Энэхүү номд дэлхийн шилдэг их сургуулиудад амжилттай элсэн зорилгоо биелүүлсэн 35 сурагчийн эсээнүүдийг нэгтгэж, дүн шинжилгээ хийн практикт суурилсан зөвлөгөөг хавсаргажээ. Сайн сурагч байна гэдэг нэг хэрэг, харин дэлхийн шилдэг их сургуульд тоогдохуйц хүн байна гэдэг бүр сайн хэрэг. Арваад жилийн өмнө Монголоос бакалаврын түвшинд хөгжингүй орнуудаас тэтгэлэг авч сурах нь маш том даваа байсан бол өнөө үед хүссэн зорьсондоо хүрэх нь гагцхүү хувь хүний хичээл зүтгэлээс шалтгаалах болжээ. Томүжин академийн шилдэг төгсөгчдийн дараа үеийнхэндээ өгсөн үнэтэй зөвлөгөө бүхий уг ном дэлхийн боловсролыг эзэмшье гэсэн залуусын замыг дөтлөх биз ээ.

номын тухай

Өнөө цагт боловсрол гэдэг хүнд өөртөө итгэх итгэл, өрсөлдөх чадамж, сайхан амьдралын баталгааг өгөх гол хүчин зүйл болсон гэдэгтэй уншигч та санал нийлэх болов уу. Монгол улсын ЕБС-иудад олгож буй академик мэдлэг муугүй гэдгийг гадаад дотоодод боловсрол эзэмшсэн олон хүн өөрийн туршлагаар нотолдог ч дэлхийн боловсролыг эзэмших хүсэлтэй сурагчдын маш багахан хувь нь зорьсондоо хүрдгийн учрыг, дэлхийн боловсрол академик мэдлэгээс юугаараа ялгаатай болохыг уг номд тайлбарласан байна.

Өдгөө тав дахь жилдээ монгол сурагчдад зорилгынх нь гүүр, аян замынх нь анд болсоор яваа Томүжин академийг төгсөгчдийн дэлхийн топ их дээд сургуулийн элсэлтэд зориулан бичиж, амжилт олсон 45 эсээг уг номд жишээ болгон авч, түүгээр дамжуулан сургуульд элсэх процесс, арга тактикийг бодит туршлагад үндэслэн тайлбарласан нь олон сурагчдад гарын авлага болохуйц ажээ.

Түүнчлэн номд орсон 35 сурагчийн элссэн сургуулийн онцлог, шалгуур үзүүлэлт, давуу тал, суурь мэдээллүүдийг оруулж өгсөн нь сургуулиа сонгоогүй байгаа нэгэнд хэрэгцээт мэдээлэл болж чадах аж.

Санал болгох: Онцлох бизнес: Tomujin academy - Дэлхийн шилдэг сургуулиуд руу хөтөлнө

Unread

номын зарим санаанууд: 

ЯАГААД ЗААВАЛ АНУ-ЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ ГЭЖ?

Нийт суралцагчдын 80 орчим хувь нь хүссэн их дээд сургуульдаа тэнцдэг гэдгээрээ салбартаа танигдсан Томүжин академийн ихэнх төгсөгчид АНУ-ын топ сургуулиудад элссэн байдаг. Тийм ч учраас уг номд гарч буй кэйсүүд, туршлагууд АНУ-ын их дээд сургуулиудын элсэлтийн онцлогийг илүүтэй тусгажээ.

1. АНУ-ын их сургуулиуд яагаад шилдэг нь байдаг вэ?: Учир нь АНУ-ын боловсролын тогтолцоо нь зөвхөн боломжтой нэг нь сурах бус үнэхээр сурахыг хүсэж байгаа, сурах нөөц бололцоотой сурагчдыг дэмжих бодлоготой байдаг. Иймдээ ч дундаж айлын хувьд хэтийдсэн хэмжээний дэмжлэгийг үзүүлэх гэж байгаа тул шалгуураа ч маш өндөр тавьдаг байна.

2. Тэдний хувьд сурлагын дүн бүх зүйл биш: Онц сурдаг сурагч бүр амжилттай амьдарч чаддаггүй. Учир нь амьдралд ганц сурлагаас гадна олон төрлийн чадвар, дадал, хандлага хэрэгтэй. Иймд АНУ-ын их сургуулиуд элсэлтийн шалгалтыг гол зарчмаа болголгүй "Holistic Admission" буюу тухайн өргөдөл гаргагчийг бүхий л талаас нь таньж мэдэх зарчмаар элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ нь сурлагаас гадна өөрийн гэсэн үзэл бодолтой, хүсэл эрмэлзэлтэй сурагчдыг олж элсүүлэхэд чиглэдэг бөгөөд хүчээр бус, хөөсрөл хөөрлөөр бус харин хүслээрээ сурахын ач холбогдлыг үнэлж, дэмждэг систем юм. Ийм системээр, тийм хүрээлэлд сурч буй хүн зөвхөн ном шагайсан нэгэн болж үлдэхгүй нь ойлгомжтой.

3. Бодит байдалд уялдсан боловсрол: Академик мэдлэг бол боловсролын зөвхөн нэг хэсэг. АНУ-ын сургуулиудын сургалтын бодлого нь авсан мэдлэгээ ашиглах, тордоход чиглэдэг. Мэргэжил болгонд хэрэг болох ур чадваруудад сургаж, нухацтай сэтгэлгээ (critical thinking), бичгийн чадвар олгохыг гол болгодог.

АНУ-ЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭХИЙН ТУЛД ӨРГӨДӨЛДӨӨ ЮУ ЮУГ БАГТААХ ВЭ? 

  • Хичээлийн дүн
  • SAT, TOEFL шалгалтын оноо
  • Багшийн тодорхойлох захидал
  • Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
  • Эсээ

.


ЭСЭЭ ГЭЖ ЮУ ВЭ? ЯАГААД ЧУХАЛ ВЭ? ХЭРХЭН САЙН ЭСЭЭ БИЧИХ ВЭ?

1. Эсээ бол өргөдлийн материал дундаас таныг өөрөөр тань тодорхойлох ганцхан боломж нь: Анзаарсан бол өргөдлийн материалд буй бусад хэсгүүд харьцангуй тогтсон загвартай, бодит мэдрэмж бус мэдээлэл өгөх зориулалттай байгаа юм. Энэ дунд ганц эсээ л таныг ямар зан чанартай, юу хүсдэг, юуг зорьж, юунд тэмүүлж яваа хүн болохыг харуулах, амьтай хэсэг юм. Нэг ёсондоо та өөрийгөө тухайн сургуульд орох ёстой хүн гэдгийг элсэлтийн комисст ойлгуулах, өөрийгөө борлуулах рекламны орон зай гэж ойлгож болох юм.

2. 10 материал тутмаас нэгийг нь л сонгох болно:
Гол онцлог нь тэр 10 материалыг илгээгчид нь дэлхийн өнцөг булан бүрээс тантай адил өөрийгөө энэ сургуульд элсэх ёстой гэж үзэж байгаа, тодорхой хэмжээнд амжилттай яваа, биднийхээр бол "хатуу самар"-ууд. Тэдний материал ч бас амжилтын жагсаалт, сайн дурын ажлын тодорхойлолтоор хүчирхэгжсэн байгаа. Иймд бусдаас юугаараа ялгаатай, юугаараа давуу гэдгээ энд гаргаж өгөөрэй.

3. Сайн эсээ бичнэ гэдэг нь тэр чигээрээ тактик юм:
Магадгүй та гайгүй сайхан найруулгатай бичдэг, эсхүл англи хэлний давгүй үгийн сантайгаа сайн эсээ бичих давуу тал гэж харж байж болох юм. Харамсалтай нь энэ бүхэн хангалтгүй л болов уу. Дэлхийн топ сургуульд тэнцэхүйц эсээ бичнэ гэдэг нь маш их цаг авдаг, тактик, зөвлөгөө шаарддаг нарийн ажил гэдгийг ойлгох хэрэгтэй.
Энэ номын гол зорилго үүнд л агуулагдаж буй. Сайн эсээг хэрхэн бичих вэ? Сайн эсээ ямар байдаг вэ? Сайн эсээг юу нь сайн болгодог вэ?


САЙН ЭСЭЭ БИЧИХ ЗӨВЛӨМЖИЙГ ХУРААНГУЙЛБАЛ:

  • Эрт эхэл
  • Бусадтай ярилц
  • Ном унш
  • Олон зүйл туршиж үз
  • Бусад эсээнүүдийг унш


НОМД ГАРЧ БУЙ ЭСЭЭНҮҮДЭЭС ЮУГ СУРЧ БОЛОХ ВЭ? 

  • Нэг л түүхэд төвлөр. Хэт олон санааг чихэх гэсний хэрэггүй.
  • Өгүүлэх санаа тань заавал онцгой, гайхалтай үйл явдал байх албагүй.
  • Нарийн деталиудыг гол санаагаа дэмжихдээ л ашигла.
  • Тухайн сургууль яагаад таныг сонгох ёстойг тодотго.
  • Итгэл төрүүлэхүйц, үнэн бодитой бичих.
  • Хүнд, ховор үгс ашиглах нь чухал биш.
  • Үнэхээр сурах хүсэлтэй гэдгээ харуул.
  • Хүсэлт илгээсэн их сургуулиа сайтар судал. Яагаад сонгосон тухай тодорхой шалтгааныг мэдрүүл.
  • Өргөдлийн хэсгүүдээ эсээндээ холбо.
  • Бич, бич, бич.

Санал болгох: Онцлох бизнес: “Томүжин” алтернатив ахлах сургууль - Хүчирхэгжсэн хувь хүнийг бэлтгэнэ

Unread

номын хэсгээс

Платогийн алдартай "Эхлэл ямар ч ажлын хамгийн чухал хэсэг" хэмээх эшлэлд гардаг шиг юунаас ч хамаагүй эхэл. Хэдийгээр энэ нь чиний "төгс" түүх биш ч гэсэн чиний түүхийг нээж, төгс шинэ эсээний төгсгөл болох зам байж болох юм. Хэрэв чи хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол аль хэдийн хүссэн сургуульдаа тэнцэн орсон сурагчдын жишиг эсээнүүдийг уншиж үзээрэй. Ингэснээр чи ерөнхий зураглалыг олж харан өөрийн эсээнээс юу хүлээхээ ойлгож болно. Өөрийн эсээгээ бусдынхтай харьцуулах гэж оролдох хэрэггүй. Учир нь чи өөрийн түүхийг хуваалцах ёстой болохоос биш, хамгийн сайн түүхийг бичих ёстой юм биш.

Өөр нэг нийтлэг зүйл бол хүмүүс коллежийн өргөдлийн эсээ бичих явцдаа гомдоллож, сэтгэл дундуур байдаг. Хэчнээн утгагүй юм шиг санагдаж магадгүй ч гэсэн толгой дотроо юу болж байгааг ярих, өөр хэн нэгэнд тайлбарлах нь бодлуудаа хооронд нь холбон тодруулахад тусалдаг юм шүү.

Өргөдөлд чинь амжилт хүсье. Энэ явцыг аль болох зугаатай өнгөрөөхийг хичээгээрэй. Хэрэв чи өөрийнхөө сул болон давуу талыг адилхан хэмжээгээр харж чадвал өөрийгөө танин мэдэхэд илүү дөхөм болно. Өргөдөл гаргасны эцэст чи өөрийнхөө тухай зөндөө олон зүйлсийг нээн илрүүлсэн байх болно. Энэ нь чиний амьдралд хамгийн чухал зүйл, бусдаас илүү чухал зүйл гэж юу болох, ямар үнэ цэнтэй, бусад олон чухал асуултуудын талаар чамайг бодуулах болно. Ид шид нь үйл явцад л тохиолддог.

Свартмор коллеж, Т.Анарсайхан



"Essays to Inspire" номоос олсон бүх орлого "Би чадна" сан руу орж, хүсэл мөрөөдөлтэй, чадвартай, юм хийе бүтээе гэсэн хүсэлтэй залууст дэмжлэг болон очих юм. Маш олон янзын зорилготой, зоригтой олон хүүхэд, залуус гагцхүү санхүүгийн боломжоор хязгаарлагдаж байгаа бөгөөд тэдэнд боломжийг нээж өгөх нь энэ сангийн зорилго ажээ.