Уншигч тантай шинэ номын нийтлэлээрээ уулзаж буйдаа туйлын таатай байна. Учир юу гэвэл бидний харах өнцгийг тэлж, нэгийг бус нэжгээд зүйлийг тунгаан бодоход хүргэх шинжлэх ухааны нэгэн бүтээл монгол хэлнээ орчуулагдан гарчээ. Энэ бол эрхэм Карл Саганы “Космос”.
Яг одоо зогсож буй газраасаа дээш хараарай. Цэнхэр дэлхийн агаар мандлаас цааш юу байгаа талаар та хэр ихийг мэдэх вэ? Харин одоо хөл тавин зогсож буй хөрст газраа ажиглаарай. Нэгэн цагт хамтдаа оршин буй энэ бүх организм хэдэн тэрбум жилийн өмнөөс хувьсан шалгарсаар энэ хүрчээ. Хүн төрөлхтөн бид ч ялгаагүй хувьссаар өнөөгийн түвшинд ирсэн билээ.
Ингээд энэ мэт учир явдлын талаар өгүүлэх “Космос” номын тухай нийтлэлийг таалан болгооно уу.
ЗОХИОГЧИЙН ТУХАЙ
Хэрэв та Карл Саган гэх нэрийг анх удаа сонсож буй бол эл эрхмийг ийн танихад болно. Тэр бол орчлон ертөнцийн нууцыг эгэл хүмүүний зүрх сэтгэлд шингээж, оддын дундах бидний оршихуйн утга учрыг шинжлэх ухааны яруу үгээр хэлхсэн гайхалтай нэгэн юм. Амьд ахуй цагтаа тэрээр шинжлэх ухааны болон олон нийтэд зориулсан 400 гаруй нийтлэл; зохиогч, хамтран зохиогч, редактороор нь ажилласан 10 гаруй номын ард гарсан байдаг.
Доктор Саган бол АНУ-ын астрофизикч, одон орон судлаач, шинжлэх ухааны “яруу найрагч” бөгөөд сансар судлалын салбарт томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. Тухайлбал, НАСА-ийн Voyager 1 хөлгийг хөөргөх сансрын хөтөлбөрт идэвхтэй оролцож, өдгөө 24 тэрбум км-ийн алсад сансрын уудамд хөвөн яваа Voyager 1 хөлөг доторх хүн төрөлхтний соёл иргэншлийн баталгаа болсон “Golden Record”-ийг санаачилсан аж. Мөн тус хөлгийн камераар авсан “Pale Blue Dot” буюу “Бүдэг цэнхэр цэг” зургийн утга учир, үр нөлөө, үзэл санааг илүү олон хүнд түгээх үүргийг гүйцэтгэсэн төдийгүй өнөөдрийн гол дүр болох “Космос” ном агаад ижил нэрт телевизийн цуврал нэвтрүүлэг тэргүүтэй олон бүтээлээрээ хүмүүний харах өнцгийг тэлсэн билээ. Харин энэ удаа бидний ээлж.
НОМЫН ТУХАЙ
Эхлээд телевизийн салбарт нэвтрүүлэг хувилбараар олны хүртээл болсон “Космос” нь шинжлэх ухаан болон сансар судлалын гайхамшгийг өгүүлэх хэвлэмэл бүтээл болон 1980 онд уншигчдад хүрч байв. Тухайн цаг үе, нийгэмдээ “цочроо” өгсөн гэж хэлж болохуйц уг бүтээлийг 44 жилийн дараа буюу 2024 оны арванхоёрдугаар сард монгол хэлнээ Монсудар хэвлэлийн компани эрхлэн гаргасан ба орчуулагчаар Гэж Юу Вэ сувгийн хөтлөгч, ТэнГэр телевизийн шинжлэх ухааны контент бүтээгч А.Доржпалам, MARSA буюу Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин нар ажиллажээ. Мөн шинжлэх ухааны зөвлөхөөр Доктор Т.Гансүх, хэл найруулгын редактороор С.Энхцэцэг, Б.Чанагнянгар ажилласан байна.
Эртний Грекээр космос гэдэг үг нь ертөнцийг илэрхийлэх боловч байгаль болоод эмх цэгц, зүй тогтол зэрэгтэй утга нэг ажээ. Байгаль дээрх амьтай, амьгүй бүх зүйл хоорондоо ямар гайхалтай уялдаа холбоо, нарийн зүй тогтол дор оршино вэ гэдгийг анзаараад алмайран бишрэхийн эрхэнд биеэ олсон гэсэн үг.
"Космос" номын хамтран орчуулагч А.Доржпалам
Үндсэн агуулгын хувьд ертөнц гэж юу вэ, бид хэн бэ, амьдрал яаж үүссэн бэ, хорвоог хүн төрөлхтөн хэрхэн танин мэдсэн бэ гэх уртаас урт түүхийг шинжлэх ухаан, түүх, философийн өнцгөөс тайлбарладаг. Үүний зэрэгцээ бүдэг цэнхэр цэгээс гадагш сансар огторгуйн гайхамшгийг энгийн, ойлгомжтой хэлбэрээр өгүүлээд зогсохгүй нүд хужирлам гэрэл зургуудыг ч тус бүтээлээс тольдох боломжтой. Нийт 13 бүлэг, 472 нүүртэй.
Уншигч таныг юу хүлээж байгаа вэ?
I - Космик далайн хөвөө
II - Космик симфонид ганц эгшиг
III - Гараг дэлхийн найрал
IV - Диваажин ба там
V - Улаан гарагт зориулсан уйтай аяз
VI - Аянчны адал явдлууд
VII - Тэнгэрийн нуруу
VIII - Орон зай, цаг хугацаагаар аялахуй
IX - Оддын амьдрал
X - Үүрдийн хаяа
XI - Мятаршгүй дурдатгал
XII - Галактикийн нэвтэрхий толь
XIII - Дэлхийг хэн төлөөлөх вэ?
ЯАГААД УНШИХ ВЭ?
Өнөөг хүртэл хувьсаж, хөгжсөн хүн төрөлхтөн энэ биеийг олтлоо юуг туулж, яаж тэмцэж, хэрхэн шалгарсан тухай баримтыг бид өөрсдөө хэрхэн олж нээсэн бэ гэдэг түүхийг эл бүтээлээс унших болно. Тэгээд ч болоогүй хэдэн сая гэрлийн жилийн цаадах ертөнцтэй харьцуулахад хүмүүс бид хэчнээн өчүүхэн, тэр ч бүү хэл уудам гэгдэх эх дэлхий маань хүртэл ямархан жижиг вэ гэдгийг ухаарахдаа хүмүүс бид яаж алмайрч байсныг ч олж мэднэ. Тэгээд эцсийн бүлэгтээ Улаанбаатар хот, Монгол Улс, Ази тив, Дэлхийн иргэн гэх аль нэг харьяанаас илүү Космосын иргэн гэдгээ ойлгож ухаарах ажээ.
УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ
Шинжлэх ухааны ном гэхээр хамгийн түрүүнд “Би ойлгох болов уу?” гэх асуулт төрснийг нуух юун. Мэдээж байгалийн ухаан, түүх, философийн суурь мэдлэг шаардах ч гэлээ Карл Саганы уран яруу бичиглэлийн хэв маяг, ойлгомжтой тайлбарлах чадвар нь орчуулагч, редакторуудын ур ухаантай нэгдэн яахын аргагүй чанартай бүтээл болгожээ. Тиймээс уншигчаа зовоож халшраахаас илүү үүнийг судалж мэдье гэх оргилуун хүслийг нь өдөөж, өгүүлбэр бүр нь мэдлэгийн үр болж байсныг дурдах нь зүйтэй.
Намайг хэтрүүлэн бичиж байна хэмээн бүү бодоорой. “Космос”-ын амтыг авсан хэн бүхэн эл бүтээлийг эргэн тойрныхоо хэн бүхэнд уншуулахыг хүснэ гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ нийтлэлийн төгсгөлд эрхэм уншигч таныг эл номыг яагаад унших ёстой вэ гэх асуултын хариултаа олсон гэдэгт ч эргэлзэхгүй байна. Ингээд ертөнц ба амьдралын нууцыг олж мэдэх их аялалд тань амжилт хүсье!
“Хүмүүс оюун билгээрээ уралдаж, цэц булаацалдаж, шинжлэх ухааны судалгаанд ач холбогдол өгч буй цаг үед амьдарч байгаа бид юутай азтай вэ? Хүн гэдэг оршихуй угтаа оддоос төрсөн билээ. Хэсэгхэн хугацаанд л Дэлхий хэмээх гараг дээр оршин сууж байгаа юм. Харин одоо жинхэнэ үүсэл гарлаа танин мэдэх их аялалд нэгэнтээ гараад байна.”
Уншигчийн зүгээс хамгийн таалагдсан хэсэг
Хэрэв та "Космос" номыг худалдан авахыг хүсвэл Интерномын бүх салбараас, хүргүүлэн авах бол www.gejyuve.com сайтаар орж захиалаарай.
О Ороссүх 2025.01.19 66.181.161.214
Баярлалаа. Ном хэмээх гайхамшигт зүйлийн ачаар л хүмүүн төрөлхтөн орчлон ертөнцөө, ер нь бүхий л зүйлийг танин мэдэж, ухааран сэхээрч, үе үедээ дамжуулан үлдээдэг билээ.
n nuuts noynton 2025.01.11 103.212.116.89
bi unshaad mash ih talarhaj baigaa, buh hun unshaasai gj bodoj bn, harah ontsog gd buh ymnii taldeer shal oor bolj bnle