногийн турш ухраагүй нь хүний тэсвэрлэх, дасан зохицох чадварыг сануулан баталсан гэлтэй. Ямар ч ивээн тэтгэгч, туслах баг, хэвлэл мэдээллээс ангид түүний аялал нь тэр чигтээ адал явдал ажээ.
Энэхүү бүтээл нь уншигчдыг шив шинэ газар нутгаар хөтлөн аялуулж, өвөг дээдэс нь говьд олон мянган жилийн турш оршин тогтнож ирсэн нүүдэлчин ард түмний соёлыг танилцуулж буй. Тэйерийн говийн соёлыг хүндэтгэж, биширдэг байдал, элсэн цөлийн байгалийн түүхийн талаарх мэдлэг мэдээлэл зохиолыг илүү чимсэнийг мөн онцлох хэрэгтэй.
8. Young Mongols: Forging Democracy in the Wild, Wild East
1990 онд Монголын залуучуудын удирдсан хувьсгал ардчиллыг бий болгож, өнөөг хүртэл ардчиллын хөгжлийг залуучууд манлайлж байна.
Менард Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой боловч байгаль орчин, нийгмийн асуудлуудаар дүүрэн уул уурхайн нарийн төвөгтэй харилцааг хөнджээ. Түүний нөөцийн засаглалын талаарх туршлага нь тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт болон орон нутгийн хүчин чармайлтын үр дагаврын талаар нарийн ойлголт өгдөг. Энэхүү ном нь орчин үеийн Монголын дүр төрхийг тод томруунаар харуулсан төдийгүй Менардын Монголын ардчиллыг харуулсан уг дүрслэл нь хөдөлмөрлөх эрхээс авхуулаад Улаанбаатар хотын бохирдол хүртэлх нийгмийн янз бүрийн асуудлыг хөндөж, тус улсын шударга нийгмийн төлөөх тэмцлийг цогцоор нь харуулдаг.
Мөн тус бүтээл нь эх орноо илүү сайн, ардчилсан орон болгохын төлөө тэмцэж буй залуу удирдагчдын түүхээр дамжуулан орчин үеийн Монгол орныг уншигчдад танилцуулжээ. Менардын өгүүллэг нь эдийн засгийн сорилт, улс төрийн авлигын эсрэг ардчиллын үзэл санааны төлөө тэмцсээр буй монгол залуусын хүсэл зориг, тэсвэр тэвчээрийг харуулсан зоримог бүтээл гэдэг нь гарцаагүй.
9. Hearing Birds Fly
Луиза Вогийн Монголын алслагдсан тосгонд өнгөрүүлсэн цаг хугацаагаа буулган бичсэн тус зохиол нь 2004 онд Уран зохиолын нийгэмлэг Ондаатжегийн шагнал хүртжээ. Нийслэл Улаанбаатар хотоос дайжихыг хүссэн түүнд Баян Өлгийн Цэнгэл сумд байрлах боломж олдсон бөгөөд
тэнд байх хугацаандаа эрс тэс уур амьсгалд дасан зохицох, үхэл, ганцаардал, гэх мэт шинэ мэдрэмжүүдтэй нүүр тулсангэдэг. Воугийн зохиол яруу найргийн, илэн далангүй өнгө аястай бөгөөд нутгийн иргэдтэй харилцах дотно мөчүүдээр дүүрэн. Уншигчид Воугийн нүдээр өвлийн ширүүн хүйтнээс эхлээд эрч хүч, баяслаар дүүрэн баяр наадам хүртэлх Монголын амьдралын эрс тэс ялгаатай байдлыг мэдрэх боломжтой.
10. The Secret History of the Mongol Queens
Торгоны замын хатад нутаг дэвсгэртээ худалдаа, боловсрол, шашин шүтлэгийг хөгжүүлж, Номхон далайгаас Газар дундын тэнгис хүртэл үргэлжилсэн эдийн засгийн тогтолцоог бий болгосон ажээ. Эдгээр хүчирхэг хатдын хачирхалтай түүхүүд Европ болон Исламын ертөнцийн иргэдийг цочирдуулсан гэдэг.
Чингис хаан 1227 онд нас барсны дараа түүний охид, бэрүүдийн хооронд мөргөлдөөн үүссэн юм. Хүчирхэг эмэгтэйчүүдийн хоорондох дайн удалгүй ах нь эгчийнхээ эсрэг, хүү нь ээжийнхээ эсрэг болж, эрх баригч эмэгтэйчүүдийн эсрэг дайн болж эхэлсэн. Энэхүү тэмцлийн төгсгөлд Монгол хатдын нэр түүхийн хуудсаас арчигдсаныг Жэк Уэзерфорд судлан, дахин түүхэн хуудаснаа алдаршуулсан гэлтэй.
Ондоошил, үүх түүх, соёлын чухлыг хэлэлцдэг хэр нь багахан гүнзгий мэдээлэл гаднынхан ярьж эхлэхэд л амаа таглуулдаг иргэн байхгүйн тулд дээрх бүтээлүүдийг уншаарай. Гарцаагүй танд Монгол орноо цоо шинэ өнцгөөс олж харж, ойлгох боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл бичих