Заримдаа өдөр тутмын амьдралаас тань хэсэг ч гэсэн өндийлгөх зүйл зугаа цэнгэл, найз нөхөд, болзоот үдэш биш харин “богинохон” ном байж болдог. Энэ удаагийн нийтлэлээ гүнзгий, хүнд сэдэвтэй зохиолоор “өлссөн” уншигчдадаа аль эсвэл зүгээр л өөр ертөнцөөр аялж бодит амьдралаас хэсэг тасрахыг хүсэж буй хүмүүст зориулан бэлдлээ.
1. Open water
Good reads үнэлгээ: 4.05
Хуудасны тоо: 145
2021 онд хэвлэгдсэн, харьцангуй шинэд тооцогдох эл бүтээл нь хар арьст хоёр уран бүтээлчийн хайр дурлалаас гадна хүний чинадын гүнзгий мэдрэмж, харилцааны талаар өгүүлнэ. Дуу хөгжим, гэрэл зураг, урлагаар баялаг уг зохиол орчин үеийн уран зохиолд шинэ өнгө аяс нэмж, хэвлэгдсэн цагаасаа хойш өдийг хүртэл уншигчдын анхаарлыг татсан хэвээр байгаа юм.
Өөрийгөө илэрхийлэх орон зай, арьс өнгөний үзэл, эршүүд байдал зэрэг нийгэм болон хувь хүний асуудлуудыг аниргүй хэр нь зоримог байдлаар илэрхийлсэн байдал нь уран зохиолын салбарт төдийлөн танигдаагүй залуу зохиолчийг шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авахад нөлөөлсөн бололтой. Түүнчлэн өнгөн талаас цааших өөрөөрөө хайрлагдах, хайртай нэгнээ алдах, эрх чөлөөний төлөө тэмцэх зэрэг үйл хэргийг шүлэг мэт урнаар дүрсэлснийг нь онцлууштай. Иймд гүнзгий сэдэвтэй номоор “цангасан” хэр нь тийм ч урт зохиол уншмааргүй байгаа хүмүүст уг бүтээл таалагдах нь лав.
2. NO LONGER HUMAN
Монгол орчуулга: Хүн байх эрхгүй
Good reads үнэлгээ: 4.0
Хуудасны тоо: 177
Зохиолын гол дүр Ёозо боломжийн амьдралтай айлд төрж өссөн нэгэн. Гэр бүл нь түүнийг хөсөр хаячхаагүй боловч сэтгэлзүйн хувьд тэр өөрийгөө орхигдсон, харь нэгнээр мэдэрнэ. Зохиолч гол дүрийн мөн чанарыг нэмэлт хачиргүй, түүхийгээр нь илэрхийлэх бөгөөд ихэнх зохиолд байдаг уран яруу бичиглэл, гоё ганган үгс, амар сайханд нь жаргаах гэх мэт уламжлалт зүйлсийг харьцангуй бага оруулж өгснөөрөө уншигчдад “шинэ” мэдрэмж өгөхүйц. Харин өгүүлэх байдал, бичвэрийн хэлбэр нь уншихад хялбар, богино, ойлгомжтой, шууд, шулуухан өнгө аястай учраас уншигчийн гацаанаас гарахад туслаад зогсохгүй шинэ мэдрэмж үгүйлсэн номын санд тань салхи оруулж чадах болов уу.
3. THE STRANGER
Монгол орчуулга: Этгээд хүн
Good reads үнэлгээ: 4.02
Хуудасны тоо: 159
Алберт Камюгийн “Этгээд хүн” зохиол бол оршихуйн хямрал, ээдрээний талаар өгүүлэх экзистенциал уран зохиолын тулгын чулуу болсон бүтээл юм. Номыг уншсаны дараа хачин, ойлгомжгүй санагдаж магад ба үнэхээр л “этгээд” гэж тооцогдохуйц зохиол гэдгийг нь харгалзаарай. Зохиол нь, тайлагдашгүй аллага үйлдэх хүртлээ эгэл жирийн амьдралаар амьдарч байсан Алжирын бичиг хэргийн ажилтан Меурсогийн амьдралын талаар өгүүлнэ. Үйл явдал нь бодит байдлын мөн чанар, ёс суртахууны талаар эргэлзэн тунгаахад хүргэдэг. Камю Меурсогийн дүрийг ашиглан абсурдизмын гүн ухааныг дүрслэн харуулахдаа, амьдралын утга учрыг олох гэсэн хүмүүсийн хүсэл эрмэлзэл болон орчлон ертөнц хоорондын зөрчилдөөнийг онцлон тэмдэглэх ажээ. “Этгээд хүн” зохиол нь гүн ухааны болон оршихуйн сэдэвт татагддаг уншигчдад нэн тохиромжтой. Зохиол товч бөгөөд шууд өгүүлэмжтэй хэдий ч гүнзгий агуулгыг хөнддөг учраас өөрийнхөө оюун бодлыг сорих дуртай уншигчдыг эргэн идэвхтэй уншигч болоход гишгүүр болох ном байх болов уу?
4. the housekeeper and the professor
Монгол орчуулга: Төгс тоо
Good reads үнэлгээ: 4.05
Хуудасны тоо: 180
80 минутын ой санамжтай математикийн профессор, тэдний гэрийн үйлчлэгч болон түүний 10 настай хүү гурвын нандин харилцааны талаар өгүүлэх уг ном нь сэтгэл дулаацуулам, гэгээлэг бүтээл юм. Профессор амьдралын энгийн агшныг математиктай холбон гаргууд тайлбарлах нь үйлчлэгч болон хүүгийн сонирхлыг ихээр татаж тэдний харилцаа улам гүнзгийрнэ.
Зохиолч Ёко Огава энэ зохиолдоо хүн хоорондын нандин харилцаа, хүндлэл, ойлголцол гэх мэт энгийн мөртлөө нандин сэдвүүдийг хөндсөн нь хүн бүрийн сэтгэлд ойр бүтээл болоход нь нөлөөлжээ. Мөн тэрээр математикийг уншигчдын сонирхлыг татахуйц байдлаар энгийн хялбар байдлаар тайлбарлан бичсэн нь эргэж унших бүрд “тосоод авах” мэт өгөөжтэй, таатай санагдуулахуйц аж.
5. Normal people
Good reads үнэлгээ: 3.81
Хуудасны тоо: 273
Энэхүү романыг 2020 онд Hulu болон BBC Three хамтран цуврал кино болгон бүтээсэн нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад зогсохгүй залуу үзэгчдийн дуртай цуврал болоод амжсаныг та мэдэх биз ээ. Боломжтой айлын ухаантай, ганцаардмал охин Марианна болон хүрээлэлдээ хүндлэгдсэн хэр нь өөртөө итгэлгүй Коннелл хоёрын гүнзгий харилцаа, алдаа, үл ойлголцлын тухай зохиол. Зохиолч хүмүүс бие биеийнхээ амьдралын ачаа, дарамтыг зүгээр л тэдний амьдралд байснаараа хөнгөлж, дэм болдог нь ямар нандин болохыг бүтээлдээ үзүүлнэ. Мөн хэн нэгнийг уучлах, ойлгох, хүлээж, итгэхийн чухлыг тэдний харилцааны ээдрээгээр сургамж болгон өгүүлдэг. Рүүни дүрүүдийн сул тал, эмзэг байдлыг яг байгаагаар нь бичсэн нь уншигчдад илүү үнэн бас ойр тусахуйц.
6. South of the border west of the sun
Монгол орчуулга: Хилийн дээснээс урагшхан, алтан нарнаас баруунтаа
Good reads үнэлгээ: 3.86
Хуудасны тоо: 190
Зохиолын гол дүрүүд Хажимэ, Шимамото хоёр багын найзууд байсан ч өөр ахлах сургуульд элссэнээр холбоо тасарч, тус тусын мөрөө хөөнө. Гэвч Хажимэг эхнэр, хүүхэд, тогтсон амьдралтай болсны дараа Шимамото гэнэт гарч ирснээр зохиолын гол үйл явдал эхэлдэг. Бүсгүй түүний амьдралд ямар учиртай, яах гэж гарч ирдэг нь ойлгомжгүй. Түүний аж амьдрал, бодол санаа ч зохиолд төдийлөн гарахгүй бөгөөд чухамдаа энэ л ойлгомжгүй өнгө аяс нь уншигчдыг хүний нууцхан хүслийн ертөнц рүү хөтлөөд оруулах мэт ховсдом аж.
Муракамигийн "Эрэг дээрх Кафка" эсвэл "1Q84" зэрэг параллель ертөнц, метафизикийн ээдрээтэй сэдвүүдийг тусгасан, хэдийн олонд танигдсан зохиолуудаас ялгаатай нь гол дүрийнхээ дотоод ертөнц, сэтгэл хөдлөлийг нарийвчлан дүрсэлснээрээ онцлог. Зохиолын гол зангилаа нь нууцлаг үйл явдлын учрыг тайлахдаа биш харин биелэгдээгүй хүсэл, харамсал, хүлээлт, найдлага зэрэг дотоод сэтгэлийн ээдрээг уншигч өөрийнхөөрөө тайлж ойлгоход оршино.
7. Elena Knows
Good reads үнэлгээ: 4.08
Хуудасны тоо: 143
Эленагийн охин сүмд дүүжилсэн байдалтай олдох бөгөөд цагдаа нар үүнийг амиа хорлолт гэж дүгнэдэг. Харин охины ээж Элена өөр шалтгаантай хэмээн сэрдэж, хэргийн учрыг олохоор бүх амьдралаа зориулах ажээ. Элена Паркинсоны өвчинтэй тэмцэж яваа нэгэн. Тэрээр өвчнөөсөө болж тусгай эмийн хамааралтай амьдрах бөгөөд дагалдах сэтгэлзүйн хүнд асуудлуудыг ч мөн зохиолч чадамгай дүрсэлжээ. Гол дүрийн эрэмгий байдал, тэсвэр хатуужил, сэтгэлийн тэнхээ нь түүнийг илүү сэтгэл татам, бахархам дүр болгох аж.
Зохиол эмэгтэйчүүдэд нийгмээс тавих үүрэг, хүлээлт мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үл анзаарагдсан байдал зэрэг нийгмийн өргөн хүрээний асуудлуудыг сэтгэлд ойр байдлаар ойлгуулдаг. Мөн бичиглэлд “Элена тийнхүү итгэдэг” гэх өгүүлбэр олон тохиолддог. Хэдий зохиолын турш Элена охиныхоо талаар юу ч мэдэхгүй мэт санагдах боловч тэр охиндоо “итгэдэг” гэх агуулгыг дэвшүүлсэн нь итгэлцлийн чухлыг агуулсан мэт. Утасаа оролдох ч завдал олгохгүй сонирхолтой ертөнцөөр аялуулах зохиол бол “Elena knows” маргаангүй мөн билээ.
8. BEFORE THE COFFEE GETS COLD
Монгол орчуулга: Кофе хөрөхөөс өмнө
Good reads үнэлгээ: 3.70
Хуудасны тоо: 213
Японы Токио хотод байрлах нэгэн кофе шоп цаг хугацаагаар аялуулж, хайртай хэн нэгэнтэйгээ сүүлчийн удаа ярилцах боломжийг олгодог шидтэй. Гэхдээ ганцхан дүрэмтэй. Тэр нь, кофегоо хөрөхөөс өмнө уулзалтаа дуусгах явдал юм. Хэтэрхий уран зөгнөлт мэт сонсогдох боловч бодит байдал, уран зөгнөлийг төгс хослуулсан энэ бүтээлд ганцхан гол дүрийн түүхийг өгүүлэхгүй бөгөөд олон өөр учралуудад уншигчдыг хөтлөх нь олон талт байдал, өөр өөр өнцгүүдийг олж харахад тусална. Тиймдээ ч хоромхон зуурын цаг хугацааны үнэ цэнийг уншигчдад ойлгуулж уншсаны дараа сэтгэл дүүрсэн мэт, одоо байгаадаа талархах мэдрэмж төрүүлдэг шидтэй ном билээ.
9. The bell jar
Монгол орчуулга: Хонхон шил
Good reads үнэлгээ: 4.06
Хуудасны тоо: 294
Зохиолын үйл явдал 1950-иад онд өрнөх ба залуу, авьяаслаг зохиолч Эстерийн сэтгэл гутрал болон нийгмээс үзүүлэх дарамттай тэмцэх тэмцлийн тухай өгүүлдэг. Түүнчлэн сэтгэцийн эмгэгийн ойлголт хомс үед сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хүчтэйгээр хөндөж бичсэн зоримог бүтээл юм. Эстер өөрийгөө нийгмээс тусгаарлагдсанаар мэдрэх бөгөөд тэр мэдрэмжээ амьсгал боогдож буйтай холбон дүрсэлдэг. Зөвхөн хувь хүний дотроо тарчлах тэмцлээс гадна 20 дугаар зууны дунд үеийн Америк дахь эмэгтэйчүүдийн хязгаарлагдмал байдлыг шүүмжлэн бичсэнээрээ орчин үеийн уран зохиолын томоохон төлөөлөл болдог. Гол дүрийн сэтгэл, мэдрэмжээ ойлгох гэж хичээх аяллаас уншигч өөрийн зарим дарагдсан сэтгэл хөдлөл, туйлшрал, гутрал зэргийг ойлгохуйц. Зохиолчийн бичвэрийн хэв маяг нь илэн далангүй бөгөөд нэлээд хүчтэй, шүүмжлэлт өнгө аястай.
10. The White
Good reads үнэлгээ: 3.82
Хуудасны тоо: 160
Зохиолч Хан Кан нь Ман Букерын олон улсын шагналт "Цагаан хоолтон" романаараа алдартай Өмнөд Солонгосын зохиолч юм. Тэрээр хүн чанар, ээдрээтэй ааш авир, харилцаа зэрэг мөн чанартай холбоотой сэдвүүдийг гүнзгий байдлаар зохиол бүтээлүүддээ тусгадаг нь орчин үеийн уран зохиолын салбарт алдаршихад нь хүчтэй нөлөөлжээ.
Дэлхий дээрх төрөл бүрийн соёлд цагаан өнгөөр цэвэр ариун байдал, хоосон чанар, гашуудлыг төлөөлүүлэх нь олон байдаг ба зохиолд тэрхүү бэлгэдэл зүйг шингээж өгчээ. Уламжлалт хүүрнэх хэлбэрээс ялгаатай нь яруу найраг, гүн ухааны элементүүдийг холин, зүүдний гэмээр хийсвэр ертөнцийг бүтээснээрээ онцлогтой. Тиймдээ ч хийсвэр, гүнзгий сэдэвт дуртай уншигчдад тайтгарал болж чадах болов уу.
Заримдаа ямар ч найдлага, хүлээлтгүйгээр хийсэн үйл таныг төсөөлөө ч үгүй шинэ ертөнц рүү хөтлөх нь бий. Тиймээс уншдаг номын жанраа өөрчилж бага зэрэг шинэ, өөр уур амьсгалыг мэдрээд үзвэл яаж байна? Харин угаас бодлогоширч, гуних дуртай уншигчдын хувьд ойрын өдрүүдэд мэдрэмж, бодолд тань төөрүүлэх гүнзгий зохиол хэрэгтэй байгаа мэт санагдаж байвал эдгээр номууд танд хань болох нь дамжиггүй.
Сэтгэгдэл бичих