Уран зохиолын, тэр дундаа орчуулгын жинтэй бүтээлүүдээрээ эчнээ танил болсон “Тагтаа” хэвлэлийн газраас 2025 оны анхны бэлэг болгон уншигчдадаа Украйны алдарт зохиолч Андрей Курковын “Саарал Зөгийнүүд” номыг өргөн барилаа. Заримдаа бид өөр өөрсдийн амьдралын асуудлууддаа дарагдахдаа эргэн тойронд маань юу өрнөж буйг төдийлөн анзааралгүй өнгөрч орхидог. Эсвэл заримдаа бүр зөвхөн дэлхий дахинд л юу болж буйд бүх анхаарлаа төвлөрүүлж орхиод өөрт юу болж буйг нэг мөр таягдан орхих үе ч бий. Чухам энэ хоёр туйлын дунд тэнцвэрээ алдалгүй амьдрахуйн тухай магад бүх асуултад хариулт өгч чадах бүтээл бол “Саарал Зөгийнүүд” роман.
Уг бүтээл өдгөө дэлхий дахины анхаарлын төвд бүтэн гурван жилийн турш байсаар буй Орос, Украйны дайны тухай өгүүлэхдээ үгээр урлахуйн тэс өөр сэжмээр дамжин, өнөөгийн бидний хүн чанар, дотоод ертөнц рүү маань нэвтэрнэ.
Номын тухай цувралынхаа энэ удаагийн нийтлэлээрээ утга, уран зохиолд шимтэгч уншигч танд XXI зууны уран зохиолын онцгой нэгэн бүтээл болох “Саарал зөгийнүүд” номын тухай хүргэж байна.
Зохиогчийн тухай
Тус номын зохиогч Андрей Курков нь 1961 оны дөрөвдүгээр сарын 23-ний өдөр Ленинград буюу одоогийн ОХУ-ын Санкт-Петербург хотод төрж, улмаар Киев хотод бага насаа өнгөрөөжээ. Тэрээр ихэнх зохиолуудаа орос хэл дээр туурвидаг Украйн улсын зохиолч, сэтгүүлч, мөн кино зохиолч юм. А.Курков нь өөрийн бараан хошигнол, сюрреалист өнгө аясаараа дамжуулан улс төр болоод нийгмийн томоохон асуудлуудыг бүтээлдээ тусгадгаараа дэлхий дахинаа танигдсан байна.
Тэрээр 1995 онд өөрийн анхны романаа хэвлүүлснээсээ хойш өдгөө нийтдээ уран зохиолын чиглэлээр 19 роман, хүүхдийн 9 ном, баримтат, уран сайхны нийт 20 орчим кино зохиол болон гурвануран зохиолын бус ном хэвлүүлээд буй. Түүний бүтээлүүд дэлхийн 65 орны 37 хэлээр орчуулагдан гарчээ. Тэр дундаас дэлхий дахинд хамгийн алдартай бүтээл нь 1996 онд түүний туурвисан “Үхэл ба Оцон шувуу” хэмээх роман аж. Зохиолч бүтээл бүрдээ аль нэг байдлаар ан амьтан дүрсэлж, ёгт өнгө аясаараа дамжуулан өөрийн утга санаагаа илэрхийлдэг онцлогтой гэнэ.
Мөн тэрээр 2018 оноос эхлэн “PEN Ukraine” хэмээх зохиолч, бичээчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний төлөөх, мөн тэднийг дэмжих, Украйны утга зохиол, соёлыг өвлүүлэн хамгаалах зорилготой ТББ-ийн тэргүүнээр сонгогдон, өнөөг хүртэл уг албаа хашиж буй.
Номын тухай
“Саарал Зөгийнүүд” роман нь дайн дунд амьдарч буй эгэл жирийн ардын юу мэдэрч, юу туулж буйг тод томруун дүрслэн харуулсан зохиол юм. Тэр дундаа өдгөө ч маш олон хүн үрэгдсээр буй дайны гол талбар болох Украйн Улсын Донбассын саарал бүс дэх түүхийг уг бүтээлд өгүүлнэ.
Романы гол дүр болох Сергей Сергейич нь орхигдсон тосгондоо цөөн хэдэн оршин суугчидтайгаа үлдэж хоцорсон зөгий үржүүлдэг нэгэн. Эргэн тойронд нь дайн өрнөж байхад тэрээр зөвхөн өөрийн зөгийнүүдээ л анхаарахыг голчилно. Учир нь зөгий бол түүний хувьд бүх зүйл нь. Чухам түүнд шуугианаар дүүрсэн хорвоо ертөнцөд цор ганц энх тайвныг бэлэглэгчид нь зөгийнүүд. Хавар ирэхтэй зэрэгцэн Сергей зөгийнүүдээ бэлчээрлүүлэх аюулгүй газарт аваачихаар шийдэх бөгөөд уг шийдвэрийнхээ ачаар тэрээр Украйныг хөндлөн гулд туулж дайнаас хохирсон янз янзын хүн ардтай учирна. Тус зохиол уншигчийг буйдхан тусгаарлагдсан газар оронд аж төрж буй хүмүүсийн айдас, тэмцэл, мөн тэдний итгэл найдвар, дотоод дуу хоолой руу нь хөтөлнө.
Зохиолч Курков дайны хор уршгийн тухай өгүүлэхдээ зүгээр л "хор уршиг" хэмээн улиглан давтахаас илүүтэйгээр дүрүүдийн мөн чанараар нь дамжуулан тун эгэл хүүрнэлээр уншигчдын сэтгэлд хүргэж чаджээ. Тийм ч учраас “Саарал зөгий” роман бол дайнаар сүйтгэгдсэн ертөнцөд ч итгэл найдвараа алдахгүй байхуйн тухайд дайн дажны зовлон туулсан, туулж буй, магад цаашид туулах тэрхүү зүрх бүхэнд оч гэрэл асаахыг хүссэн бүтээл мэт. Тус номыг монгол хэлнээ Тагтаа хэвлэлийн газрын орчуулагч Т.Осормаа, Б.Дэлгэрмаа нар буулгажээ.
Яагаад унших вэ?
Бид ихэнхдээ дайн гэдэг үгийг сонсоод дав хийдэг ч түүний эсрэг ямар нэгэн бодит арга хэмжээ авч чадах нь ховор. Угтаа бол ахин дайн битгий тохиогоосой гэсэндээ л түүхч, зохиолч нар нэг үгээ ахин дахин давтсаар буй. Энэ ном хэдийгээр дайны тухай өгүүлж буй мэт боловч мөн чанартаа хувь хүний дотоод дээд ухамсар руу тэмүүлсэн аж. Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Амьдрахуйн цорын ганц утга учир нь нинж сэтгэлд сөхрөх явдал юм” хэмээсэн адил хүмүүний энэрэх сэтгэл, итгэл найдвар, хайр, ухаарал, хүн хоорондын зөрчилдөөн бүрийг уг бүтээлд эгэл амьдрал, тэр дундаа орчин үеийн бидний амьдралаар дэлгэн харуулсан нь ёс суртахуун, хүний мөс, хүн байхуйн тухай өгүүлэх үнэхээр онцлууштай нэгэн бүтээл болгожээ.
Түүнчлэн зохиолч гүн гүнзгий утга санааг маш энгийнээр, басхүү бараан хошигнолоор илэрхийлж, дүр хоорондын уялдаа холбоог нарийн сайн гаргаж өгсөн нь уг номыг уншихад илүү хялбар бөгөөд амттай болгож өгсөн байна. Ингэснээрээ унших явцад үйл явдал, дүрүүдээ шинжлэх, өөрөөсөө асуулт асуух, харилцан дүртэйгээ ярилцах бүхий л боломжийг уншигч нартаа нээж өгсөн нь тун өвөрмөц бөгөөд онцгой бичихүйн шийдэл болсон байна.
Дэлхийн уншигчдын сэтгэгдлүүд
Тус бүтээл нь Орос, Украйны хилийн бүсэд өрнөж буй зөрчилдөөний дунд жирийн иргэдийн амьдралыг уран зохиолын хэлээр гүн гүнзгий дүрслэн харуулсан гэдгээрээ олон улсын анхаарлыг татсаар буй бөгөөд дэлхий дахины уншигчдын сэтгэгдлүүдээс доор дурдвал: