Урин дулаан зуны цаг ирж хэн бүхний сэтгэлийг тэнийлгэж буй энэ цаг үе бол залуус өөрийгөө таньж, шинийг турших хамгийн тохиромжтой улирал билээ. Иймд бид энэ удаа өөрийн дүр төрхийг бүрдүүлэх эрэлд мордож буй охид бүсгүйчүүддээ зориулан "Миний Тусгал" хэмээх номыг тоймлон хүргэж байна. 

Зохиогчийн тухай

Номын зохиогчид 2009 оноос эхлэн хувцас загвар, хоол, интерьер, уран зураг гээд сонирхолтой, шинэлэг зүйлсийг өөрсдийн Nunu and Nana цахим хуудсаараа дамжуулан охид бүсгүйчүүдэд хүргэсээр ирснийг уншигчид хэдийн мэдэх болов уу. Тэд өмнө нь "Миний шүүгээнд" хэмээх бүсгүйчүүдийн шүүгээнд заавал байх ёстой, байвал зохих хувцас хэрэглэлийн тухай ном гаргаж байсан билээ.

Уг номынхоо үргэлжлэл болгон зохиогч Д.Дөлгөөн энэхүү "Миний Тусгал" номыг хэвлүүлжээ. Эхний удаа тэд охидод хувцсыг танилцуулсан бол энэ удаа хувцсаа хэрхэн сонгох, өөрийн стиль имиж буюу дүр төрхийг хэрхэн бүрдүүлэх, түүнийгээ хэрхэн олж, төлөвшүүлэх тухай онцолжээ.



Номын тухай

Номын хуудас бүрийг тун хөгжилтэй, хөнгөн агуулгаар бичиж , хөөрхөн зургуудаар чимсэн энэхүү ном нь хувцас загварын тухай А-Я хүртэлхийг багтаасан гэж хэлж болохоор ажээ. Бүсгүй хүн бүрийн өдөр тутамд өмсөх хувцасныхаа тухай санаа авах ширээний ном гэдэгт эргэлзэхгүй байна.
Уг ном дараах үндсэн гурван бүлэгтэй:

Нэгдүгээр бүлэг бол өөрийгөө таних бүлэг. Энэхүү ном нь өөрийн дүр төрхөө бүрдүүлэхэд туслах хөтөч гэж хэлж болно. Өөрийн дүр төрхийг бүрдүүлэх хамгийн эхний алхам бол өөрийгөө танихаас эхэлнэ. Өөрийн бие махбодоо сайтар ажиглаж мэдсэний дараа л өөрт хамгийн сайн тохирох стилээ олж чадна. Биеийн хэлбэр, нүүрний хэлбэр, арьсны өнгө, хувь хүний үзэл бодол, онцлогоо хэрхэн зөв таних тухай зөвлөгөөнүүд эцэстээ танд ямар хувцас, жижиг эдлэлүүд зохицох тухай санаа, шийдлийг өгөх болно. Энэ хэсэг тун сонирхолтой байсан шүү.

Хоёрдугаар бүлэгт, өмнөх бүлгээс өөрийн онцлог болон түүнд зохицох зүйлсээ мэдсэн бол энэ хэсэгт шүүгээгээ хэрхэн үр дүнтэй цэвэрлэн ангилан ялгах тухай гарна. Имижээ бүрдүүлэх, өөрийгөө шинээр бий болгох гээд хамаг хувцсаа гаргаад хаячихыг тэд зөвлөхгүй. Харин хэрхэн хамгийн үр дүнтэй, урт хугацаандаа ашигтай, зөв хөрөнгө оруулалт, ангилан ялгах тухай зөвлөн чиглүүлэх болно. Байгаа зүйлсээ эргэж харах сэдэл өгсөн бүлэг гэж хэлж болно.

Гуравдугаар бүлэгт, охид бүсгүйчүүдийн дунд хамгийн алдартай, нийтлэг стиль имижүүдийг тодорхойлж, хэрхэн хувьсан өөрчлөгдөн яагаад энэ үеийг хүртэл эмэгтэйчүүдийн сонголт болсоор ирсэн тухай энгийн, ойлгомжтой, товчхон тайлбарласан нь загварын тухай мэдээлэлгүй ч ойлгож мэдэхийг хүсдэг хэн бүхэнд таалагдах биз ээ. Тэдгээр стиль имижүүдээс санаа авахын хамт өөр хоорондоо ялгаатай олон стилийг ялгаж сураарай.

номын зарим эшлэл, зөвлөгөө

  • Таныг хэн бэ? Ямар хүн бэ? гэдгийг нэг ч үг хэлэхгүйгээр бусдад ойлгуулж чадах зүйл бол таны стиль юм.
  • Та ямар стильтэй болохыг зүрх сэтгэл, мэдлэг, ухамсар, хүмүүжил тань өөрөө аяндаа хэлээд өгнө.
  • Царай муутай эмэгтэй гэж байдаггүй, залхуу эмэгтэй л гэж байдаг.
  • Сайхан харагдана гэдэг өөрийнхөө сайн сайхныг илүү тодруулж, муухай зүйлээ маш цэвэрхэн далдлахыг хэлнэ. Энэ бол заль биш, харин ухаан.
  • Та үнэхээр бага байхдаа рок хөгжимд дурлаж яваагүй л бол өнөөдөр рок болж өөрчлөгдсөн ч тун удахгүй ахиад л уйдан, солих тухай бодох болно. Өөрийгөө олж нээх хүртэл энэ байдал үргэлжилнэ. Магадгүй хэзээ ч дуусахгүй байж ч мэднэ. (Зөв дүр төрх бүрдүүлмээр байгаа бол эхлээд өөрийгөө ол.)
  • Их бага гэлтгүй байнга сурж мэдэхэд цаг гаргаж байгаарай. Мэдлэг бол өөртөө итгэлтэй байхын гол зэвсэг юм шүү.
  • Хамгийн сүүлийн зөвлөгөө бол "Өөртөө итгэлтэй байх" юм. Та өөртөө итгэлгүй байгаа бол энэ бүх хөдөлмөр талаар боллоо гэсэн үг.