Америкийн нийгмийн шинэчлэгч, зохиолч, боолын тогтолцоог эсэргүүцэгч Фредерик Дуглас нэгэнтээ “Мэдлэг хүнийг боол болохуйд үл зохицох болгомуй” хэмээсэн нь нэн учиртай үг. Эрт дээр үеэс Өрнө, Дорнын бүхий л соёл иргэншил, улс гүрний сэтгэгчид эрдэм мэдлэгийн үнэ цэн, ач тусыг магтан дуулсаар ирсэн билээ. Төв Азийн өндөрлөгт нүүдэллэх монголчууд ч мөн эрдэм номыг хүндэтгэн дээдэлж, үр хойчдоо захин өвлүүлснийг илтгэх манай зүйр цэцэн үгс олон бий. Жишээ нь: 

Адаг баян адуу мал 

Дунд баян үр хүүхэд 

Дээд баян эрдэм мэдлэг 

хэмээх үгийг билгүүн номч Б.Ринчен гуай онцолсон байдаг. Тэгвэл яагаад эрт эдүгээ үеэс орчин цаг хүртэл эрдэм мэдлэг, боловсрол чухал болохыг тайлбарлах 10 номыг энэ удаа бид танд сорчлон хүргэж байна. 

1. Эрдмийг эрхэмлэх ухаан  

Хэвлэгдсэн он: 1872

Номын дэлгэрэнгүй: "Эрдмийн эрхэмлэх ухаан" номын тухай

Зохиогчийн тухай

Уг номын зохиолч бол Мейжигийн эриний Япон улсын тулгийн гурван чулууг тавилцсан нэрт сурган хүмүүжүүлэгч, зохиолч, дуун хөрвүүлэгч, самурай, Кэйоо Их сургуулийн үүсгэн байгуулагч Фүкүзава Юүкүчи юм. Түүний шинэ Япон улсыг бүтээн цогцлооход зүтгэсэн нөр их хөдөлмөр, ард түмнээ соён гэгээрүүлсэн олон арван бүтээл туурвил нь дан ганц япончууд төдийгүй дэлхийн ард түмэнд гайхагдсан байдаг.

Тэрээр багаасаа Дорно дахины гүн ухаан, Күнзийн сургаалд нэвтрэхийн сацуу Өрнийн нээлт, ололтыг судлан Голланд хэлийг төгс эзэмшсэн бөгөөд гэр бүлийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө анхлан дуу хоолойгоо өргөсөн нэгэн билээ. Фүкүзавагийн туурвил, эрдмийн замналыг АНУ-ын их хүмүүн Бенжамин Франклинтай зүйрлэсэн нь бий.

Номын тухай

Энэхүү бүтээл нь 1872-1876 оны хооронд нийт 17 цувралаар хэвлэгдэн гарсан, цогц эсээнүүдээс бүрдсэн ном юм. Тухайн үеийн дөнгөж нуран унаад байсан феодал, самүрай зэрэг нийгмийн анги давхаргын дунд хэдэн зуун жил амь бөх оршин тогтносоор ирсэн угсаа гарал, байр суурийн төрмөл ялгааг эсэргүүцэн, бүрэн үгүйсгэснээрээ түүхэнд онцгой нөлөөг үзүүлсэн ажээ.

“Хувь хүний тусгаар тогтнол нь улс орны тусгаар тогтнолын үндэс болдог” хэмээсэн үг номд гардаг бөгөөд хувь хүний тусгаар байхуй нь эрдэм мэдлэгээс эхэлнэ гэсэн санаа гүн гүнзгий тусгагдсан байдаг. Мөн эрдмийг яс үндэс, угсаа гарал, хүйсээс үл харгалзан хүн бүхэн тэгш хүртэж суралцах эрхтэйг дурджээ.

Хэнд санал болгох вэ?

Энэхүү ном эрдэм мэдлэгийн үнэ цэн, түүний чухгийг эрхэмлэх хэн бүхний сэтгэлд нийцэх нь гарцаагүй. Мөн түүх, соёл судлах, өөрийгөө хөгжүүлж, өөр харах өнцгийг танин мэдэх хүсэлтэй хүмүүст нэн уншууртай бүтээл болох болов уу.

2. Малала: Боловсрол эзэмших эрхийн төлөө тэмцэгч нэгэн охины ертөнцийг өөрчилсөн түүх 

Хэвлэгдсэн он: 2013

Зохиогчийн тухай

Малала Юсуфзай нь боловсролын хүртээмж, тэр дундаа охидын сурч боловсрох эрхийн төлөө тэмцэн дуу хоолойгоо өргөсөн нэгэн юм. Тэрээр 11 настайгаасаа эхлэн охидыг сургуульд суралцах эрхийг хориглосон хуулийн доор амьдарч буй талаараа BBC-д нийтлэл бичиж эхэлснээр дэлхий нийтийн анхаарлыг татжээ.

Охидын боловсролын төлөө тууштай тэмцэхдээ Малала олон хүндрэл, саад бэрхшээлүүдтэй нүүр тулж явсан бөгөөд толгойдоо буудуулж ч байсан удаатай. Охин бага наснаасаа хүний эрхийн төлөө тууштай, зогсолтгүй тэмцсэнээрээ үнэлэгдэн 17 насандаа Нобелийн Энх Тайвны шагналыг хүртсэн бөгөөд дэлхийн хамгийн залуу Нобелийн шагналтан болсон байна.

Номын тухай

Уг бүтээл нь боловсролын үнэ цэн, түүний хүүхэд насаа өнгөрөөсөн Талибаны дэглэмийн үеийн Пакистан улсын он жилүүдийн тухай дүрсэлсэн намтар бүтээл юм.

Хүний эрхийн түгээмэл тунхгийн 26-р зүйлийн нэгт “Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Наад зах нь анхан шатны болон ерөнхий боловсрол үнэ төлбөргүй байвал зохино. Анхан шатны боловсролыг заавал эзэмшүүлэх ёстой. Техникийн болон тусгай мэргэжлийн боловсрол нийтэд хүртээлтэй байх ёстой. Авьяас чадвартай нь уялдан хүн бүрд дээд боловсрол эзэмших боломж адилхан хүртээлтэй олгох ёстой” хэмээн заажээ.

Гэсэн хэдий ч өнөө хэр нь боловсролын эрх тэгш бус, хүртээмжгүй байдал өнө удсан хэвээр буй, түүний золиос, хохирогч болсон хэдэн мянган хүүхэд амьдарсаар байсан, байгаа нь Малала охины түүхээс харагдана. Боловсрол гэдэг асар их үнэ цэнээр олддог, эрхэм нандин зүйл гэдгийг энэхүү номоос харах боломжтой.

Хэнд санал болгох вэ?

Ирмэг зоригтой Малала охины түүх хэн бүхний урам зоригийг бадрааж, итгэл найдварын очийг төрүүлэх болов уу. Охидын боловсролын төлөөх тэмцлийн түүчээ болсон түүний намтрыг хэдэн ч насны, хүн бүр уншаад үзэхэд гэмгүй.

3.  Reading Lolita in Tehran  

Хэвлэгдсэн он: 2003

Зохиогчийн тухай

Азар Нафиси нь иран гаралтай америк зохиолч, англи хэлний профессор юм. Тэрээр Английн Оксфорд зэрэг дэлхийн нэр хүндтэй их сургуулиудад ажиллаж байсан бөгөөд олон арван шилдэг борлуулалтай номын зохиолч билээ. Түүний бичсэн хамгийн алдартай бүтээл болох “Лолитаг Тегеранд уншсан нь” хэмээх ном 117 долоо хоногийн турш Нью-Йоркын шилдэг борлуулалтай номын жагсаалтад багтсан байна. Мөн энэхүү бүтээлээрээ 2004 оны Book Sense Book of the Year Award-аас “Шилдэг ном” шагналыг хүртжээ.

Номын тухай

Зохиолчийн хүүхэд насны дурсамж, дурдатгал бүтээл бөгөөд өөрийнх нь ахалдаг байсан охидын номын бүлгэмийн тухай өгүүлнэ. Тэд Өрнийн хориотой зохиолчид болох В.Набоков, Жейн Остин зэрэг уран бүтээлчдийн номын тухай хэлэлцдэг байжээ.

Энэхүү номд 1978-1997 оны хооронд болсон Ираны хувьсгал, Исламын Бүгд найрамдах Иран улсын засаглалын үзэл бодлын хаалттай байдал, улс төрийн хатуу чанд дэглэмийн дор хохирч байсан охид эмэгтэйчүүд, нийгмийн хүнд хэцүү байдлыг уран тод дүрслэн үзүүлдэг. Азар Нафисын бүтээл өөрийн өвөрмөц, баялаг бичлэгийн хэв маягаараа олон нийтийн анхаарлын төвд ороод зогсохгүй дэлхий нийтэд тунхаглах боловсролын талаарх санаагаараа олны талархлыг хүртсэн билээ.

Хэнд санал болгох вэ?

Энэхүү ном нь уран зохиолын хэлээр бичигдсэн бодит түүх тул хүн бүрийн таашаалд нийцэх болов уу. Мэдээж уран зохиолын хэлээр бичигдсэн ч намтар бүтээл тул “non-fiction” номын уншигчдыг ч уйдаахгүй нь мэдээж.

4. Born a Crime: Stories from a South African Childhood 

Хэвлэгдсэн он: 2016

Зохиогчийн тухай

Тревор Ноа нь Өмнөд Африкийн комедиан, зохиолч, продюсер, жүжигчин, нэвтрүүлэгч юм. 2017 онд The Hollywood Reporter-аас гаргасан 2017-2018 оны медиагийн хамгийн нэр нөлөө бүхий 35 эрхмийн жагсаалтад түүний нэр багтсан бол Time сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр бүртгэсэн байдаг. Тэрчлэн, зөвхөн станд-ап комедигоос гадна 2023 онд Т. Ноа нь Европ, Дэлхий дахинд соёл, нийгмийн гавьяа байгуулсан нэгэнд олгодог Эрасмусын шагналыг хүртсэн нийгмийн зүтгэлтэн юм.

Номын тухай

Түүний бичсэн энэхүү дурсамж номд Өмнөд Африкийн үндэс угсаа, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хандлагыг өгүүлнэ. Тревор Ноа 1984 онд хар арьст Коса үндэстэн ээж болон цагаан арьст Швейцарь аавын дундаас мэндэлжээ. Тухайн үеийн Өмнөд Африкын апартеид дэглэмийн үед цагаан арьстан, өнгөт арьстан гэрлэх, бэлгийн харилцаанд орох нь хууль бус байсан гэдэг. Тиймээс ч тэрээр номоо “Born a crime” буюу эхээс төрсөн цагаасаа эхлэн гэмт хэрэгтэн нэгэн байсан хэмээн нэрлэжээ.

Түүний ээжийн уламжлалыг сөрсөн, мятаршгүй дайчин байдал хожим түүнд үндэслэн суусан талаар энэхүү бүтээлд аманд амтагдтал өгүүлнэ.

Хэдийгээр тухайн нийгмийнхээ хар бараан талыг илэн далангүй дүрслэх ч зохиогчийн өөрийн хошин мэдрэмж номыг улам амттай, хөгтэй болгоно. Т.Ноагийн ээж болох Патрисиа ядуурлаас гарах цор ганц арга зам бол боловсрол хэмээн үздэг байсан тул хүүгээ ямар ч үнээр хамаагүй өндөр боловсрол эзэмшүүлэхээр зүтгэдэг байжээ. Мөн тэрээр хүүдээ цаг үргэлж ном уншуулдаг байсан төдийгүй хэд хэдэн хэлийг зааж сургасан талаарх сэтгэл хөдлөм түүхийг энэ номдоо Ноа уншигчийн зүрхэнд мөнхлөн үлдээжээ.

Хэнд санал болгох вэ?

Хөнгөн хошигнол болон үнэн бодит байдлыг хослуулан боловсролын үнэ цэний тухай өгүүлэх номыг хайж буй хэн бүхэн уншаад үзэхэд харамсах зүйлгүй болов уу. Алдартай комедианы дардан биш замналын тухай хөнгөн инээдээр бичсэн номыг хүндхэн уран зохиол, уртхан намтраас зайлсхийхийг хүссэн хүн бүхэнд санал болгоно.

5. The Freedom Writers Diary 

Хэвлэгдсэн он: 1999

Зохиогчийн тухай

Америкийн англи хэлний багш Эрин Грувелл нь сурагчдаа бичихүй, уран зохиол, шүүмжлэх сэтгэлгээ зэргээр хөгжүүлдэг өөрийн онцлог, содон багшлах арга зүйгээрээ алдаршсан нэгэн билээ. Тэрээр сурагчидтайгаа хамтран хэд хэдэн ном туурвисан бөгөөд түүний бичээч сурагчдын бүлгэм “Чөлөөт бичээчид” буюу Freedom Writers хэмээн алдаршсан байдаг.

Номын тухай

Эрин сурагчдаа өөрсдийн амьдралд тохиолдсон хүнд хэцүү, дурсамжтай бүхий л зүйлсийг бичихийг даалгасан байна. Сурагчид айдас, ядуурал, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт зэрэг өөрсдөдөө тохиосон бүхий л зүйлсээ зоригтойгоор бичиж эхэлсэн ажээ. Багш нь “Анна Франкын тэмдэглэл”-ийг уншуулсан нь сурагчдад их урам зориг болсон төдийгүй эдгээр тэмдэглэл, эсээнүүд нь хожим ном болон эмхэтгэгдсэн нь "The Freedom Writers Diary" болсон билээ.

Энэхүү ном гарснаар мянга мянган хүүхдийн дуу хоолойг дэлхийд хүргэсэн бөгөөд багш хүн, боловсролын хүч, бичихүйн чухгийг магтан дуулсан нэгэн гайхалтай бүтээл болон цэцэглэжээ. Сонирхуулахад, уг бүтээлээс сэдэвлэн 2007 онд "Freedom Writers" кино хийгдэж, Эрин Груэллийн дүрийг алдарт жүжигчин Хилари Суонк бүтээсэн юм.

Хэнд санал болгох вэ?

Бичих үйлийг мөрөөддөг хэн бүхэнд санал болгох бүтээл. Мөн багш болохыг хүсдэг, багш болохоор суралцаж буй хүн бүрд 100 хувь санал болгоно.

6. Educated-Боловсролд тэмүүлсэн дурсамж  

Хэвлэгдсэн он: 2018

Номын дэлгэрэнгүй: "Educated: Боловсролд тэмүүлсэн дурсамж" номын тухай

Зохиогчийн тухай

Мухар сүсэгт хэт баригдсан эцэг эхийнхээ нөлөөнд соёлт нийгмээс тусгаарлагдан өссөн Тара Вестовер нь өөрийн шаргуу хөдөлмөр, боловсролын төлөөх тэмцлээрээ алдаршсан баатарлаг эмэгтэй. Тэрээр 2009 онд Английн алдарт Кэмбрижийн Их Сургуулиас философийн ухааны магистраа хүртэж, таван жилийн дараа докторын зэргээ хамгаалжээ.

Номын тухай

Гадаад нийгмээс ангид өссөн охины өвөрмөц түүх явсаар дэлхийд үнэлэгдэх дээд боловсролд хэрхэн хүрсэн тухай өгүүлэх сэтгэл уярам түүх. Энэхүү бүтээлд түүний гэр бүлийн хатуу итгэл бишрэл хийгээд тэрхүү явцуу үзэл санаа нь хэрхэн гол дүрийн хүсэл мөрөөдлийг нугачан дарж буй тухай өгүүлнэ.

Зохиогчийн хувьд боловсрол гэдэг гагц мэдлэг хураахын нэр бус, өөрөө өөрийнхөө мөн чанарыг олох боломжийн үүд, аливаа хязгаараас зугтаах их орон зай хэмээжээ. Түүний боловсролын төлөө тэмүүлсэн зориг тэвчээр, хатуужил хэн хүнд ч урам зоригийн бамбар асаах гайхалтай түүх юм.

Хэнд санал болгох вэ?

Адал явдалт кино үзэх мэт сонирхолтой Тара Вестоверын амьдрал номд дурлагч хэний ч зүрхэнд хүрэх нь дамжиггүй. Боловсролын төлөө тэмцсэн баатарлаг түүх оюутан, сурагч, эцэг эхчүүд гээд хэн бүхэнд санал болгох бүтээл болов уу.

7. Dead Poets Society 

Хэвлэгдсэн он: 1989

Зохиогчийн тухай

Н.Х. Клайнбаум нь Америкийн зохиолч, сэтгүүлч бөгөөд “Dead Poets Society” хэмээх ижил нэрт кино зохиолыг уран зохиолын роман болгон хэвлүүлсэн нэгэн билээ. Түүний олон арван ном хэвлэгдэн гарсан байдгаас “Dead Poets Society” бүтээл нь хамгийн алдартай.

Номын тухай

Найруулагч Петер Вейрын найруулсан ижил нэрт кино зохиолоос сэдэвлэсэн энэхүү роман нь боловсролын хүчийг тод томруун дүрслэн харуулжээ. Боловсрол гэдэг нь зөвхөн суралцахын нэр бус, амьдралыг танин мэдэх, хайрлах, бүтээлчээр хандах, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх гэдгийг тунхаглан түүнд гол анхаарлаа хандуулж зөвхөн сахилга бат, ягшмал хичээлээр суралцахуйг эрс шүүмжилсэн байдаг.

Мөн хүмүүний амьдралд үзүүлэх уран зохиолын нөлөөг дүрслэхийн зэрэгцээ багш, сурагчийн харилцааг нарийн дэлгэн харуулдаг байна. Энэхүү ном нь гарсан даруйдаа олны талархлыг хүртэж, олон арван багш нарын урам зоригийг бадраажээ.

Хэнд санал болгох вэ?

Бидний сайн мэдэх ижил нэрт киног нь үзсэн, таашаасан бүх хүнд энэхүү номыг санал болгоно. Дэлгэцээс кино урлагийн хэлээр боловсролын үнэ цэнийг нарийн мэдрэмжээр илэрхийлснийг бид үзсэн бол энэхүү номоос утга зохиолын хэлээр хэрхэн зурсныг мэдрэх боломжтой.

8. Why We Can’t Wait  

Хэвлэгдсэн он: 1964

Зохиогчийн тухай

Америкийн өнгөт арьст иргэдийн эрхийн төлөө эцсээ хүртэл баатарлагаар тэмцсэн Мартин Лютер Кингийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Түүний “Би мөрөөдөж байна” хэмээх алдарт илтгэл одоо ч олон хүний зүрх сэтгэлд үгээ үлдээсээр буй. 20-р зууны хүний эрх, эрх чөлөөний агуу тэмцэгч тэрээр 1964 онд Нобелийн Энх Тайвны шагналыг хүртсэн юм.

Номын тухай

Зохиогч энэхүү номдоо боловсролын нөлөөг онцолсон байдаг. Түүний үзсэнээр боловсрол нь хүний эрх чөлөө, шудраг ёсны тэнцвэрийг танин дүгнэх нүдийг нээж өгдөг байна. Мөн боловсрол нь мэдлэгийн тухай ойлголт гэхээсээ илүүтэйгээр хувь хүн ба нийгмийн ёс зүйн хэм хэмжээг бүтээх хүчирхэг зэвсэг хэмээн үзжээ. Боловсрол нь эрх тэгш байдал, ардчиллыг хадгалан авч явагч амин сүнс бөгөөд боловсролыг эзэмшсэнээр хүн нийгэмдээ асуулт тавьж, дарангуйлал мөлжлөгийг түлхэн унагаах хүчийг олж авдаг ажээ. Түүнчлэн боловсрол нь академик амжилтаар зогсохгүй хүмүүний оюун ухаан, ёс суртахууны дээд илэрхийлэл мөн гэж зохиогч үзсэн байна.

Хэнд санал болгох вэ?

Тухайн үеийн Америкийн түүхэн замнал, хүмүүсийн итгэл үнэмшил, нийгмийн байдлыг ойлгож, боловсролын аливааг өөрчлөх хүчийг алдарт нийгмийн зүтгэлтний бичсэн ертөнцөөр тольдохыг хүсэгч хэн бүхэнд санал болгоно.

9. Америкт суралцсан тэмдэглэл Ц.Оюунгэрэл  

Хэвлэгдсэн он: 2007

Зохиогчийн тухай

Ц.Оюунгэрэл нь бидний сайн мэдэх “Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь”, “Миний ажлын ноу-хау” зэрэг олон номын зохиогч, хүний эрхийн зүтгэлтэн, улс төрч билээ. Түүний бичсэн “Америкт суралцсан тэмдэглэл” бүтээл олон залуусын ирээдүйд боломжийн гарц, жимийг гаргаж өгсөн юм.

Номын тухай

Энэхүү ном зохиогчийн хүн бүрд хандсан англи хэл сурах энгийн арга, Америкт суралцах 50 зөвлөгөө, Стэнфорд, Йель, Канзасын жишээ, Америкт тэтгэлэгтэйгээр суралцах боломж зэргийг багтаасан цогц бүтээл юм. Тэрээр Америкт суралцах цорын ганц замыг гаргах гэхээс илүүтэйгээр өөрийн хувийн туршлагаасаа зөвлөн, хүн бүр өөр өөрсдийн замыг тодорхойлохыг хүссэн байна. “Америкт сурсан тэмдэглэл”-ийг уншаад зөвхөн Америк ч гэлтгүй дэлхийн олон өөр улс орны, янз бүрийн их дээд сургуулиудад суралцсан залуус байдаг талаар зохиогч нэгэнтээ дурдсан байдаг.

Хэнд санал болгох вэ?

Гадаад суралцах хүсэлтэй хүн бүрд 100 хувь санал болгох бүтээл. Мөн номоос зөвхөн гадаад суралцах талаар ойлголттой болоод зогсохгүй боловсролын чухаг дээдийг өгүүлсэн санаатай ч илэрхий учрах билээ.

10. Баруун этгээд зорчсон тэмдэглэл  

Хэвлэгдсэн он: 1959

Зохиогчийн тухай

Билгүүн номч хэмээн ард олонд алдаршсан, доктор Б.Ринчен нь Монгол хэл, угсаатан зүй судлаач, дуун хөрвүүлэгч, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг билээ. Тэрээр англи, франц, герман, чех, польш, эсперанто, орос хэлийг үнэмлэхүй сайн эзэмшсэн бөгөөд олон арван дэлхийн сод бүтээл, туурвилыг эх хэлэндээ орчуулан буулгасан их эрдэмтэн юм.

Номын тухай

Энэхүү ном нь их эрдэмтний Мажар улс буюу Унгар улсад докторын зэргээ хамгаалахаар зорчсон тухайгаа тэмдэглэн үлдээсэн бүтээл юм. Түүний замдаа таарсан бүхнээ нягт нямбай ажигласан байдал, учирсан хүмүүстэйгээ дэлгэх нягт ухаалаг яриа зэргээс маш олон сурч ойлгох санаа, ухагдахуун байхын нэг нь боловсрол, эрдэм мэдлэгийн чухгийн тухай. Эрдэмтний бичсэн энэхүү бүтээлд хэл шинжлэл, монгол хэлний тухай, буруу зөв, шууд хэрэглэх гадаад үгсийн талаар тун амттай бичсэн байдаг нь мэдлэг боловсролыг зүй ёсоор эзэмшсэн нэгэн эх хэл, эх орноо зүй зохистой уламжлан авч явдгийг онцолсон байдаг ажээ. Мөн гадаад, аль ч оронд явсан өөрийн соёл, ард түмнээ өв тэгш таниулан, үлгэрлэхийг сануулсан байдаг билээ.

Хэнд санал болгох вэ?

Монгол хэл, хэл шинжлэл, түүх, намтар зэрэгт дуртай хүн бүрд нэгэн үзүүрт сэтгэлээр санал болгоно. Мөн түүгээр ч зогсохгүй Монголынхоо бичгийн их хүмүүний үгийг, бахархам түүхийг дуулахыг хүсэгч бүрийн заавал унших ном магад мөн буй за.

“Мэдлэг хүнийг боол болохуйд үл зохицох болгомуй”, “Хувь хүний тусгаар тогтнол нь улс орны тусгаар тогтнолын үндэс болдог” хэмээснийг дахин давтаад таны эрдэмд хүрэх их замд амжилт хүсье.