Г.Аюурзана хэмээх үзэгдэл
Гун-Аажавын Аюурзана бол монголын уран зохиолын үзэгдэл билээ. Нийгэмд үзэл санаа болон аж төрөхүйн хэвшлийн өөрчлөлт, шинэчлэл өрнөсөн сүүлийн 30 жилд монгол хэлтний ертөнцөд түүнээс илүү анхаарал татсан зохиолч байсангүй. Г.Аюурзанын монголын уран зохиолын уламжлалыг хурцаар шүүмжилсэн байр суурь, шинэлэг өнгө аястай шүлгүүд, шар хэвлэл соён гэгээрлийн хосолмол шинжтэй сонин, нэмээд гэр бүл нь хүртэл бичих нь бага, ярих нь их уран зохиолын хүрээ, тэндээсээ халиад олон нийтийн анхаарлыг татсан.
Гэхдээ Г.Аюурзанын уран зохиолд хийсэн хамгийн даацтай ажил шинэ мянгантай зэрэгцэн эхэлсэн. 2001 онд хэвлэгдсэн “Философийн шүлгүүд” яруу найргийн ном нь одоо болтол хамгийн ул суурьтай, олон талт түүврүүдийн нэгэнд тооцогдсоор байна. Энэ үед тэрээр соён гэгээрүүлэх зорилготой 10 боть номыг дөрвөн жилийн дотор хэвлүүлсэн байдаг. “Аюурын хар” хэмээх энэ 10 номоор тэр уншигчдаа бэлдчихсэн юм. Олон залууст хувьсгалын дараа үймж буй тоост Улаанбаатараас арай алсуур харах ухааны сүвийг нээж өгсөн “Шинэ үеийн номын сан”-г сүүлд “Alpha” хэвлэлийн газраас тусгай цуврал болгон хэвлүүлсэн билээ.
“Г.Аюурзана хэмээх үзэгдэл”-ийн хамгийн гол бүтээмж нь хүүрнэл. Чухам энэ төрөл зүйл л түүнийг зохиолч болоод сэтгэгчийн хувьд уудлан илрүүлж, оюун санаа, сэтгэлгээний ур дүйг нь төлөвшүүлжээ.
2003-2007 онд мөн л дөрвөн жилийн дотор бичсэн хоорондоо дотоод өгүүлэмжийн холбоотой гурван роман нь түүнд эргэлзэгчдийн “амыг тагласан” юм. Монгол уншигчид Д.Энхболд, Д.Норов, П.Баярсайхан, С.Жаргалсайхан нарын наяад оны хүүрнэл зохиолын шинэчлэгчдийн араас эх хэл дээрээ унших тун боломжийн хүүрнэл зохиолтой болсон нь энэ. “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгдсөд” хэмээх энэхүү гурамсан романы дотор бүрэлдсэн бичлэгийн ур маяг Г.Аюурзаны романы хүүрнэлийн өнгө аясыг хорь гаран жилийн дараа ч тодорхойлсоор байна. Энд мэдээж хэрэг түүний хамгийн сэтгэл татам ном болох “Дурлалгүй ертөнцийн блюз”-д багтсан онцгой өгүүллэгүүдийн тухай дурдах хэрэгтэй. Гэхдээ энэ бол жичдээ, өөр төрөл зүйлийн тухай яриа юм.
Г.Аюурзаны роман бичлэгийн мөчлөг
“Туршиц роман: Хотын шинэ хүн”
Роман эдүгээ зохиолч Г.Аюурзаны туурвилзүйн хамгийн чухаг хэсэг болжээ. Түүний романууд зориудын гэмээр мөчлөгтэй байдаг. Дээр дурдсан гурамсан роман дээр “Амь тавьж буй шувууны далавч” романыг нэмээд энэ нэгэн мөчлөгийг “Туршиц роман: Хотын шинэ хүн” гэж тодорхойлмоор байна. Москвагаас Улаанбаатар хүртэлх, Улаанбаатараас Баргужин төхөм хүртэлх зохиолчийн аялал. Орон зайд эрхшээгдэж, эрхшээгдэхүйгээс таашаал авах атлаа тэндээсээ шилэрч хаа нэг тийш, аглаг тийш тэмүүлсэн оюун санааны аяллуудаас энэ мөчлөг бүтдэг. Мэдээж дурсамж. Г.Аюурзана дурсахдаа яг л ирээдүйг мөрөөдөж байгаа юм шиг сийрэг атлаа, яруу хэлээр бичдэг. Амьдарч туршиж буй, амьдарч үзэж буй зайгуул хүмүүс энэ мөчлөгийн турш хөлхөлдөж байдаг.
“Эрлийн роман: Нүүдэлчдийн мөр”
Харин 2010 онд “Бөөгийн домог” романаа хэвлүүлснээр тэр хүүрнэлчийн хувьд шинэ шатанд дэвшсэн юм. Өмнөх гурвалынх нь өгүүлэмжийн өнгө аяс, сэтгэлгээний цар хүрээ илтэд тэлсэн “Бөөгийн домог” роман нь өнөөдрийг хүртэл зохиолчийн хамгийн ул суурьтай бүтээл байв. Үүнээс хойш хэвлүүлсэн “Шүгдэн”, “Цагаан Хар Улаан”, “Судасны чимээ” романуудыг хамрах нэгэн мөчлөгийг “Эрлийн роман: Нүүдэлчдийн мөр” гэж тодорхойлмоор байна. Ламаизмын нууцлаг шүтээн, эртний хөлгөн туульс, хуур, увдис гэж ойлгогдтолоо домогжсон анагаах уламжлал, Чингис хааны хасбуу тамга, Ольхон арал. Мэдээж хэрэг бөөгийн ёсон. Мөрдөн байцаагч, эрдэнэсийн эрэлчин, сэтгүүлч, зураач. Г.Аюурзанын дүрүүд нүүдэлчдийн балран үгүйрч буй соёлын улбааг тэмтрэн аялна. Гэхдээ эд өлгийн араас биш сэтгэлгээний, үзэл санааны эрэл хийнэ. Эцэстээ тэгээд өөрийгөө арай илүү ойлгож, биежсэн бодол санаа уншигчийн дотор үүрлэж үлдэнэ. Чиглэсэн зорилготой, чимээ аниргүй ажиглагч хүмүүс энэ мөчлөгийн турш улс орны бодит хил хязгаарыг үл ойшоон аялж байдаг.
“Бясалгалын роман: Зөн совингийн ой дурсамж”
Эрхэм зохиолчтой анх 2016 онд үг сольсон санагдана. “Төрсөн нутгийнхаа тухай бас нэг мөчлөг эхлүүлчхээд өөр зүйлд төвлөрч амжихгүй байна” гэх барим тавим үгс хэлээд тэр СУИС-ийн өмнөх явган гарцаар алхаж одсон. Түүнээс хойш “Сахиуст хангайн нууц”, “Сүнсний томъёо”, “Өчигдөр уулзъя (Бүрлээчийн монологи)” хэмээх гурван ч роман бичин хэвлүүлжээ. Өөрөө сүүлд зориуд цохон тэмдэглэснээр бол энэ романуудыг урвуу дарааллаар унших ёстой аж. Хүүрнэл нь илүү реалист хэрнээ үр дүн нь хийсвэр өгүүлэмж энэ мөчлөгт ноёлно. Г.Аюурзаны зохиолын найруулга улам бүр хүчирхэг болж байгааг үнэнч уншигчид нь анзаарсан нь лав. “Бясалгалын роман: Зөн совингийн ой дурсамж” гэж тодорхойлмоор мөчлөг. Романуудын дүрүүд нь зохиолчийн хуучны дүрүүд шиг тэнүүлч, аялагчид биш. Сум, хошуунаасаа холдоогүй шахуу улс. Гэхдээ тэдний дотоод ертөнц гүн. Хүүрнэмж нь санамсаргүй тохиолдлын шинжтэй өрнөх бөгөөд зохиолч өмнө нь дүр, үйл явдалд ханддаг байсан арга барилынхаа эсрэг өнцгөөс бичихийг оролдсон. Галзуу ч гэмээр гайхалтай ч гэмээр хүмүүс энэ мөчлөгөөр хөлхөлдөж байдаг. Гэхдээ хожим сэтгэл салгаад харвал энгийн л хүмүүс. Зохиолч эд өлөг, үзэл санаа, ухаарахуйгаас биш хүний сэтгэлзүйн үнэнийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлсээс роман босгож эхэлсэн нь энэ. Тэр нь юу ч байж болно. Үхсэн хүний биеэс ургаад л байх үс ч байж мэднэ.
Харин одоо шинэ роман: “тэдний сүүдэр бидний амьдралаас урт”
Эргэлзээ төрүүлсэн эхлэл
Товчхондоо нэгэн залуу есөн шөнө нойргүй хонолоо. Г.Аюурзаны роман бүрд л байдаг адал сонин эхлэл. Хэн нэгний өмнө зайлшгүй тайлах ёстой асуулт урган гарна. Тэр нь хаана ч юм, хилийн чанадад ч юм уу, Монголд ч юм уу. Адал явдалын хөнгөхөн роман, Жорж Сименоныг санагдуулам “пикареск” эхлэл. “Бас л нөгөө аргаараа урхидах нь” гэж цөөнгүй олон “Аюур”-ын ард гарсан хүний хувьд сэрэмжлэн бодов. Бүр уншихаа больдог ч юм уу гэж бодож үзсэнийг нуух юун.
...гэхдээ “Үнэхээр солиорсон бол яах вэ?” хэмээх асуулттай гарцаагүй тулгарснаа хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх...
Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт
Гүн рүү татсан өрнөл
Туршлагатай зохиолч үүнийг тооцоолжээ. Хоёрдугаар бүлгээс романы дараагийн гол дүр өөрийгөө тунхаглана. Зохиолч өөрийн нийгмийн сүлжээний хаяган дээр романы нууцаас дэлгэснийг эшэлье:
Хажууд чинь ирж буусан шувуу бодлоороо тантай ярилцаад эхэлбэл яах вэ? Намайг мэдэрдэг, надад мэдрэгддэг, тэр л alter-ego уншигчдадаа...
Г.Аюурзана
Зохиолчийн alter-ego, зохиол дотроо бол нэг дүр. Шувуу ярьж эхэллээ. Г.Аюурзана зохиолч монгологи бичихдээ гарамгай. “Дурлалгүй ертөнцийн блюз” доторх “Уулын монологи”-оос эхлээд “Бүрлээчийн монологи” гэх бүтэн роман хүртэл бичсэн. Романы хоёрдугаар бүлэг шувууны амьдралыг хүншүүлэн хүүрнэсэн монологи юм. Монологи дотор нь үүх түүх, дурсамж холилдоно. Үүнийгээ зохиолч “Тайлан” гэж нэрийдсэн нь ёжтой бас донжтой шийдэл. Хүнтэй ярилцаж буй шувуу. Хүний золиос болсон шувуу. Өргөн утгаараа монгол ардын уртын дуу “Өвгөн шувуу”-наас улбаалсан бичвэр (интерпретаци).
...хүмүүс хэтэрхий урт насалцгаадаг тул, хэн нэгэн миний тухай санаж л таарах вий...
Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт
Жамаараа хөврөх өгүүлэмж
Шувууны үгээр хүний бичсэн монологиос ургах дараагийн бүлэг романы гүн рүү уншигчийг хөтөлнө. Мэдээж хэрэг гол дүрийн амьдралын гүн рүү. Монологи нь диалогид хувирахад гол дүртэй ярьж байсан шувуу үргэн одох нь тун нүдээ олсон зохиомж. Энэ хэр зохиолчийн “Монголын нууц товчоо”-ноос ургуулсан сэтгэмж роман руу ус шиг л урсаад ирнэ. “Судасны чимээ” роман дээр зохиолч Г.Аюурзана “The Beatles”-ийн дуунуудаар хэлхсэн эсээний найруулга ашигласан нь яагаад ч юм Мүраками Харүкийн ул дол болсон шийдлийг санагдуулаад байдаг бол шинэ романы доторх “Нууц товчоо”-ноос ургуулсан бичвэр шинэ сэргэг мэдрэмж төрүүлнэ. Жам ёсны юм гэдэг ийм сайхан.
...дандаа нүүдэлчид! Яагаад зөвхөн нүүдэлчид нүүдэлчид гэж? Бурхан минь!...
Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт
Өөрийн түвшиндээ хүрэхүй
Шувуу, хүн хоёрын харилцах бүлгүүд дээр өөр нэгэн чухал дүр, тэдгээрээс шалтгаалах бусад дүрүүд урсан орж ирснээр роман уншигчаа сэтгэлзүйн тойрогтоо бүрмөсөн оруулж чадах аж. Гэхдээ уншиж эхлэхэд төрсөн “адал явдлын төдий роман” гэсэн бодол салж өгөхгүй. Энэ мэдрэмж, романы хуурмаг өнгө аясыг зохиолч ахин нэг тайлангаар бүрмөсөн тас цохино. Үүнээс цааш зохиолын зохиомжийг дурдвал гол агуулгыг нь задалж ярьчих гээд байгаа тул үгээ эвхэх нь дээр байх.
Ганц л зүйл. Зохиолч өмнөх романуудаа ихэвчлэн дан болон, хосмолжин дүрийн шугамтай бичдэг байсан. Хэдийгээр дүрүүд нь дэвэн дэлхийгээр аялдаг ч, уур амьсгал, хүүрнэл нь тийм ч олон өнгө аясыг илтгэдэггүй байлаа. Өнөөдрийг хүртэлх Г.Аюурзана зохиолчийн хамгийн ул суурьтай бүтээл гэж үзэж болох “Бөөгийн домог” л үүнээс өөр. Дүрийн шугам нь санаанд оромгүй салаалдаг “Бөөгийн домог” романы агуулгын цараа асар өргөн билээ. Г.Аюурзана зохиолчийн шинэ роман “Бөөгийн домог”-ийн босгосон түвшинд хүрч чаджээ.
...Тэнгэрийн үгийг шувууд дамжуулдгийг тэд мэддэг байж...
Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт
Цаг хугацаа, орон зайн орчил
Уран зохиолын текст өөртөө цаг хугацаа орон зайн орчлыг агуулдаг. Энэ орчил хэрхэн илэрснээр нь уран зохиолын төрөл зүйлийг тодорхойлж болохыг утга зохиол судлаач Михиал Бахтин тэмдэглэсэн нь бий. Уран сайхны аргаар түүх боловсруулан хүүрнэж буй хронотоп чанар нь хүүрнэл зохиолын амин сүнс юм. Зохиолч болохыг тэсгэлгүй тэчьяадсан зарим хүн асар өргөн цаг хугацаа, орон зайг романд дүрсэлбэл амжилт олно гэж итгэдэг ч ихэнхдээ цаасны гарз болж, цаг хөдөлмөрөөрөө хохирч дуусах нь бий. Хуучин нийгмийн үед хэдэн мянгаараа хэвлэгдэж, худалдааны системээр зарагдсан хэдий ч одоо сүр бараанаас цаашгүй болсон романууд энэ бүтэлгүйтлийн амьд жишээ.
Г.Аюурзана “Бөөгийн домог”-ийнхоо дараа цаг хугацаа, орон зайн өргөн орчил бүхий бас нэгэн роман туурвилаа. Тэр нь “Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт” хэмээх бидний гар дээр ирээд удаагүй шинэхэн роман. “Ураацай шувуунд ер нь газар хэрэггүй” гэж энэ романы нэгэн дүр шивнэдэг. Цаг хугацаа, орон зайг бид биеэр биш мэдрэмжээр түрүүлж хүрэлцдэг. Цаг хугацаа, орон зайнаас бидний мэдрэмж хамгийн сүүлд хагацдаг. Тэгэхээр цаг хугацаа, орон зайг бичвэрт халдаах нь мэдрэмжийн хэрэг. Роман гэдэг тэгэхээр үйл явдал биш мэдрэмжийн урсгал.
Тэнгэр хармаар текст
Романыг гүймэгхэн гүйлгэж уншиж дуусаад тэсгэлгүй цонхоор харав. Амьдрал хэмээх энэ торон доторхоор л ертөнцийг бид төсөөлөх юм. Үүнийгээ мэдэж мэдэрдэг нь ганц хүн гэж үү? Үгүй байх аа! Догдолчихжээ. Танил догдлол. “Бөөгийн домог”-ийг уншсаны дараах жигтэй сэрэл мөн үү? Гэтэл Ричард Бахын нэг номыг уншаад бас ингэж догдолсон санагдав. “Жонатан Левингстон” уу? “Даль жигүүрийн бэлэг” үү?
Тэсгэлгүй тэнгэр хармаар санагдах текст уншилгүй уджээ. Улаанбаатарын тэнгэр үд дундаа цэлмэг байна. Улаанбаатарт Г.Аюурзаны шинэ роман хэвлэгдсэн байна!
U Unshigch 2022.01.11 202.126.89.74
Orchlongoos tasrah met medremj avahiig husvel magadgui Ayurzaniig unshih heregtei. Uchir n busdaas oor medremjiig ter l ogdog.
З Зочин 2021.12.13 66.181.191.233
Яг үнэнийг хэлэхэд сонгодгууд уншиж өссөн хүмүүсд бол өнөө цагт Аюурзанаас өөр тоож уншчихмаар зохиолч зохиол байхгүй байна. Хэллэг найруулгаараа бүр төгс биш гэхэд сэтгэлгээ, үзэл хандлага бол Аюурзана маш сайн
Д Дорж 2021.12.12 66.181.161.36
Хэтэрхий их хөөргөх юм. Хөрсөндөө бууж үзвээс нэг их сүржигнээд байх романууд биш ш дээ. Байдаг л нэг романууд.
З Зочин 2021.12.11 192.82.78.178
Дөнгөж сая уншаад дуустал ийм нийтлэл. Хурдтай байна шүү unread. Цагаа олсон, сайхан нийтлэл байна. Миний бодлоор бол үнэхээр сонирхолтой роман санагдаж байна. Нэлээн зузаан мөртлөө ямар ч залхуугүй хурдан уншигдчихсаан. Урьдах номуудаасаа бол харин их өөр стильтэй санагдаж байна.
z zochin 2021.12.11 192.82.78.178
Маш хурдан уншсан байна шүү. Их удаан, тогтож, эргэн өмнөх хэсгийг сөхөж энэ тэр уншмаар ном байна лээ дээ
a anhuush 2021.12.11 192.82.78.178
Үнэхээр гоё ном болсон байна лээ, арай дуусаагүй л дээ гэхдээ бүүр тавьж ч чаддаггүй нам уншиж байна даа кккк
у уншигч 2021.12.11 202.9.40.73
Ингээд яг мэргэжлийн хүмүүсээр нь бичүүлэхээр даацтай мөлжүүртэй уншууртай сайхан нийтлэл болж бгаа юм