Уншигчийн хувьд сүүлийн үед хамгийн их сонирхож буй зохиолчийнхоо бүтээлийг ийнхүү бичих гэж буйдаа сэтгэл догдлон суугаагаа хэлэх нь зүйтэй болов уу. Японы уран зохиол “моодонд орох” болсон энэ үед залуу уншигчдын харцыг булааж, анхаарлыг татаж буй эл бүтээл үнэхээр л орчин цагийн чухал бүтээлийн нэгт тооцогдохуйц аж. Гагцхүү зохиолчийн зөвхөн эл бүтээлдээ төдийгүй зохиол бүрдээ шингээдэг өнцөг нь нэлээд өвөрмөц, төсөөлөмгүй хийгээд зарим талаараа урамгүй, хоосон гэж санагдах нь хачин. Гэхдээ түүний энэ л бичлэгийн хэлбэр, дүрслэл уг бүтээлийг дэлхий даяар мянга мянган хувь борлуулагдаж, олон улсад нэрийг нь алдаршуулах шалтгаан болсон биз ээ.
Сонирхуулахад зохиолч энэ номыг бичих сэдлээ философич Ф.Ницшегийн “Заратустра тийнхүү ярьж байв” бүтээлээс авсан хэмээн дурдсан байдаг. Ф.Ницшегийн хэдэн зууны турш шагшигдаж ирсэн уг бүтээлийн чухам юу нь өсвөр насны хоёр хүүхдийн түүхээр дамжин, ямар санааг илэрхийлэх бол? гэдгийг энэхүү нийтлэлээр задлах гэж хичээе.
Номын тухай
Нийгмийн нийтлэг ойлголтоор харагдах байдлын ялгаа, хүүхэд нас, утга учир гэх зэрэг нь нэгдмэл утгатай, тогтсон ойлголт. Гэхдээ сул дорой байдал тийм тэвчимгүй хэцүү зан авир уу? Сул дорой байдлын эсрэг нь зориг, тэнхээ юу? Хүн төрөлхтний бүгдийнх нь зөвшөөрч буйгаар өөрчлөгдөх учиртай зан чанар юм гэж үү? Хүүхэд нас гэдэг гэгээлэг цаг үе, өнгө, мэдрэмжийн нийлбэр үү? гэх зэрэг өсвөр насны хүүхдүүдэд ахадсан боловч хүн төрөлхтний байнгын сэдэв болсон эдгээр асуудалд өөрсдийн амьдралаараа бүдчиж яваа хоёр хүүхдийн амьдралын түүх уг номоор дамжуулан хариулт өгч буй мэт.
Зохиол долир нүднээсээ болж дээрэлхүүлдэг хүү болон ноорхой хувцас өмсөж, өмхий үнэр ханхлуулж явдгаасаа болж шоолуулах Кожима охины тухай өгүүлнэ. Тэднийг “тэд” болгодог зүйл нь хүүгийн нүд, охины сул дорой байдал хэмээн Кожима итгэдэг. Энэ их дээрэлхэл, тэвчээр алдрам хүнд хэцүү даалгавруудын цаана ямар нэг утга учир бий гэдэгт охин итгэж, түүнийгээ ч зохиолын гол дүр хүүд ойлгуулна. Зохиолын хоёр дүр бие биеийнхээ орон зай, ижил нөхцөл байдал, төстэй зан авир, амьдралыг харах өнцгөөр холбогддог. Тэдний хувьд там болсон сургуулиас нь диваажинд аваачиж, тайвшрал өгөх орон зай нь тэдний цөөхөн боловч үнэ цэнтэй уулзалт. Ганцхан өдөр галт тэргээр хамтдаа хотоосоо холдож, зөвхөн бие биедээ нууцаа өчсөн тэр газраа тэд “Heaven” хэмээн нэрлэжээ.
Зохиолчийн тухай
Каваками Миеко нь Японы Осака хотод төрж өссөн бөгөөд анх урлагийн салбарт дуучнаар гарч ирсэн боловч гаргасан цомгууд нь тийм ч сайн борлуулагдаагүй тул энэ карьераа удалгүй дуусгавар болгосон гэдэг. Ганц бие ээжтэйгээ мөн дүүтэйгээ өссөн тэрээр дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөхөөр “бар”-нд зөөгчөөр ажиллаж, орж ирсэн эрчүүдэд хань болж, архи хундагалах ажил хийдэг байжээ.
Харин өөрийн блогоо хөтөлж эхэлснээс хойш олонд танигдаж, анхны зохиол нь шууд л “бүүм” болж Guardian, New York Times зэрэг томоохон хэвлэлүүд түүний талаар сонирхох болсон юм. Түүний анхны зохиол Япон уламжлалт сэтгэлгээтэй уншигчдын дургүйцлийг хүргэсэн ч англи хэл дээр хэвлэгдсэн цагаасаа хойш дэлхий даяар хэдэн арван мянган хувь хэвлэгдэж эхэлсэн юм . Тэр бүр залуу эмэгтэйн зориглож бичдэггүй, тэр дундаа Японы бага зэрэг баригдмал орчинд төрж өссөн хүний хувьд нэлээд зориг шаардсан өнцгөөс бичдэг нь түүний онцлог. Энэ нь ч түүнийг ийнхүү эмэгтэйчүүдийн дугарч чадахгүй хоолой, хэн нэгний хувьд үзэж, дуулаагүй боловч дотроос нь зурах мэдрэмжийг ил болгодог зориг, чадварыг нь алдаршуулсан биз ээ.
Түүний бүтээлүүдэд эмэгтэйчүүдийн эрх, барууны фиолосифийн үзэл баримтлал хүчтэй гарч ирдэг. Үүнтэй нь холбоотой түүнийг “феминист” зохиолч гэж нэрлэх нь ч олонтоо (зохиолч өөрөө ийнхүү тодорхойлуулах тийм ч таатай байдаггүй хэлж байсан удаатай). Тухайлбал, тэрээр нэгэн ярилцлагадаа “Хэрэв эрэгтэй зохиолчид аж амьдралын тухай зохиол бичвэл түүнийг уншигчид цаанаа ямар нэг гүнзгий утга, санаа, философи, түүх зэрэг сэдвүүдийн учгийг тайлах гэж буй хэмээн боддог. Харин эмэгтэй зохиолч ахуй амьдрал, гэр бүлийн сэдвээр бүтээл туурвихад түүнийг өөрийнхөө хамгийн сайн мэдэх, өөрт ойрхон сэдвээ мэдрэмжтэйгээ холбон бичсэн байх даа гэж таадаг нь шударга бус санагддаг” хэмээн дурдсан байдаг.
Яагаад унших вэ?
Сул дорой байдал, хүүхэд нас тийм ч сайхан цаг үе биш болох тухай
Дээрх гарчгийн талаар бодох бүрд гарч ирдэг хоёр үзүүртэй хутга мэт нэгэн сэдэв бол "зориг". Үнэхээр бусдаас илүү эмзэг, бидний гаднаа хэлж чаддаггүй боловч дотроо хүлээн зөвшөөрдөг “сул дорой” хүмүүс өөрчлөгдөж, шударга бус бүхний эсрэг хүн зогсох зоригтой, амьдрах чадвартай болж гэмээнэ дэлхий ертөнц сайн сайхан болно гэж үзэх хүмүүс бий. Гэтэл нөгөө талаас сул дорой байна гэдэг нь зөвхөн амьдралд өөрийгөө хамгаалж, зогсохоос гадна хэчнээн олон хүмүүс чичилж, чамайг өөрчлөхийг хүсэж байсан ч тэр чигээр үлдэхийг сонгох нь жинхэнэ “зориг” хэмээн тодорхойлох хүмүүс ч бий.
Тэгвэл үнэхээр хүн гэдэг амьдарч үлдэхийн тулд өөрчлөгддөг, зөөлөн нь хатуугаа барьж идэж байж л оршин тогтнодог гэж үү? Сул дорой байдлын тухай энэ мэт сэдвийг зохиолын дүр, тэдний бодол, үйлдэл, харилцан яриаг зэрэг янз бүрийн өнцгөөс харуулах гэж оролдох тул амьдралынхаа аль нэг үед өөрийгөө сул дорой мэтээр мэдэрч байсан хүн бүрд уг бүтээл таалагдах нь лавтай.
Тухайлбал, гол дүрийн хүү Кожимаг дээрэлхүүлж байх үед нь хамгаалж чадалгүй дэмий харж зогсохдоо ийнхүү боддог:
Зохиолын гол дүр нас, биедээ багтаж ядах их айдас, гутралыг тээчхээд түүндээ өөрийгөө буруутгаж буй нь энэ өгүүлбэрээс тод ойлгогдоно. Хүн өөртэйгөө хэт адилхан нэг бол хэт өөр зүйлээс айдгийг тод томруунаар харуулахын сацуу дээрэлхэл гэдэг “тоолгүй өнгөрчихөд болчихдог зүйл биш” гэдгийг ганцхан өгүүлбэрт багтаасан мэт. Хүү Кожимагийн юу мэдэрч, бодож байгааг сайн мэднэ, энэ бүхэн буруу гэдгийг ч мэднэ, гэхдээ зоригтой байхад л шийдэгдчих өнгөц асуудал ч бас биш гэдгийг басхүү ойлгоно.
Тиймээс барууны орчин үеийн дэлгэцийн уран бүтээлд харуулдаг хэн нэгэнтэй асуудлаа хуваалцахад л бүх зүйл борооны дараах нар мэт сайн сайхан болдоггүй. Мөн хүн бүрийн хийж буй үйлдэл, хэн нэгнийг гомдоох харгис, хатуу үйлдэл үгс бүр амьдралынхаа хаа нэгтээ, хэзээ нэгэн цагт гүнзгий шарх авсныг нь илтгэдэг гэх “алдартай” үзэл санааг няцаасан нь сонирхолтой.
Түүнчлэн зохиолчийн дүрслэн зурж буйгаар хүн бүрийн хувь хүүхэд нас гэдэг тийм ч гэгээтэй сайхан цаг үе байдаггүй. Байгаа газраасаа холдохын хүслэн болж, өдөр хоногийг цээжиндээ хүнд чулуутайгаар давж гардаг хүүхдүүд бий гэдгийг мөн тэдэнд хүсээд ч хийж чадахгүй зүйл, хүчлээд ч гардаггүй зориг гэж байдаг ч хажууд нь тогтоод суух төдийд л бүхнээ уудлах, ойлгогдох хүсэл байдаг юм шүү гэдгийг ойлгуулсан мэт санагдана.
Уншигчийн сэтгэгдэл
Уншигчийн хувьд эл бүтээлийн утга санаагаа нихилист гэмээр, гол утга санаагаа яг тэр чигт нь тохож өлгөсөн мэт шударга үнэн бичигдсэн байдал, аядуу зөөлөн дүрүүдийн буй байдал хоорондоо содон байдлаар хоршсон нь таатай санагдлаа. Түүнчлэн зохиолчийн юмсыг дүрсэлж буй байдал хамгийн их сонирхол татсаныг дурдах хэрэгтэй болов уу. Жишээ нь: “Түүний хоолой яг л 6B харандаа шиг, хэт хатуу эсвэл хэт зөөлөн биш” мөн зохиолын төгсгөлд “Хорвоо ертөнц тэгш хавтгай биш, гүн гүнзгий ажээ” зэргээр зохиолын өнгө аясыг маш хөнгөн хэр нь утга учиртайгаар залж, чиглүүлж буй байдал нь үнэнхүү таалагдлаа.