Хувь хүний хөгжлийн салбарт нэрээ тамгалж, Эртний Грекээс угшилтай “Стойк” буюу “Stoic” хэмээх амьдралын хэв маяг, үзэл бодол, гүн ухааныг энэ цаг үед буулгаж, трэнд болгож чадсан бичээч бол Райан Холидэе (Ryan Holiday). Тэрээр “Ширээний Стойк”, “Эго бол дайсан”, “Тогтуун байх нь гол түлхүүр” зэрэг бестселлер номуудынхаа дараа Стойк замналын дөрвөн чухал ойлголтыг нэг бүрчлэн тайлбарлах “Stoic Virtures” цувралаа эхлүүлж байв.
Миний хувьд цуг цувралын дөрвөн номоос хоёр дахь нь болох “Discipline Is Destiny: The Power of Self-Control”-ийг нь уншиж байсан юм. Уг ном бол миний хувьд Kindle дээрээ хамгийн олон удаа энд тэндээс нь уншиж бас хамгийн олон тэмдэглэгээ (highlight) хийсэн ном маань. Уншихад хялбар, агуулга нь сонирхолтой тул хэрэвзээ нэг өдөр ном орчуулахаар болбол үүнийг л орчуулах юм шүү гэж бодож асан үе ч бий.
Монголд орчуулагдаж гараагүй байсан уг цувралын эхний номыг өнгөрсөн долоо хоногт Монсудар хэвлэлийн газраас Б.Бат-Оргилын орчуулгаар олны хүртээл болгожээ. Түүнийг Цинхуагийн алдарт Шварцман тэтгэлгийн эзэн гэдгээр нь хүмүүс илүү мэдэж магадгүй юм. Энэ ташрамд, Б.Бат-Оргилын яг нэг жилийн өмнө Дэлхийн эдийн засгийн форумын үеэр бидэнд бичин илгээсэн журналыг уншаад үзэхийг хүсье.
"New Nomad Institute"-ийн хамтран үүсгэн байгуулагч, "unnu news"-ийн продюсер Б.Бат-Оргилын журнал

Номын тухай
Stoicism-ийг орчин үед түгээгч, “жин”-гийнхээ үнэмлэхгүй аварга Райан Холидэе Стойк байх эрдмийг “Эр зориг, Тунг нь тааруулах, Шударга ёс, Мэргэн ухаан” гэсэн дөрвөн чанарт хуваан үзжээ. Ингээд 2021 оноос эхэлж, 2023 оныг эс тооцвол жил бүр нэг ном хэвлэсээр өнгөрсөн жил цувралаа гүйцээсэн билээ.
2025 он: Wisdom Takes Work
2024 он: Right Thing, Right Now
2022 он: Discipline Is Destiny
2021 он: Courage Is Calling

Эдгээрээс монгол хэлнээ “Courage Is Calling” бүтээл нь “Эр зоригийн дуудлага” хэмээх нэрээр хэвлэгдсэн юм. Товчхондоо, энэхүү номд эр зоригийг зөвхөн бие махбодын агуулгаас нь салгаж, хүнд хүссэн зүйлдээ хүрэхэд эр зориг хэрхэн хэрэг болдог тухай, түүний дуудлагад хэрхэн хариу үзүүлж, зоригтой байх тухай өгүүлнэ. Тэрчлэн “зоригтой хүнийг аз ивээдэг” хэмээн эр зоригтой байж, зөв зүйлийн төлөө тэмцэж, саад бэрхшээлийг туулж, бусдын төлөө өөрийгөө зориулсны эцэст өөрт нь ач тус ирдэг тухай ч бичжээ.
Зохиолчийн тухай
Хувь хүний хөгжлийн салбарт танилцуулга хэрэггүй цөөн дүрүүдийн нэг бол Райан Холидэе. Сүүлийн 10 жилийн турш гарсан ном болгон нь бөмбөрцгийн бүх шагналыг түүж, хувь хүний хөгжлийн салбарт нэгэн том давлагаа үүсгэсэн бичээч юм.
Зөвхөн бичээчээс гадна “Стойк” сэдвийнхээ хүрээнд олон өөр бүтээгдэхүүн гаргаж, ёстой л оюун санааны бүтээлээ хэрхэн баялаг болгож хувиргах вэ гэдэг дээр мастер хичээл заадаг нэгэн ч гэж хэлж болно. Тэрээр 19 насандаа их сургуулиа хаяж алдарт “The 48 Laws of Power” номын зохиолчтой багш шавийн барилдлагатай болсноор залуу насны карьераа маркетинг, медиа стратегийн чиглэлд зориулжээ. Хожмоо өөрийн уншихыг хүсдэг сэдвээ блог болгон бичиж эхэлсэн нь өдгөө дэлхийн өнцөг булан бүрд зарагдах алдарт номуудынх нь эхлэл болж.

Зохиолч эр Техасын эдлэн газартаа үхэр, илжиг, ямаагаа хариулангаа амар жимэр сууж, номоо бүтээдэг гэнэ шүү.
Яагаад унших вэ?
Амархан уншигдана: Энэхүү ном “Айдас”, “Эр зориг”, “Баатарлаг” гэсэн гурван дэд бүлгийн 70 орчим богино хэмжээний эсээнээс бүрдэнэ. Эсээ бүр нь 3-4 нүүр, энгийн бичиглэлтэй, таван минут орчмын хугацаанд л уншигдах тул уйдаахгүй нь лав. Мөн хаанаас ч барьж аваад уншихад болох тул барин тавин, аажуу уужуу уншихад ч зохимжтой. Амлан авсан ном бүрдээ өвдөг шорооддог бол энэхүү ном тун амархан өрсөлдөгч байх болно гэдгийг итгэлтэй хэлье.
Амархан ойлгогдоно: Райан Холидэе муугүй түүхч ажээ. Тэрээр сэдэв бүрдээ таарах түүхийг хүн төрөлхтний хэдэн мянганы түүхийн хаанаас ч хамаагүй шүүрдэн авч, шигшин тайлбарлаж чаддаг. Тийм ч учраас хувь хүний хөгжлийн хийсвэр ойлголтуудыг хөрсөнд буулгаж, хэн ч байсан ойлгож тунгаахад хялбар болгожээ.
Амархан санагдана: Түүний ихэнх бүтээлийн амжилтын нууц уншсан хүн бүрдээ “би ч гэсэн чадах юм байна шүү дээ” гэсэн урам зоригийг төрүүлдэгтэй холбоотой байх. Энэ бүтээл ч мөн мөрөөдөлдөө хүрэх, зорилгоо биелүүлэх гэдэг нь суу билигтэй, мөнгө хөрөнгөтэй хүмүүст л олддог тансаглал бус мөрөөрөө хичээж яваа бидэнд ч хүртээлтэй эд гэдгийг танд итгүүлж, амьдралыг арай амархан санагдуулах болно.
Хэнд санал болгох вэ?
Хувь хүний хөгжлийн аяллаа эхлүүлж буй уншигчдад уг бүтээлийг санал болгоно. Зөвхөн энэ гэлтгүй Райан Холидэеийн аль нэг бүтээлийг уншаад үзэхэд буруудахгүй. Гэхдээ хэрэв та түүний аль нэг бүтээлийг анхааран уншиж, авахаа авсан бол бусад нь бага зэрэг нуршуу санагдах вий. Ер нь ч түүний хэлж ярьдаг бүхэн нарийн, төвөгтэй шинжлэх ухааны ойлголт биш. Ажил төрөлдөө эзэн болж, амьдрал ахуйгаа өөд татах тухай л олон өнцгөөс нь бичдэг. Тиймээс бүтээл бүрдээ ам ангайлгах шинэ агуулга бичихийг хүлээх ч боломжгүй.
Ингээд ээлжит номын тухай нийтлэлээ жаргаая. Райан Холидэеийн “Эр зоригийн дуудлага” номыг авч унших эсвэл “авсан ч уншиж амжихгүй явсаар номын санд залрах дараагийн ном болгох” эсэхээ уншигч та өөрөө шийдээрэй. Яадаг ч бай, таны өөрийгөө хөгжүүлэх аялалд амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих (1)


B Buyanaa 2026.02.12 66.181.180.160
Ганчимэг эгч хөөрхөн дөлгөөхөн, сэтгэлээрээ эгч шүү, захиалсан бүтээгдэхүүнүүд яг цагтаа чанартай гардаг, Сэгсгэрмаагийн хамт олонд амжилт хүсье