Найр наадмаар дүүрэн долоодугаар сар ирлээ. Playtime Festival, Үндэсний их баяр наадам, зуны олимп гээд баяр цэнгэлээр дүүрэн эдгээр өдрүүдэд уншигч та зугаацаж амрахын сацуу бүтээлч үйлээ сэргээн, уул хаданд авирч, эрч хүчээ сэлбэхээ мартуузай.

Завгүй ажлын өдрүүдийг төгсгөж бага ч болов бүтээлч эрчмийг тань сэрээх номуудыг бид энэ удаагийн  нийтлэлээрээ танилцуулж байна. Магад эдгээр ном таны дуу хөгжим, шүлэг, бичвэр, уран зураг “бүтээх” онгодыг эрчлэх биз ээ.  

1. Бүтээлч үйл:оршихуйн ухаан 

Хэвлэлийн газар: Ritm publishing
Төрөл: Хувь хүний хөгжил
Хэвлэгдсэн он: 2023 он
Хуудасны тоо: 432

Def Jam Recordings-ийн үүсгэн байгуулагч продюсер Рик Рубин нь Jay-Z, Kanye West, Metallica, Neil Diamond, Adele зэрэг төрөл бүрийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан арвин туршлагатай. Түүний цөөнгүй бүтээл Грэмми шагнал хүртэж, дэлхийн чартуудыг тэргүүлж байсан ба хөгжмийн салбарынхан Рубиныг хамгийн уян хатан, нөлөө бүхий продюсеруудын нэг хэмээн дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.

Түүний эл ном зөвхөн урлагийнханд зориулсан бүтээл биш юм. Харин ч хөгжмийн бүтээлээс хальж, бүтээлч байдлыг илүү өргөн, гүн ухааны талаас судалж тайлбарлажээ. Ингэхдээ тэрээр бүтээлч байдлыг түр зуурын оч мэт асаад унтардаг эд бус харин тасралтгүй сурч, өөрчилж, давтах үйл явц хэмээн үзсэн юм.

Дэлгэрэнгүй унших: Бүтээлч үйл: Оршихуйн ухаан номын тухай

 2. Wired for music

Төрөл: Шинжлэх ухаан
Хэвлэгдсэн он: 2022 он
Хуудасны тоо: 272

Хөгжим яагаад бидэнд хүчтэй нөлөөлдөг вэ? Хөгжмөөр хүний өвчнийг анагаах боломжтой юу? Хөгжим тархинд ямар нөлөө үзүүлдэг вэ? зэрэг асуултад энэ ном хариулна. Уг номын зохиолч мэргэжлийн найрал хөгжмийн чуулгат хийлч байсан ч гэмтлийн улмаас хөгжмийн карьераа орхисон нэгэн. Тиймдээ ч хувийн туршлага болон шинжлэх ухааны төгс хоршлоор уг номыг илүү амттай бас үр өгөөжтэй болгожээ. Илүү тодруулбал,сонгодог хөгжмөөс эхлээд хүнд металл хүртэлх бүх төрлийн хөгжим хүний тархи, сэтгэлзүй, сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлдгийг задлан тайлбарласан юм. Тиймдээ ч эл бүтээл шинжлэх ухаан болон хөгжимд сонирхолтой хэн бүхэнд таалагдах нь дамжиггүй.

3. Just kids

Төрөл: Намтар
Хэвлэгдсэн он: 2010 он
Хуудасны тоо: 320


"Панк яруу найрагч" гэгддэг Патти Смит бол 1960-аас 1970-аад оны сүүлчээр Нью-Йорк хотоос төрсөн хөгжим, уран зохиолыг эн зэрэгцүүлж чаддаг элдэвтэй уран бүтээлч билээ. Түүний бүтээл рок хөгжим, гэрэл зураг, дүрслэх урлаг, яруу найраг гээд бүхий л урлагийн элементийг агуулдаг тул ямагт шинэлэг хийгээд бүтээлч мэдрэмж өгдөг.

Энэхүү зохиолд Патти Смит болон гэрэл зурагчин Роберт Мапплетор хоёрын хоорондох харилцааны талаар түлхүү өгүүлэх ба Нью-Йорк хотын аж байдлыг бодитоор дэлгэж, уран бүтээлчийн амьдралд тохиох сорилт, тэдний хайр дурлал, нөхөрлөлийг гэрчлэх бүтээл болжээ. Түүнчлэн зохиолч бүтээлээрээ дамжуулан хэн нэгний тогтоосон жишигт нийцэж амьдрахаас татгалзаж өөрийн дотоод хүчинд итгэхийг сануулна. Турших олон зүйлс, унших түм буман ном, сонсох мянга мянган дуу, адал явдал байгааг ухааруулах тул уншихад сэтгэл тайтгарахын сацуу амьдралыг хайрлах, зоригтой амьдрах урмын очийг мэдрэх болой.

4. Show Your Work!: 10 Ways to Share Your Creativity and Get Discovered"

Төрөл: Хувь хүний хөгжил
Орчуулга: "Ажил бүтээлээ дэлгэ"
Хэвлэлийн газар: Arvis publishing
Хэвлэгдсэн он: 2014 он
Хуудасны тоо: 224

Austin Kleon-ийг "Steal like an artist" бүтээл нь богинохон, жижиг гарын авлага мэт номоороо уншигчдын анхаарлыг татаж байсан билээ. Харин түүний эл бүтээл нь уран бүтээлчдэд зориулагджээ. Ингэхдээ тэрээр зураг зурах, юм оёх, бичвэр бичих ямар ч бүтээлч үйл хийдэг бай зөвхөн бэлэн болсон бүтээлээ хуваалцах бус үйл явцаа илэрхийлэн таниулахын чухлыг онцолсон юм. Ялангуяа уран бүтээлчдэд өөрсдийн байр сууриа олох, нэг үеийн бусад уран бүтээлчидтэйгээ хамтрах, үзэгч, сонсогч, таашаагчдаа олох замыг заах болно. Тодорхой бөгөөд товч бичиглэлтэй учраас аль ч үед ширээнээсээ аваад уншихад “сэргээх” ном болох буй заа.

Дэлгэрэнгүй унших: “Ажил бүтээлээ дэлгэ” номын тухай

5. Frida Kahlo at home

Төрөл: Намтар
Хэвлэгдсэн он: 2016 он
Хуудасны тоо: 178

Мексикийн соёлын шинжээч, зохиолч Сюзанна Барбезат энэ номондоо алдарт зураач Фрида Калогийн ертөнцөөр аялан бичсэн гэлтэй. Бүтээлд ургамлаар дүүрэн цэцэрлэгээс эхлээд түүний өвөрмөц цуглуулга хүртэл амьдралынх нь салшгүй хэсгүүдийг буулгажээ. Эл номоор дамжуулан түүний амьдралын өөр өөр цаг үе болон түүний бүтээлийн цаадах хүсэл тэмүүлэл, өвдөлт, уй гашуу, баяр гунигийг мэдэрч чадах буй заа. Фридагийн цуглуулгаас Колумбын урлагийн ховор, нандин зүйлсийг олж харах ба тэр үеийн урлагийн өнгө аяс түүний бүтээлд хэрхэн нэвчсэнийг илэрхий харж болно. Тийм ч учраас номыг хуудсыг эргүүлж тойруулж суухад “бүтээх” хүсэл эрхгүй төрнө.

6. миний нэр улаан

Төрөл: Уран зохиол
Хэвлэгдсэн он: 2018 он
Хуудас: 596

Туркийн алдарт зохиолч Орхан Памукийг “Цас” зохиолоор нь уншигчид сайн мэдэх биз ээ. Харин энэхүү бүтээл нь зохиолчийн хэлж буйгаар хамгийн эерэг, гэгээлэг зохиол бөгөөд 1591 оны Истанбулын цастай есөн өдрийн тухай өгүүлдэг.

Хоёр хүүтэй үзэсгэлэнт бүсгүй Шекүрэ дөрвөн жил дайнаас эргэж ирээгүй нөхрийнхөө оронд шинэ нөхөр хайхаар шийднэ. Бүсгүйн гэрт зураачид ирэх ба бүсгүй тэднийг нууцаар ажиглана. Эдгээр зураачид бол Османы Султаны тушаалаар нууц номд зориулан эцгийнх нь удирдлага дор Европын нөлөөг харуулсан аюултай дүрсүүдийг зургаар илэрхийлэх үүрэгтэй хүмүүс бөгөөд нэгэн өдөр зураачдын нэг нь амиа алдсанаар зохиолын эргэлт эхлэх аж. Уг бүтээл үхэл, урлаг, хайр дурлал, гэрлэлт, аз жаргалын тухай өгүүлэхээс гадна дүрслэх урлагийн мартагдсан гоо сайхан, үнэт чанар, ач холбогдлыг эргэн сануулах ажээ.

7. Винсент Ван Гог: Дүүдээ бичсэн захидлууд

Төрөл: Уран зохиол, намтар
Хэвлэлийн газар: Эрдэм гэгээрэл паблишинг
Хэвлэгдсэн он: 2023 он
Хуудасны тоо: 320

Түүхэн дэх хамгийн нэр хүндтэй, нөлөө бүхий зураачдын нэг Винсент Ван Гогийн бүтээл хүн бүрийн харцыг булаам тод, сэтгэл хөдөлгөм байдаг билээ. Хэдий тийм ч түүний дүү Тео-доо бичсэн захидлуудаас харахад өөрийн бүтээлийг шүүмжилж, өөртөө эргэлзэж, байнга сайжруулах талаар дурдсан байдаг. нь түүнийг хувийн болон уран бүтээлчийн ертөнцдөө ямар perfectionist (ёсорхуу) хүн болохыг бэлээхэн илэрхийлэх мэт. Уг захидлын цуглуулга бүхий номд Ван Гогийн өнгөний онол, арга техникийг тодоор дүрсэлсэн нь тухайн үедээ үнэнхүү хувьсгалч бөгөөд шинэлэг байсныг илэрхийлжээ. . Уншигч та эл бүтээлээс урам зориг авахаас илүүтэй амьдралын тухай басхүү уран зургийн урлагийн тухай их зүйл суралцах нь дамжиггүй.

8. Girl in a Band

Төрөл: Намтар
Хэвлэгдсэн он: 2015 он
Хуудасны тоо: 320

Энэхүү бүтээл нь алтернатив рок урсгалын анхдагч хамтлаг “Sonic Youth” хамтлагийн үүсгэн байгуулагч Ким Гордоны намтар юм. Түүний хөгжим, дүрслэх урлаг, хувцас загварын салбарт оруулсан хувь нэмэр нь орчин үеийн соёл, урлагийн ертөнцөд арилшгүй ул мөр үлдээжээ. Тэрээр Калифорниад өсөж торниж буй залуу охиноос эхлээд эрчүүд давамгайлсан рок хөгжмийн ертөнцөд нөлөө бүхий “од” болтлоо хэрхэн хөгжсөн тухай түүхийг сийрүүлжээ. Карьерынхаа оргил үеэс авхуулаад хамгийн их асуудалтай үеийг илэн далангүй бичсэн нь зохиолыг илүү өвөрмөц болгосон төдийгүй нэр алдарт хүрэхэд ямар золиос гардаг тухай мөн өөрийгөө илэрхийлэх, тэр дундаа урлагийн ертөнцөд өөрийн гэсэн шинэ өнгө аяс авчрахад хэр их зориг шаарддагийг амьдралаараа гэрчилжээ.

9. On Photography

Төрөл: Эссэ
Хэвлэгдсэн он: 1977 он
Хуудасны тоо: 207

20-р зууны нөлөө бүхий сэхээтэн, улс төр, урлагийн шүүмжлэгчдийн нэг Сюзан Сонтаг хүчтэй шүүмжлэлт өнгө аястай өгүүллэгүүдээрээ алдартай билээ. Сонтаг энэ бүтээлдээ гэрэл зураг бидний бодит байдал, ой санамж, мөн чанарын талаарх ойлголтыг хэрхэн бүрдүүлдэг болохыг эргэцүүлсэн болно. Энэхүү ном нь дижитал гэрэл зураг, сошиал медиагийн талаарх ойлголт төдийлөн дэлгэрээгүй байсан үед хэвлэгдсэн учраас тухайн үедээ шинэлэг өнцгийг гаргаж ирсэн онцлогтой. Бүтээлийн бичиглэл өдөөн хатгасан, хурц, шүүмжлэлт өнгө аястай тул урлагийн нийгэмд үзүүлэх нөлөө, байр суурийг арай өөр өнцгөөс харахад тусална. Эцэст нь Сонтаг уран бүтээлчдэд өөрийн бүтээлийнхээ мөн чанар, утга учрыг илүү гүнзгий бодох хэрэгтэйг захисан гэлтэй чанартай бүтээл болой.

10. Absolutely on music: Conversations with Seiji Ozawa

Төрөл: Хөгжмийн шүүмж, намтар
Хэвлэгдсэн он: 2011 он
Хуудасны тоо: 352

Сюрреал бичгийн хэв маягаараа алдартай Японы зохиолч Харүки Мүраками нь жааз хөгжмийн үнэнч шүтэн бишрэгч бөгөөд 10,000 гаруй пянз бүхий цуглуулгатай. Хөгжмийн сонирхол нь түүний зохиол бүтээлээс ч хүчтэй мэдрэгддэгийг Мүракамигийн үнэнч уншигчид мэдэх биз ээ. Түүний энэ зохиол Японы домогт хөгжмийн удирдаач Озаватай өрнүүлэх ярианы цуглуулга бөгөөд удирдаачийн техникээс эхлээд тоглолтын сэтгэл хөдлөлийн гүн хүртэлх сонгодог хөгжмийн нарийн ширийнийг хоёр уран бүтээлч ийн хэлэлцжээ. Энэхүү бүтээлд бүхэлдээ хөгжмийн гоо үзэсгэлэн, нарийн шинж чанарыг арай өөр, шинэ өнцгөөс харж, хийж буй зүйлдээ итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй байхын чухлыг захин үлдээжээ.

Уншигч танаас ойрын өдрүүдэд хийж бүтээх хүсэл зориг ундарч байна уу? Эсвэл хэдий хүсэл зориг бий боловч гацаа байгаа мэт санагдаж байна уу? Тийм бол хэсэгхэн зуур амсхийгээд “урлаглаг” зохиол бүтээлүүдтэй нөхөрлөөд үзээрэй. Эдгээр ном танд өөр ертөнцийг тольдох цонх, бачуурч зангирсан бодлыг тань суллах түлхүүр болно гэдэгт эргэлзэхгүй байна.